2019 оны Нигүүлслийн 2-р номлол (07.28) Абрахам Нямсүрэн

Нигүүлсэл бол золилт

Рут 2-р бүлэг

Гол эшлэл 2:20

“Наоми бэрдээ –ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин – Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв.”

Өмнөх номлолоор бид “Нигүүлсэл бол бэлэг” сэдвээр суралцсан. Харин өнөөдрийн номлол нь харь үндэстэн бэлэвсэн эмэгтэй Рутэд Боаз хэмээх ойрын хамаатнаар дамжуулан өгөгдсөн Бурханы нигүүлслийг суралцацгаая. Рут ном бол шүүгчдийн цаг үед амьдарч байсан харь үндэстэн эмэгтэйн түүх юм. Шүүгчдийн цаг үед хүн бүр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэж бодсон бүхнээ үйлдэж байсан. Ийнхүү гэм ба харанхуйгаар дүүрэн нийгэмд Рут хэмээх бүсгүй Бурханы нигүүлслийн болон Бурханы хайр энэрлийн тод жишээ болсон юм. Үүгээр Хуучин гэрээний үед Эзэн Бурхан харь үндэстнийг ч гэсэн золилтын төлөвлөгөөндөө хэрхэн багтаасан тухай суралцаж чадахыг гуйж байна.  Одоо 1-р эшлэлийг хараарай. “Наомид нөхрийнх нь хамаатан болох баян, нэр хүндтэй хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв.”Олон жилийн өмнө Израильд өлсгөлөн зовлон тохиолдож амьдрал хэцүү болох үед Ноами нь нөхрөө дагаж, хоёр хүүгээ дагуулан харь улсад цагаачлан явжээ. Гэвч тэдний амьдрал өөрсдийнх нь хүссэнээр байсангүй. Нөхөр, хоёр хүү нь нас барж хоёр бэрийн хамт үлдсэн. Нас өндөр болсон бэлэвсэн эмэгтэй Наоми төрсөн нутаг, элгэн саднаа бараадхаар шийдсэн. Тэгээд хоёр бэрдээ “– Явцгаа, өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун.” гэж хэлэв.(1:8) Ингэж хэлсэн ч Рут – Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг гэв.”(1:16,17) Ийнхүү Рутын хадам эхийнхээ төлөө юуг ч хийхээс буцахгүй гэсэн шийдэмгий байдал, гуйж шалж буй нь хадам эхийн сэтгэлийг хөдөлгөж, дагуулан явахаас өөр аргагүй болгожээ.Ийнхүү тэд Бетлехемд ирсэн. Олон жилийн дараа ирсэн Наомигийн хувьд таньж мэдэх хүн ч ховор, олон зүйл өөрчлөгдсөн байсан учир дахин шинэ газар ирсэн мэт л байсан байх. Харин Рутын хувьд идэж буй хоол, ууж байгаа ус, зан заншил, амьдралын хэв маяг гээд олон зүйлс шинэ байсан бизээ. Тэглээ гээд Рут зүгээр суугаагүй. Тэд тариа хураалтын үеэр ирсэн байсан учир хадам эхээсээ тариан талбай уруу явж, хаягдсан тариан түрүүг түүхийг гуйсан. Леви 23:22 “та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах эсвэл ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг түүж цуглуулах ёсгүй. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст үлдээ.” гэсэн хуулийг Рут мэддэг байжээ. Тиймээс амьдрахын эрхэнд дургүй ажил байсан ч хийхээр шийджээ. Тэрээр харь үндэстэн моаб эмэгтэй учраас түүнийг гадуурхах, хөөж туух, дээрэлхэх аюул байгааг мэдэж байсан. Гэвч хадам эхээ хайрлан халамжилж, тус дэм болохын тулд хөнөөлт аюул, эрсдэлийг ч үл тоон энэ зүйлийг хийхийг хүсч байна. Харин Наоми зөвшөөрсөн бөгөөд Рут гарч яваад санаандгүй Боазын талбайд ирж, хаягдсан тариан түрүүг түүв. Боаз бол Наомигийн нөхрийнх нь хамаатан бөгөөд баян, нэр хүндтэй хүн юм. Бурхан энэ хүнээр дамжуулан Наоми болон түүний бэр Рутэд нигүүлслээ үзүүлэхээр төлөвлөсөн байжээ. Харин 4-р эшлэлийг үзвэл үнэхээр тариан талбайн эзэн Боаз хүмүүс дунд нэр хүндтэй, бусадтай элэгсэг дотно, зөв сайн харилцаатай нэгэн байжээ. Мөн тэр ЭЗЭН Бурханд итгэдэг, зөвт итгэгч байсан. Боаз Бетлехемээс тариан талбайдаа ирээд ажилчдынх нь дунд танихгүй эмэгтэй байхыг олж харсан. Тэгээд тариа хадагчдыг хариуцсан зарцаасаа Рутыг хэн болох талаар асууж лавлав. Боаз Руттэй ярилцан өөр тариан талбай уруу явалгүй эндээ ажиллахыг зөвлөж, зарц нартаа ч түүнд гар хүрэлгүй сайнаар хандаж, зарц нарын утгасан уснаас ч уугаарай гэж захисан. Мөн хоолны цаг болоход Рутыг амттай хоолоор дайлсан бөгөөд тэрээр цадталаа идэв. Түүгээр ч зогсохгүй ажилдаа гарах үед нь дахин зарц нартаа – Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Тар нар түүнд мууг бүү үйлд! Түүнд зориулан хэсэг түрүүг түүлгэхээр зориуд үлдээж, түүнийг бүү зэмлэ гэж хэлсэн. (15,16) Уг нь хуулиар бол ядуу, бэлэвсэн, ирмэл хүмүүсийг тариа хурааж дууссаны дараа л талбайд орохыг зөвшөөрдөг байсан. Гэтэл юүжилсэн тариан дунд ч орохыг зөвшөөрсөн. Израиль тэр дундаа баян, нэр хүндтэй, дээд зиндааны хүн харь үндэстэн эмэгтэй хүнийг ийнхүү ойлгон, халамжилж өөртэй нь сайхан сэтгэлээр харьцаж байгааг хараад Рут алмайран, гайхаж баярлах нь зэрэгцэж хэлэх үг ч олдохгүй байсан байхаа. Харин Рут ямар хандлага гаргасан бэ? 10-р эшлэлийг үзээрэй. “Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж – Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.” Мөн 13-р эшлэлд “таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би.” гэж өчив.Эндээс харвал Рут хичнээн төлөв даруу эмэгтэй байсан гэдэг нь харагдаж байна. Тэр өөрийгөө хэн гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийн байр суурийн хувьд энэ ивээлийг авах зохисгүй гэж байна. Тухайн үед Израильчууд Моабчуудтай харьцдаггүй байсан бөгөөд Рутын хувьд ч гэсэн харь үндэстэн, гадны хүн намайг юунд анзаарна вэ? гэж байна. Тэр Боазын тусламжийг мэдээжийн зүйл гэж бодоогүй. Баян хүний хувьд энэ мэт зүйлийг хийх нь ямар гарз байх билээ гэж ч бодоогүй. Боаз Рутэд өршөөл нигүүлслийг үзүүлж, сайхан сэтгэлээр хандсан нь магадгүй үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй байсан учраас байж болох юм. Гэхдээ 11-р эшлэлд “Боаз түүнд —Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн уруу явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн.” гэж Рутын тухай сонссон зүйл нь Боазын сэтгэлийг хөдөлгөсөн юм шиг байна. Хэдийгээр Рутын нөхөр нь нас барсан атал хадам эхийгээ хайрлан халамжлахын төлөө эцэг эх, төрөл садан, эх нутгаа орхин залуу насаа золиослон явж байгаа нь гайхмаар зүйл байсан юм. Энэ зүйл нь Рутыг ямар эмэгтэй гэдгийг илтгэн харуулсан. Тиймээс Боаз Рутын гадна байдлаас илүү дотоод мөн чанар, зүрх сэтгэлийн гоо үзэсгэлэнг олж харжээ. Ийнхүү Боазын сэтгэл Рутэд татагдаж, өөрийн эрхгүй л хайрлах сэтгэл төрсөн юм шиг байна.Тиймээс түүнд тусалж, энэрэнгүй ханджээ.  Бурханы бидэнд өгч буй ивээлүүд нь ч гэсэн заавал авах ёстой зүйл биш юм. Бурхан угаасаа өгөх ёстой учраас ч өгч буй ивээл, нигүүлсэл биш юм. Бурхан Өөрийн нигүүлслийг өгөхийг хүссэн хүндээ л өгдөг. Өгөхгүй байж ч чадна. Бурхан биднийг аврах ч албагүй. Мөн Бурхан бидний гуйлтанд хариулж, бидний амьдралыг удирдан, өдөр тутмын хэрэгцээг ч хангах албагүй. Үнэндээ бол бид Бурханаас юу ч авах албагүй юм.Гэхдээ Бурхан энэ бүхнийг бидний төлөө хамгийн сайнаар, илүү ихээр хийж өгдөг нь Бурханы нигүүлсэл юм. Сургаалт үгс 3:34 “Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа дарууд нигүүлсэл үзүүлдэг.” гэж хэлсэн. Бид бүгд Бурханы нигүүлсэлийг авах зохисгүй байсан. Гэхдээ Бурхан бол нигүүлсэнгүй юм. Харин Бурханд хандсан даруу сэтгэлтэй, гэмшдэг нэгэнд л нигүүлслээ хязгааргүйгээр өгсөөр байхыг хүсдэг. Одоо 20 эшлэлийн эхний хэсгийг үзээрэй. “Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв…” Наоми уг нь Бурхан өөрийг нь аль хэдийн орхисон гэж бодож байсан. (1:20-21) Гэхдээ Рутыг Боазын талбайд очиж ажиллахад түүнд сайхан сэтгэлээр хандсаныг сонсоод Бурханд хандсан хүсэл найдвар төрсөн. Учир нь Елимелехийн удам тасарч, тэр овогт өв болгон Бурханы хуварилан өгсөн газар ч эзэнгүйдэх байв. Тиймээс өвийг золин авах эрх бүхий хүнтэй уулзуулсаныг сонсоод Бурхан өөрийг нь орхиогүй, мартаагүй бөгөөд Бурханы хайр энэрэл үргэлж байсаар байгаа гэдгийг ухаарчээ.  Бидний амьдралд хэцүү асуудал тохиолдож, гашуун зовлонтой тулгарах үед Бурхан надтай хамт байхгүй байна гэж боддог. Гэвч үнэндээ Бурхан биднийг үргэлж тэвчиж, анхааран харж, хайрлан энэрсээр байдаг юм. Бурхан биднийг хэзээ ч орхихгүй, хэзээ ч мартахгүй. Харин бид нар өөрсдөө л Бурханаас нүүр буруулж, Түүнийг орхиж, Бурхан намайг анхааран туслахгүй байна гэж боддог. Гэвч үнэндээ бол Бурхан амьд хийгээд үхэгсдэд ч энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй юм. Одоо 20-р эшлэлийн сүүлийн хэсгийг хамт уншицгаая. “Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв.” Ноами болон Рутын ойрын хамаатан болох Боаз нь тэдний хэрэгцээг нь хангах үүрэгтэй бөгөөд өвийг золин авах эрхтэй нэгэн байжээ. Золигчийг еврейгээр “Гоел” гэдэг. Энэ нь эргүүлэн олж өгөх, төлөөсийг төлж суллах, их үнээр чөлөөлөх гэсэн утгатай. Бурхан Наоми болон Рутэд байсан асуудлыг “Гоел” хуулиар зохицуулсан байсан. Тэгвэл Боаз хэрхэн өв золигч болсон бэ? 1. Боаз Руттай гэрлэж, Наомигийн нас барсан нөхөр Елимелехийн нэрийг хадгалж үлдсэн. Ийнхүү Боаз Рут нарын дундаас төрөх анхны хүү нь Елимелехийн ургийн хүүд тооцогдох болсон. Дэд хууль 25:5-10-д заасны дагуу хүргэн ах дүүгийн ёсны гэрлэлтийн дагуу хамгийн ойрын төрлийн хүн эрх эсвэл үүргийнхээ дагуу гэрлэхээс татгалзсан нөхцөлд л Руттай гэрлэж болох байсан. Гэхдээ Боазаас өөр ойрын нэг хамаатан байсан талаар дараагийн бүлэгт гардаг. Гэхдээ тэрхүү ойрын хамаатан өв золигч нь “би өөртөө өвийг нь золин авч үнэндээ чадахгүй. Чадлаа гэхэд би өөрийнхөө өвийг сүйрүүлэхэд хүрнэ. Харин чи түүний зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно”(4:6) гэж хэлсэн. Хэрэв тэр хүн Руттай гэрлэж, хүүтэй болвол түүний өмч хөрөнгө урьдах эхнэрээс төрсөн хүүхдүүдэд биш харин Елимелехийн үр удамд шилжих бөгөөд өөрийн өвийг эрсдэлд оруулахаас айсан учир татгалзсан. Ийнхүү өв золигчийн эрх нь Боазд шилжсэн учир Елимелех болон түүний хоёр хүүд харьяалагдах бүхнийг худалдан авч, Рутыг эхнэрээ болгон авсан. 2. Боаз Наомигийн газрыг золин авч, Елимелехийн нэр дээр сэргээсэн. Леви 25:25-д “Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас хамгийн ойрын хамаатан нь золихоор ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай.” гэж Мосегийн хуулинд заасан. Тиймээс Боаз Елимелехийн өв газрыг үнээр нь худалдан авч нэр дээр нь сэргээсэн юм. Ийнхүү Боаз өв золигч болсон юм. Боаз өөрт буй эд баялаг, бүх эрхээсээ сайн дураар татгалзан золиосолж өв золигчийн үүргийг гүйцэтгэсэн. Энд хэлэгдэж буй Боаз бол Хуучин гэрээн дэх Есүс Христийн дүр төрх юм. Ром 3:20-д хэлсэнчлэн “Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч юм.” гэсэн. Хууль биднийг золих боломжгүй байсан. Хууль хэзээ ч золигч байхаар өгөгдөөгүй. Харин нүглийг илчлэн харуулахын тулд өгөгдсөн юм. Хууль биднийг зольж, аварч чадахгүй бөгөөд харин ч буруутгадаг. Хуулийг сахиснаар хүн аврагдаж чадахгүй. Үнэндээ хүмүүс өөрсдөө мэдэхгүйгээр хуулийн үйлсээр аврагдаж, зөвтгөгдөх юм шиг бодож хичээдэг. Хүмүүс өөрсдөө хууль дүрмийг бий болгож түүнийгээ сахиж дагахыг хичээдэг. Тэгээд үйлсийн хязгаарт хүрэхээр шантарч, цөхөрч, унах болно.Ноамигийн ойрын хамаатан нь хууль адил золих эрх үүрэг байсан ч чадаагүй. Харин Боаз Рутыг хайрлан зольж авсан шиг биднийг хайрладаг хэн нэгэн зольж чадна. Боаз шиг өөрийгөө золиосолж, зориулах золигч л бидэнд хэрэгтэй байсан. Тэр нь Есүс Христ байсан юм. Есүс Христ биднийг золин авсан юм.Есүс биднийг яаж зольсон бэ?Урьд нь бидний сүнсний байдал гэм нүглээс болж үхлийн шийтгэлийг аван хэзээ ч гарахааргүй өрөнд орж, Бурханы хаанчлалыг өвлөн авах эрхгүй, зохисгүй хүмүүс, нүглийн боол байсан. Иохан 8:34-д “… Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.” гэсэн. Бид бүгд нүгэлд боолчлогдож, ямар ч эрх чөлөө, өв байхгүй амьдарч байсан. Бидний сайн мэдэх Паул хүртэл мэдлэг, байр суурийн хувьд угаасаа л Бурханы өршөөл авах ёстой гэж бодож болох байсан. Гэхдээ тэр өөрийгөө нүгэлтэй гэвэл би хамгийн адгийн гэмтэн бөгөөд Бурханы нигүүлсэлийг авах зохисгүй гэж өчсөн. Ийм л бидний төлөө Есүс Христ өв золигч болон ирсэн юм. Бурхан биднийг хайрласан учраас Есүс Христийг бидний гэмийн төлөө загалмай дээр цовдлуулан Түүний гэм зэмгүй ариун цус ба үхлээр бүх төлөөсийг минь төлж чөлөөлсөн. Өөрийн гэм ба үхлийн хүчнээс болж гуниг зовлонтой, баяр хөөргүй байсан бидэнд мөнхийн улсад орох эрхийг өгч, Бурханы хүүхэд болж өв залгамжлагч нь болсон.  Одоо бид Есүс Христийн золилтоор Сатаны эрхшээл, нүглийн хүч болон гэм буруугаас чөлөөлөгдсөн юм. Энэ эрх чөлөө нь биднийг хүссэн зүйлээ дураараа үйлдээрэй гэсэндээ биш юм. Харин бид Бурханых болсон тул Бурханы сайн дурын зарц нь болсон. Золилт бол Бурханы хайрын илэрхийлэл юм. Үнэндээ Бурхан биднийг золих албагүй байсанч Бурхан Өөрийн мөн чанар болсон хайраар биднийг нигүүлсэхээр болсон юм. Бурхан биднийг үргэлж тэвчдэг. Үргэлж гэмшиж өөрчлөгдөөсэй хэмээн хүлээж, хүсэл найдвар тавьсаар байдаг. Мөн хязгааргүй хайраар хайрласаар байдаг. Энэ бол Бурханы нигүүлсэл юм. Бид бүгдээрээ Бурханы нигүүлсэлийг авах эрхгүй боловч бидэнд болон бүх үндэстэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй. Мөн Бурханы нигүүлсэл бүх хүнд нээлттэй байдаг юм. Тиймээс энэ нигүүлслээр амьдарч, дамжуулж чадахыг гуйж байна. Дүгнэлт: Рут бэлэвсэн эхнэрийн хувьд үр хүүхэд, өмч хөрөнгө байхгүй байсан бол Боазын золилтоор дамжуулан Давидын элэнц эмээ болж, Есүс Христийн угийн бичигт бичигдэж, авралын түүхэнд нандинаар хэрэглэгдсэн. Рут зохистой учраас нигүүлсэл авсан биш юм. Үүнд Бурханы хайр ба нигүүлсэл байсан. Өнөөдөр би болон бид энд зогсож байгаа нь Бурханы нигүүлсэл хязгааргүй баян учраас юм. Тиймээс ч бидэнд сайрхах зүйл нэг ч байхгүй. Бид өөрсдийн сайндаа, эсвэл лаг учраас ч биш. Харин Христ биднийг их үнээр буюу ариун цусаараа золин аварч, гэмийн боолчлолоос чөлөөлсөн учир Түүнд талархал магтаалыг өргөцгөөе. Боаз адил Рутэд нигүүлсэл өгсөн шиг оюутан залуусын төлөө өөрсдийгөө золин, авралын ажилд хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. Амен!

өмнөх нийтлэл2019 оны Нигүүлслийн 1-р номлол (07.21) Б. Баярмагнай
Дараагийн нийтлэл2019 оны Нигүүслийн 3-р хичээл (08.04)