2019 оны ХБК-ын 4-р номлол (04.21) Б.Баярмагнай

ЕРТӨНЦИЙГ ЯЛДАГ ИТГЭЛ

1 Иохан 5-р бүлэг
Гол эшлэл: 5:4

“Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой.”

Гэмгүй ариун Есүсийг үхэл барих гэж оролдсон хэдий ч барьж дийлээгүй. Та бүхэнд Есүс Христ үхлээс амилсан өдрийн мэндийг хүргэе! Христ үхсэн боловч амилсан. Түүний амилал нь бүх хүнд найдварыг өгсөн гайхамшигтай үйл явдал байлаа. Өнөөдөр бол Христ үхлээс амилсныг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг өдөр. Дэлхийн хүн амын гуравны нэг нь Христийн амиллыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үнэндээ олон хүн тэмдэглэн өнгөрүүлж байгаа учраас утга учиртай юм биш, харин Христ амилсан учир Түүний амиллыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь жинхэнэ утга учир юм.
Өнгөрсөн гурван удаагийн цуглаанаар дамжуулан бид Христтэй уулзахыг урьсан урилга, загалмайд цовдлогдож үхсэн боловч үхлээс амилсан Есүсийн талаар сурцгаасан билээ. Есүс таны гэм нүглийн төлөөс болж загалмайд үхсэн боловч таны мөнх амийн төлөө үхлээс амилсан. Өнөөдөр бол Есүс Христ үхлээс амилсан баярын өдөр билээ.
Ялалт, ялагдлын үнэ цэнийг бид ихэвчлэн тэмцээн, уралдаанаас олж хардаг байх. NBA Play Off, Аваргуудын Лиг гэх мэт яг одоо явагдаж байгаа тэмцээнд ялсан нь асар их баяр хөөрийг эдэлж, ялагдсан нь тэр хэрээрээ гуниг харуусалд автдаг.
Зөвхөн тэмцээн уралдаан ч биш харин амьдрал өөрөө тэмцэл юм. Гэхдээ ямар талбар дээр яаж тэмцэж байгаа вэ гэдгээс бидний тэмцлийн хэлбэрүүд ялгаатай байдаг. Мэдээж спортын талбар дахь тэмцэл өөр, улс хоорондын тэмцэл, мөргөлдөөн ч өөр. Бас эдийн засгийн, улс төрийн гэх мэт. Харин өнөөдөр бид дээрх тэмцлүүдийн талаар өгүүлэх гэсэнгүй. Бидний дотор байдаг боловч хүн бүхэнд ил харагдаад байдаггүй гэм нүгэл, алдаа зөрчилтэйгээ бид яаж тэмцэж, ялалт байгуулах талаар хамтдаа өнөөдөр сурцгаая.
1-р эшлэлийг үзээрэй. “Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүр Бурханаар төрөгч болой. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгчийг хайрладаг.” Есүс бол Христ гэдэгт итгэх. Есүсийг та хэн гэж боддог вэ? Харь шашны том төлөөлөгч гэж боддог уу? Дэлхийн хамгийн том шашны урсгалын хүн гэж боддог уу? Ер нь Есүсийг хэн ч гэж боддог байж болох ч гэсэн Есүс бол Христ юм. Христ гэдэг нь грек үг бөгөөд Аврагч гэсэн утгатай. Аврагч гэвэл юунаас аврах Аврагч вэ? Хүн анхнаасаа гэм нүгэлгүй бүтээгдсэн. Харин Сатан буюу муу ёрын сүнс хүнийг гэмд унагасан. Итгэгч байтугай итгэгч биш хэн ч гэсэн Адам, Ева, алим гэсэн дүрслэлийг маш сайн мэддэг. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн төрөлхийн гэмтэй болцгоосон. Тэр цагаас хойш муу ёрын сүнс энэ ертөнцийг захирах болсон. Түүний гэмт нөлөөгөөр хүн төрөлхтөн доройтож, гэмийн үр дагаврыг амсах болсон. Тийм учир гэмгүй хүн байхгүй.
Гэмтэй тул гэмийнхээ асуудлыг шийдэх ёстой. Гэмийнхээ асуудлыг шийдэх гарц хайх нь зүйн хэрэг. Өлсөж байна гээд хүн өлсгөлөнгөө дарахын тулд шингэхгүй ямар нэг зүйл иддэггүй биз дээ? Олдоц сайтай юм гээд хаа тааралдсанаа идээд байдаггүй биз дээ? Түүнтэй адил Харин цор ганц зам нь Есүс Христ юм. Гэмийн асуудлыг шийдэх цор ганц зам, цор ганц арга нь ерөөсөө л Есүс Христэд итгэх.
2-р эшлэлийг үзээрэй. “Бид Бурханыг хайрлаж, тушаалуудыг нь сахихдаа Бурханы хүүхдүүдийг хайрладгаа үүгээр мэднэ.” Бурханыг төдийгүй бусдыг хайрлах гайхамшигтай ивээлийг Бурхан бидэнд өгсөн. Гэм нүглээс Аврагч нэгэн нь зөвхөн Есүс Христ гэдэгт итгэсэн хүн нь Бурханыг хайрладаг. Тэгвэл Бурханыг хайрлах гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид Бурханыг бодитоор яаж хайрлах вэ? Энэ хайр нь ямар байдлаар илэрдэг вэ?
3-р эшлэлийг хараарай. “Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.” Бурханыг хайрлаж байгааг бид яаж мэдэх вэ? Тушаалуудыг нь сахиж байгаа бол та Бурханыг хайрлаж байна гэсэн үг.
4-5-р эшлэлүүдийг хараарай. “Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой. Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?” Бурханаар төрсөн болгон ертөнцийг ялдаг гэж байна. Есүсийн амилал бидэнд ялалт байгуулан амьдрах эрх мэдлийг өгсөн юм.
Ертөнц гэж юу вэ? Энд өгүүлж буй ертөнц гэдэг нь бидний амьдарч байгаа эх дэлхийг хэлээгүй. Нарны аймаг, эсвэл хар нүхийг ч хэлээгүй. Харин ертөнцийг бид хоёр ангилж болно. Гадаад ба дотоод ертөнц.
1-рт, гадаад ертөнц гэдэг нь сошиал медиа, бидний эргэн тойронд байгаа уруу татлагууд, нөлөө зэргийг ч багтааж болно. Өөр хэлбэрээр хэлье гэвэл таныг гаднаас буюу нийгэм, найз нөхөд, эргэн тойрны хүмүүсээс ирж буй нөлөөллүүд юм. Заримдаа ийм зүйлүүдээс зугтъя гэсэн ч чаддаггүй. Хол байя гэсэн ч бүтдэггүй. Мэдээж уруу татлага, нөлөө, сошиал медиа зэрэг нь зүгээр юм шиг боловч үнэн хэрэгтээ тэдгээрийн цаана гэм нүгэл дандаа нуугдаж байдаг. Үр дагавар нь хүнийг гэмд унагаж байдаг. Ийм гэм нүглүүдийг ямар нэг боловсролоор, эрх мэдлээр, мөнгөөр, эсвэл биеийн хүчээр ч ялан дийлж чадахгүй. Тэгвэл бид яаж ялалт байгуулах вэ? Зөвхөн үхлээс амилсан Христэд итгэж, Түүний тушаалуудыг дуулгавартай дагаснаар бидэнд ертөнцийг ялах хүч өгөгдөх юм. Итгэгчдийн ялалтын уг үндэс, эх сурвалж нь Есүс Христ юм. Яагаад гэвэл Есүс Христ бүх хүний гэм нүглийн төлөө загалмай дээр үхээд, үхлээсээ амилсан билээ. Үхлийг ялсан Есүс бидний унаж бүдэрдэг, бидний дийлж чадахгүй талбарууд дээр ялалт байгуулах эрх мэдлийг өгөх л болно. Иохан 1:9-д “Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв” гэж Есүсийг хэлжээ. Тийм ээ, Есүс гэмт ертөнцөд ирсэн юм. Тэр гэмт ертөнцийг гэгээрүүлэхээр, гэрэлтүүлэхээр ирсэн.
2-рт, дотоод ертөнц. Та яг одоо өөрөө өөртэйгөө ярилцаж үзээрэй. Дийлж чадахгүй байгаа зүйл юу байна вэ? Гэм нүгэл, шунаг хүсэл тачаал, залхуурал, сул дорой байдал зэргийг хэлж байна. Өөрийгөө ялж чадахгүй ямар талбар байна вэ? Өөрийн амьдралдаа шийдэж чадахгүй, дийлж чадахгүй, бас хичнээн олон удаа оролдсон ч гэсэн үргэлж ялагддаг, ялагдах магадлалтай тэр зүйлүүдийг хэлдэг. Гэвч нэг сайхан мэдээ байгаа нь бид ялагч байх хувь заяатай хүмүүс. Яагаад гэвэл Христэд итгэсэн л бол та ялагч. Ийм агуу хувь заяатай хэрнээ одоо хүртэл амьдралын асуудлуудад, гэмт байдалдаа ялагдаад л яваа юм биш биз дээ? Та өөрийнхөө дотоод гэмт мөн чанар бүхий ертөнцтэйгөө хэр тэмцэлдэж байна вэ? Одоо та ялалт байгуулах бүрэн боломжтой болсон. Та Христэд итгэсэн л бол ялалт таны гарт. Яагаад гэвэл “Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.”
Мөн бид өдөр бүрийн амьдралдаа ялалт байгуулах боломжтой болсон. Өдөр бүрийн амьдралдаа бид алдаа гаргадаг, уруу татагддаг. Гэхдээ Есүс Христээр дамжуулан бид хүчийг олж, ялалттай амьдрах эрхтэй болсон. Хэрэв та анзаарсан бол Христэд итгэгч нар архи, тамхинд дургүйдээ, наргиан цэнгээнийг үзэн яддагтаа ч биш харин өөрийгөө захирч чаддаг болсондоо, Христийн тушаалаар өөрийгөө захируулдаг учраас наргиан цэнгээн, архи тамхинаас, янз бүрийн хэрүүл маргаанаас, хов живээс хол байж чаддаг юм.
Амилсан Есүст итгэсэн хүн нь ахан дүүсээ ч хайрлаж чаддаг. Хайрламаар хүмүүс олон ч үзэн ядмаар хүмүүс энэ дэлхийгээр дүүрэн. Үзэн ядах нь зохистой хүмүүс гэж хэлэхэд ч болно. Гэтэл ийм хүмүүсийг яаж хайрлах вэ? Таныг хохироодог, таныг ойлгодоггүй хүмүүсийг яаж хайрлах вэ? Энэ нь ч бас тэмцэл юм. Та энэ тэмцэлд ялах ёстой. Тэднийг давж, тэдний дээр үзэл бодлоороо зогсох биш, харин Есүсийн амиллын хүчээр та ялан дийлэх ёстой. Тэднийг болзолгүйгээр хайрлаж та ялах ёстой. Бас л Христийн амиллын хүчинд итгэсэн хүн л бусдыг болзолгүйгээр хайрлаж чадна. Энэ бол амилсан Есүст итгэсэн хүний эдлэх нэг гайхамшигтай эрх мэдэл, боломж билээ.
Амилсан Есүст итгэдэг хүн нь ертөнцийн гоё сайхан, уруу татлагад автахгүй байж чаддаг. Мэдээж бүх зүйл муу биш, гэхдээ Христитгэлт хүнд ялгах чадвар суугдсан байдаг. Тийм учир элч Паул “Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч би юугаар ч эзэмдүүлэхгүй” гэж хэлсэн байдаг. Тийм ээ, бүх зүйл муу ч биш, сайн ч биш. Харин амилсан Христэд итгэгч нар нь аливаа муу зүйлд эзэмдүүлэхгүйгээр, ялгаж салгах чадвартай болдог. Энэ бол ялалт юм. Та архинд донтсон, тоглоомонд донтсон хүмүүсийг сайн мэднэ. Тийм хүмүүс анхандаа ганц удаа гэдэг үгээр эхэлдэг. Гэвч өөрийгөө дийлж чадахгүйгээс болж донтолтын хэмжээнд очдог. Хүн донтохгүй гэж боддог, харамсалтай нь аль хэдийн зүрх сэтгэлээрээ бууж өгснөөсөө болоод хүмүүс донтдог.
Амилсан Есүст итгэдэг хүн нь шунал, хүсэл тачаалыг ялан дийлдэг. Хүн бүр тодорхой мөчүүдэд өөрийгөө ялж чадахгүйгээр шуналд автах үе бий. Их мөнгө харвал, их боломж гарвал хүн асуудалд ордог. Шуналаа ялж чаддаг хүн ч бий, унадаг хүн ч бий. Харин Христэд итгэсэн хүн нь ялж чаддаг. Хүн бүрд өөрийгөө ялж чадахгүйгээр хүсэл тачаалд автах үе бий. Христэд итгээд төгс болсондоо биш, харин хэнд итгэснээ мэддэг тул ялгаж салгаж чаддаг. Хүмүүс Христэд итгэгч нарыг ариун гэж харцгаадаг, тийм ч оргүй зүйл биш. Харин бидний итгэл үнэмшлийн цаана хэн байгааг огт анзаардаггүй. Бид Христээс хүч авдаг гэдгийг тэд мэддэггүй. Бид яг л баттерей шиг. Утасны чинь баттерей дуусвал цэнэглэдэг, тэгвэл Христэд итгэгч бид нар Христээс цэнэг авцгаадаг. Христээс бид хайр гэдэг цэнэг авдаг, хүч чадал авдаг, Христээс бид ялалтын цэнэг авдаг. Үхлийг ялсан Нэгэнээс бид цэнэг авдаг юмаа. Үхлийг ялсан Нэгэн бидэнд хайр ба баяр баясгалан өгдөг юмаа.
Амилсан Есүст итгэдэг хүн үхлээс болон түүнтэй холбоотой зүйлсээс айдаггүй юм. Хүн бүр үхлээс айдаг, гэхдээ Христэд итгэгч нар үхээд хаана очихоо мэддэг тул үхлээс айж, дэмий санаа зовдоггүй. Гэхдээ энэ нь хэзээ ч, хаана ч үхсэн ч яахав гэсэн муйхар бодолтой гэсэн үг биш юм. Гагцхүү өөрөө үхээд хаана очихоо мэддэг тул үхлээс айлгүйгээр амьдарч, ажиллаж, үйлчилж байдаг гэсэн утгатай. Яагаад гэвэл Есүс үхлийг ялсан, тэр ялалт нь бидэнд зовлон ба үхлийг ялах итгэл хайрласан юм.
Хүн бүрд өөр өөрийн гэсэн ертөнц бий, өөрийн гэсэн сул ба давуу талууд бий, мөн өөрийн гэсэн тулааны талбар бий. Одоо ч гэсэн таны дотор тулаан явагдаж л байгаа. Хүн бүрийнх өөр. Яг адилхан тулааны талбартай хүн байхгүй. Гэхдээ Есүс тулааны бүх талбарт тулалдах хүч, ялалтын эрх мэдлийг өгөх чадалтай. Яагаад гэвэл Есүс мөнх. Тэр үхлийг ялсан мөнхийн Эзэн, мөнхийн Хаан.
Бидний итгэл мөн сэтгэл хийгээд махан бодын өвчнийг ялдаг, бидний итгэл мөн зовлонг ялдаг. Бидний итгэл бидэнд ирэх дайралт, хавчлага бүрийг ялдаг. Бидний итгэл үл ойлголцлыг ялдаг. Нэг үгээр хэлбэл бидний итгэл бүхнийг ялдаг.
Дүгнэлт: Христ үхсэн, гэхдээ үхлийг ялж амилсан. Үхлийг ялж амилсан юм чинь Өөрт нь итгэгчдэд Тэр агуу их ялалт өгөх нь гарцаагүй. Агуу их хүч өгөх нь гарцаагүй. Есүс бол дуусашгүй энергитэй тул бүү санаа зовоорой. Шөнө босоод залбирсан ч, өдөр залбиран гуйхад ч танд хүч өгнө, хаана ч хэзээ ч та Түүн уруу хандвал таныг сонсож, таныг хүчирхэгжүүлэх болно. Тиймээс та бол ялагч! Та ялагчийн сэтгэлтэй байгаарай. Яагаад гэвэл Есүс үхлийг ялсан. Таны итгэл ялах нь гарцаагүй.

өмнөх нийтлэл2019 оны ХБК-ийн 3-р номлол (04.20) М.Түвшинбаяр
Дараагийн нийтлэл2019 оны Даниел 7-р номлол (04.28) Э. Ганболд