АМИЛСАН ЕСҮС
Марк 16:1-20
Гол эшлэл 16:6
“Тэр тэдэнд – Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун,Түүнийг тавьсан газар энэ байна.”
Хайр ивээлтэй ХБК-ыг зөвшөөрч байгаа Бурхандаа талархаж байна. Бид нар өмнөх номлолоор загалмайд цовдлогдсон Есүсийн талаар сурсан. Тэгвэл одоо Христ итгэлийн гол цөм гэж хэлж болох Есүсийн амиллын талаар сурах болно. Та нар энэ дэлхий дээр хүн үхээд амилсан тухай сонсож байсан уу? Бусад шашны хувьд амилалт гэдэг зүйл байдаг болов уу? Будда болон Мухамед нар амилсан гэж дуулж байсан уу? Тэгвэл энэхүү номлолоор энэ бүх зүйлийн түлхүүрийг олж авах болно. Энэ цагт та бүгдийг амиллын итгэл гэж юу болох талаар болон амьдралыг өөрчлөгч хүч хаанаас ирдэг талаар сурч чадахыг хүсэн гуйж байна.1. Амилсан Есүс (1-13)Одоо бүгдээрээ 1-р эшлэлийг үзээрэй. “Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ.” Энд гарч буй хүмүүс бол Есүсийн ивээлийг хүртэж, түүнтэй хамт залбирал ба хайраар сайнмэдээний ажилд хамтран зүтгэж байсан хүмүүс юм. Есүс 5 дахь өдрийн үдээс хойш загалмайд цовдлогдон нас барсан. Иудей шашинд баасан гарагийн нар хэвийх буюу шингэх цагаас хойш амралтын өдрийн бэлтгэл гээд юу ч хийдэггүй байжээ. Тиймээс Есүсийн цогцсонд анхилуун үнэртэнг түрхэж чадалгүй маалинган даавуунд ороон амралтын өдрийг өнгөртөл булшинд тавьсан байлаа. Иймээс энэ эмэгтэйчүүд амралтын өдрийг өнгөрмөгц үүрээр эртлэн босож анхилуун үнэртэнг аван яаран булш уруу явцгаасан. Тухайн үед булшны амыг 20 эр хүн хөлсөө дуслуулан байж арайхийн авчирсан том бул чулуугаар таглан тавьсан байлаа. Энэхүү том бул чулууг яаж, хэрхэн өнхрүүлж холдуулах вэ гэсэн санаа зовуур бүх хүмүүст байлаа. Харин тэднийг булшны аманд ирэхэд ямар гайхалтай үйл явдал болсон бэ? 4, 5-р эшлэлийг үзвэл булшны амыг таглан тавьсан том бул чулууг өнхрүүлэн холдуулсныг харав. Тэд энэ зүйлийг хараад маш их гайхсан ба бас айцгаасан. Тиймээс тэд яаран сандран булш уруу гүйн орцгоосон. Булшинд ортол цагаан нөмрөгтэй нэгэн байсан ба тэр тэдэнд юу гэж хэлсэн бэ?Одоо бүгдээрээ 6-р эшлэлийг хамтдаа уншицгаая. “Тэр тэдэнд – Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун,Түүнийг тавьсан газар энэ байна.”Энэ ямар гайхалтай зүйл вэ! Хүний оюун ухаанаар бодоход энэ бол огт бүтэшгүй зүйл. Гэвч Есүс үнэхээр үхлээс амилсан. Есүс үхээд Тэнгэр дэх Эцгийнхээ баруун гарт заларсан юм. Есүс загалмайд цовдлогдож нас барахаасаа өмнө өөрийн шавь нартаа үхээд 3дахь хоног дээрээ үхлээс амилах болно гэж хэлж байсан. Жишээ нь Лук 18:32-33-д “Хүний хүү харийнхны гарт тушаагдахад тэд түүнийг доромжилж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө тэр амилан босох болно” гэсэн хэдий ч шавь нар Түүний хэлсэн энэ үгийг үл ойшоосон юм. Харин Есүс хэлсэн ёсоороо үхлээс амилсан. Есүсийн бүхий л үнэн төрх байдал философийн том маргаан болон Есүсийн амиллын талаар та бүхэн нэг бодоод үзээрэй. Тэгвэл бид Есүсийн амиллаас юуг сурч бас юуг харж болох вэ?1-рт: Есүсийн амилал Түүнийг Бурхан гэдгийг харуулж байна. Хэрэв Тэр үнэхээр амилсан юм бол Бурханлаг биетэй байсан гэдгийг нотолж байна. Ямар ч хүн мөнхийн бус учраас үхсэний дараа амилах хүчгүй. Харин Есүс үхлээс амилсан учраас ердийн нэг мужааны хүү, эш үзүүлэгч болон рабби биш болж таарлаа. Тэр тэнгэрлэг Эцэгийн ганц Хүү гэдгээ энэ зүйлээр дамжуулан батлан харуулж өгсөн.2-рт: Хоосон булш. Есүсийг цовдолсны дараа Түүний цогцсыг маалинган даавуунд ороон хадан булшинд тавьсан ба булшний амыг маш том чулуугаар таглан тавьсан байсан. Харин эмэгтэйчүүдийг ирэхэд том бул чулуу хажуу тийш зайлуулагдсан байсан ба булш хоосон байсан. Түүний цогцсыг ороон тавьсан маалинган даавуу урагдсан байв. Энэ зүйл нь Түүнийг амилсан гэдгийг нотлох хамгийн том нотолгоо юм. Мөн “Түүнийг тавьсан газар энэ байна” гэж тэнгэрэлч хэлсэн ба цогцос тавьсан газар Есүсийн цогцос байхгүй байсан. Үүнээс бид нар Есүс амилсан гэдгийг харж болно. 3-рт: Есүс дагалдагч нартаа харагдав. Есүс амилсныхаа дараа 40 өдрийн турш энэ дэлхий дээр байсан ба Тэр Мариа болон өөр 2 шавьдаа мөн Галилд 500 хүнд харагдсан байдаг. Есүс амилсан гэдгээ бүр баталсан. Тэр итгэхгүй нэгэнд нь Өөрийн загалмайд цовдлуулсан хадаасны сорвио хүртэл харуулж байсан. Христ бид нарын хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм. Есүсийг харсан шавь нар сүнсээр дахин төрж, бүх зүйлийг Бурханы нүдээр харах болсон. Есүс үхлээс амилсан гэдгийг гэрчлэгч хүмүүс нь шавь нар болон дагалдагч нар нь юм.4-рт: Есүсийн шавь нарт гарсан өөрчлөлт. Тэд Есүсийг цовдлогдсоны дараа тал тал тийшээ тархан нуугдаж, айдсаар дүүрэн байсан. Харин тэд Есүсийн дахин амиллыг хараад түүнд итгэх итгэл нь бүр илүү болсон ба тэд дэлхий даяар сайнмэдээг тунхаглах хүсэлтэй болж бас зоригтай тунхагласан ба агуу итгэлийн баатрууд болж чадсан. Учир нь Христ үхлээс амилуулагдсаны адил шавь нар ч бас Түүнтэй хамт амилуулагдсан ба тэд тэнгэрлэг шагналыг хайж, тэнгэрийн зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх болсон. Үхлийг ялж, Сатаны хаанчлалыг нурааж чадсан нэгэн бол Есүс юм. Энэ дэлхийн ямар ч агуу хаанчлал устаж үгүй болдог. Харин Есүсийн хаанчлал үүрд мөнх юм. Шавь нар энэ л зүйлийг харсан учраас ямар ч асуудал, саад бэрхшээлийг даван туулж чадаж байсан.Үхсэн хүн амилах гэдэг нь хүний оюун ухаанаар бодоход хамгийн хэцүү зүйл. Өнөөдөр ч гэсэн хүмүүс Есүс амилсан, одоо ч гэсэн амьд гэдэгт итгэдэггүй. Яагаад гэвэл хүний оновчтой санаа болон ШУ-ны үүднээс ойлгох гэж хичээдэг учраас юм. Энэ бүх зүйлийн түлхүүр нь амилсан Есүст итгэх явдал юм. Амиллын итгэл нь өнгөрсөн түүхэн үйл явдлыг зүгээр дурсан санах, эсвэл хожим ирэх зүйлсэд итгэж суух биш харин одоогийн бидний бодит амьдралыг өөрчлөгч хүч юм. Түүнтэй зүрх сэтгэлдээ хувьчлан уулзсанаар бид Есүсээс ирэх хайр ивээлийг мэдрэх болно.Есүсийн үхлийг Бурхан хүлээн авч гэм нүглийн төлөөх цагаатгал биелсэн болохыг Есүсийн амилал баталгаажуулдаг. Хэрвээ Есүс зүгээр л үхээд, үхсэн тэр чигээрээ үлдсэн бол Түүний хүн төрөлхтөний төлөө өргөсөн тахил нь хангалтгүй байх байсан. Христ үхлийг ялан дийлсэн нь хүн төрөлхтөний зовлонд цэг тавьсан ба хүмүүсийн хамгийн том айдас болох үхлийн айдсыг шийдэж өгсөн. 1Коринт 15-20-д “Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн” гэж бичсэн байдаг. Энэ дэлхий дээр амилсан хүн гэж байхгүй бөгөөд амилсан цор ганц нэгэн нь Есүс билээ. Есүс Христ бол хүн төрөлхтөнд аврал эрж болох цор ганц Нэр бөгөөд Зам юм. Бурханы өмнө бид өөрсдийн гэмээ гэмшвэл ямар ч нүглийг өршөөж, цэвэршүүлдэг Христийн ивээл, нигүүлсэл үнэн бодитой зүйл гэдгийг олж харах болно. Тахара Ёнэко гэдэг япон эмэгтэйн талаар богинохон гэрчлэл хуваалцъя. Тэр багаасаа ядуу тарчиг байсан ба баяр хөөр аз жаргалыг мэдрээгүй ба ээжтэйгээ хоёулхнаа өссөн. Түүнийг 16 настай байхад нь ээж нь нас барсан ба Ёнэко сэтгэлээр унан амьдрал нь утгагүй хоосон юм шиг санагдаж, эцэстээ амиа хорлохоор шийдэн галт тэрэгний урдуур үсэрсэн. Эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэсэн ч зүүн гар, 2 хөлгүй болсон ба 2 хөлнөөс доош хиймэл хөл хийлгэсэн. Тухайн үед Ёнэко намайг үхүүлээд өгөөч хэмээн эмч нараас үргэлж гуйдаг байжээ. Харин нэг сүмийн пастор сайнмэдээ дамжуулсан ба тэрээр Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан өдрөөс эхлэн амьдралыг өөрөөр хардаг болж, амьтай, хүчтэй болсон байна. Тэрээр гэр бүл зохион 2 охинтой болсон ба япон орон болон хэд хэдэн гадаадын улсуудад Есүсийн сайнмэдээг дамжуулж амьдарсан байна. Энэ эмэгтэйд буй хүнээс гарамгүй сэтгэлийн хат, тэвчээр хүч чадлыг харвал гайхаад баршгүй. Гэхдээ энэ бүхэнд гайхах зүйлгүй ба тэрээр амилсан Есүст итгэж амьдарсан учраас тэр юм. Есүсийн дотор байгч хүн нь өөрт байхгүй зүйлийг хараад гутардаг бус харин байгаа зүйлдээ талархаж, Эзэний ивээлээр урагшилдаг хүн юм. Үнэндээ хүн сэтгэл хангалуун амьдрах нууц нь мэдлэг боловсрол, эдийн засаг, эрх мэдэлд байдаггүй юм. Харин амилсан Есүс Христэд итгэхэд оршдог юм. Тиймээс бид нар зүрх сэтгэлээ үргэлж нээлттэй байлгаж, Есүсийг бидний дотор орж ажиллах боломжийг олгох хэрэгтэй. Тэгснээр бид нарын сүнсний хараа нээгдэж Есүсийг өөр нүдээр харж эхлэх болно. Мөн жинхэнэ амар тайван, баяр хөөрийг мэдрэх болно. Энэ цагт та бүгдийг амилсан Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авч өөрсдийн сүнсний цангаагаа тайлж чадахыг хүсэн гуйж байна.2 . Есүсийн агуу захирамж (14-20)15,16-р эшлэлд “Есүс тэдэнд – Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно” гэж тушаасан. Есүс үхээд амилсан ч энэ дэлхийгээс ум хумгүй зугтаагүй. Харин шавь нартаа агуу захирамжаа үлдээгээд тэнгэрт өргөгдсөн юм. Энэ захирамжийн гол үүрэг нь бүх үндэстнийг дагалдагч болгоход оршино. Есүсийн сайнмэдээний ажил нь хүний чадварт суурилдаггүй. Харин Есүсийн тушаалд итгээд дуулгавартай дагах үед Ариун Сүнсний хүчээр хэрэгждэг ажил юм. Үйлс 1:8-д “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно” гэж бичсэн байдаг. Есүс бидэнтэй үеийн төгсгөл хүртэл хамт байна гэж амласан. Хоньчид бид нарын хувьд энэ сайнмэдээний үнэнийг бусдад дамжуулах үүрэг хүлээн авсан хүмүүс. Тиймээс энэ үүргээ ухамсарлан бусдад сайнмэдээг түгээж амьдрах хэрэгтэй. Тэгвэл Есүс юу гэж тушаасан бэ. a) Бүх ертөнцөөр яв гэсэн. Бурханы үг хүрээгүй бүх газраар яв гэсэн. Бид нарын хувьд Монголын их дээд сургуулиудад Бурханы үгийг хүргэх явдал юм. b) Сайнмэдээг тунхагла. Есүс биднийг мэдлэг боловсролтой болгохын тулд сур гэсэн үү, эсвэл мөнгөтэй баян болохын тулд ажил хий гэсэн үү? Үгүй. Харин сайнмэдээг бусдад тунхагла гэсэн. Мэдээж мэдлэг боловсрол ба мөнгө хүний амьдралд хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал зүйл нь сайнмэдээг бусдад тунхаглах явдал юм. Бид сайнмэдээг Монголын их дээд сургуулиудын оюутан залууст дамжуулах нь бидний гол үүрэг билээ. c) Хэн баптисм хүртэнэ, Тэр аврагдах болно. Сайнмэдээг хүлээн авч итгэсэн хүмүүс яах вэ? Тэд аврагдах ба мөнх амийг авах болно. Зөвхөн итгэх бус Бурханы өмнө гэмшсэнээрээ аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах буюу мөнхийн гал буюу тамруу хаягдах болно. Бурхан хүн болгоныг аврахыг хүсдэг. Үүнтэй адил бид ч бас хүн болгонд сайнмэдээг тунхаглаж авралын замруу хөтлөх хэрэгтэй. Бусдад үгийг тунхаглана гэдэг тийм ч амар хялбар зүйл биш. Мэдээж өөрийн бодит байдлаа харвал боломжгүй. Харин бид Есүсийн агуу захирамжийг санах хэрэгтэй. Цаашид Бурхан бид нарыг зөвхөн эх орондоо бус, харин дэлхийн хязгаар хүртэл сайнмэдээгээр байлдан дагуулах ажилдаа нандинаар хэрэглэнэ гэдэгт итгэж байна. Учир нь бид үхлийг ялан дийлж, дахин амилсан Есүс христэд итгэгчид билээ. Намайг Түвшинбаяр гэдэг. Би 1995.07.12-нд Говь-Алтай аймгийн Тайшир суманд айлын ууган хүү болон мэндэлсэн. Бага нас маань эмээ, өвөөгийн хайранд умбаж өссөн. Би бусдын адил цэцэрлэг сургуулиар хүмүүжиж хүн болсон. Багадаа онц сурдаг байсан бас адуунд их сайн хүүхэд байв. Энэ ч утгаараа их бардам, онгироо, биеэ тоосон нэгэн байлаа. Надаас өөр хүнгүй мэт санан амьдардаг байсан. Аминч, хувиа хичээсэн, баярахсан сэтгэлээр хүнд ханддаг нэгэн байлаа. Анх 6-р ангиасаа нутгийн ах нартай нийлэн тамхи татаж эхэлсэн ба 11-р ангидаа анх архи ууж үзсэн. Оюутан болоод хотод ирээд ангийнхантайгаа нийлж өдөр болгон шахуу архи уудаг байсан. Архи, тамхинаас би сэтгэл ханамж ба таашаалыг мэдэрдэг байв. Миний хамгийн том гэм бол эмэгтэй хүний асуудал байсан. Анх 7-р ангидаа завхайрлын гэм үйлдэж байсан би энэ асуудлыг хаяж чадахгүй байв. Амьдралдаа хоёр ч удаа аав болох дөхсөн.1-р курст байдаг хавар ШУТИС-ийн урд талд явж байгаад нэг ахтай тааралдсан ба тэр ах надад нэг урилга өгөөд манай цуглаанд ирээрэй гэсэн. Есүсийн ямар ч мэдлэггүй би сургалт эсвэл ажил гэж бодон анх сентад ирж байсан. Хүмүүс нь найрсаг харилцаатай санагдсан ба магтаал дуу нь их таалагдаж байв. Ингээд библийн хичээл хийж эхэлсэн ба эхэндээ надад зүгээр нэг үлгэр домог сонсож байгаа юм шиг санагддаг байсан ба Библийг бүр илүү сурах тусам өөрийгөө ямар их гэм нүгэлтэйгээ олж харсан. Намайг ирэхэд Гэтлэл номыг үзэж байсан ба Гэтлэл 3:4 “Тэрээр харахаар эргэснийг Эзэн үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан Мосе Мосе гэсэнд тэрээр би энд байна гэж хэлэв” гэсэн зарлигаар Бурханыг хүлээн авсан. Үнэхээр Бурхан Мосег сонгон дуудаж, хаанчлалын ажилдаа хэрэглэсэнтэй адил намайг мөн сонгон дуудсан гэдгийг олж харсан.Миний цуглаанд ирэхээс өмнөх амьдрал маань найз нөхөд, наргиан цэнгээний амьдрал байсан. Өөрийн эрх дураараа, олон найзтай, шоу цэнгээн тасардаггүй амьдрал маань сайхан мэт санагдавч үнэн хэрэгтээ өөр байсан. Амар тайвныг түр зуурын зугаа цэнгэл, мөнгө төгрөгнөөс олж авна гэж боддог байлаа. Гэвч эрж хайж байсан амар тайван тэнд бус өөр зүйлд байсан. Цуглаандаа явах тусам өөрийгөө ямар их гэм нүгэлтэйг харж эхэлсэн. Миний бардам онигороо зан бага багаар өөрчлөгдсөн. Бурханы ивээлээр магтаалд басс гитараар, найрал дуу, хөтлөгчийн үйлчлэлийг хийх болсон. Оюутны 4 жил нүд ирмэх зуур өнгөрч, сургуулиа амжилттай төгсөөд аймаг руугаа явсан ба тэндээ ажиллана гэсэн бодолтой байв. Гэвч Бурханыг дагаж амьдрах шийдвэр гарган хотод буцан ирсэн. Эхэндээ надад хэцүү байсан. Харин Бурхан надад Исаиа 41:10-д “Би чамтай хамт,чи битгий ай Би чиний Бурхан ,чи бүү эмээ чамайг би тэнхрүүлнэ, чамд үнэхээр тусална,Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ” гэсэн үгийг өгсөн ба Амилсан Есүс үргэлж надтай хамт байгаагаа батлан харуулж, Бурханы ивээлээр би “Төрийн банк”-нд теллерээр ажилд орсон. Бас Эзэний ариун өргөөнд амьдрах боломжийг нээж өгсөн. Надад амилалтын итгэл байсан учраас би төдийгөөс өдий хүртэл Бурханыг даган, Түүний үгийн дагуу амьдарч байгаа билээ. Есүс намайг өөрчлөн хоньчны шинэ үүрэгт амьдралыг өгсөн. Үнэндээ би энэ дэлхийгээс амар тайвныг олоогүй. Харин миний төлөө үхлийг ялсан Есүс надад бие махбодь болон сүнсний амар тайвныг өгсөн юм. Ямар ч асуудал тулгарсан ч үргэлж хамт байж, бидний гэмт байдлын төлөө үхлийг ялсан Эзэн Тандаа талархаж байна. Ирээдүйн амьдралын хором мөч бүр Таны гарт байгаа гэдэгт итгэлтэй байна. Дүгнэлт: Энэ номлолоор бид нар амилсан Есүсийн талаар суралцлаа. Үйлс 4:12-д “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв.” гэж бичсэн байдаг. Есүсээс өөр аврагдаж болох нэр энэ дэлхийд үгүй билээ. Хүмүүс Бурханд ойртох тусам алдаа дутагдал, шударга бус байдлаа улам ихээр олж хардаг. Христ үхлээс амилсан нь Бурхан оршин байгаа нь гарцаагүй бөгөөд Түүний нөлөөллийг бид амьдралдаа бие ба сэтгэлээрэ амсаж мэдрэх болно. Ялагдал, айдас, гуниг цөхрөлөөр дүүрэн байсан шавь нар Есүсийн амилалтанд итгэснээр амьдрал нь шинэчлэгдсэн. Энэ цагт та бүгдийг амилсан Есүст итгэн, амийн хүчтэй, зоригтой, Бурханы улсын хүсэл найдвартай хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен!