ХӨДГҮҮДЭЭ ҮҮГЭЭР ХУРЦАЛ
Дэд хууль 6:1-25
Гол эшлэл Дэд хууль 6:7
“хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.”
Өнөөдрийн үзэх үг нь дараа үе ба хүүхдүүдээ хэрхэн Бурханы ард түмэн болгон сургаж, бэлтгэх тухай юм. Залгамж халаа, дараа үе гэдэг бол зөвхөн гэр бүлд ч биш бүх зүйлд байдаг. Өнөө цагт зарим зүйлд залгамж халаа байхгүй болсон гэдэг яриа их сонсогддог болсон. Хэрэв манай чуулганд залгамж халаа байхгүй бол гээд төсөөлөөд үз дээ. 20, 30 жилийн дараа баахан эмээ өвөө нар бие биенээ хараад л сууж байх болно. Мэдээж ийм зүйл манай чуулганд тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид энэ үгийг суралцахдаа дараа үе болон залгамж халаагаа хэрхэн бэлтгэх тухай суралцаасай хэмээн хүсч байна. 1) Эзэн Бурханаа хайрла (1-5)“Дэд хууль” ном нь Израильчууд Канаан газарт орохоос өмнө Иорданы зүүнтэйд орших Моабийн тал газарт Израилийн ард түмний сүнсний удирдагч Мосегоор дамжуулан Бурханы хэлж буй захиас юм. Яагаад энэ захиасыг өгөх болсон бэ? Израильчууд дөчин жилийн турш цөлийн амьдралаар амьдарч ирсэн бөгөөд шинэ нутаг, шинэ орчинд, цоо шинэ амьдралаар амьдрах хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан. Гэвч тэдний очих Канаан газар нь хиймэл шүтээнээр дүүрэн бөгөөд ялангуяа газар тариалангийн шүтээн баалыг бурхан хэмээн шүтдэг байсан. Израильчуудын хувьд ч гэсэн баал бурхны тухай хангалттай сонссон. Израильчууд Канаанд очоод өөрсдийн амьдралын хэв маягийг өөрчилж, тэдний хийдэг зүйлийг хийж, газар тариалан ч эрхлэх нь ойлгомжтой байсан. Тиймээс баалыг шүтэх магадлал маш өндөр байв. Хүн ер нь Бурханы үггүйгээр хэдхэн цаг байхад л уруу татлагад унаж, гэмийг үйлдэхэд амархан байдаг. Ялангуяа ЭЗЭН Бурханы Египетэд үйлдсэн гайхамшиг, цөлд үйлдсэн Бурханы ажлуудыг нүдээр харж, мэдрээгүй шинэ үеийнхэний хувьд ЭЗЭН Бурханаас эргэх, уруу татлага ба гэмийн хүлээсэнд орох аюултай байв. Тиймээс маш дэлгэрэнгүй Бурханы хууль, тушаал, зарлигийг заан дамжуулж өгсөн. Тэгвэл гэрээслэл ба захиасыг хүн ямар үед ямар шалтгаанаар үлдээдэг вэ? Та бүхэн гэрээслэл бичиж байсан уу? UBF цуглааны итгэлийн өвөг дээдэс Самуел Ли хоньчин чухал хэдэн захиасыг гэрээслэн үлдээсэн байдаг. Тэдгээр нь манай чуулганы гол хараа чиглэлийг заан өгсөн бөгөөд орхиж болохгүй чухал зүйлс юм. Орчин үеийн хүмүүсийн үзэл бодол, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаагийн хэрээр итгэгчид хүртэл дэлхийн нөлөөнд автаж, янз бүрийн сайхан санаанууд гарган олон хөтөлбөр, арга барил эзэмшиж, өөрсдийн чиглэлийг ч гэсэн өөрчлөх гэсэн хандлагатай байдаг. Мэдээж бид нийгмийн өөрчлөлтөнд зохицож, амьдралын хэв маягаа өөрчилж болох ч чуулганы хараа зорилго ба Бурханы үгийн үйлчлэлийг орхигдуулж болохгүй. Харин Мосегоор дамжуулан Израильчуудад гэрээслэл болгон тушааж буй Бурханы тушаал нь юу вэ? 1-р эшлэлийг үзээрэй. “Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.” Мосе Бурханы өөрт нь даатгасан үүргийн дагуу Канаан газар очоод израильчуудын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг, шийдвэрүүдийг дамжуулан зааж байна. Энэ нь шинэ газар нутагт, шинэ түүхийг эхлүүлэхдээ тэдний хичээнгүйлэн үйлдэж, дагах ёстой зарлиг, тушаал учраас юм. Ийнхүү Бурханы үг тушаалыг зааж, дамжуулснаар хойч үе болсон Бурханы ард түмэн нь Бурханаас эмээж, үгийг нь дуулгавартай дагаасай гэсэндээ юм. Бурханаас эмээх гэдэг нь Бурхантай харилцах харилцааны эхлэл юм. Тухайлбал Түүнийг хүндэлж, Түүний үгийг дагаж, Түүний сахилгажуулалтыг хүлээн авч, Түүнд хүндлэлтэйгээр мөргөн үйлчлэх юм. Бурханаас эмээж буй нэгэн нь Түүний үг тушаалыг дуулгавартай дагах гэж хичээдэг. Мөн Бурханы өмнө гэм үйлдэхээс эмээх болно. Ийнхүү Бурханаас эмээн Бурханы үг тушаалыг дуулгавартай дагаж, ариун амьдралаар амьдарвал Бурхан ивээл ерөөлөө харамгүй өгөх болно. Харин бид зарлиг, тушаалыг дуулгавартай дагахдаа анхаарах ёстой зүйл нь юу вэ? 4-р эшлэлийг үзэцгээе. “Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН.” Цорын ганц Бурхан Эзэн орчлон ертөнцийг бүтээж, хүнийг ч үгээрээ бүтээсэн Бүтээгч юм. Энэ Бүтээгч Бурхан Абрахамыг дуудан ерөөлийн үндэс болгож, Мосег Израилийн хоньчиноор босгосон. Эцэст нь сүү балаар бялхсан Канаан нутаг уруу тэднийг удирдаж байна. Энэ Бурхан олон байдаг бурхдын нэг биш. Цорын ганц Бурхан юм. Израиль энэ Бурханы үгийг сонсох ёстой. Энэ дэлхий дээр олон бурхад, хиймэл шүтээн, эрх мэдэлтэн, удирдагчид байдаг. Бид тэдний үгийг дагахад амархан санагдаж болох юм. Учир нь тэд бидний нүдний өмнө харагдаж, сайхан зүйлсийг үзүүлж байгаа учраас тэдний л үнэн мэт санагддаг. Гэхдээ Бурхан харагдахгүй байлаа гээд байхгүй гэсэн үг биш. Тэр бол цорын ганц Төгс Хүчит Бурхан юм. Бурхан ертөнцийг төдийгүй бидний бүх зүйлийг удирдаж байдаг. Тэгвэл цорын ганц Бурханд хандах бидний хандлага ямар байх хэрэгтэй вэ? 5-р эшлэлийг үзээрэй. “Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.” Энд Бурхан Эзэнийг хайрла гэжээ. Тиймээс ч Бурхан Эзэнийг хайрлах ёстой. Учир нь Бурхан эхлээд биднийг хайрлаж, Өөрийн цорын ганц хайртай Хүү Есүсийг бидний гэмийн төлөөс болгон өргөсөн юм. Тэр биднийг ямар ч болзол, шалгуур тавилгүйгээр байгаагаар минь хайрласан. Өнөөдөр ч гэсэн хайрлан уучилж, тэвчсээр, энэрэл нигүүлслээ бялхам дүүрэн өгсөөр байгаа билээ. Харин Бурханыг хэр зэрэг хайрлах ёстой вэ? Дээрх эшлэлд хэлсэнчлэн бүх зүрх сэтгэлээ өгөн байж, амь биеэ зориулан, хүч чадлаа дайчлан Эзэн Бурханаа хайрлах ёстой. Хагас дутуу хайрлаж болохгүй, нэг хувь ч дутуу байж болохгүй. Мөнгийг бага зэрэг, зугаа цэнгэлийг бага зэрэг, үлдсэн жаахан хэсгээрээ Бурханыг хайрлая гэж болохгүй. Тэгвэл бид гэр бүл, үр хүүхэд, эцэг эхээ ч огт хайрлаж болохгүй гэж үү? Тийм биш ээ. Бид бүхнээ зориулж Бурханаа хайрлах юм бол гэр бүлээ ч жинхэнэ хайраар хайрлаж чадна. Эхнэр нөхөр хоёр ч улам дотно болж, хайраар дүүрэн гэр бүл болно. Бурханыг хайрлавал мөнгөний боол болохгүй. Харин мөнгийг зөв зарцуулж чадна. Эрх мэдлийг ч зөв зохистой ашиглаж, Бурхан дотор сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч чадна. Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлах нь бидний амьдралдаа хамгийн ихээр эрхэмлэн дээдлэх ёстой зүйл юм.Эзэн Бурханаа хайрлана гэдэг чин сэтгэлээр нандигнан хүндэлж, Бурхантай хичээнгүйлэн дотносохыг хэлнэ. Мөн Түүнийг баярлуулж, Түүнд л таалагдах зүйлсийг хийх, бас үргэлж хамт байхыг хүсэх явдал юм. Та нар хэн нэгнийг хайрлавал яадаг вэ? Байнга хамт баймаар, дахин дахин уулзмаар байдаг биш үү? Мөн түүнийгээ баярлуулмаар, үнэтэй зүйлсийг бэлэглэмээр байдаг биш үү? Бурхан бид нараас ийм халуун хайрын сэтгэлээр Өөрийг нь хайрлахыг хүсч байна. Энэ цагт ЭЗЭН Бурханыг хэр зэрэг хайрлаж байна гэдгээ бодож үзэцгээе. Зөвхөн хайртай гэж хэлэх хангалтгүй. Харин үйлдлээр илэрхийлж, харуулах ёстой. Наад зах нь залбирч, библи уншиж, оюутнуудад сайнмэдээг тунхаглан дагалдагч бэлтгэх хэрэгтэй. Энэ цагт бид бүхэн Эзэн Бурханаа чин сэтгэлээсээ хайрлан амьдарч чадахыг гуйж байна. 2) Хичээнгүйлэн заа (6-25)Бид бүхнээ зориулж Эзэн Бурханаа хайрлахдаа бодитоор хийх зүйл нь юу вэ? Есүс Симон Петрээс “- Иоханы хүү Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? …” гэж асуудаг. (Иох 21:15) Энэ асуулт нь хичнээн чухал асуулт байсан гэдэг нь ойлгомжтой. Бурхан биднээс Өөрийг нь хайрлахыг хүсдэг. Тийнхүү Бурханыг хайрлаж буй хүн л Бурханы үг тушаалыг бүрэн дуулгавартай дагаж чадна. 6-р эшлэлд “Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,” гэжээ. Энд Бурханы үг тушаалуудыг зүрхэндээ сийлэн бичээрэй гэжээ. Өөрийнхөө дур зоргоор амьдрах биш, харин зарлиг, тушаалыг зүрх сэтгэлдээ байлгаж, дуулгавартай дагаж амьдрахыг зааж байна. Бид библийг сурч, номлол сонсож байгаа боловч зүрхэндээ сийлэх биш, харин зөвхөн мэдлэгээ тэлж, толгойдоо хадгалах нь амархан байдаг. Нэг үгийг ч гэсэн сайн сонсож, чин сэтгэлээсээ гэмшиж, зүрх сэтгэлдээ сийлэх нь чухал юм. Тэгээд үгийг дуулгавартай даган, удирдуулах ёстой. Харин бид өөрсдөө Бурханы үгийг дагаад, харин хойч үедээ сургахдаа юунд анхаарч хичээх хэрэгтэй вэ? a) Бурханы үгийг өөрийн сэтгэлдээ сийлэх. Facebook, internet-д бичигдэж, телевизээр яригдаж байгаа янз бүрийн мэдээллүүдийг биш, харин Бурханы үг тушаалыг сэтгэлдээ сийлж, удирдуулах хэрэгтэй. Хэрэв Бурханы үгийг байнга бясалгаж, эргэцүүлэн бодож явбал тухайн үгнээс хайр ивээлийг амсаж, хүч чадалтай болно. Мөн гэмшил ба гуйлт ч хэрэгтэй. Өөрийн гэм нүглээ чин сэтгэлээсээ гэмшиж, гуйснаар Ариун Сүнс бидний сэтгэлд бууж ирнэ. Бас Библийг цээжилж бас хуулан бичиж, давтан унших хэрэгтэй. Мөн ӨБХ идэх, сэтгэгдэл бичих цагийг тогтмол авч, хоньчинтойгоо хуваалцах нь ч чухал. Ийнхүү бид Бурханы амийн үгийг сэтгэлдээ сийлэн байлгаснаар Ариун Сүнсний хүч чадал ба ивээл ерөөлөөр дүүрэн, үр жимстэй байж чадна. Ийнхүү бидний үйлдэл ба амьдрал, үр жимсийг харсан дараа үе болсон үр хүүхэд, дагалдагчид маань ч биднийг хүндэтгэн зааж буй үгийг минь ч дуулгавартай дагаж чадах юм. Хэрэв бид өөрсдөө Бурханы үгийг сурч, сэтгэлдээ сийлэхгүй, бясалгахгүй, дагахгүй бол тэд ч мөн адил байх болно.b) Сурсан үгийг хичээнгүйлэн заах. 7-р эшлэлийг үзээрэй. “Хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.” Энд Бурханы үгийг хичээнгүйлэн заахыг тушааж байна. Манай цуглаанд ч, бидний хойч үеийнхэнд ч ирээдүй гэж байдаг. Тиймээс тэдэнд бидэнтэй болон Монголын ард түмэнтэй хамт байж удирдаж буй Бурханы ажлыг хичээнгүйлэн заах хэрэгтэй. Хэрэв заахгүй, дамжуулахгүй бол Бурханы ажил зогсоно. Тийм учир хичээнгүйлэн заах ёстой. Бурханы үг ба сайнмэдээг дамжуулан, гэрчлэлийг хуваалцан, сурсан мэдсэн үгийг ч хичээнгүйлэн заах хэрэгтэй. Зөвхөн өөрсдөө л үйлдээд дагаад байх бус заах нь чухал юм. Заахгүй бол тэд сонсохгүй, заахгүй бол тэд сурахгүй. Сонсож сураагүй тэд хэрхэн дагаж хэрэгжүүлж чадах билээ. Ийнхүү үгийг заадаг гэр бүл, цуглаан, улс оронд сэргэлт ирэх болно. Бурханы хайр ивээлийг дүүрэн эдлэх болно. Тэгвэл хэр хичээнгүй заах хэрэгтэй вэ? Гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч Бурханы тухай ярьж, зааж байгаарай гэжээ. Эзэн Бурханаа хайрладаг хүний хийх ёстой хамгийн чухал ажил нь Библийг заах явдал юм. Библи заах нь залуусыг гэмшүүлж, сэнхрүүлэн ухааруулж, зөвийн замаар удирдана. Эцэг эхчүүд хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлж, ямар нэгэн хөгжмийн зэмсэг сургаж, спортоор хичээллүүлж, олон хэл сургах гэх мэт олон мэдлэг чадваруудыг эзэмшүүлж болно. Гэхдээ хамгийн чухал боловсрол нь Библийн боловсрол юм. Библийн боловсрол эзэмшсэн хүн нь эх орноо хайрлаж, сэргээн хөгжүүлж, шударга бус нийгмийг өөрчилж, олон олон хүний амьдралыг өөрчлөх авралын ажилд хэрэглэгдэж чадна. Тиймээс Библи заах нь үнэхээр хөгжил цэцэглэлт болон сайн сайхан бүхнийг авчирна. Есүс энэ дэлхийд амьдрахдаа хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, үгийг заахад ихээр анхаарч байсан. Уулан дээр ч, усан дээр ч, найран дээр ч, оршуулган дээр ч, баяр ёслолоор ч, баривчлагдан хүлээстэй байхдаа ч, загалмай дээр ч, амилсны дараа ч цаг үргэлж Бурханы үгийг тунхаглан зааж, сургасаар байсан. Есүсийн үгийг сонсож суралцсан шавь нар нь ч гэсэн үргэлжлүүлэн заасаар байсан. Өнөөдөр ч гэсэн Бурхан сул дорой биднийг оюутан залуусын Библийн багшаар босгож, заримыг нь бэлтгэж байгаад талархаж байна. Есүсийн бидэнд өгсөн агуу захирамжийг харвал Матай 28:20-д “та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. …” гэсэн. Эндээс харвал тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг заа гэсэн. Тиймээс бид заасан, дамжуулсан гэж орхиж болохгүй. Харин сахин биелүүлэх хүртэл хичээнгүйлэн заах ёстойг ойлгож болно. Одоо 8,9-р эшлэлийг үзээрэй. “Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хатавчин дээр ч, хаалган дээр ч бич.”Энэ эшлэлээс харвал Бурханы үгийг үйлс болон бодол санааны үндэс болгохыг хүсч байна. Өөрөөр хэлбэл бүх үйлс болон бодол санааны үндэс нь Бурханы үгэнд суурилсан байх хэрэгтэйг хэлжээ. Гэрийнхээ хатавчин дээр ч, хаалган дээр ч бич гэдэг нь гэртээ орж гарах болгондоо Бурханы үгийг бодож байгаарай гэсэн үг юм. Бурханы үгээр өөрийн бодол санаа, үйлс, үг яриа, амьдралаа удирдуулахыг зааж байна. Тийнхүү Бурханы үг тушаалыг дагаж амьдардаг хүмүүсийг туйлын ихээр ивээх болно. Хэрэгтэй бүхнээр ч ханган өгнө.(10-12) Бурхан Өөрийн хүүхдүүдийг ерөөж, ивээхдээ баяртай байдаг. Бурханы хайр ивээлийг хүсээд олж чаддаг зүйл биш, харин Бурхан хүсвэл өгдөг зүйл юм. Бид тэр бүх хайр ивээлүүдийг Бурханаа хайрлаж, үг тушаалыг хичээнгүйлэн зааж, дуулгавартай дагаснаар л олж чадна.Хэрэв Бурханы зарлиг тушаалыг дуулгавартай дагахгүй бол юу болох вэ? 10-23-р эшлэлийг хараарай. Канаан газар очсон израильчуудад өөрсдийнх нь барьж босгоогүй хотууд, бүрэн тавилгатай орон сууц, бассейн, жимсний цэцэрлэг, хангалуун сайхан амьдралыг Бурхан өгөх учир жаргалдаа ташууран Эзэн Бурханаа мартуузай гэж анхааруулж байна. Ялангуяа Канаан газарт буй хиймэл шүтээнд автаж, Бурханаас холдон явахаас сэрэмжлүүлж байна. Эс бөгөөс Бурхан хилэгнэн, газрын хөрснөөс арчихыг анхааруулж байна. Одоо 24-р эшлэлийг үзээрэй. “Биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд, үргэлжийн сайн сайхны маань төлөө ЭЗЭН энэ бүх зарлигийг дагахыг мөн Бурхан ЭЗЭНээсээ эмээхийг бидэнд тушаасан билээ.”Бурханы үг тушаалыг дагаж, Түүнээс эмээх нь эцэстээ бидний сайн сайхны төлөө юм. Бурханы тушаалыг дуулгавартай дагаж, эмээхгүй бол Бурханы бэлтгэсэн ивээлийг эдэлж чадахгүй. Тиймээс энэ цагт ЭЗЭН Бурханаас эмээн, Түүний бүх үг тушаалыг дуулгавартай дагадаг амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Ялангуяа хойч үе ба үр хүүхдэдээ хэрэгжүүлэхийг заадаг хүмүүс болохыг гуйж байна. Манай гэр бүлийн хувьд ядаж нэг өдөр ч гэсэн залбирч, хүүхдэдээ цаг гаргахын тулд Лхагва гарагийг TV-гүй өдөр болгосон. Ийнхүү TV-гүй нэг ч гэсэн өдрийг гаргахад үр хүүхдэдээ цаг гаргаж, хамт залбирах боломжтой болсон. Орой унтахдаа хүүхдүүддээ түүхийг уншиж, ярьж өгөхийг хэвшил болгохыг хичээж байгаа. Хүүхдүүдээ Бурханы үгэнд дуртай болгохын тулд хүүхдийн библийг ил нүдэн харагдахаар байлгадаг болсон. Тэгэхэд хүүхдүүд маань үлгэр яриулья гээд библи бариад ирдэг болсон. Энэ бол манай гэр бүлийн хийж эхлүүлж буй өчүүхэн зүйл. Цаашлаад өдөр бүр гэр бүлийн мөргөлийн цаг авдаг болохыг гуйж байна. Манай чуулганы гэр бүлүүд маань өдөр бүр гэр бүлийн мөргөлийн цаг авч, Бурханаар ерөөгдсөн сүнслэг гэр бүлүүдээр өсөөсэй хэмээн хүсч байна. Миний хувьд өнөөдрийн үгээр дамжуулан үр хүүхдээ хэрхэн Бурханы үгээр сургаж хүмүүжүүлэх болон хичнээн чухал гэдгийг суралцлаа. Эцэг хүний хувьд би ч гэсэн Библийг хүүхдүүддээ хичээнгүйлэн зааж чадахыг гуйж байна. Дүгнэлт: Библиэс харвал агуу удирдагчид дараа үеэ хэрхэн бэлтгэж, босгож байсан тухай харж болно. Тухайлбал, Мосе Иошуа, Калеб хоёрыг дагалдуулан израилийн шинэ удирдагчаар бэлтгэж байсан. Паул Тимотыг сурган чуулганы удирдагчаар бэлтгэж босгосон. Есүс ч гэсэн 12 дагалдагчаа 3 жилийн турш дагалдуулан сүнсний удирдагчаар бэлтгэсэн. Өнөөдөр ч гэсэн биднийг хэн нэгэн дагалдуулан сургаж, дасгалжуулан өсгөсөн учраас л энд сууж байгаа. Харин бидний хойч үе, залгамж халаа ямар хүмүүс босох, ямар байх нь биднээс шалтгаалах юм. Тиймээс өнөөдрийн үгийн дагуу өөрсдөө эхлээд ЭЗЭН Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлан, үйлс ба амьдралаараа үлгэрлэж, мөн Библийг хичээнгүйлэн зааж, сургадаг библийн сайн багш, хоньчдоор амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен!