Өдөр бүрийн хоол /2026.08.27/

Маргаашийн зүйлээр бүү сайрх

Иаков 4:11-17

“Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ гэж ярь.”(15б)

1. Бие биеэ бүү гүжирд. (11-12)

Иаков үргэлжлүүлэн хэлж байна. “Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг, эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч ажээ.”(11) Хэрэв ах дүүгээ шүүвэл энэ нь “Бие биеэ хайрлаарай” гэсэн хуулийг шүүж байгаатай адил юм. Мөн энэ хуулийг өгсөн Бурханыг ч шүүсэн хэрэг болно. Энэ нь өөрийгөө Бурханы дээр тавьж буй маш бардам гэм болно. Ер нь ах дүүгээ таних тусам сул тал, алдаа нь тод харагддаг. Үүнээс болж чуулганд үл итгэл, шүүмжлэл, хагарал үүсдэг. Харин миний сул талыг байнга өршөөн хайрласаар байдаг Бурханы сэтгэлийг санавал ах дүүсийнхээ сул талыг өршөөн уучилж, хайрлан үйлчилж чадна.

2. Өөрийнхөөрөө бүү төлөвлө. (13-17)

Зарим хүн ингэж боддог. “Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийн ашиг олно.”(13) Ингэж боддог хүн өөртөө түшиглэн маргаашийн ажлаа төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл ирээдүйгээ Бурхангүйгээр төлөвлөж байна. Гэвч энэ нь маш том эндүүрэл юм. Яагаад гэвэл хүний амьдрал нь хэсэг зуур үзэгдээд алга болдог уур манантай адил билээ. Иймээс бид яах ёстой вэ? “Хэрэв Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж яриарай гэж байна.(15) Бидний амь насны Эзэн болсон Бурхан амьдралын минь бүхий л зүйлийг удирддаг. Тиймээс бид амьдралаа Бурханд даатган, Түүний тааллын дагуу төлөв даруу амьдрах хэрэгтэй. Бурханы тааллыг үл тоомсорлон өөртөө итгэж бардамнах нь бузар юм. Бидний хийх зүйл нь ирээдүйн бүх л амьдралаа Бурханд даатгаж, хаана байгаа газартаа Бурханы тааллыг дагаж амьдрах явдал юм. Бурханы тааллыг мэдсэн ч дагахгүй амьдрах нь Түүний өмнө нүгэл болно.
Гуйлт: Эзэн минь! Би ирээдүйгээ өөрийнхөө санаа бодлоор зохиолгүй, бүх амьдралаа Танд даатгаж, өдөр бүр Таны тааллыг даган амьдрахад туслаач.
Нэг үг: “Бурханыг л түшиглэж амьдаръя.”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.26/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.28/