2020 оны Ефес 8-р номлол (02.16) Э.Ганболд

ХРИСТ ДОТОРХ ШИНЭ АМЬДРАЛ

Ефес 4:17-32

Гол эшлэл 4:23, 24

“Оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс”

Бид өнгөрсөн 7 хоногт бие биенийхээ ялгаатай байдлыг зөвөөр харж, Христийн бие болсон чуулганы сүнслэг нэгдлийг хэрхэн хадгалах талаар сурсан. Тэгвэл Паул өнөөдрийн хэсэгт чуулганы сүнслэг нэгдлийг хадгалахад чуулганыг бүрдүүлж буй хүн тус бүрийн сүнслэг байдал ба төлөвшилт маш чухал гэдгийг зааж байна. Өөрөөр хэлбэл итгэгч хүн бүр нь чуулганы нэгдмэл байдалтай шууд холбоотой юм. Иймээс Паул 1-рт хүн тус бүр хуучин хүнээ орхин шинэ хүнийг өмсөх хэрэгтэй, 2-рт шинэ хүнийг өмссөн хүний бодитоор үйлдэх зүйл нь юу вэ? гэдгийг заан өгч байна. Өнөөдрийн үгээр дамжуулан хүн нэг бүр хуучин хүнээ бүрэн тайлж, Христийн доторх шинэ хүнийг өмссөнөөр чуулганы сүнслэг нэгдлийг хадгалж манай чуулган дээр тавьсан Бурханы алсын хараа ба зорилго биелэхийг хүсэн гуйж байна. 1. Хуучин хүнийг тайлж, шинэ хүнийг өмс (17-24)17-19-р эшлэлд Паул яагаад Харийнхан шиг амьдарч болохгүй тайлбарлаж байна. Харин 20-24-р эшлэлд хэрхэн хуучин хүнийг тайлж, шинэ хүнийг өмсөх талаар заан өгч байна. 1-рт.  Харийнхны явдаг шиг цаашид тэгж явж болохгүй (17-19). 17-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй” гэж байна. Паул Ефес чуулганы итгэгчдийг өмнө нь явж байсан шигээ явж, бодож сэтгэж болохгүй гэдгийг хатуу анхааруулж байна. Энд гарч буй “хоосрол” гэдэг үг нь хэрэгтэй зорилго ба чиглэлийг орхисон, алдсан гэсэн утгатай. Тиймээс Бурхангүй харь үндэстэн хүмүүс нь хүний амьдралын үндсэн зорилго ба чиглэлийг алдсан гэдгийг илэрхийлж байна.  Яагаад гэвэл тэд Бурханыг хүлээн авахаас татгалзсан учир тэдний ухаан бодол харанхуй болж, Бурханы аминаас хөндийрсөн юм. 18-р эшлэлд гарч буй “Бурханы аминаас хөндийрсөн” гэдэг нь сүнсний үхлийг зааж байна. Харийнхан ийм болсон шалтгаан бол Бурханыг үгүйсгэж, зүрхээ хатууруулан, Бурханы болоод бурханлаг зүйлст хайхрамжгүй хандсан учраас юм. Философич, Теологич Паул Тиллич “The New being” хэмээх номондоо “Бурханлаг бус хүний сэтгэлгээний хэв шинж нь дараах гурван зүйлээр тодорхойлогдоно гэж хэлсэн байна. 1-рт хоосон санаа бодол, 2-рт гэмийн буруутгал, 3-рт үхлийн айдас гэж хэлсэн байна”. Орчин үед олон хүн мэдээллийн эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж хэлдэг. Хэн ч хаанаас  ямар ч мэдээллийг хурдан шуурхай авах боломжтой болсон. Гэвч энэ л мэдээллийн хөгжлөөс үл хамааран хүмүүс жинхэнэ мэргэн ухаан ба үнэнийг ялгах чадварыг алдан амьдарч байна. Ялангуяа хүн юуны төлөө амьдардаг, хэрхэн амьдрах зэргийг мэдэхгүй оюун санаа нь хоосрол ба ухаан бодолд нь харанхуйн зүйлсээр дүүрэн байдаг. Бурхангүй хүний амьдрал яг л лонхон доторх цэцэг шиг юм. Энэ нь амьтай мэт харагдавч, үндэсгүй цэцэгтэй адил юм.19-р эшлэлд “Тэд ухаанаа алдаж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ” гэж байна. “Ухаанаа алдаж” гэдэг нь Сүнсний мэдрэмжгүй болсон гэсэн утгатай. Бурхангүй хүмүүс нь сүнсний мэдрэмжгүй учраас өөрсдийгөө зүсэн бүрийн гэмд зориулж, янз бүрийн шунал, хүсэл, тачаангуй байдалд автан амьдардаг. Өөрөөр хэлбэл тэд ямар ч хэмжүүр байхгүй гэсэн утгатай.Эдгээр нь яагаад Ефес чуулганы итгэгчдийг харийнхан явдаг шиг явж болохгүй гэдгийн шалтгаан. Бид ч мөн Есүст дуудагдахаас өмнө дээр хэлсэн шиг харийнхны адил амьдарч байсан. Амьдралын жинхэнэ утга учир ба зорилго чиглэлийг  мэдэхгүй,  ухаан бодол маань харанхуйгаар дүүрэн гэм нүглийн боол болон амьдарч байсан. Гэмийн шийтгэл, аврал ба мөнх амь зэргийг ч мэдэхгүй амьдарч байв. Гэвч Бурхан биднийг дуудаж, Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан сүнсээр дахин төрүүлж шинэ хүн болгосон. Тиймээс бид өмнө нь явж байсан шиг цаашид тэгж явж, бодож сэтгэж болохгүй гэдгийг хэлж байна.1.2-рт Христээр сургагдсан амьдралын зам (20-21)20-21-р эшлэлийг үзээрэй. “Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол” Ефес чуулганы итгэгчид сайнмэдээг хүлээн авахаас өмнө харийнхан байсан. Тийм байхад элч Паулаар дамжуулан сайнмэдээг сонсож, хүлээн авснаар шинэ амьдралыг эхлүүлэх болсон. Тэд сайнмэдээгээр дамжуулан Христийг сурсан. Өөрөөр хэлбэл Христийг өөрийн Аврагч Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бид эндээс хүнд авралыг өгч, шинэ амьдралаар амьдрах үндэс нь зөвхөн Христийг сонсгож, зааж, сургаснаар гэдгийг мэдэж болно. 20,21-р эшлэлийг сайн ажиглавал “сурах”, “сонсох”, “сургагдах” гэсэн үгнүүд гарч байна. эдгээр үгнүүд нь биднийг Есүс Христийн сургуульд сурч байгааг харуулж байна. Бид Есүст итгэсэн мөчөөс эхлэн Бурханы сургуульд элсэн орсон. Энэхүү сургуулийн хичээлийн нэг семестр нь бусад их сургуулиуд шиг 15-17 долоо хоног хичээллэдэг биш, харин бүхий л амьдралын туршид сурдаг хичээл юм. Хичээлийн гол сэдэв бол Христ Есүсийг таньж мэдэхэд оршино. Энэ нь Христийг зөвхөн толгойн мэдлэгээр биш, харин Түүний зан чанар, Түүний загалмайн зовлон үхэл ба амиллын хүч чадлыг биеэр суралцах явал юм. Тиймээс бидний итгэлийн амьдралын зорилго бол Есүсийн мөн чанарыг сурч, мэдрэх явдал юм. Мөн “сурах”, “сонсох”, “сургагдах” гэсэн үгсийг харвал Есүсийг бусдад зааж, бусдад сонсгож, бусдад сургах нь чухал ажил гэдгийг мэдэж болно. Элч Паул Ефест сайнмэдээг тарааж, Тураны сургууль дээр хоёр жилийн турш сайнмэдээг зааж, сургасан байдаг. Үүний үр дүнд тэд нараар дамжуулан бага Ази дахь хүмүүс сайнмэдээгсонсож, хүлээн авч, суралцсан байдаг. Тэгэхээр бид үгийг оюутнуудад заах буюу 1:1 библийн хичээлийг идэвхтэй хийх үед авралын ажил идэвхтэй явагддаг гэдгийг сурч болно.  Бурханы манай чуулганд өгсөн 1:1 библийн хичээл, Хавар, Намрын библийн сургуулиудад оюутнуудыг идэвхтэй урьснаар авралын ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. 1.3-рт хуучин хүнийг тайлж, шинэ хүнийг өмс (22-24)22-24-р эшлэл бол Паулын Ефесчүүдэд өгсөн гол сургаалынх нь нэг хэсэг байсан. Бүгдээрээ 22-24-р эшлэлийг уншъя “Амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс.”Энд гарч буй “ялзарч буй хуучин хүн” гэдэг нь хуучин хүнд хамаатай зүйлс болох гэмийн бодол санаа, муу зуршил, муу үйлдэл, муу хандлага, муу үйл, дэлхийлэг үзэл бодол зэргийг хэлж байна. Бид эдгээрийг тайлах буюу бүрэн хаях хэрэгтэй. “шинэ хүнийг өмс” гэсэн нь Бурханы үнэний зөвт байдал ба ариун чанар дор шинэ хүний үзэл бодол, хандлага үйлсийг үйлдэж амьдраарай гэсэн утгатай. Элч Иохан ийнхүү хэлсэн “Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог” хэмээн хэлсэн.(1 Иохан 3:9а). Энэхүү эшлэлээс харвал бид Христийг аврагчаар хүлээн авах үед Бурханы үр бидний дотор таригддаг гэдгийг мэдэж болно. Ямар ч үр өөрөө амь агуулдаг бөгөөд өсөх мөн чанартай. Бидний дотор таригдсан Бурханы үр амьтай бөгөөд өсөх мөн чанартай. Тиймээс бидний  хувь хүн бүрийн үүрэг бол энэхүү үрийг амилуулж, ургуулж, Христийн дүүрэн чанар хүртэл өсгөх явдал юм. Ингэхийн тулд хуучин хүнд хамаатай муу зүйлсийг тайлж хаях хэрэгтэй юм. Бодит байдал дээр Хуучин хүнийг тайлж, шинэ хүнийг өмсөнө гэдэг нь Есүсийн загалмайд хуучин хүнийг үхүүлж, шинэ хүний хандлагаар өдөр бүр амьдрахыг хэлж байна. Жишээ нь бусдад тэвчээргүй ханддаг хүн, бусдад тэвчээртэй хандахыг хичээж, юмыг муугаар хардаг хүн бүх зүйлийг сайнаар харахыг хичээх, үргэлж гомдох сэтгэлтэй хүн үргэлж талархах, муу зуршилтай хүн түүнийг орхих зэрэг нь хуучин хүнийг тайлж, шинэ хүнийг өмсөж байгаа хэлбэр юм. Та Христэд ирэхээс өмнө хийж, бодож, үйлдэж байсан муу зүйлсээ өөрчилж, шинэ хүн мэт бүхнийг сайнаар өөрчлөх нь өрөө шинэ хүнийг өмсөж байгаа хэлбэр юм. Тиймээс бид өдөр бүр хуучин хүнийг тайлж, Есүсийн дотор шинэ хүн мэт шинэ зүрх сэтгэл, шинэ, хандлага, шинэ зан чанартай амьдрахыг хичээцгээе. Гэтлэл ном бол Бурхан Өөрийн сонгосон ард түмнийг хэрхэн хуучин хүнийг тайлж, шинэ хүнээр өсгөдөг ном юм. Израиль ард түмэн Египетийн боолчлол дор ямар ч найдваргүй амьдарч байсан. Гэвч Бурхан тэднийг хурганы цусаар дамжуулан чөлөөлсөн. Ингэснээр тэд Бурханы ард түмэн мэт шинэ амьдралаар амьдрах боломжтой болсон. Гэвч тэд гадна талаараа эрх чөлөөтэй болсон ч дотоод зүрх сэтгэлд боолын сэтгэлгээ байсаар байсан. Тэдэнд олон муу зуршил, муу зан чанар, муу бодол санаа, ариун бус, зөвт бус зүйлс дүүрэн байсан. Тэд талархах сэтгэлгүй, амархан гомдолдог, итгэлгүй, тэвчээргүй, шуналын сэтгэлтэй байсан. Тиймээс Бурхан ийм тэдний хуучин хүнийг тайлахын тулд цөлийн зам уруу дагуулсан юм. Цөл уруу дагуулсан нь тэднийг зовоохын тулд бус харин тэдэнд шинэ хүнийг өмсүүлэх гэсэн Бурханы том зорилго байсан. Үүнтэй адил Бурхан бидний хуучин хүнийг тайлж, шинэ хүнийг өмсүүлэхийн тулд амьдралын янз бүрийн зүйлсээр дамжуулан дасгалжуулдаг. Энэхүү дагсалжуулалтын зорилго нь Бурхан бидэнд хайргүйдээ бус харин бидний ялзарч буй хуучин хүнийг тайлж, шинэ хүнийг өмсүүлэх гэсэнд юм. Тиймээс бидэнд өгөгдөж буй Бурханы янз бүрийн дасгалыг зөвөөр харж, үүгээр дамжуулан миний хуучин хүнд хамаатай ямар зүйл байгааг ухааран гэмшсэнээр, Бурханы хүсэж буй шинэ хүнээр өөрчлөгдөж амьдарч чадахыг хүсэн гуйж байна. 2. Шинэ хүний хэрэгжүүлэх зүйл (25-32)25-32-р эшлэлд Паул шинэ хүний амьдралын бодит хэрэгжүүлж, үйлдэх зүйлсийг заан өгч байна. Энд бүрэн орхих зүйл ба идэвхтэй үйлдэх зүйлсийг хэлж байна. 2.1-рт Худал хуурмагийг хойш тавин, үнэнийг ярь. 25-г үзээрэй “Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм”. Шинэ хүний хэрэгжүүлэх хамгийн чухал чанарын нэг нь үнэнийг эрэх явдал юм. Бидний хуучин хүний онцлог бол хуурамч дүр эсгэн, өөрийн ашгийн төлөө худал хуурмагийг ярих гээд байдаг. Худал хуурмаг зүйл нь хүнийг хоёр нүүр гаргахад хүргэдэг бөгөөд энэ нь үл итгэлийг төрүүлдэг. Хэрэв чуулганд худал хуурмаг байдал буюу хоёр нүүр байвал Христ доторх хайр ба итгэлцлийн харилцаа хагарч, чуулганы нэгдмэл чанарыг алдах болно. Тиймээс шинэ хүн болсон бид хуучин хүний худал хуурмаг, хоёр нүүртэй байдлыг хойш тавьж цаг ямагт үнэнийг эрэх нь чухал юм. 2.2-рт уурлавч нүгэл бүү үйлд. 26,27-р эшлэлийг үзээрэй. Бүгдээрээ хамт уншъя “Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг” Паул энд ер уурлаж болохгүй гэж хэлээгүй. Харин уурлах үедээ гэм үйлдэхээс сэргийлээрэй гэж хэлсэн. Учир нь хүн уурлах үедээ үг болоод үйлдлээрээ бусдыг гэмтээж, шархлуулан гэм үйлдэх үе байдаг. Мөн уур хилэн дээр нар бүү жаргаг гэж байна. Энэ нь уурыг бүү удаан хадгалаарай гэсэн утгатай. Яагаад гэвэл уур хилэн дээр Диавол буюу Муу сүнсний ажиллах боломж болдог учраас юм. Диавол уурлаж буй хүний ард нуугдаж байгаад түүний дотор зүсэн бүрийн үзэн ядалт, буруу ойлголт, хорсол ба өс хонзонгийн сэтгэлийг өдөөж өгдөг. Тэгээд хүмүүс хоорондын, гэр бүл хоорондын, чуулганы дунд дахь харилцааг хагалж, нэгдмэл чанарыг алдагдуулдаг. Тиймээс бид уурлах үедээ хурдан эвлэрэх хэрэгтэй. Иаков 1:19,20-д “Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм” гэж хэлсэн. Тэгэхээр шинэ хүний чанар бол бусдыг сонсохдоо түргэн, харин бусдад уурлахдаа хойрго байх явдал юм.Дэлхийн алдартай шинжлэх ухаанч, Иохан Хантер (1728-1793) ийнхүү хэлжээ. “уур уцаар, атаархах сэтгэл, өөрийгөө зөвтгөх зэрэг нь хүний биеийн цусны судасны хананд даралт өгч зүрхний шигдээс үүсгэдэг байж болзошгүй хэмээн хэлжээ”. Энэхүү үгнээсээ болж тэрээр олон эрдэмтдээс эсэргүүцэл, шүүмжлэлийн үг сонссон. Үүнээс болж тэрээр бухимдаж, сөрөг арга хэмжээ авсан. Гэвч тэрээр хэсэг хугацааны дараа нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан нь уураас үүдэлтэй зүрхний шигдээс байсныг тогтоожээ. Эндээс бид уурын талаар толгойн мэдлэгээр мэдэх нь хангалттай биш. Харин бид бодит амьдрал дээр уураа захирч, барьж сурах хэрэгтэйг хэлж байна. 2.3-рт хулгайлахын оронд сайныг үйлд. 28-г үзээрэй. “Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ”. Паул ийнхүү эшлэлийг хэлсэн гол санаа нь хувиа хичээн амьдрах бус харин бусдын төлөө золиослолын сэтгэлтэй байгаарай гэж хэлсэн. Бидний хуучин ялзарсан хүн маань үргэлж өөрийгөө төвд тавьдаг, би гэсэн төвтэй, амин ч сэтгэлтэй байдаг. Харин Бурханаар бүтээгдсэн шинэ хүн бол өөрөөсөө илүүгээр бусдыг чухалчилж, өөрийн хэрэгцээнээс илүүгээр бусдын хэрэгцээг дээр тавьдаг хүн юм. Тиймээс  Христээр дамжуулан шинэ хүн болсон бид, бие биендээ Есүсийн золиосын хайраар хуваалцан амьдрах хэрэгтэй. 2.4-рт ялзарсан үг гаргалгүй, бусдыг босгон байгуулах үг хэл29-г үзээрэй. “Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө”. Паул биднийг амнаасаа ялзарсан буюу зохисгүй үг яриа гаргах ёсгүй гэдгийг хэлж байна. Энд гарч буй “ялзарсан үг” гэдэг нь дэмий хоосон яриа, хов жив, цуу яриа, бусдыг муулах зэрэг үгсийг хэлж байна. Тиймээс бид үг хэлээ хянаж, зөвхөн бусдад хэрэгтэй, тэднийг босгон байгуулах үг хэлэх хэрэгтэй. Иаков 3:6-д “хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж, хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж, бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг” гэж хэлсэн. Эндээс харвал бидний амнаас гарсан ялзарсан үгс нь өөрийгөө төдийгүй бусдыг цаашлаад Христийн чуулган болсон биеийг хүртэл нураах аюултай гэдгийг мэдэж болно.Эсрэгээрээ бусдыг босгон байгуулах үг нь бусдын хатуурсан сэтгэлийг зөөллөж, урмын үг нь цөхөрсөн нэгэнд урам зориг ба хүсэл найдварыг төрүүлдэг юм. Хов жив ярьж, бусдыг муулах дуртай нэгэн эмэгтэй байжээ. Нэг л өдөр өөртэй нь хүн удаан ярилцахаа больсныг олж мэдсэн. Түүний бусдын талаар хов жив ярьдаг нь өөрт нь хүмүүс итгэхээ больсныг ухаарсан. Тэрээр өөрийн багш дээрээ тусламж хүсэхээр очив. Багш нь түүнд өдөн дэр өгөөд, үүнийг задлаад салхинд хийсгэ гэж хэлжээ. Эмэгтэй багшийнхаа хэлсний дагуу үйлдсэн. Эмэгтэйг эргээд ирэх үед нь багш нь хийсгэсэн өднүүдийг түү гэж хэлжээ. Тэрээр өдөржин түүсэн боловч хийсгэсэн бүх өдний өчүүхэн хэсгийг цуглуулсан. Тэр үед багш нь үүнтэй адил бусдын талаар хов жив ярих, бусдыг муу хэлэх зэрэг нь буцааж болдоггүй аюултай зүйл гэдгийг ойлгуулсан. Үүнтэй адил бидний амнаас гарах ялзарсан үгс нь маш аюултай гэдгийг хэлж байна. Монгол ардын зүйр үгэнд хүртэл “Сүү шиг сэтгэлийг ээдүүлж, Тос шиг сэтгэлийг царцаах чалчаа муу үг бүү хэл” гэж хэлсэн. Тиймээс манай чуулганы хүн нэг бүр зөвхөн бусдыг босгон байгуулах, тустай үг хэлдэг төлөвшсөн хүн болцгооё гэж уриалж байна. 2.5-рт муугаас зайлж, бие биенээ уучлан зөөлөн ханд (31,32)32-р эшлэлд “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд”. Шинэ хүний идэвхтэй хийх зүйл нь бие биенээ ямагт уучлан энэрснээр аядуу зөөлөн сэтгэлээр хандах явдал юм. Бид Бурханы хүүхдүүд болсон учраас бусдад буюу бие биендээ уучлал, энэрэл, аядуу зөөлөн сэтгэлээр хандах ёстой. Яагаад гэвэл Бурхан өдөр бүр дэлхий дээрх олон мянган бурхангүй хүмүүсээс доромжлол, эсэргүүцэл, үл тоомсорлолыг амссаар байдаг. Гэвч Бурхан Христ Есүсээр дамжуулан бидний гэм нүглийг уучлан, энэрч, аядуу зөөлөн ханддаг. Тиймээс Бурхан бидэнд хэрхэн хандсан, Есүсийн уучлалыг санаж бусдыг уучлан, энэрч, ая дуу зөөлөн хандацгаая.  Жон Мак Дел гэж хүн “ Уучлал бол харилцааны тос” гэж хэлжээ. Бид бие биендээ уучлал ба энэрлүүдийг үзүүлснээр Бурханы нигүүлсэл дүүрэн Христийн нэгдмэл нэг чуулганыг босгон байгуулж чадахыг хүсэн гуйж байна. Дүгнэлт: Өнөөдрийн үгээр дамжуулан Бурханы дотор шинэ хүн болон бүтээгдсэн бид бодитоор хэрэгжүүлэх, үйлдэх ёстой зүйл юу вэ? гэдгийг сурлаа. Христийн бие болсон чуулган эрүүл, хүчтэй, нэгдмэл байхад биеийн эрхтэн болсон хувь хүн бүрийн төлөвшилт маш чухал. Тиймээс хүн нэг бүр зөвхөн бусдыг босгон байгуулах үг хэлж, бие биенээ уучилж, энэрч, аядуу зөөлөн хандсанаар Бурханы бүх дүүрлээр бялхсан төлөвшсөн чуулган болцгооё гэж уриалж байна. АМЕ

өмнөх нийтлэл2020 оны Ефес 9-р хичээл (03.01)
Дараагийн нийтлэл2020 оны Ефес 9-р номлол (03.01) Абрахам Нямсүрэн