Өдөр бүрийн хоол /2025.09.12/

Арван хуруу тэгш эхнэр

Сургаалт үгс 31:1-31

“Чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй..”(10)

  1. Удирдагч хүнд зохисгүй зүйл (1-9)

Удирдагч хүн нь эхнэрээсээ өөр эмэгтэй хүнд сэтгэлээ болон хүчээ зориулж болохгүй. Учир нь эмэгтэй хүн хааныг ч сүйрүүлж чадах учраас эмэгтэй хүнд амьдралаа даатгаж болохгүй.(3) Мөн удирдагч хүнд зохисгүй өөр нэг зүйл бол дарс, сархдад дурлах явдал юм. Хэрвээ архи ууж согтвол хууль тогтоолыг мартан, зовж зүдэрсэн хүмүүст шударга бус шийдвэрийг ч гаргаж мэднэ. Удирдагч хүн нь хэлгүй юм шиг өөрийнхөө эрх ашгийн төлөө амаа ч нээж чадахгүй хүмүүс болон зовж зүдэрсэн хүмүүсийг өмгөөлөн амаа нээх хэрэгтэй.(8-9)

  1. Эрдэнэсээс ч үнэтэй эхнэр (10-31)

Хэрэв хүн арван хуруу тэгш эхнэртэй болвол тийм эхнэр нь сувд эрдэнэсээс ч илүү үнэтэй юм.(10) Арван хуруу тэгш эхнэр гэдэг нь ухаалаг төдийгүй Эзэнээс эмээн хүндэтгэдэг, хайр энэрэл ба хүч чадалтай эмэгтэйг хэлж байна. Ийм эхнэр нь гэр бүлийн санхүүг зөв зохицуулан зарцуулдаг учир нөхрийнхөө итгэлийг олно.(11) Амьдралынхаа туршид хэцүү зовлонтой үед ч нөхөртөө гомдоллолгүй, гэр бүлээ ч орхилгүй сайныг л үйлддэг.(12) Мөн гэрийн ажлыг хичээнгүйлэн хийж,(13-15) гэр бүлийн эдийн засгийг сайжруулахын төлөө шаргуу ажиллана.(16-19) Мөн зөвхөн өөрийнхөө гэр бүлийн ашгийн төлөө л амьдралгүй, ядуу болон гачигдаж дутагдсан хүмүүст ч тусалдаг.(20) Гэр бүлийнхээ ирээдүйд хэрэгтэй зүйлсийг бэлдэж(21), хүүхдүүдээ үнэний үг ба энэрлээр сургадаг.(26) Тиймээс ийм эхнэрийн ачаар нөхөр нь гэр бүлдээ санаа зоволгүй бусад ажлуудаа чадварлаг хийж гүйцэтгэснээр хүмүүсээс хүндэтгэлийг авна.(23) Ийм эхнэртэй хүн нь үнэтэй эрдэнэс олсноос ч илүү ерөөлтэй байдаг. Дур булаам байдал нь хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон юм.(30) Харин Эзэнээс эмээдэг эмэгтэй л магтаалыг авах болно. Эмэгтэй хүний жинхэнэ үнэ цэнэ нь гадна талд бус, харин Эзэнээс эмээдэг дотоод итгэлд нь оршдог.

Гуйлт: Эзэн минь! Энэ цаг үед Эзэнээс эмээдэг эмэгтэйг нандинд тооцож амьдрахад туслаач. Бидний дунд арван хуруу тэгш эхнэрүүдийг олноор зөвшөөрч өгөөч.

Нэг үг: Эзэнээс эмээдэг эхнэр сувднаас ч үнэтэй

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.11/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.15/