БУРХАНЫГ ДУУРАЙГЧИД БАЙ
Ефес 5:1-14
Гол эшлэл 5:1
“Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай.”
Хүн ер нь шинэ зүйлд хэрхэн ханддаг вэ? Өнөөдрийн бидний сурах үг нь шинэ амьдралын талаарх зааварчилгаа юм. Шинэ болсон итгэгчид нь цаашид хэрхэн амьдрах вэ? Өнөөдөр бид Бурханыг дуурайж, Түүний хайр (1-7), мөн Түүний гэрэл (8-14) дор хэрхэн амьдрах аргыг суралцаж чадахыг гуйж байна.
Одоо 1-р эшлэлийг үзээрэй. “Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай”
Элч Паул 1Коринт 4:16-д “намайг дуурайгсад бай” гэж хэлсэн нь өөрөө хэрхэн Есүсийг дуурайж амьдарсныг харуулж байна. Тиймээс ч намайг дуурай гэж зоригтой хэлж чадсан. Харин энд “Бурханыг дуурайгчид бай” гэж хэлж байна.
“Дуурайна” гэдэг нь ямар нэг юмыг сурч, эзэмшихийн тулд бусдаас суралцахыг хэлдэг. Даган дуурайх хэн нэгэн байхгүй бол өсөн дэвжиж, сайжирч чадахгүй. Дуурайна гэдэг амар зүйл биш. Эрт үед Демостенес гэдэг залуу сул дорой, үг хэллэг муутай байсан тул хүмүүс түүнийг тохуурхдаг байв. Тиймээс тэр сурахын тулд тэр үеийнхээ хамгийн сайн илтгэгч дээр очжээ. Багшийнхаа дуудлагыг дуурайхын тулд амандаа жижиг чулуу хийгээд тод цэвэр ярьж чаддаг болтлоо дасгал хийдэг байв. Багшийнхаа дуу хоолойг дуурайхын тулд далайн эрэг дээр дасгал хийж, далайн давлагаанаас ч чанга дуугарахыг сурсан. Ийнхүү тэр багшаа дуурайснаар түүхэн дэх хамгийн шилдэг уран илтгэгчийн нэг болж чаджээ.
Бид хэн нэгнийг дуурайж байж л хамгийн сайн нь, шилдэг нь болж чадах боловч хэнийг дуурайх вэ гэдэг нь чухал юм. Урлагийн хүн бол урлагийн алдартныг, тамирчин хүн алдартай тамирчинг, эрдэмтэн хүн нь агуу эрдэмтнийг дуурайн суралцаж болох юм. Харин бид итгэлийн амьдралдаа алдартай итгэгч, илгээлтийн эзэд, номлогч, хоньчдыг дуурайхаас гадна, түүнээс ч илүүгээр Бурханыг л даган дуурайх ёстой. Бурханыг дуурайх нь түүний зүрх сэтгэл, оюун ухааныг сурч, Есүс шиг болж өсөх явдал юм. Бурхантай зөв харилцаагаа үргэлжлүүлсээр байхыг хүсч байгаа бол Бурханыг дуурайх нь хамгийн зөв, сайн зам юм. Тиймээс Паул Бурханыг дуурайгчид бай гэж ятгаж байна.
Зарим хүн Бурханыг дуурайх гэж өөртөө хэт өндөр стандарт тавьж хичээснээр түүндээ хүрч чадахгүйгээс болоод бухимдах, өөрийгөө голж сэтгэлээр унаж болох юм. Тэглээ гээд Бурханыг дуурайж чадахгүй юм байна, больё гэж бодож болохгүй. Харин ч хичээх ёстой. Харин дуурайж, дахин дахин давтан хийсээр байх нь чухал алхам болдог.
Тэгвэл бид хэрхэн Бурханыг дуурайж чадах вэ?
Нэгдүгээрт: Хайр дор яв (2) 2-р эшлэлийг үзээрэй.“Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.”Дээрх эшлэлээс харвал “хайр дор яв” гэжээ. Энэ нь хайр дор явчих л даа, явсан ч болно гэсэн утга биш, харин “яв” гэсэн тушаал юм. Хайр гэдэг үгэнд хүмүүс дуртай байдаг. Хүмүүс хайрыг мэдрэмж гэж боддог боловч Библийн дагуу хайрыг амьдралын хэв маягаар илэрхийлдэг. 1Коринт 13:4-7-д хэлсэнчлэн тэвчээртэй энэрэнгүй, атаархахгүй, ихэрхэхгүй, зүй бус авирлахгүй, өөрийнхийг эрэхгүй, зэвүүрхэхгүй, өс хураахгүй, зүйл бус юманд баярлахгүй, үнэнд баярлаж, бүгдийг далдалж, бүгдэд итгэж, найдаж, тэсвэрлэж чадаж байгаа бол хайр дор явж байгаа явдал юм.
Мөн хайр бол авахын нэр бус харин өгөх явдал юм. Хэн нэгнийг сэтгэлээр унасан үед нь урам зориг өгч байвал тэр нь хайр юм. Ямар нэг байдлаар тусламж хэрэгтэй нэгний хэрэгцээг хангах нь хайр юм. Сүнсээр төөрч буй нэгэнд сайнмэдээг ярьж, Бурханы үгийг өгөх нь хайр юм. Амьдралын зорилго чиглэлээ олохгүй төөрч будлиж байгаа нэгэнд 1:1 библийн хичээлээр туслах нь ч хайр юм. Хамгийн агуу хайр бол бусдын төлөө өөрийгөө золиослох явдал юм (Иох 15:13). Энэ мэтчилэн хайр дор явж байгаа нь Бурханыг дуурайж буй хэрэг юм.
Хайр дор яв гэдэг нь сонсоход сайхан ч хэрэгжүүлэх нь үнэхээр хэцүү. Тэгвэл бид хэрхэн хайр дор амьдрах вэ? Бид өөрсдийн хүч чадлаар чадахгүй ч юуны түрүүнд Бурханы хайрыг сэтгэлийн гүнд хүлээн авснаар хайраар амьдарч чадна. Хайр дор явах нь Есүсийн хайрыг хүлээн авахаас эхэлдэг. Есүсийн хайр, уучлалыг хүлээн авсан хүн нь бусдыг хайрлаж, уучилж, бусдад хайраар хандаж чадна. Есүс загалмай дээр нас барсан нь Бурханы бидэнд өгсөн хайрын хамгийн том илэрхийлэл юм. Есүс бидний нүглийн асуудлыг шийдээд зогсохгүй бидний үлгэр жишээ болсон. Христийн нандин цусаар үнэ төлбөргүй гэмийн өршөөлийг үзүүлж, өөрийн хайртай хүүхэд болгосон. Үүгээр зогсохгүй Бурхан одоо ч бидний гэм ба алдаа зөрчил дунд Христийн дотор хувиршгүйгээр хайрлан тэвчиж, уучилсаар байдаг. Ийнхүү бид хайрлагдах зохисгүй боловч хайрлагдсаар байгааг ухаарахад бусдыг ч хайрлаж чадна.
Тэгвэл бид хэр зэрэг хайрлах ёстой вэ? Христ бидэн уруу хандсан хайраа харуулахын төлөө Өөрийгөө золиослолын өргөл болгон Бурханд өргөж, загалмайд үхүүлэх хүртэл Бурханыг дуулгавартай дагасан. Христийн энэ хайр нь золиослолын хайр юм. Бид Христийн энэ золиослол ба зориулалтын хайрыг дуурайн өөрийгөө золиослон ах дүүсээ хайрлах нь зохистой юм (1 Иохан 3:16).
Мөн Христийн хайр дор явах нь хийсвэр зүйл биш юм. Есүс Христ ямар ч хүсэл найдваргүй намайг аварч, амилуулахын төлөө Өөрийгөө золиосолсон шиг бид ч нэг оюутныг аврахын төлөө өөрийгөө золиослох хэрэгтэй. Энэ нь Христийн хайрыг хэрэгжүүлэх, хамгийн сайн арга юм.
Есүс дахин амилсныхаа дараа өөрөөс нь гурвантаа урвасан Симон Петрийг Тибер тэнгист загасчилж байхад нь олж очоод загас барихад нь тусалж, өглөөний сайхан хоолоор дайлснаар хайраа харуулдаг. Түүгээр ч зогсохгүй Өөрөөс нь гурван удаа урвасан Петрийн сэтгэлийн шарх, зовлонг эдгээхийн тулд гурвантаа “Чи Надад хайртай юу?” хэмээн асуудаг. Тэгээд “Тийм ээ” гэж хариулах бүрд “Миний хоньдийг тэжээ” хэмээн тушаадаг. Энэ үйл явдал нь бидэнд Есүсийн хайрыг хүлээн авч, Түүнийг хайрлахгүйгээр “Хоньдийг тэжээж чадахгүй” гэдгийг харуулдаг.
Хүн гэрлэж, хүүхдээ төрүүлэн өсгөж байж, эцэг эхийн хайрыг ойлгодог шиг бид ч нэг хүнийг мөнх аминд хүргэхийн төлөө өөрийгөө үгүйсгэн цэвэр золиослолын хайраар үйлчлэхэд Бурхан ба Христийн хайрыг ойлгож чадна. Иохан 13:34-д “Бие биенээ хайрлагтун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.” гэжээ. Бид энэхүү Христийн тушаалыг даган биелүүлснээр Бурханы хайрыг харуулан Түүнийг дуурайгчид болохыг хүсэн ерөөж байна.
Хоёрдугаарт: Дуулгаваргүй хөвгүүдийн гэмт үйлдлийг орхих хэрэгтэй (3-7)
3-7-р эшлэлийг үзээрэй. Бурханыг дуурайх амьдрал нь ёс суртахууны цэвэр ариун чанараар тодорхойлогддог. Христитгэлт бидний дунд эдгээр зүйлс байх ёсгүй. Учир нь бидний Эцэг Бурхан ариун бөгөөд Тэр биднийг үргэлж харж байдаг. Тиймээс Бурханыг дуурайн амьдрахын төлөө дуулгаваргүй хөвгүүдийн амьдралын зуршил ба үйлсийг дуурайж болохгүй бөгөөд бүр мөсөн орхих хэрэгтэй. Ялангуяа бэлгийн ёс суртахуунгүй байдал, бузар булай, шунал, бузар булай, шалиг балай, балиар яриаг, алив бузар үйлдэл, хиймэл шүтээнийг ч бүрэн орхих хэрэгтэй. 6-р эшлэлд “Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг…” гэсэн. Өнөөдөр итгэлийн ахан дүүсийн худал үгсээрээ хууран мэхэлж буй гаж буруу урсгалын сургаалуудаас хол байх хэрэгтэй. Тэдний хамсаатан болохгүйн тулд яриаг нь огт сонсохгүй байх хэрэгтэй.
Тэдгээр нь итгэлийн амьдралд муу нөлөөг үзүүлж сөрөг үр дагаврыг авч ирэх бөгөөд эдгээрийг үйлдэгч нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй гэсэн. Эдгээр зүйлс бидний итгэлийн амьдралд байх ёсгүй. Тиймээс бид Сатаны уруу татлагад унан, дуулгаваргүй байдаг гэмийн зуршлуудыг гэмшин тэдгээрээс бүр мөсөн татгалзсанаар Бурханы хүүхдүүдэд зохистой ариун амьдралаар амьдарч чадахыг гуйж байна.
Гэгээн Франциско (1181-1226) Есүс Христийн амьдралыг ягштал дагаж амьдрах гэж хичээж байсан сүсэгтнүүдийн нэг юм. Түүний агуу чанар нь шуналгүй, ариун амьдрал байсан. Тэрээр зөвхөн Христийг олохын тулд энэ дэлхийн эд баялаг, нэр алдар, эрх мэдэл зэрэгт өчүүхэн ч шунаагүй. Түүний энэхүү амьдрал нь бидэнд ч үлгэр дуурайл болох юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн үед бие нь маш муудаж, бараг хараагүй байсан гэнэ. Ялангуяа түүний гар болон хавирганд Есүсийн сорви буюу “Ариун мөр” гарсанд хүмүүс хараад мэл гайхацгаасан гэнэ. Үүнийг харсан хүн бүхэн түүнийг сэтгэл болон махбодиор Есүсийг дуурайсан хүн боллоо гээд биширцгээжээ. Тэр амьсгал хураахдаа шавь нартаа “шуналгүй ариун амьдралыг хайрлагтун” гэсэн гэрээслэлийг үлдээжээ.
4-р эшлэлийн сүүлийн хэсгийг үзээрэй. “… Харин оронд нь талархлаа өргө.” Бид талархах сэтгэлээр дүүрэн бөгөөд бэлэн байх ёстой. Бидний Бурхан доторх шинэ амьдрал бол талархлын амьдрал юм. Бидний төлөө хийсэн бүхэнд нь талархаж, Есүсийг дуурайснаараа талархлаа илэрхийлэх амьдрал юм. Амьдралынхаа алхам тутамд талархаж буй нэгэн хэрхэн гэмийг үйлдэж, Бурханаас нүүр буруулж чадах билээ.
Намайг гэмийн боолчлолоос асар их үнээр чөлөөлөн өгсөн Бурханы хайранд талархацгаая. Намайг аварч мөнхийн амийг өгсөн Бурханы хайр өршөөл, нигүүлслийн төлөө талархацгаая. Өнөөдөр ч гэсэн хайрлаж, уучилж, тэвчиж, урамшуулан, хүчийг өгч, дасгалжуулж, сүнс ба махбодын хэрэгцээг хангаж, шинэ хүнээр амьдруулахын төлөө сургасаар байгаа Бурханд талархаж байна.
Гуравдугаарт: Гэрлийн хүүхдүүд ёсоор яв (8-14)
8-р эшлэлийг үзээрэй. “Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.”
Паул тэднийг өмнө нь харанхуй байсан бол одоо Эзэн дотор гэрэл гэж сануулж байна. Тиймд гэрэл учраас гэрэл мэт үйлдэж, амьдрах хэрэгтэй гэсэн үг. Харанхуйд байхдаа тэд хаанаас ирсэн, хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан. Тэд махан биеийнхээ хүслийг гүйцэлдүүлэхийн тулд амьдарч, тэр л хүсэл бодлоо дагадаг байв. Тиймээс тэд ёс суртахуунгүй, шунахай, хараал дор байсан. Харин сайнмэдээний гэрэл тэдний дээр гэрэлтэж, тэд гэрлийн хүүхдүүд болсон (2 Кор 4:6).
Эзэн дотор гэрэл болсон учир хаашаа ч явсан Есүсийн гэрлийг гэрэлтүүлэх болсон. Есүсийн гэрэл нь уучлал, хайр, найдварыг авчирдаг. Есүсийн гэрэл нь бидний амьдралд утга учрыг өгдөг. Бид Эзэн Есүс дэх гэрлийн элч нар болсон. Тиймээс гэрлийн хүүхдүүд ёсоор гэрлийн үр жимсийг гаргацгаая.
Одоо 9-р эшлэлийг үзээрэй. “Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна.” Гэрлийн үр жимс нь бүх сайн, зөвт байдал ба үнэн юм. Бүх сайн бол ёс суртахууны хувьд бүх сайн ба энэрэнгүй сэтгэлийг, зөвт байдал бол шударга ба итгэмжит байдлыг, үнэн бол хуурамч сэтгэлийн эсрэг үнэнч чин сэтгэлтэй байхыг заадаг. Эдгээр нь Бурхан гэрлийн хүүхдүүдээс үйлдэхийг шаарддаг сүнслэг чанар юм.
Өнөөдөр та гэрлийн хүүхдийн ёсоор амьдарч байгаа бол харанхуйд буй хүмүүс таны үйлсийг харах болно. Гэхдээ энэ нь өөрийг маань биш Бурханыг алдаршуулах хэрэгтэй юм. Заримдаа хүмүүс өөртөө магтаал хүндэтгэл, алдрыг авах гэсэн сэтгэлтэй болсон байдаг бөгөөд Бурханд алдар хүндийг өргөхийн оронд өөрөө энэ бүхнийг авах гэснээс болоод Бурхан алдаршиж, гэрэлтэхгүй тэр хүн л гэрэлтдэг. Хэрэв ийм сэтгэлээр цаашид үйлдээд байвал бардам байдлыг бий болгож, Бурханаас холдоход хүргэж мэдэх юм.
10-р эшлэлийг үзээрэй. “ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол.” Гэрлийн үр жимсийг гаргахын тулд Эзэнд таалагдах зүйлийг олж мэдэхийг шаарддаг. Тиймээс гэрлийн хүүхдүүд Библийг судалж, залбирч, Бурханы үгийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид харанхуйд байхдаа амьдралын зорилго маань өөрсдийгөө баярлуулах явдал байсан. Харин Есүсийн гэрэлд ирснээр Эзэний хүсэл таалалд нийцүүлдэг амьдрал болон өөрчлөгдсөн юм. Энэ нь Бурханыг баярлуулахын төлөө бүхнийг үйлдэж амьдрах нь гэрлийн хүүхдийн амьдралын зорилго ба утга учир гэсэн үг. Бид Бурханыг баярлуулах зүйлийг үйлдэн амьдарч байвал бүх сайн зөвт байдал ба үнэний үр жимсийг төрүүлэх болно.
Гэрлийн хүүхдүүд нь харанхуйн үр нөлөөгүй зүйлд оролцдоггүй бөгөөд харин ч тэднийг илчилдэг юм. (11) Харанхуйн ажил нь заримдаа таашаал ханамжийг өгдөг мэт боловч эцэст нь ичгүүртэй гэмийн үр жимснүүд буюу хоосон санаа, гэмийн ухамсар ба шийтгэлийн айдсыг төрүүлдэг. Харанхуйн ажлууд нь ярихад ч ичмээр бузар булай учраас нууцаар үйлддэг онцлогтой(12). Харанхуй ертөнцийг бүрхсэн ч гэрлийн хүүхдүүд Есүсийн гэрлийг гэрэлтүүлснээр үүнийг хөөж гаргадаг.
Бурханыг дуурайж гэрлийн хүүхэд ёсоор амьдрахад үйлс ба үг яриа маань ч гэсэн энэ дэлхийн хүмүүсээс өөр байж, харагдахуйц зөвт байх хэрэгтэй. Ажил дээрээ зөвт байдлын талд зогсогч нь та байг, хөршдөө ч гэсэн хүний сайхан сэтгэлээр хандаж, аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээр гомдоллохгүй хийдэг байг, хүнээс мөнгө зээлсэн бол хугацаанд нь төлж байг, найздаа амласан бол амлалтаа биелүүлэг, үг үйлдэл тань битгий зөрж байг. Гэрлийн хүүхдээр амьдрах нь энэ мэт энгийн багахан зүйлээс эхэлдэг ажээ. Өдөр тутмын хүмүүстэй харилцах харилцаа ба нөлөөллөөс л эхэлнэ. Магадгүй та хогоо хаа хамаагүй хаядаг бол зориулалтын саванд хаяхаас л эхэлнэ. Шүлсээ гудманд хаа хамаагүй хаяхгүй байх, хүний юмыг асууж байж хэрэглэх, мэндлэх, уучлал гуйх гэх зэрэг өдөр тутмын зүйлээ ч өөрчлөхөөс эхэлнэ. Нэгэн залбирагч эмэгтэй өдөр бүр өглөөний гуйлтын дараа гэрлүүгээ харихдаа замдаа тааралдсан хогийг түүж эхэлжээ. Үүнийг тэр дасгалжуулалт болгон нэг удаа хийсэн боловч сүүлдээ өдөр бүр энэ зүйлийг хийх болжээ. Энэ мэт Бурханыг хайрлах хайрын сэтгэлээр шинэ үнэ цэнийг тэр бий болгосон юм.
Өнөөгийн нийгэмд, монгол улсад маань шүүмжилж буруутгах, болж бүтэхгүй байгаа маш олон зүйлс байгаа. Итгэгчдийн дунд ч гэсэн бусдын алдаа дутагдал, гэмийг шүүмжилж, буруутгах хандлага байдаг. Энэ нь гэрэлтэж байгаа явдал биш юм. Харин тэрхүү харанхуйн зүйлсийг өөрчлөхийн тулд эхлээд бид өөрсдөө гэрэл болох хэрэгтэй. Бусдад зааж сургаснаар, шүүмжилж буруутгаснаар нийгэм болон хүмүүс өөрчлөгдөхгүй. Харин Бурхан л өөрчлөх учир бид өөрсдөө тэдний дунд гэрэл болж сайныг үйлдэн, зөвт, шударга үнэн дотор алхах хэрэгтэй. Ялангуяа өнөөдрийн дэлхий дахинаа аюулт өвчин тархаж буй энэ цагт улс орныхоо гаргаж буй шийдвэр, заавар захирамжийг хэрэгжүүлэх нь ч бидний гэрэлтэж буй үйлдэл юм.
Би яаж гэрлийн хүүхэд шиг амьдрах билээ гэж санаа зовох шаардлагагүй. Бид Есүст итгэж байгаа бол, Бурханы үгээр амьдарч байгаа бол гэрэлтэх болно. Учир нь тас харанхуйд хэчнээн жижиг гэрэл байсан ч гэрэлтэж, гэрэл гэгээг цацраадаг шиг бид өөрсдийгөө хэрхэвч голж, дорд үзэж болохгүй юм. Гэмээр харанхуйлсан дэлхийд итгэгчдийн өчүүхэн ч гэсэн үнэн, зөвт, сайн үйлс нь гэрэл мэт байдаг учраас хүмүүс хараад Бурханд алдрыг өргөж, тэдэн шиг ариун шударгаар амьдрах хүсэл найдвар, амьдралын зүг чигийг олж авдаг. Харин Есүсийн шавь нарын үйлс хэдий чинээ ариун бөгөөд зөв байна энэ дэлхий тэр чинээгээрээ гэрэлтэх болно. Ялангуяа бид хамгийн сайнаар ажилласнаар, хичээлдээ шамдан B+ дээш дүнтэй суралцсанаар, гэр бүлдээ туслан үйлчилснээр, мөн оюутнуудтай библийн хичээл хийснээр, тэдний төлөө залбирч, мөн үйлчилснээр гэрэлтэж чадна. Энэ цагт гэрэл болсон Есүсийг дуурайж, гэрлийн хүүхдүүд ёсоор явж чадахыг хүсэн гуйж байна.
Өнөөдрийн үгээр дамжуулан Бурханыг дуурайх нь хэчнээн чухал бөгөөд хэрхэн дуурайх аргыг суралцлаа. Юуны түрүүнд Бурханы хайр дор явж, дуулгаваргүй хөвгүүдийн гэмт үйлдлийг бүрэн орхин, гэрлийн хүүхдүүд ёсоор явж чадахыг гуйж байна. Амен!