2019 оны Хоньчлолын 2-р номлол (08.25) Б. Баярмагнай

Та нарын төлөө

Филиппой 1:12-30
Гол эшлэл : 1:24

“Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм.”

Өмнөх номлолоор бид Самуелын хоньчны амьдралын талаар суралцсан билээ. Харин одоо бид Паулын талаар, ирэх долоо хоногт Петрийн захидлаас, мөн 9-р сарын 8-нд сайн Хоньчин Есүсийн талаар суралцах болно.
Филиппой захидлыг Паул шоронгоос бичсэн. Шоронд байгаа хүн өөрийгөө яая гэж байж бусдыг шоронгоос хоньчилж байна гэдэг танд төсөөлөгдөж байна уу? Тэр үнэхээр сайн хоньчин байсан. Тэгвэл филиппойчуудад хандсан түүний хайрын захидлыг одоо хамт сурцгаая.
Өнөөдрийн номлолоор дамжуулан бид дараах дөрвөн зүйлийг суралцаасай гэж хүсэж байна. Энэ дөрвөн зүйл бол Паул амьдралаараа дамжуулан хоньчин хүн ямар байх ёстой талаар бидэнд зааж байна.
1-рт, Паулыг юу хамгийн ихээр баярлуулдаг байсан бэ? Таныг хамгийн их баярлуулдаг зүйл юу вэ? Эрүүл бие, саруул ухаан, амар тайван амьдрал, сайн ажил төрөл, их мөнгө, өндөр карьер, эв нэгдэл үү? Эсвэл хоньчны амьдрал, сайнмэдээ, бусдыг халамжлах, чуулганы эрүүл байдал уу? Сайнмэдээний аялалынхныг хамгийн их баярлуулсан зүйл юу байсан бэ?
Энэ захидлыг бичих үедээ Паул хориход байлаа. Гэхдээ түүний энэ нөхцөл байдал нь сайнмэдээг дэлгэрүүлэхэд сайн нөлөөтэй байна гэж өөрөө дүгнэж байна. Ямар ч нөхцөл байдлыг Бурхан Өөрийнхөө алдрын төлөө гайхалтайгаар ашигладаг. Паулын нөхцөл байдлыг ч гэсэн Бурхан ашигласан. Шоронд байна гэдэг нь хэн нэгний хувьд төгсгөл мэт санагдах байх. Гэтэл Паулд тийм байсангүй, түүний шоронд байгаа нь захирагчийн ордныхныг хөдөлгөж, дагалдагч нар, итгэлийн ахан дүүс нь ч гэсэн сайнмэдээ тунхаглахад улам бүр урам зоригтой болсон. 15-17-р эшлэлүүдийг хараарай. Паулын нөлөө зөвхөн дагалдагч нарт нь төдийгүй түүний атаархагч, өрсөлдөгч нарт ч бас хүрсэн. Өрсөлдөөний улмаас сайнмэдээг янз бүрээр тараах болжээ. Сайнмэдээ тарааснаараа өрсөлдөгч нар нь илүү гарч, түүнийг гомдооно гэж бодсон. Өөрийг нь хэн ч биш юм шиг болгоно гэж бодсон. Гэтэл үгүй. Харин ч Паул сайшааж, баярласан. “Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно.” (18) Учир нь Паулын хамгийн том хүсэл мөрөөдөл, хамгийн их баярладаг зүйл нь сайнмэдээ тунхаглах байлаа. Ямартаа ч Паул сайнмэдээ тунхаглагдахад, бүр ямар ч аргаар хамаагүй сайнмэдээ хүмүүст хүрэхэд их баярладаг байсан байна. Хүн бүр сайнмэдээ сонсож, авралын үүд нээгдэхэд тэр баярладаг байсан. Үнэндээ түүнийг баярлуулъя гэвэл үнэтэй дарс, бялуу, амжилт бүтээл, эсвэл хөгжил цэцэглэлт ч хэрэггүй. Түүнийг баярлуулъя гэвэл сайнмэдээг би олон хүнд тараасан гэдэг үг л хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Түүний амьдрал сайнмэдээний төлөө л байсан. Тиймээс өөрт нь атаархаад, өөртэй нь өрсөлдөөд сайнмэдээ тараасан хүмүүсийн төлөө тэр баяртай байсан. Нэг үгээр хэлбэл Паул бол сайнмэдээгээр “өвчилсөн” хүн байлаа. Сайнмэдээ тунхаглахгүй л бол Паул ямар нэг зүйл буруу хийгээд байгаа юм шиг санагддаг байсан байх. Сайнмэдээ тараахгүй бол Паул хийх ёстойгоо хийхгүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан байх. Паулын амьдралын эхний хагасыг дүгнэвэл фарисай гэдэг үг, харин сүүлийн хагасыг дүгнэвэл сайнмэдээ гэдэг үг яг тохирно.
Таныг яг одоо юу хамгийн ихээр баярлуулж байна вэ? Шинэ оюутнууд УБ хотод орж ирээд 8-9 сард хамгийн ихээр онигоонд ордог. Тэд Багшийн дээд дээр ирсэн хэрнээ Багшийн дээдийг асуугаад явж байдаг, мэддэг ганц газар нь талбай. Талбайгаар зүг чигээ олдог. Хичээл эхлэхээр хамгийн их андуурал явагдаж, буруу ангидаа, буруу хичээлдээ суудаг гэх мэтчилэн. Бидний зорилтот бүлгийн хүмүүс бол сайн нэртэй ч, муу нэртэй ч оюутнууд юм. Тэдэнд сайнмэдээ хүргэж, тэднийг дагалдагчаар өсгөх нь бидний зорилго юм. Тэд сайнмэдээ сонсож, дагалдагчаар өсөж байвал бид баярлах учиртай. Тэднийг бид дагалдагчаар өсгөх нь манай чуулганы гол алсын хараа. Энэ хичээлийн жилд бид бүгдээрээ баярлах үйл явдал олон тохиох болтугай! Өөрөөр хэлбэл олон оюутан дагалдагчаар өсөх болтугай. Тэднийг хоньчлоход бид одооноос бэлэн гэж найдаж байна. Сайнмэдээ олон хүнд хүрэхэд Паул баярлаж байсан шиг бидний баяр хөөр ч гэсэн сайнмэдээ байхыг хүсэн ерөөж байна. Мэдээж өөр олон зүйлд бид баярладаг байх. Гэхдээ сайнмэдээ хүмүүст хүрэхэд Паул адил баяр хөөрөөр умбаж байвал та хоньчны зүрх сэтгэлээр дүүрэн байна гэсэн үг.
2-рт, Паул хэнийг өргөмжилдөг байсан бэ? 20-р эшлэлийг үзээрэй. “Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно.” Паул амьддаа ч, үхсэн ч Христийг өргөмжилсөөр байх болно гэж тунхаглаж байна. Та хэнийг өргөмжилж байгаа вэ? Өнөөдөр бидний эргэн тойронд өргөмжилмөөр хүмүүс их бий. Бидэнд тусалж дэмждэг, биднийг харж халамжилдаг, биднийг баярлуулдаг гэх мэт. Тийм ээ, бид тэдгээр хүмүүст талархах ёстой. Бид тэдгээр хүмүүсээр бахархах хэрэгтэй. Гэхдээ өргөмжлөх Нэгэн бол Христ. Бид Есүс Христээс өөр хэнийг ч өргөмжилж, дээдлэн хүндэлж болохгүй. Тэгвэл тэдгээр нь бидний шүтээн болох магадлал маш өндөр.
Хоньчид бидний өргөмжлөх ёстой Нэгэн бол Христ. Та бидний эргэн тойронд өргөмжлөгдөх олон зүйл байгаа байх. Гэвч Христийг л бид амьдралдаа хамгийн ихээр өргөмжилж, Түүний үгийн дотор амьдрах гэж хичээх хэрэгтэй. Хүн бүрийн дотор өргөмжлөгдөх ёстой Нэгэн бол Христ Есүс юм. Таны сэтгэл сүнсний тэргүүн эгнээнд Христ байх ёстой гэсэн үг юм. Мэдээж ингэж хэлснээрээ эцэг, эх болон бусад хүмүүсийг хүндэлж болохгүй гэсэн үг биш.
3-рт, Паул үлдсэн бүх амьдралаа хүмүүсийн аврал, төлөвшил, хончлолын төлөө зориулсан. Тэр биеийн амрыг хараагүй. Хэрэв тэр биеийн амрыг харсан бол хэн ч түүнд юу ч хэлэхгүй байлаа. Тэр бусдад харагдах гэж ч амьдраагүй. Харин Бурханы хонин сүргийг хоньчлох гэж амьдралаа зориулан. Гэхдээ энд нэг зүйлийг та сайн анзаараарай. 23-24-р эшлэлүүдийг үзээрэй. “Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм.” Хоёр талаас шахагдаж байна гэдэг нь биеийн амрыг харах, эсвэл та нарын буюу хүмүүсийнхээ төлөө байх гэдэг хоёр сонголтон дунд байна гэсэн үг. Тэр биеийн амрыг харвал хаашаа ч хамаагүй явчихаж болох байсан. Биеийн амрыг бодвол юу ч хийхгүй байж ч болох байсан. Нэр гутаагдахаас авахуулаад, доромжлуулах, зодуулах, гүтгүүлэх гээд Паул хоньдын төлөө хийж болох бүхнийг хийсэн. Өлссөн, цангасан, хөөгдсөн, нутаг нэгтнүүдээсээ ч зовлон, зодуур амссан. Паул хоньдын төлөө ямар ч зовлон туулж, ямар хэцүү бэрхийг амсахад бэлэн байсан. Тийм учраас та нарын төлөө махбоддоо үлдэх нь илүү чухал гэж Паул хэлж байна.
Хоньчны амьдрал бол биеийн амрыг хардаг, хар амиа боддог амьдрал биш юм. Өөрийгөө бусдын төлөө зориулдаг амьдрал. Хэцүү бэрх байсан ч гэсэн бусдын төлөөх гэсэн түүний хичээл зүтгэл хожим нь үр жимс гаргасан. Тэр олон чуулган тарьсан. Тарьсан чуулган бүр рүүгээ тэр захидал бичиж, алсаас хоньчилж байсан. Паул ерөөсөө л бусдын төлөө гэсэн сэтгэл, итгэлтэй байлаа. Та нарын төлөө гэсэн түүний сэтгэл олон хүмүүсийг сайнмэдээний ажилтан болтол нь өсгөсөн байдаг.
Хэрэв бид биеийн амрыг харж байвал үр жимсгүй амьдарна. Үр жимстэй байя гэвэл зайлшгүй өөрөөсөө золиос, зориулалт гаргах шаардлагатай. Гэвч зарим хоньчид үр жимсгүй мэт харагддаг. Харин хоньдын төлөө золиос, зориулалттай байвал үр жимс харагдахгүй ч гэсэн хожим заавал гарч ирэх болно. Манай бүх хоньчид маань “Та нарын төлөө” гэсэн сэтгэл ба итгэлээр явбал Монголын оюутнуудыг Христийн дагалдагчаар өсгөж чадах билээ. Та нарын төлөө гэсэн итгэлээр оюутнуудыг хоньчилбол Бурхан аяндаа бидэнд олон үр жимсийг гаргах хүмүүсийг илгээх болно. Биеийн амрыг хардаг биш, харин ямар ч үед бусдын төлөө гэсэн золиос зориулалт биднийг сайн хоньчин болгоно. Та хэрэв үр жимстэй байхыг хүсвэл заавал зориулалт гаргахаас өөр аргагүй. Хоньдын төлөөх залбирал, тэдний араас явах, тэднийг орхилгүй хоньчлох нь өнөөгийн хоньчид бидний зайлшгүй хийх ёстой зүйл болж таарч байгаа. Ирвэл ирнэ биз гэж орхиж байвал хөлсний хоньчноос ялгарах зүйл байхгүй. Хэдэн удаа уулзсан, өөрөө мэднэ биз гэж орхивол бид сайн хоньчилж чадахгүй байна гэсэн үг. Паул хоньдоосоо урам авдаг байсан хэдий ч заримдаа тэд Паулыг утга учиргүйгээр шүүдэг байсан. Гэсэн тэр дагалдагч нараа орхиогүй, тэднийг хоньчлоход бүх цаг заваа зориулж байсан. Өөрийгөө золиослон үйлчилж байсан. Та нарын төлөө гэсэн түүний итгэл ба үйлчлэлээр дамжуулан олон хүмүүс босоцгоосон юм. Та нарын төлөө, тэдний төлөө гэсэн хоньчны хайраар дүүрэн байцгаая.
4-рт, Паул хоньчны хувьд үлгэн салган амьдрахыг хүсээгүй. Та бид ч бас үлгэн салган амьдрахыг хүсдэг гэж үү? Нэг л олдох энэ амьдралыг юм хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг өнгөрөөхийг хүсэж байна гэж үү?
Тэр амьдарсан шиг амьдарч, хоньчилсон шиг хоньчилсон. Тэр бусдыг ч бас тийм хоньчлол руу уриалан дуудаж байна. 29-р эшлэлийг үзээрэй. “Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ.” Итгэлээр бид аврал авсан, тэр бол 100% үнэн. Итгэлээр бид Мөнхийн улсын иргэд болцгоосон. Итгэлээр аврагдсан гэдэг нь өөр ямар ч шаардлага, үйлс, үйлдлээр авралд хүрэхгүй гэсэн утгатай. Харин одоо Паул авралаас өөр зүйл ярьж байна. Зөвхөн итгэх нь бус бас зовох нь өгөгдсөн гэж хэлж байна. Та Христэд итгэсэн бол бас зовох нь давхар бонус болон өгөгдсөн гэсэн үг. I зууны үед итгэгчид үнэхээр зовж байсан, тэд хавчигдаж, хөөгдөж байсан. Христэд итгэсэн гэдэг ганцхан шалтгаанаар амьдардаг байсан газартаа алуулж, хөнөөгдөж, бас хэн ч биш болж байсан. Өнөөдөр бид хэр зовж байна вэ? Мэдээж заавал зовох ёстой гэсэн үг биш. Харин зовоход бэлэн байгаарай гэж хэлж байна. Хоньчны амьдрал бол нэг төрлийн зовлонгийн, зовлонтой амьдрал юм. Мэдээж зүгээр урсгалаараа явбал хэн ч зовлон эдлэхгүй, сэтгэл зовохгүй. Болно биз ээ, бүтэх байлгүй дээ, одоо яахав дээ, өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гэх мэтээр бид урсгалаар явж болохгүй. Хүмүүсийг зөнд нь орхиж болохгүй. Тэдний асуудалтай зайлшгүй нүүр тулах хэрэгтэй. Тэр үед зовмооргүй, нүүр тулмааргүй санагдана. Гэсэн ч та тэгэх ёстой. Яг л хүүхдийнхээ баас, шээстэй зууралдах эцэг эхтэй адил мэдрэмж ч эдлэх байх. Оюутнуудын төлөө явах үед аяндаа золиос, зовлонтой нүүр тулах болно.
Дөнгөж сая ирсэн сайнмэдээний багийнхан яг ийм төрлийн золиос, зовлонтой нүүр тулсаар байгаад ирсэн гэж бодож байна. Ургац арвин, ажилчид цөөн байна гэж Есүс хэлсэн. Тэгвэл энэ их ургацыг бид хураахын тулд золиостой, зовоход бэлэн ажилчид болох хэрэгтэй гэсэн үг. Та гараад л оюутнуудтай тааралдана. Гараад л та ургацтайгаа тааралдана. Тэднийг Библийн хичээлд урих хамгийн том боломж бол хичээлийн шинэ жил.
Энэ хичээлийн жилд бид Паулын зүрх сэтгэлийг тээн/өвлөн үйлчилцгээе! Паул бусдын төлөө өөрийгөө золиосолж, өөрийгөө хоосолсон. Нэг үйлчилсэн хүн, эсвэл чуулганаа тэр гаргуунд нь огт хаяж байгаагүй. Та нарын төлөө гэсэн түүний хичээл зүтгэлээр үр жимс маш ихээр таригдсан.

өмнөх нийтлэл2019 оны хоньчлолын 3-р хичээл (09.01)
Дараагийн нийтлэл2019 оны хоньчлолын 3-р номлол (09.01) Б.Баярмагнай