2019 оны хоньчлолын 3-р номлол (09.01) Б.Баярмагнай

Бурханы хонин сүргийг хариул

1Петр 5:1-11
Гол эшлэл 5:2-3

“Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол.”

Паул хоньдынхоо төлөө бүх амьдралаа зориулсан талаар өнгөрсөн долоо хоногт бид сурсан билээ. Тэгвэл өнөөдөр бид Петрийн талаар сурах болно. Петр хоёр захидал бичсэн. Итгэлээсээ болж дүрвэж яваа хүмүүст зориулан 1Петр хэмээх энэ захидлыг бичсэн. Тэд хавчигдан, гадуурхагдаж байсан учир Петр тэднийг урамшуулахаас гадна итгэлээ бат сахихыг сургаж байлаа. Итгэлээ бат сахина гэдэг ямар ч цаг үед хамаатай зүйл. Зөвхөн хавчигдан гадуурхагдаж байгаа хүмүүст ч биш, өнөө цаг үеийн нийгэмд амьдарч байгаа бидний хувьд ч гэсэн хамаатай.
Гэхдээ өнөөдрийн хэсэг бол итгэлээ сайн сахих тухай голчлоогүй, харин Бурханы хонин сүрэг болох хүмүүсийг яаж хоньчлох талаар бидэнд заах болно. Хавчигдаж, дүрвэж яваа ч гэсэн тэдэнд хамгийн хэрэгтэй хүн бол пастор, ахлагч байсан. Тэгсэн ч гэсэн Петр хавчигдан гадуурхагдаж байгаа хүмүүсийг чуулган гэж үзэж, тэдэнд хэрэгтэй зүйлийн нэг нь чуулганыг хоньчлох байсан гэдгийг дурдаж байна. Тэгвэл Петр тэдний удирдагчдад юуг зааж байгааг хамтдаа суралцацгаая.
Петр өөрөө сайн хоньчин байсан. Тэр загасчин байхдаа дүүгийнхээ хамт Есүст дуудагдсан. Тэгээд хүмүүсийг загасчлах болно гэдэг Есүсийн өгсөн үүргийн дагуу насан туршдаа амьдарсан байдаг. Есүсийг нас барахад тэр гурвантаа урвасан, гэхдээ дараа нь гэмшсэн. Нуурын эрэгт Есүс үзэгдэхэд нь завинаасаа үсрэн бууж, Түүн руу сэлж очсон. Эрэг дээр байхад нь Есүс түүнээс “Чи Надад хайртай юу?” гэж гурвантаа асууж, тэгвэл Миний хоньдыг тэжээ гэдэг үг авсан. Түүнээс хойш Петрийн хоньчны амьдрал үнэхээр үр жимстэй байсан. Ингээд Петр захидлаараа дамжуулан дүрвэж, зугтаж яваа хүмүүсийн дунд ахлагчдад зориулан сайн хоньчин байх аргыг зааж өгч байна.
2-3-р эшлэлүүдийг үзээрэй. Хамт уншицгаая. “Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол.” Энд Петр ахлагчдад буюу хоньчдод зориулан дараах зургаан зүйлийг захиж хэлж байна. Хүмүүсийг хоньчлохдоо гаргах зургаан хандлага, харилцааны арга гэж хэлэхэд болно.
1-рт, албадлагаар бус сайн дураараа. Албадлагаар аливаа зүйлийг хийж болно. Албадаж хийсэн аливаа зүйл үр дүнгүй л болдог. Ялангуяа хоньчлолын ажил бол албадлагаар хийгддэг ажил биш. Энэ бол Христ намайг аварсан, тэр л авралын хайраар хийгддэг ажил юм. Таныг Христ аварсан. Тэр аврал бол Бурханы танд хандсан гайхамшигтай төлөвлөгөө. Тэгвэл тэр хайрыг санаж, яг л таныг аварсан, уучилсан тэр хайраар та бусдыг хоньчлох сэтгэлээр сайн дураараа хийгдэх ажил ажээ. Албадлага бус харин Христ таныг хайрласан хайр бусдыг хоньчлоход хүргэдэг.
2-рт, Бурханы хүслийн дагуу. Өөрөө бусдыг хоньчилж байх үедээ өмчлөх гээд байдаг. Миний тэжээсэн хүн, би энэ хүнийг фишиндсэн, би одоо хоньчилж байгаа гэх мэтээр. Мэдээж хэн ч түүнийг үгүйсгэхгүй. Харин хоньчилж байгаа хүн бүр Бурханы хүслээр гэдэг зарчмыг чанд хатуу баримтлах ёстой болж байна. Бурхан өөрөө чуулганыг байгуулсан, тэр утгаараа Бурханы хүслээр чуулганыг авч явах хэрэгтэй. Гэхдээ чуулган хүмүүсээс бүрддэг. Хүн бүрийг хоньчилж байгаа хоньчин тухайн хүнээ Бурханы хүслээр хоньчлох хэрэгтэй гэсэн үг. Бурханы хүсэл маш энгийн. Түүний хүсэл Библи дээр бичигдсэн байгаа. Тиймээс Библи уншиж, Библийн дагуу хоньчилж байвал та Бурханы хүслийн дагуу болж байна гэсэн үг.
3-рт, бохир ашгийн төлөө бус. Ашиг олно гэдэг нь муу хэрэг биш. Аливаа бизнес, аливаа худалдаа хийж байж ашиг олж байгаа нь ямар ч буруу, муу асуудал биш. Харин хоньчлолыг ашгийн талбар болгож болохгүй гэж байна. Ашиг харж хоньчлох биш, эсвэл ашгийн төлөө хоньчлох ч биш. Гүйлгээ ухаантай, сэргэлэн ямар ч хүн ямар ч талбарыг ашгийн болгох боломжтой. Ямар ч хүн чуулганыг, хоньчлолын ажлаараа ашиг гаргаж авах боломжтой. Тийм учир Петр онцгойлон анхааруулж байна. Энэ бол ашгийн талбар биш. Энэ бол Христийн хайрын талбар юм. Энэ бол Бурханы үгийг дамжуулах, тунхаглах, Бурханы хайраар хоньчлох талбар аж. Ямар ч ашгийг бид хаанаас ч олж болно. Гэхдээ чуулган биш. Ямар ч орлогыг бид хаанаас ч олоход болно, гэхдээ чуулганаас биш. Хэрэв бид чуулганыг болон хоньчилж буй хүмүүсээ ашиг олох газар гэж харж эхэлбэл чуулганы ба Христийн мөн чанарыг алдагдуулж эхэлнэ. Тахилын хонийг сүмд зарж байсан худалдаачдыг Есүс хөөж байсныг бид мэднэ. Энэ бол хэн нэгний орлого олох, ашиг хийх газар биш, харин хайр түгээж, авралын үгийг тунхаглах газар юм.
4-рт, хичээл зүтгэлээр. Энэ чанаргүйгээр бид хоньчлолын ажлыг хийж чадахгүй. Хичээл зүтгэл гаргахгүй бол ямар үр жимс гаргах билээ? Тариачин хүн үр суулгана, зэрлэг зулгаана, арчилна, усална. Харин эцэст нь сайхан үр тариа хурааж авдаг. Малчин хүн ч ялгаагүй. Өглөө өдөр оройгүй малынхаа араас явна, сайн бэлчээр хайна, элдэв араатнаас хамгаална. Төллөх үед нь хажууд нь байна гэх мэтчилэн өдөр өнжихгүй, борви бохисхийхгүй хөдөлмөрлөнө. Тэгсний эцэст мянгат малчин болдог. Та өөрийн хийж байгаа ажлаа бас хараарай. Цалин авахад сайхан, гэхдээ хичээл зүтгэл байсан учраас цалин авч байгаа. Ажилдаа сэтгэл гарган зориулж байгаа учраас цалингаа сэтгэл хангалуун авдаг байх. Бусдыг хоньчлох ажил ч гэсэн ялгаагүй. Сэтгэл зүрх, хичээл зүтгэл гаргаж байж аврагдагсдын тоо нэмэгддэг, дагалдагчдын чанар ч ахидаг. Та бусдыг хоньчлохдоо хичээл зүтгэл гэдэг зүйлийг огт мартаж болохгүй. Хичээл зүтгэл юугаар ч илэрч болно. Цаг зав, багахан хэмжээний санхүү, тухайн хүний төлөөх залбирал, дагалдагчийнхаа араас санаа тавих, түүнийг чуулганд иртэл нь хойноос нь явах гэх мэт. Энэ бол хоньчны хамгийн чухал чанаруудын нэг юм. Болох байлгүй дээ гэдэг бол хичээл зүтгэлийн эсрэг зан чанар. Болж л байсан, одоо ч гэсэн болох байлгүй дээ гэж та яг одоо бодож байгаа бол гэмшээрэй. Бурхан хичээл зүтгэлтэй хүний гарыг шагнадаг болохоос биш урсгалаараа явж байгаа хоньчныг хэзээ ч шагнахгүй.
5-рт, ноёлож бус. Ноёлоно гэдэг байх ёстой газраа яг таардаг чанар. Жишээ нь: ажил дээр үргэлж биш ч гэсэн донж нь таарвал яг болдог. Гэхдээ хэзээ ч чуулганд, ялангуяа хоньчдод байж болшгүй чанар. Би бусдаас олон жил явж байна, туршлага ихтэй, та тэгэх ёстой, ингэх ёстой, надад эрх мэдэл байна, яагаад тэгэхгүй байна гэх мэтээр дээрэлхэж, ноёлж байгаа бол түүнд хайр байхгүй байна гэсэн үг. Ноёлж байгаагийн нэг шалтгаан бол өөрийг нь хүндлэхгүй байгаа мэт санагдах үед гарч ирдэг. Өөрийг нь доош нь хийгээд байгаа юм шиг санагдах үед ноёлж байж өөрийгөө мэдрүүлэх гэдэг. Гэтэл Есүс яг эсрэгээр явсан. Түүнийг хүндэлсэн ч, эс хүндэлсэн ч урдах үйлчлэлийн ажлаа хийсээр байлаа. 2000 гахайг эргээс нуур руу унахад хүмүүс түүнийг чулуугаар шидэх гэж оролдсон. Гэвч тэр хүндлүүлж, ноёлох гээгүй, харин зугтсан. Түүнийг загалмайд цовдлох үед болон цовдлохын өмнө зодсон, ташуурдсан, гүтгэсэн. Гэсэн ч тэр дуугүй байсан. Ноёлоно гэвэл түүнд бүрэн эрх мэдэл ба хүч байлаа. Гэвч тэр тэгээгүй, харин ч хүлцэнгүй байсан. Тэгснээрээ Есүс сайн хоньчин гэдгээ харуулсан юм. Бидэнд бусдыг ноёлоно гэдэг угаасаа зохихгүй. Бид үйлчлэх ёстой хүмүүс. Бид бусдыг халамжилж, Бурханы үг ба хайраар үйлчлэх ёстой. Зэмлэх, загнах, гэмшүүлэх асуудлууд байлгүй яахав. Гэхдээ тэдгээр зүйлийг ч гэсэн хайраар хийх хэрэгтэй. Ноёлж хийвэл гэмшүүлэх биш өөр утга болж ойлгогдох болно.
6-рт, үлгэр дуурайл болж. Хамгийн хэцүү бөгөөд хийх ёстой зүйл бол үлгэр дуурайл болох юм. Есүсээс өөр хэн төгс үлгэр дуурайл болсон бэ? Бидний ярих хийх хоёр ижил түвшинд байвал үүнийг үлгэр дуурайл гэнэ. Хүмүүс үлгэр дуурайл болохыг бусдаас шаардах амархан ч өөрөө яг түүн шигээ байхад хэцүү. Та үлгэр дуурайлгүй байснаар юу ч алдахгүй байх, гэхдээ таны хоньчилж байгаа хүмүүс алдагдах болно. Үлгэр дуурайлгүй байх нь амархан, харин үлгэр дуурайлтай байхыг хичээх нь заримдаа уулыг нүүлгэх, усыг хөдөлгөхөөс ч хэцүү байж мэднэ. Гэвч боломжгүй гэсэн үг биш. Та хэлснээ хийдэг байхад л болно. Та Библийн дагуу амьдрахад л болно. Та өөрөө Бурханы өмнө дуулгавартай амьдрахад л болно. Үлгэр дуурайлтай байя гэж хичээхийн оронд Бурханы өмнө л амьдраарай. Тэр үед аяндаа та үлгэр дуурайлтай байх болно. Бүгд төгс биш, гэхдээ үлгэр дуурайлтай байж чадна. Үлгэр дуурайлгүй байхад хүмүүс танд хэлэхгүй байж болно, гэхдээ дагалдагч нар аяндаа зай авч эхэлдэг. Дагалдагч нар аяндаа холдож эхэлдэг. Үлгэр дуурайлгүй байсан үедээ уучлал гуйж сурах ч шаардлагатай байдаг. Яагаад гэвэл та ч, бид ч бүгдээрээ төгс биш.
Ингээд хоньчин хүнд байх ёстой зургаан чанарыг бид сурлаа. Дээрх зургаан чанарыг манай хоньчид бүгдээрээ амьдрал дээрээ хэрэгжүүлснээр шинээр эхэлж байгаа хичээлийн жилд арвин их үр жимстэй байх болтугай хэмээн ерөөж байна. Түүнээс ч илүү шагнал гэж бий. Тэр бол Тэргүүн Хоньчин Есүсээс гандашгүй титмийг хүлээн авах юм.
Харин аливаа үр жимс хоёр талаас хичээж байж гарах учиртай. Хоньчин хүн хэдийгээр хичээсэн ч гэсэн дагалдагч нар, оюутнууд хичээхгүй бол танаас ямар өсөлт гарахгүй. Тиймээс Петр зөвхөн ахлагч удирдагч нарт юм хэлсэнгүй. Дагалдагч нар, Христийн дотор өсөхийг хүсэж буй хүмүүст ч бас юм хэлээд амжиж. Тэр дагалдагч нарт зориулан дөрвөн зүйлийг хэлсэн байна.
1-рт, ахлагч нартаа захирагд. 5-р эшлэлийг үзээрэй. “Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.” Ахлагчдадаа захирагд гэж хэлж байна. Энэ нь дуулгавартай байгаарай гэсэн үг юм. Дуулгавартай байхын нөгөө тал нь бардам байдал юм. Бардам хүн хэзээ ч дуулгавартай байж, захирагдаж чаддаггүй. Таныг харгалзахаар томилогдсон ахлагч, удирдагч нартаа та өөрөө дуулгавартай байхгүй бол та бардам болж байна гэсэн үг юм. Харин даруу хүн захирагдаж, дуулгавартай байж чаддаг. Чуулган бүрийн бүтэц, онцлог гэж байдаг. Манай чуулган зургаан смол грүүптэй, тус бүртээ ахлагч гэр бүлүүдтэй. Яг таныг хоньчилж байгаа хоньчинд дуулгавартай байхаас гадна та смолынхоо ахлагч нарт дуулгавартай байх хэрэгтэй. Мэдээж таныг муу, буруу зүйл хийх ятгаж, уруу татна гэж байхгүй. Харин Эзэний үг болсон Библийн дагуу таныг хөтлөн удирдах гэж хичээж байгаа хоньчид. Тийм учраас таныг харгалзаж байгаа хоньчин, удирдагч нарт дуулгавартай байгаарай. Тэр бол сүнсэн дотор таныг өсөж, хөгжиж, төлөвшихөд тань туслах болно. Улмаар таныг Христийн сайн дагалдагч, хоньчин болоход таны дуулгавартай байдал маш сайнаар нөлөөлнө. Харин бардам хүнийг Бурхан эсэргүүцдэг гэж байна. Хэрэв танд бардам зан байгаа бол, хэрэв танд бусдыг эсэргүүцэх, үл хүлээн авах зан байгаа бол тэр Бурханы эсрэг гэж хэлэхэд болно. Мэдээж санаа бодлоо илэрхийлэх, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ асуух зүйл байлгүй яахав. Харин бардам зан гэдэг нь мэдсээр байж эсэргүүцэх, дуулгавартай дагахгүй байхыг хэлж байна. Бурхан харин даруу хүнийг өргөмжилдөг. Даруу хүнд нигүүлслээ өгдөг. Та өргөмжлөгдөхийг, нигүүлсэлтэй амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл даруу байгаарай. Хуучин гэрээ, Эхлэл номонд гардаг Иосефыг бид бүгдээрээ сайн мэдэх байх. Тэр Бурханы өөрт нь зөвшөөрсөн бүх замд дуулгавартай байсан. Ааваасаа тансаг гоё дээл авсан, ах нартаа гүтгүүлэн худалдагдаж Египетэд боол болон ирсэн. Потифарын эхнэрт гүтгүүлэн, шоронд явсан. Шоронд ороод хоёр зарцын зүүдийг тайлсан ч гэсэн мартагдаж хоёр жил болсон. Эцэст нь фараоны зүүдийг тайлж, хэний ч хүрч чадахгүй Ерөнхий сайдын албанд очсон. Тэр энэ бүхэнд гомдоллоогүй, харин дуулгавартай байлаа. Дуулгавартай хүнийг Бурхан нигүүлсэж, өргөмжилдөг гэдгийн баталгаа болсон юм. Таныг хоньчилж байгаа хүмүүст та дуулгавартай байгаарай.
2-рт, бүх зовнилоо Түүнд хая. Хавчигдан зугтаж, дүрвэж яваа хүмүүс санаа зовох зүйл ихтэй байсан нь тодорхой. Наад зах нь идэх хоол, хоргодох газар, дулаан хувцаснаас авахуулаад хүүхэд хөгшидгүй өвдөж зовиурлана. Юу юунаас ч илүүгээр аюулгүй газар очих ёстой. Ийм тэдэнд Петр бүх зовнилоо Түүнд хая гэж урамшуулж байна. Танд ч гэсэн санаа зовж байгаа асуудлууд байгаа. Та зовнилоо өөртөө хадгалсаар байна уу, эсвэл Бурханд өргөж байна уу? Бурханд өргөх нь хамгийн зөв бөгөөд сайн зам. Матай 7:7-д “Эр, хай, тогш” гэсэн байдаг. Бурханд асуудлуудаа өргөөд шийдэл хайвал заавал олддог. Бурханд зовлонгуудаа өргөөд аль нэг хаалгыг тогшвол заавал нээгддэг. Тиймээс та зонил, зовлонгоо Эзэн Бурханд өргөөрэй.
3-рт, сонор сэрэмжтэй байх. 8-р эшлэлийг үзээрэй. “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.” Хичнээн дуулгавартай байгаад, зовлон зовнилоо Бурханд өргөсөн ч сонор сэрэмжтэй байхгүй бол диавол буюу Сатаны олз болно. Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй байх нь угаасаа танаас 100% хамаарах асуудал гэдгийг мэдэх ёстой. Ямар ч гэмийн уруу татлага хэнд ч ирж байдаг. Хоньчин болсон гээд уруу татлага ирэхгүй гэсэн үг биш. Христэд итгэсэн гээд таныг гэмд унагах зүйлс ирэхгүй байна гэсэн үг ч биш. Харин ч хамгийн их уруу татлага ирнэ. Энд хэлэхдээ хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслантай зүйрлэсэн байна. Олзоо харсан арслан зүгээр нэг дайрчихдаггүй. Харин эхлээд олзоо олно, тэгээд гэтнэ, тэгээд хамгийн боломжтой үед дайрна. Гэм нүгэл яг адилхан. Таны сул талыг хүлээж байгаад яг цаг нь болохоор дайрдаг. Гэвч яг тэр цагт нь ч гэсэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Итгэл дотроо бат зогсож, гэмийг эсэргүүцэх зэвсэг буюу Бурханы үг ба залбиралтай байх хэрэгтэй. Тийм үед та сонор сэрэмжтэй байж, гэмийг ялж чадна. Зөвхөн сонор сэрэмжтэй байх хангалтгүй. 9-р эшлэлийг үзээрэй. “Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ.” Тийм ээ, энд өгүүлсэнчлэн бат итгэлээрээ түүнийг эсэргүүц гэж байна. Гэм нүглийг эсэргүүцэх ёстой. Эсэргүүцэхгүйгээр та гэмийн эсрэг тэмцэл хийж байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ эсэргүүцэл нь Ефес 5:12-т хэлсэнчлэн “Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг юм.”
Өнөөдөр бид хоньчинд байх ёстой чанаруудыг бас дагалдагч нарт хэрэгтэй чанаруудыг сурлаа. Хоньчин ба дагалдагч гэсэн хоёр талаасаа хичээл зүтгэлтэй байвал хоёулаа сүнсэн дотор өсөж, төлөвших болно. Тиймээс бүгдээрээ хичээцгээе. Бүгдээрээ Библийг хэрэгжүүлцгээе. Бурхан бидний хичээл зүтгэл, хэрэгжүүлэлтийг хараад шагнах болно. Бурхан бол шударга.

өмнөх нийтлэл2019 оны Хоньчлолын 2-р номлол (08.25) Б. Баярмагнай
Дараагийн нийтлэл2019 оны хоньчлолын 4-р хичээл (09.08)