2019 оны Нигүүлслийн 1-р номлол (07.21) Б. Баярмагнай

Нигүүлсэл бол бэлэг

Ром 5-р бүлэг
Гол эшлэл: 5:15

“Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм.”

Уиттэнбэргийн их сургуулийн профессор, теологийн ухааны доктор, Аугустины 11 чуулганыг хариуцагч, Библийн асар их мэдлэгтэй Мартин Лютер Ром 1:16-17 -“Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн. «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг” гэсэн эшлэлийг уншаад, гүнзгий судалсны эцэст нигүүлсэл ба зөвтгөл нь зөвхөн Бурханаас л ирдэг юм байна гэдгийг ухааран ойлгож, дахин төрж, жинхэнэ амар тайвныг авч байсан түүхтэй. Түүнээс өмнө тэрбээр үйлсээр зөвтгөгдөнө гэж ойлгон сүнсээр цөхрөн, ядран, итгэлийн амьдралаар чадан ядан амьдарч байж. Харин дахин төрсөн цагаасаа эхлэн түүний хийсэн агуу ажлуудыг та бүхэн сайн санаж байгаа биз.
Нигүүлсэл гэдэг нь асар гүнзгий ойлголт огтхон ч биш. Хэн ч ойлгохгүй хүнд зүйл ч биш. Харин итгэлийн амьдралын суурь ойлголт юм. Ямар ч байшин, барилгыг барихдаа суурийг сайн тавихгүй бол хичнээн гоё, сайхан барилаа ч гэсэн амархан нурах нь тодорхойтой адилхан итгэлийн амьдралын суурь болох нигүүлслийг бид хүлээн авахгүй бол итгэлийн амьдралаар зөвхөн гадна талдаа л амьдрах болно.
Нигүүлсэл бол хэн нэгэн хүний өгдөг зүйл биш, гавъяа шагнал ч биш. Нигүүлсэл бол хөдөлмөрийн хөлс биш, хүний авах ёстой зүйл ч биш. Хүнээс гарах ямар ч үйлс хүнийг зөвтгөж чадахгүй, хүрэхгүй. Та бусдын төлөө амиа өгсөн ч гэсэн тэр нь хүрэлцэхгүй.
Харин нигүүлсэл бол бэлэг юм. Үнэгүйгээр, ямар нэг үйлс шаардалгүйгээр өгөгддөг зүйл бол нигүүлсэл юм. Ингээд нигүүлслийн дөрвөн номлолын эхнийх болох Нигүүлсэл бол бэлэг сэдэвтэй өнөөдрийн номлолыг зүрх сэтгэлээрээ сонсон, хүлээж авахыг хүсэн гуйж байна.
1-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн.”
Итгэлээр зөвтгөгдсөн гэдэг нь биднээс үл хамаарах зүйл буюу Бурханы нигүүлслээр бид зөвтгөгдсөн гэсэн утгатай. Энэ зөвтгөл нь биднийг ямар ч гэмтэй, бузар байлаа ч гэсэн түүнийг үл тоон хэрэгжсэн гэсэн утгатай юм. Гагцхүү та Христэд итгэсэн бол таныг Бурхан зөвтгөсөн гэж тооцоорой. Гэхдээ Христэд итгэнэ гэдэг нь нэг л удаа итгэсэн гэж хэлэх, эсвэл итгэсэн гэдгээ өөрөө өөртөө итгүүлэх явдал биш юм. Христэд итгэнэ гэдэг нь насан туршын процессыг хэлдэг. Өөрөөр хэлбэл Христэд итгэсэн хүний амьдрал өөрөө Христийн цус ба хайранд өдөр бүр, цаг минут тутамд итгэх итгэл юм. Хэдийгээр Христийн цусаар зөвтгөгдсөн ч гэсэн хүний амьдралд буруутгал байнга ирж байдаг. Өөрөө өөрийгөө буруутгана, Сатан ч буруутгана, хүмүүс ч буруутгана. Би итгэгч юм байж, би дахин төрсөн юм байж. Харин итгэлээр та Бурханы өмнө цаг мөч бүхэнд очих бүрд Бурхан таныг зөвтгөлөөр хучих болно.Таны гэмийг нэгэнт уучилсан, гэмт мөн чанарыг тань Хүүгийнхээ цусаар зөвтгөж, хучсан бол амьдралын ямар ч буруутгал, шүүлт дунд та зөвтгөлөөр амьдрах эрхтэй. Энэ бол дэлхийн долоон гайхамшгаас ч илүү, бүр ямар ч агуу бүтээн байгуулалтаас ч агуу, энэ дэлхийн юутай ч зүйрлэшгүй гайхамшигтай ивээл нигүүлсэл юм. Та одоо буруутгалаар биш харин нигүүлслээр амьдрах эрхтэй болсон. Өнөөдрөөс эхлэн та нигүүлслээр л амьдраарай. Өнгөрсөнд хийсэн буруу зүйлсийн буруутгал, үл уучлал, янз бүрийн шарх зэргээ Христийн загалмай дээр авчраарай. Та үйлсээр биш итгэлээр зөвтгөгдсөн. Тэрний илэрхийлэл нь нигүүлсэл юм. Буруутгалаар биш харин нигүүлслээр амьдарч эхлээрэй.
6-11-р эшлэлүүдийг харвал биднийг хэдэн янзаар илэрхийлсэн байна. Нүгэлтнүүд, дорой, сүсэг бишрэлгүй бүр дайснууд гэж хэлсэн. Уг нь бид бусдад илт харагдах гэм буруу хийгээгүй, улсад хохирол учруулаагүй, хүн алж, хулгай ч хийгээгүй. Тэгвэл биднийг яагаад дайснууд гэж хэлж байгаа юм бэ? Бид үнэхээр Бурханы дайснууд байсан гэж үү? Бүтээгч Бурханы талаар бид янз бүрийн зүйл ярьж, бүр Түүний эсрэг үйл ажиллагаа явуулж байсан гэж үү? Хэдийгээр тэгж байгаагүй ч гэсэн та Бурханы дайсан байсан. Яагаад? Яагаад гэвэл Адамаас уламжлагдан ирсэн гэмт мөн чанар таныг Бурханы дайсан болгож байгаа юм. Угаасаа хэзээ ч үл арилах тэр гэмт мөн чанар таныг Бурханы дайсан болгож байгаа хэрэг. Ром 3:23-24-т “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ.”
Та гэм үйлдээгүй ч Бурханы дайсан. Та угийн байгаагаараа л Бурханы дайсан. Яагаад гэвэл таны дотор Адамын гэмт чанар байгаа юм. Угийн гэмт мөн чанартай учраас та ямар ч гэм үйлдэхэд бэлэн байдаг. Ичих ч үгүй худлаа ярих, боломж олдвол хулгай хийх, бусдыг муудалцуулах, атаархан хорсох гэх мэт. Тэр байтугай хүн алахад хүртэл бэлэн.
Угаасаа Бурханы дайсан байсан бидэнд, угаасаа шийтгэгдэх ёстой бидэнд Бурхан нэгэн шийдлийг гаргаж ирсэн юм. Тэр бол Христ гэдэг бэлэг. Бурханаас бидний гэмийг уучлахын төлөө илгээгдсэн Христэд итгэснээр бид мөнх амьтай болоод зогсохгүй бид Бурхантай эвлэрцгээсэн юм. Та одоо Бурханы дайсан биш харин хүүхэд нь. Та хүүхэд нь учраас танд Бурхан анхааран хандаж, таны төлөө бүхнийг хийх болно. Бурханы таны амьдралд хийх бусад зүйл нь нигүүлслийг дагалдан ирж байгаа бонус юм.
Ямар ч тамирчин зөвхөн цомын төлөө тэмцдэг. Спортын тэмцэлдээн үнэхээр ширүүн байдаг биш гэж үү? Тэдэнд цом л чухал. Яагаад гэвэл цом авах юм бол дагалдаад бүх зүйл нь бонус болон орж ирдэг. Байр, мөнгө, машин гэх мэт. Дээрээс нь алдар нэр хүнд ирдэг. Нигүүлсэл бол яг л цомтой адилхан юм. Та нигүүлслийг хүлээн авсан бол дагалдаад бүх бонус танд ирэх болно. Харин нэг зүйлийг бид дахин бодох хэрэгтэй. Би нигүүлслийг авдаг юм уу гэж? Нигүүлсэл бол бэлэг юм гэж Библи хэлж байна. Бүгдээрээ 15-р эшлэлийг үзээрэй. “Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм.”
Нигүүлсэл бол бэлэг юм. Бэлэг бол танаас үл хамааран өгөгддөг зүйл. Харин задлахгүй бол юу болох вэ? Тэр бэлгийг авч байж, задалж байж та юу байгааг нь мэдэж эдэлж хэрэглэж идэж хүртдэг. Нигүүлсэл гэдэг бэлэг өгөгдчихөөд байхад та задлахгүй бол яаж уучлагдах вэ, яаж тэр гайхамшигтай зүйлс, баялгийг хүлээн авах билээ? Нигүүлслийг даган өгөгддөг олон бонусыг та яаж эдлэх билээ? Чадахгүй.
Энэ бэлгийг хүлээн аваагүй хүн ямар ч ажлыг, үйлчлэлийг, тэр байтугай амьдралд нь тохиолдох ямар ч баяр хөөр, зовлон жаргалыг утгагүй нүдээр хардаг. Нигүүлсэл бол бэлэг юм. энэ бэлгийг авсан хүний амьдрал үнэхээр утга учиртай болдог. Яагаад гэвэл нигүүлслээр та зөвтгөгдсөн, нигүүлслээр таны хамгийн аймшигтай, хэзээ ч шийдэгдэж чадахгүй асуудал буюу гэм нүгэл чинь шийдэгдэж та мөнх амьтай болсон. Мөнх амьтай болсон нь таны хүчээр биш, таны хичээл зүтгэлээр ч биш зөвхөн нигүүлслээр та мөнх амьтай болсон юм. Нигүүлсэл гэдэг бэлгийг та задлаарай. Задлахгүй бол та хэзээ ч нигүүлслийг авч чадахгүй. Нигүүлсэл гээч энэ нандин бэлгийг та Библи дотроос олж авна. Тэнд нигүүлсэл ба дагалдах бүх бонус нь байгаа.
Бэлэг задалсан даруйд таны амьдрал утга учиртай болно. Та нигүүлслийн бэлгийг хүлээн аваарай. Нигүүлслийг хүлээн авсан хүмүүс ямар ч зовлонг, ямар ч асуудлыг баяр хөөртэйгөөр даван туулдаг. Тэд ямар ч ажлыг ял биш харин үүрэг гэж хүлээн авч хийдэг. Нигүүлсэл авсан хүн энэ дэлхийд хорогдох зүйлгүй болдог. Харин хийж байгаа зүйл бүр нь амьдралыг нь утга учиртай болгодог. Нигүүлсэл авсан учир амьдралын бүх асуудлыг утга учир гэж хүлээн авдаг.
Харин нигүүлсэл аваагүй бол яах вэ? Бэлэг өгөгдчихөөд байхад задлахгүй бол түүн дотор байгаа гайхамшгийг олж харж чадахгүй, олж харахгүйгээс гадна бүр эдэлж, хэрэглэж ч чадахгүй.
Улмаар цаашлаад ямар ч үйлчлэл ял болж очдог. Ямар ч хүн түүнийг хэцүүгээр хүлээн авдаг. Тэр байтугай хүний хийж байгаа зүйл нь хүртэл утгагүй болно. Ямар ч сайн сайхан зүйл байсан ч гэсэн утгагүй болдог. Хийж байгаа ажил үйлчлэлээ хийх ёстой гэж өөртөө тушаадаг, өөртөө ял болгож өгдөг. Нигүүлсэл аваагүй бол хүн жинхэнэ баяр хөөрийг амсаж чаддаггүй. Чадахгүй учир алив зүйлийг болж бүтэхгүй талаас нь олж хардаг. Бодит байдлыг харж, Бурханы ажлыг харж чадахгүй болдог. Бурханы ажлыг харах нүд нь хаагддаг. Сүнслэг зүйлсийг олж хардаггүй учир шүүх, буруутгах хандлага үргэлж гаргадаг.
Нигүүлсэл аваагүй тул гэмд амархан унадаг. Гэмийн боол болохдоо амархан. Элдэв уруу татлагад хариу өгч чадахгүй, түүн дотор унахад амархан болдог. Итгэлийн амьдралын үнэ цэнийг мэдэхгүй тул итгэгч бус хүмүүс шиг энэ ертөнцийн шоу цэнгээн, ёс бус зүйлсэд уруу татагдахдаа амархан. Түүн дотор байгаа түр зуурын баяр хөөрийн хойноос явахдаа ч амархан.
Ром 6:14-т “Учир нь та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.” Нигүүлслийн дор байгаа хүнийг нүгэл захирч чадахгүй. Нигүүлслийг авсан хүнийг ямар ч нүгэл оролдсон ч бүтэхгүй. Та нигүүлслээр амьдарч байна уу, эсвэл үхэж үгүй болох гэмт чанараараа амьдарсаар байна уу?
Дүгнэлт: Үнэт сувдыг гахайд өгдөггүй. Яагаад гэвэл гахай тэр сувдыг үл тоож шавар шавхайтай хутгана. Үнэ цэнийг нь мэдэхгүй тул газар дэвсэж, юу ч үгүй болгоно. Харин гахайд илүү үнэт зүйл нь хоол нь л байдаг. Хоол нь байвал түүнд ямар ч эрдэнэс хэрэггүй.
Танд өгөгдсөн үнэт сувд мэт нигүүлслийн бэлгийг та задалж үзээрэй. Тэр сувд мэт нандин нигүүлслийг та үл тоовол юу болох вэ? Үнэндээ нигүүлслийг үл тоовол та яг л гахай мэт амьдралаар амьдрах болно. Зөвхөн нүдэнд харагдах зүйлсэд анхаарал тавьж, түүнд ач холбогдол өгөх болно. Тийм учир нигүүлсэл хэмээх бэлгийг буюу танд үнэгүй өгөгдөж байгаа гайхамшигтай зүйлийг амьдрал дээрээ хүлээн авч сүнс ба махбодоор баялаг, хүчтэй амьдраарай.
Авах ёсгүй хамгийн сайныг хүртэх зохисгүй нэгэн хүртэхийг НИГҮҮЛСЭЛ гэдэг.Та хүртэх ёстойдоо биш, харин танд хайртай учир хамгийн сайныг Бурхан танд бэлэглэхийг хүсэж байна. Та тэр нигүүлслийг хүлээн аваарай.

өмнөх нийтлэл2019 оны Нигүүлслийн 2-р хичээл (07.28)
Дараагийн нийтлэл2019 оны Нигүүлслийн 2-р номлол (07.28) Абрахам Нямсүрэн