2019 оны Даниел 2-р номлол (03.17) Б.Баярмагнай

МӨНХИЙН НЭГ ХААНЧЛАЛ

Даниел 2-р бүлэг

Гол эшлэл: 2:44

“Тэр хаадын өдрүүдэд хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.”

Тухайн үедээ байсан хамгийн хүчирхэг хаанчлалын хаан яагаад барьц алдах болсон, харин тэрийг яаж шийдсэн талаар өнөөдөр бид суралцах гэж байна. Харин тэр дунд Бурханы хүн яаж үйлчилсэн, Бурхан Өөрөө яаж ажилласныг ч хамтдаа сурцгаая.Бурхан бүх цаг үед ажиллаж байгаа. Мөн Бурхан хаана ч ажиллаж байгаа. Гагцхүү тэр ажлын гэрч нар та бид нар. Бурхан биднээр дамжуулан ажиллах болно.1. Небухаднезар хааны зүүд (1-16)Тухайн үеийн бүх улсуудын дунд хамгийн агуу нь Вавилон байлаа. Тэд бүгдийг захирч, хаанчилж, хамгийн хүчирхэг гүрнийг Небухаднезар хаан байгуулсан нь энэ байсан. Энэ их гүрнийг байгуулна гэдэг тоглоом биш. Энэ их гүрнийг байгуулж авч явна гэдэг ч бас амаргүй ажил. Гэхдээ түүнд санаа зовох, зовоох асуудлууд байна гэж үү? Хаанчлал түүний гарт бат орсон нь энэ байв. Хэн бүхний мөрөөддөг хаанчлалыг байгуулсан Небухаднезар хаан нэгэн шөнө хачирхалтай зүйл зүүдэллээ. Гэвч тэр зүүдээ хэнд ч хэлсэнгүй нууцлав. Тэр байтугай тухай үеийн од гэж хэлж болох бүх мэргэч төлөгч, зүүд тайлагч, илбэчин зурхайчдыг дуудаад өөрийнх нь зүүдэлсэн зүүд болон тайллыг нь хамтад нь хэлэхийг шаардав. Үнэхээр л тэд илбэчин, зурхайч, мэргэч төлөгч нар юм бол зүүдийг тайлалтай нь цуг хэлэх ёстой гэж бодсон бололтой. Гэвч хаан юу зүүдэлснийг хэн ч хэлж чадсангүй, мэдээж хэн ч түүний зүүдний тайллыг хэлэх боломж байсангүй.Хэрэв юу зүүдэлсэн нь тодорхой байвал зүүдний тайллыг ч хэлэх амархан байх. Тэд мэргэч төлөгч, зүүд тайлагч нар юм чинь. Бүр ядахдаа арай дөхүүлэн тайлбар хэлэхэд л болох байсан. Гэтэл хаан тайлал хүсээгүй, харин ч юу зүүдэлснийг хэл гэж тэднээс шаардсан байна. Ийм айхтар тайлал шаардана гэдэг үнэндээ юу гэсэн үг вэ? Хэрэв математикаар төсөөлбөл x+y=z. x, y, z-ийг олно уу гэж байгаатай яг адил гэсэн үг. Тэнд цугласан хүмүүс энэ бодлогын хариуг олох болов уу? Та ингэхэд урд шөнө юу зүүдэлсэн бэ? Хажууд суугаа хүнээсээ асуугаарай, та миний зүүдийг тайлалтай нь хэлж өгнө үү гэж.Агуу гүрнийг байгуулсан хааныг зовоохгүй зүйл байгаагүй, харин түүний зүүд л зовоосон. Юу гэсэн үг вэ? Хэн ч ямар ч гүрнийг байгуулж болно, хэн ч ямар ч ажлыг хийж болно. Гэхдээ бүгд Бурханы эрх мэдэл дор буй гэдгийг Небухаднезарын зүүд харуулж байна. Өөрөөр хэлбэл агуу гүрнийг байгуулсан ч гэсэн бүх хяналт, бүх зүйлийг Бурхан хаанчилна гэсэн үг. Небухаднезар хаан тухай үеийн хамгийн хүчирхэг гүрэнг байгуулсан хэдий ч өчүүхэн ганц зүүднээс болоод шаналж байна. Ганц зүүднээс болоод арчаагаа алдаж байна, хүмүүсийг дуудаж, тэднийг шахаж байна. Гэвч тэднээс ч гэсэн ямар нэг хариу алга. Тэд тухайн үеийнхээ шилдгүүд нь байсан. Тэд өмнөх бүх даалгаврыг биелүүлж байсан. Харин одоо тэд тайлал хэлэх байтугай үг дуугарах ч сөхөө алга. Гэхдээ тэд шударга байна. Юу хэлж чадах, чадахгүй гэдгээ тодорхой хэлж байна. Ямартаа ч хааны зүүд түүнийг маш их шаналгасан төдийгүй түүний эргэн тойрны хүмүүсийг ч бас хэцүү байдалд оруулсан.Үнэндээ тэр зүүд Бурханаас ирсэн байлаа. Тухайн үед Бурхан хийх ажлаа заримдаа зүүдээр дамжуулан илэрхийлж, илчлэл өгдөг байсан. Одоо цаг үетэй харьцуулшгүй нөхцөл байдал тэнд ноёлж байлаа. Тийм учир хаан тодорхой хэмжээний айдастай байсан нь тодорхой. Яг ямар зүүд вэ? Яагаад ийм зүүд зүүдлэх болов? Утга учир нь юу вэ гэхчлэн. Гэвч Бурхан энэ зүүдийг зүүдлүүлсэн бөгөөд Өөрийн хийх ажлаа илэрхийлсэн нь энэ байлаа.Дээр өгүүлсэнчлэн Бурханы мутарт энэ дэлхийн бүх зүйл байгаа гэдгийг өнөөдрийн үйл явдал харуулж байна. Таны эргэн тойронд юу болж байгаа вэ? Ямар хүмүүс, ямар үйл явдлууд болж байна вэ? Таны хүсээгүй, таны хийж чадахгүй зүйлс гэж юу байна вэ? Заримдаа бид Небухаднезар шиг байдалд орох нь байдаг. Хэнд ч хандаад, юу ч хэлээд бүтэхгүй. Ямар ч асуудлыг бид шийдэж чадахгүй, ямар ч шийдэл гарч ирэхгүй гэх мэт. Улс орны байдлыг харвал ч тэр, гэр бүлээ харвал ч тэр. Гэвч бидэнд нэг найдвар бий. Бурхан бүгдийг мэдэж байгаа, Бурхан бүгдийг хаанчлах болно. Энэ асуудлуудын дунд Бурхан биднийг зүгээр орхихгүй. Ямар ч тодорхойгүй нөхцөл байдал дунд ч Бурханы гайхамшигтай эрх мэдэл бүхий ажил явагдсаар байх болно. 1Коринт 13:13-т хэлсэнчлэн “Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг …” итгэл, найдвараар бид хөтлөгдөх хэрэгтэй. Учир нь Бурхан хүн шиг биш, тэр цагаасаа хоцордоггүй, Тэр бултаж алга болдоггүй. Тэр бусдын найдварыг үгүй хийдэггүй. “Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй»” гэж Ром 10-р бүлэгт хэлдэг. Тиймээс бидний фокус өөрийн сайн, бусдын сайн муу гэхээс илүүгээр Бурхан дээр төвлөрөх хэрэгтэй. Хэн ч энэ дэлхийд сайн биш. Харин гагцхүү Бурхан л сайн. Бурханы гайхамшигт ажил дээр, Бурханы төгс хүчит чанар дээр бидний анхаарал, бидний фокус төвлөрвөл бидний итгэл баттай байх болно. Мэдээж өөрсдийгөө засах, залруулах олон зүйл байгаа боловч бидний хамгийн гол анхаарал бол Бурхан юм. Өнөөдөр бид Бурханы агуу ажлын нэгээхэн хэсгийг мэдэж авч байна. Харин цаашид бид өөрсдийн амьдралаараа Бурханыг гэрчлэгч нар, Бурханы агуу ажлыг өөрсдийн амьдрал дээрээ мэдэгч, мэдрэгч нар болоорой гэж хүсэн ерөөж байна.Бид амьдралаа юун дээр суурилуулж байгаа вэ? Бодож үзээрэй. Бурхан дээр үү, эсвэл өөрсдийн амьдралын туршлага мэдлэг дээр үү? Мэдээж тэдгээр туршлага мэдлэг амьдралд хэрэг бололгүй яахав. Гэхдээ хамгийн гол сууриа Бурхан дээр тавиарай, Түүний үгэн дээр суурилуулаарай. Хадан дээр байшингаа барьсан мэргэн хүн шиг бидний амьдрал хадан суурин дээрх байшин шиг хүчит янз бүрийн шуурга адил саад бэрхшээл дунд ч тогтвортой байх болно. Бурхан бол хад, Бурхан бол бидний суурь. Бурхан хийх ажлаа Небухаднезарын зүүдээр нь дамжуулан хэлсэн. Тэр цаг үе бүрд өөрөөр ажилладаг. Өнөөдөр заавал зүүдээр дамжуулан бидэнд хэлэх албагүй. Харин үг болсон Библиэр дамжуулан бидэнтэй харилцаж байгаа. Тиймээс бид Бурхантай харилцаж, танд хандсан Түүний агуу тааллыг мэдье гэвэл, таны амьдралд тохиолдоод байгаа зүүд мэт зүйлүүд байгаа бол Библи уншаарай. Өнөөдөр зүүд тайлагч нар гэж хуурамч хүмүүс их бий. Харин Библи л таны амьдралыг гайхамшигтайгаар хөтлөх болно.2. Зүүдний тайлал ба тайлбар (17-49)Зүүдийг тайлалтай нь хамт тайлаагүй тул хаан бүх мэргэч төлөгч нарыг цаазлахыг тушаав. Энэ тушаалд орсон хүмүүсийн дунд Даниел болон түүний гурван найз ч орсон байлаа. Энэ нөхцөлд тэд юу хийсэн бэ? Бултах, зугтах, аргалах янз бүрийн арга хэмжээ аваагүй. Харин хамтдаа Бурхан дээр очиж залбирцгаасан. Тэд Вавилоны мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд Бурханаас өршөөл гуйсан. Энэ бол Даниелийн итгэлийн шийдвэр байсан. Тэр нөхцөл байдалд баригдаагүй, тэр нөхцөл байдлыг зөвөөр үнэлсэн. Тэр нөхцөл байдлын дунд мухардаагүй, бас Бурханы өршөөлийг яаж гуйхаа мэдэж байсан. Даниел гурван найзтайгаа Бурханд хандаж залбирахаас өөр аргагүй байсан. Тиймээс тэр x+y=z бодлогын хариуг залбирлаар л олсон. Мэдээж энэ нь мэдэхгүй хичээлийнхээ хариуг залбираад олчихдог гэсэн үг биш шүү. Харин ч бид тэр хичээл хийх мэргэн ухааны төлөө залбирах хэрэгтэй. Бид залбирлаар хүчтэй байх ёстой. Асуудал бэрхшээл дунд та хэнд хандаж байна вэ? Хэнийг та түшиглэж байна вэ? Даниел болон гурван найз нь Бурханд түшиглэж, Түүнийг эрэлхийлсэн шиг та ч бас тэгж чадаж байна уу?Өнөөдөр бид хоёр чухал зүйлийг сурч байна.1-рт, тэдний залбирлын хариу болгож Бурхан зүүдийг тайлалтай нь Даниелд шөнийн үзэгдэл дотор илчилж өгөв. Энэ бол Бурханы илчлэлт байсан. Бурхан Өөрийн хийх ажлаа Өөрөө илчилсэн юм. Бурханы хийх ажил нь маш тодорхой бөгөөд өнөөгийн Вавилон улс хэдийгээр хүчтэй ч гэсэн дараа нь хаанчлалууд гарч ирэх болно гэж хэлсэн. Үнэхээр тэр илчлэлийн дагуу гурван ч хаанчлал Вавилоны дараа гарч ирсэн бөгөөд бүгд дэлхийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэцгээсэн. Гэвч мөнхөд тогтох хаанчлал гэж байхгүй. Хэдийгээр Вавилон хүчтэй, хамгийн агуу гүрэн байсан ч түүний дараа дөрвөн ч хаанчлал гарч ирж байгааг анзаараарай. Эзэний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж үг бий. Энэ бол энэ дэлхийд хүчинтэй үг. Харин Бурханы хаанчлал хязгааргүй. Бурханы хаанчлал төгсөшгүй. Тиймээс зүүдээр дамжуулан Бурхан Небухаднезарт ойлгуулсан нэг зүйл нь Вавилон мөнхөд тогтохгүй гэдэг зүйл юм.Энэ дэлхийд мөнхөд тогтох нэг ч зүйл үгүй. Хаанчлалууд босдог, нурдаг. Энэ хаанчлалуудын дунд олон үйл явдлууд болдог. Гэвч тэдгээр нь хаанчлалууд мөнхөд тогтох ямар ч баталгаа болдоггүй. Мөнхөд тогтох ганц л хаанчлал бий. Тэр бол Бурханы хаанчлал. Энэ хаанчлалыг хэн ч нурааж чадахгүй. Та бид Чингис хааныхаа тухай ярих их дуртай байх. Чингисийн байгуулсан хаанчлалын талаар хэн нэгнээс сонсвол ямар их бахархалтай байдаг билээ. Гадаадад явж байхад хүн бүхэн Чингисийн хаанчлалын тухай асуудаг. Их бахархалтай байдаг. Гэхдээ тэр эзэнт гүрэн нуран унасан. Бид өнөөдрийг хүртэл байсан ч болоосой гэж хааяа боддог байх. Гэвч үгүй, мөнхөд байх хаанчлал энэ дэлхийд байхгүй. Харин Бурханы хаанчлал л мөнхөд байна. Та тэр хаанчлалын иргэн. Та тэр улсын иргэн. Та мөнхөд байх хаанчлалын иргэн гээд өөрийгөө бодоорой. Ямар гайхамшигтай вэ? Ямар их ивээлтэй зүйл вэ? Та мөнхөд байх хаанчлалын иргэн. Та тэр улсын иргэний үнэмлэхийг авсан хүн. Ямар гайхамшигтай завшаан гээч вэ? Тэр үнэмлэхний хугацаа дуусахгүй.2-рт, бид залбирлаар дамжуулан Бурханы илчлэлийг олж авдаг. Бид асуудал бэрхшээлгүй байгаа үедээ Бурханд залбирах нь ховор. Асуудал л гарвал залбирдаг. Тэгвэл өнөөдөр бидний өмнө залбирах түм буман сэдэв байна. Та тэр болгоны төлөө залбирч байна уу? Залбирах нь Бурханы хийх ажлыг олж мэдэх бас нэг арга.Гэхдээ юу юунаас ч илүүгээр өнөөгийн бид залбирлаар дамжуулан ирээдүйд ирэх юунд ч бэлтгэгддэг. Ирээдүйд юу болохыг яг таг мэдэх хүн байна уу? Хэн ч мэдэхгүй, харин залбиралтай хүн нь ирээдүйд бэлтгэгдэж байдаг. Ирээдүйд баяртай, гунигтай, зовлонтой, бэрхшээлтэй бүх зүйлд бэлтгэгддэг. Та юунд ч бэлэн байхыг хүсэж байгаа биз дээ? Тэгвэл залбираарай. Мөн өнөөгийн тодорхойгүй байгаа асуудлуудад хариулт авахын тулд залбираарай. Бурхан гайхамшигтайгаар танд хариулах болно. Зүүдэнд биш ч гэсэн эргэн тойрны олон үйл явдлаар дамжуулан, мөн итгэлтэй хүмүүсээр дамжуулан танд хариулах болно.

өмнөх нийтлэл2019 оны Даниел 3-р номлолын асуулт (03.24)
Дараагийн нийтлэл2019 оны Даниел 4-р хичээлийн асуулт (03.31)