Усан үзмийн жинхэнэ мод Есүс
Иохан 15:1-17
Гол эшлэл: 15:4
“Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.”
Уржигдар, өчигдөр бид ЗАМ ҮНЭН АМЬ, АМИЙН УС болон ЕРТӨНЦИЙН ГЭРЭЛ гэсэн гурван номлол сурсан. Энэ гурван номлол болон бусад хөтөлбөрүүдээр дамжуулан та бүхэн хайр ивээл дүүрэн авсан гэж найдаж байна.
Үр жимс буюу үр дүнг хүн бүр хүсдэг нь дамжиггүй. Яг одоо хажуудах хүнээсээ үр жимстэй баймаар байна уу, үгүй юу гэж асуувал хамгийн тэнэг асуултын нэгийг асуух болно. Оюутнууд А дүнтэй сурахыг эрмэлзэн хичээдэг. Ажилчид бид ажлынхаа үр шимийг сайнаар хүртэж, цалингаа ахиухан авахыг мөн сэтгэл ханамжийг авахыг хүсдэг. Үнэндээ А сурах нь оюутан танаас 100% шалтгаалах болно. Ажлаа сайн хийж сэтгэл ханамжтай байх нь, цалингаа нэмүүлэх нь ажилтан танаас 100% шалтгаалах болно. Хүн бүр хичээснийхээ хэрээр үр дүнтэй байх нь дамжиггүй. Ажлаа сайн хийвэл цалин их авах нь ойлгомжтой. Хичээнгүй сайн сурвал А дүн авах нь тодорхой.
Тэгвэл талбар бүр дээр үр дүн, үр жимстэй байх нь танаас хамаардаг юм бол сүнсний талбар буюу хүний сүнслэг байдлын үр жимс юунаас хамаарах вэ? Хүн яавал сэтгэл ханамжтай байж, яавал Бурхантай улам ойр байж алив саад бэрхшээлийг давах хүч авах вэ? Яавал Бурхантай төдийгүй бусадтай зөв харилцаатай байж, долоо хоног бүр сурдаг номлол, Библийн хичээлээ амьдрал дээр хэрэгжүүлж чадах вэ?
Өөрөөр хэлбэл үр жимстэй байхын тулд яах ёстой вэ? Үр жимстэй байх аргын тухай усан үзмийн зүйрлэлээр дамжуулан өнөөдөр бид суралцах гэж байна. Үр дүн гэдэг бол үр жимстэй адилхан.
Хэн ч тариагүй байхад мод ургахгүй. Ер нь хэн ч хийгээгүй байхад ямар нэгэн зүйл автоматаар бий болж, эсвэл автоматаар ургаж, үржээд байдаггүй биз дээ? Ямарваа зүйл ургаж үржих, уруудан доройтох, эсвэл өөдлөн дэвжих шалтгаантай байдаг.
1-р эшлэлийг хараарай. “Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.” Хэрэв энэ эшлэлийг анхааралтай харвал усан үзмийн модыг тариалагч нь Эцэг буюу Бурхан болж таарч байна. Усан үзмийн мод өөрөө ургахгүй нь тодорхой тул заавал тариалагчтай байж таарна. Есүс зүйрлэлээр дамжуулан үр жимсний тухай зааж байгаа тул дээрх эшлэлийг харвал тариалагч нь Бурхан, усан үзмийн мод нь Есүс юм. Үр жимстэй амьдрах хэдэн арга замыг Есүс бидэнд усан үзмийн мод болон түүний үр жимстэй зүйрлүүлэн хэлж байна. Тэгвэл үр жимстэй байя, үр дүнтэй амьдаръя гэвэл дараах хэдэх зүйлд анхаарлаа хандуулаарай.
1-рт, тайрч арчлуулахад бэлэн байх хэрэгтэй.
Одоо 2-р эшлэлийг харцгаая. “Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.” Мод бүр мөчиртэй. Модноос үр жимс гардаггүй, харин мөчирнөөс үр жимс гардаг. Мод нь Есүс юм бол мөчрөөр хүмүүс биднийг төлөөлүүлж байна. Бид бүгдээрээ нэг модны мөчрүүд юм. Гэвч 2-р эшлэлийг харвал бүгд жигд үр жимс гаргадаггүй юм байна. Тийм учир цэцэрлэгч нь мөчир бүрийг анхааралтай ажигладаг. Тэгээд жимс ургуулдаггүй мөчир бүрийг авч хаядаг. Нэгэнт жимс ургуулахгүй бол тэрийг байлгах нь үр жимсэнд шууд бусаар хортой. Яагаад гэвэл тэр мөчир нь шим тэжээлийг бусадтайгаа адилхан хүртэж, хуваалцдаг. Яг адилхан бүх зүйлийг хүртдэг боловч жимс ургуулдаггүй. Тиймээс тэр мөчрүүдийг модонд байлгах нь ашиггүй юм. Харин авч хаях нь модонд ч тустай, бусад мөчрүүдэд ч хэрэгтэй, мөн жимс өгөхгүй учир байлгах нь ямар ч ач холбогдолгүй. Дэмий зай л эзлэх болно. Манай чуулганд жимс ургуулдаггүй мөчир байхгүй гэдэгт итгэлтэй байна. Та бүү тайрагдаарай. Тайрагдах зүйл бүү хийгээрэй буюу үр жимсгүй амьдралаар бүү амьдраарай.
Хэрэв бид сайн анзаарвал Есүс жимс ургуулдаггүй мөчрийн тухай үргэлжлүүлэн яриагүй, харин улам их жимс ургуулдаг мөчиртэй байлгахын тулд жимс ургуулдаг мөчрүүдийн тухай ярьж байна. Харин жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг гэж байна. Жимс ургуулдаг мөчрийг улам их үр өгөөжтэй байлгахын тулд тайрч арчилдаг. Тайрч арчилснаар жижиг жимс ургуулдаг байсан мөчир том жимс ургуулах болно. Чанаргүй жимс ургуулдаг байсан мөчир илүү өнгө үзэмжтэй, чанартай, амттай жимс ургуулдаг болно. Хэрэв бид мөчрийг тайрч арчилж байгааг харвал өмнөөс нь өвдмөөр, өрөвдмөөр санагдана. Заримдаа яах гэж ингэж байгаа юм бол оо гэж ойлгохгүй үе ч гарна. Ингэж тайрч байгаа нь ямар ч шаардлагагүй юм биш үү гэж бодогдоно. Гэвч тариаланч тайрч арчилснаар илүү сайн жимс гаргадаг.
Та яг одоо өөрийгөө хараарай. Танд тайрч арчлуулах зүйлүүд байгаа болов уу? Мэдээж аль нэг эрхтний тухай, гар хөлний тухай яриагүй. Таны өмсөж байгаа хувцас, идэж буй хоолны тухай ч яриагүй. Харин таны зан чанар, гэм нүгэл, харилцаа гээд таны засах ёстой зүйлсийн тухай ярьж байгаа болно. Хэрэв та амьдрал дээрээ, сурсан мэдсэнээ хэрэгжүүлье гэвэл зайлшгүй засах ёстой зүйлүүдээ засахаас нааш урагшлахгүй. Таны дотор таныг зовоож, шаналгаж байгаа асуудлуудаа шийдэхээс нааш урагшлахгүй. Энэ бол амьдралын үнэн юм. Өнөөдрийн цуглаан дуусаад та нэгэн жагсаалтыг заавал гаргаарай. Би юун дээр алддаг вэ? Би ямар зан чанаруудаа засах шаардлагатай вэ? Намайг бүдрүүлдэг гэмийн ямар асуудлууд байна вэ? Ялангуяа бид өөрсдийн бүдэрдэг гэмийн жагсаалтыг гаргах ёстой. Тэгэхгүйгээр бид гаргадаг үр жимсээ улам сайжруулах болно. Бидний итгэдэг Бурхан бидний гэмүүд төдийгүй муу зан чанаруудыг биднээс зайлуулахыг хүсдэг. Яагаад гэвэл тэдгээр нь сайн үр жимс гаргахад үргэлж саад болж байдаг юм. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад болдог” гэж үг байдаг байх аа?
2-рт, Есүсийн хэлсэн үгээр цэвэр болсноор.
Одоо 3-р эшлэлийг үзээрэй. “Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ.” Миний хэлсэн үгээр гэдэг нь Есүс Христийн хэлсэн үгнүүдийг хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь Библи гэсэн утгатай юм. Бид Бурханы үгээр л цэвэр болно.
Та хувцсаа юугаар цэвэрлэдэг вэ? Тусгай цэвэрлэгч бодис, угаалгын нунтгаар цэвэрлэдэг. Биеэ угаалгын шингэн, толгойгоо шампунь, нүүрээ нүүр цэвэрлэгчээр, гараа савангаар гэх мэтчилэн. Машинтай хүмүүс өөрөөсөө ч илүүгээр машиндаа анхаарал хандуулдаг гэж сонссон. Биеийн эрүүл мэнд нь машины эрүүл мэндийх нь дараа байдаг юм биш үү? J Бид сүнсээ цэвэрлэх ямар нэг юм хэрэгтэй. Брэндийн олон цэвэрлэгч байлаа ч бидний сэтгэл сүнсийг цэвэрлэж чадна гэж үү? Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ гэсэн нь бид Бурханы үгээр л цэвэр болж чадна. Тэгснээр үр жимс сайн ургуулж чадах юм. Та хэр зэрэг цэвэр вэ?
Бурханы үгээр та өөрийгөө цэвэрлээрэй. Таны дотор хэзээ ч арилшгүй бохир зүйлс их бий. Гэмийн асуудал их бий. Гэм нь хүнийг бохирдуулдаг. Гэм нь хүнийг бусдаас зугтаалгаж, бусдын дунд байхад ичгүүр болгодог. Гэвч гэмийг шийдсэн Христийн үгээр амьдарвал та цэвэр болох болно. Улмаар үр жимс тань цэвэр байх болно.
3-рт, Христийн дотор байснаар.
4-5-р эшлэлүүдийг үзээрэй. “Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.”
Христийн дотор байх гэдгийг бид дараах хоёр байдлаар ойлгож болно.
А. Холбоо барих. Монголчуудын хэлдэг худлаа хоёр үгийг та нар мэдэх үү? Нэг нь их муухай үг. Та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нөгөө нь “Ярья ярья”. Гэвч хэзээ ярих нь ч мэдэгдэхгүй, хэзээ холбоо барих нь ч тодорхойгүй. Христийн дотор байна гэдэг нь Христтэй холбоо барихыг хэлж байгаа юм. Христ бидэнтэй холбоо барихыг үргэлж хүсдэг. Тиймээс утсаар зүйрлэвэл түүний утас үргэлж нээлттэй. Ямар ч дугаараас, хаанаас ч, хэзээ ч залгахад нээлттэй гэсэн үг. Зарим хүн утсаа шөнө унтраадаг бол, зарим нь танихгүй дугаар авдаггүй бол харин Христ бүх дугаарыг гололгүй авдаг. Христ бүх хүний яриаг тэвчээртэй сонсдог. Бүх залбирлыг сонсож, бүх гомдлыг, бүх цөхрөлийг ч тэр хүлээн авдаг. Тиймээс та залбирлаараа Түүнтэй үргэлж холбоотой байгаарай. Үргэлж Есүстэй холбоо барихад бэлэн байгаарай. Ярья ярья гээд мурьдаг нь Христ биш. Тийм учир та Христтэй өдөр бүр холбоо бариарай. Танд нэгж шаардлагагүй. Цагийн хязгаар ч хэрэггүй. Хэзээ ч, хаанаас ч холбоо барихад Христ таныг сонсох болно.
Б. Холбогдох. Хичнээн шинэ технологи, тухайлбал iPhone 11 pro, удахгүй нээлт нь болох гэж байгаа Samsung Galaxy Note 10 байсан ч гэсэн цэнэглэгчгүй бол яах билээ? Мэдээж цэнэглэгчгүйгээр тодорхой хугацаанд явна. Гэхдээ цэнэглэгч буюу холбогч нь байхгүй бол тэр шинэ утас, компьютер ямар ч хэрэггүй болно. Бид ч бас цэнэглэгчгүйгээр явахгүй. Таныг цэнэглэгч бол Бурхан юм. Та түүнтэй холбоотой байхгүй бол цэнэг чинь дуусаад, та алдагдах болно. Ухаалаг төхөөрөмж цэнэглэгчтэйгээ байнга холбоотой байвал батерей нь нурдаг. Харин энэ хууль Христийн дотор эсрэгээрээ байдаг. Та Бурхантай үргэлж холбоотой байвал таны батерей нурахгүй, харин ч үргэлж дүүрэн байх болно.
4-рт, нэг нэгнээ хайрласнаар.
12-13-р эшлэлүүдийг үзээрэй. “Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй.” Дагалдагч нар нэг нэгнээ хайрлахын тулд яах ёстой вэ? Таныг хэн эхэлж хайрласныг юун түрүүнд мэдэх хэрэгтэй. Мэдээж аав, ээж, ахан дүүс тань танд хайртай нь тодорхой. Гэхдээ тэднээс ч илүүгээр хайрласан Нэгэн бол Есүс Христ. Тэр нь аав, ээж ахан дүүсийн тань хайрыг үгүйсгэж байгаа хэлбэр огт биш юм. Харин хэн ч биш Христ таныг хайрлаад, гэм нүглийг тань уучлахын тулд амиа загалмай дээр өгсөн. Тэр таныг хэнээс ч илүүгээр хайрласан. Энэ дэлхийн хэний ч хайрлаж чадахгүй хайраар таныг хайрласан. Энэ бол бусдыг хайрлах хайрын үндэс.
Нэг нэгнээ хайрлана гэдэг нь уулзахаараа л тэврэлдээд, үнсэлцээд байхыг хэлэхгүй. Нялуурч, эрхлэхийг ч хэлэхгүй. Нэг нэгнээ хайрла гэдэг энэ тушаал нь зөвхөн эхнэр нөхрийн дундах хайрыг ч бас хэлээгүй юм. Энэ бол Христийн дагалдагч нарын дундах хайрыг хэлж байна. Гэхдээ ямар нэгэн нөхцөл тавьсан хайрыг хэлсэнгүй. Харин ч нэгнийхээ төлөө амиа зориулахад бэлэн хайр. Энэ ямар агуу хайр вэ? Та хажуудах хүнээ байгаагаар нь хайрлаж чадах уу? Та хажуудах хүнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байна уу? Ийм сэтгэл нь үр жимстэй амьдруулдаг. Хүн бусдын төлөө амиа зориулахад юу хэрэгтэй байдаг гээч. Зөвхөн бусдын хайр л хангалттай. Өөр шигээ хайрлах ч хангалтгүй. Харин бусдын хайр буюу Христ таныг хайрласан хайрын утга учрыг мэдсэн тохиолдолд та хажууд байгаа найзынхаа төлөө амиа өгөхөд ч бэлэн байдлаар хайрлаж чадна. Христийн хайраар амьдардаг хүн үр жимстэй байж чаддаг. Хүний хайраар амьдардаг хүн сүнслэг үр жимс гаргаж чадахгүй.
Дүгнэлт:
Үр жимстэй байх дөрвөн аргыг сурлаа.
- Та тайрч арчлуулахад бэлэн үү? Таны дотор байгаа эрээн мярааныг тань тайрч арчлах гэж байгааг мэдэж байгаа биз дээ?
- Та Христийн үгээр өөрийгөө цэвэрлэж байна уу? Библийг та ямар ч хэлбэрээр өөртөө авч явах боломжтой болсон. Утсан дээрээ, аудио хувилбараар, халаасны, том жижиг гэх мэтээр. Тэгэхээр Библигүй гэх шалтаг танд байхгүй.
- Та Христтэй үргэлж холбоотой байна уу?
- Нэгнийхээ төлөө амиа ч зориулах хэмжээнд нэгнээ хайрлаж байна уу?
Үр жимстэй байхыг хүсвэл дээрх дөрвөн зүйлийг өөртөө хийж хэвшүүлээрэй.