Түүнд талархал өргө
Дуулал 100-р бүлэг
Гол эшлэл 105:4
“Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.”
Дуулал номын 150 бүлгийн яг хагасыг буюу 75-ыг нь Давид хаан бичсэн байдаг юм байна. Давид хааны бичсэн уг дууллууд дотроос ихэнх нь талархлын дууллууд байна. Мэдээж гашуудлын, харамслын, гомдоллын чанартай дууллууд байгаа боловч ихэнх нь талархлын дууллууд.2018 он таны хувьд яаж өнгөрөв? Танд хамааралтай ажил, хичээл, үйлчлэлийн хувьд ямар он болж өнгөрөв? Таны эргэн тойрны хүмүүсийн хувьд хэр үр өгөөжтэй байв? Хүн бүрийн хувьд нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан өнгөрөөгүй нь тодорхой. Хүн бүрийн амьдрал 2018 онд өөрөөр өнгөрсөн гэдэг нь тодорхой юм.Энэ жил таны амьдралд болсон зүйлсийг жагсааж үзээрэй.Уг жагсаалтаа дахиад дотор нь ялгаарай. Талархлын болон бусад гэж. Эргэн харвал таны амьдралд талархахгүй байхын аргагүй олон зүйл байгаа гэдгийг та олж харах болно. Мэдээж гомдоллох, гуних мөчүүд их байсан нь тодорхой. Гэвч бидний олж хараагүй талархлын олон зүйл байх болно. Хүн хэзээ ч талархахааргүй зүйлд ч та талархах болно.Өнгөрч буй 2018 он миний хувьд талархлаар дүүрэн жил байлаа. Ялангуяа ажлын талбар дээр. Манай байгууллага онцгой хоёр бүлгийн хүмүүст зориулан Библи хийх ажлыг оны эхнээс эхлүүлсэн. Тэр хоёр төсөл үнэхээр сэтгэл хөдөлгөм, бас талархмаар байлаа. Одоо харахад ямар их зоригтойгоор эхлүүлсэн бэ л гэж өөр хоорондоо бид ярьцгаадаг. Гэхдээ энд яалт ч үгүй Бурханы мутар оролцсон.- Хараагүй хүмүүст брайл Библи хэвлэх ажлыг эхлүүлсэн. Эхэндээ тэдний хэрэгцээг олж харна гэдэг тэднийг ойлгохоос эхлэхээс өөр арга байгаагүй. Тэд хараагүй тул хүмүүст найдахаас өөр аргагүй байдаг юм билээ. Библи байтугай бусад номыг унших хэрэгцээ их байгаа ч тэдэнд тийм номнууд үнэхээр бага, ялангуяа бидэнтэй харьцуулбал. Бид дуртай газраасаа дуртай номоо аваад уншиж чадаж байна, ядаж л гүүглдэж ороод үнэгүйгээр мэдээлэл олж аваад байна. Гэтэл тэдэнд тийм боломж байхгүй. Аудио контэнт эсвэл брайл номонд мэдлэг боловсролынхоо хэрэгцээг найдахаас өөр арга алга. Ийм тэдэнд зориулан Библи хийж эхэлсэндээ талархалтай байгаа. Тэд бусад номыг уншиж чаддаггүй юмаа гэхэд ядаж Библийг брайлаар уншаад, аврал аваасай, Бурханыг таньж мэдээсэй, айл бүрд Библи байгаасай гэдэг алсын харааг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байна. Юу юунаас илүүтэйгээр бид хараатай байгаадаа л наанадаж талархах ёстой. Та хараа муутай юу, үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Ямартаа ч зурагт, , гар утас, компьютертэй харьцаж, ном уншиж чадаж байгаадаа талархаарай.- Сонсголгүй хүмүүсийн Библи. Хэн ч тэдний зовлонг ойлгодоггүй юм шиг санагдсан. Анх тэдэнтэй энэ Библийн талаар уулзалт хийгээд явж байх үед тэдний залбирал миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Тэд харж байгаад, гэхдээ дохиогоор, мөн биеийн хэлээр маш гайхалтайгаар, сэтгэл хөдөлгөм байдлаар залбирч, дуу хоолойгоо биеэр илэрхийлж байгаа нь үнэхээр гайхамшигтай санагдсан. Тэд ярьж чадахгүй, бас сонсдоггүй. Тэд энэ байдалтайгаа эвлэрээд зүгээр суугаагүй, харин сонсголгүй бусад хүмүүстээ сайнмэдээ тараахын төлөө сар бүр аль нэг аймаг уруу уйгагүйгээр явдаг. Ийм хүмүүст одоо л Библи хийж өгч байгаадаа үнэхээр харамссан, гэхдээ явц гайгүй байгаа тул сэтгэл тайвширсан. Тэдний зөвхөн 1% нь уншиж, бичиж чаддаг. Мэдээж тэдний төлөө ажиллаж байгаадаа талархалтай байгаа. Тэдэнд Библи орчуулж өгөхөөс гадна тэдний монгол хэлний үгсийн санг нэмэгдүүлэх, тэднийг боловсролтой болгох гээд олон ач холбогдолтой төсөл болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ юу юунаас илүүгээр би өөрөө сонсдог, ярьдаг байгаадаа талархсан.Өмнө нь хэзээ ч энэ зүйлийг бодож үзээгүй юм билээ. Өмнө нь гомдоллох зүйл ихтэй байсан, гэхдээ дээрх хоёр бүлгийн хүмүүстэй харилцаад эхлэхэд бидний амьдрал ямар их боломжоор дүүрэн бөгөөд элэг бүтэн, эрхтэн дутуугүй байгаа нь ямар аз завшаан бэ гэж Бурханд талархсан. Гомдоллодог зүйл маань ямар өчүүхэн юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдсон. Гомдоллоод байх шалтгаан, шаардлага бидэнд алга гэж үнэхээр бодогдсон.Мөн юу юунаас ч илүүгээр амьд байгаадаа Бурханд талархсан. Надтай мөр зэрэгцэн үйлчилж байсан нэгэн пастор уржигдархан Мөнхийн улс уруу одсон. Ямар харамсалтай мэдээ гээч вэ? Хүн бүр баярлаж, ёолкдож байхад тэр нэгэн найз минь энэ дэлхий дээрх амьдралаа дуусгаж байдаг. Мэдээж Мөнхийн улсад орсон нь тодорхой. Гэвч цэл залуугаараа үйлчлэлээ нэр төртэй дуусгасан. Харин бид одоо ч амьд байна. Танд хийж бүтээх олон өдөр, он жилүүд байна. Та амьд байгаадаа Бурханд талархаарай.Таны амьдралд ч гэсэн бусадтай харьцуулахад, бусадтай харьцаж байхад талархах ямар үйл явдлууд 2018 онд болсон бэ?Мэдээж гомдоллох, эсэргүүцэх, тэр байтугай эвлэрмээргүй зүйлтэйгээ хүртэл эвлэрэх олон мөчүүд 2018 онд танд байсан байх. Гэвч та Эзэн Бурхандаа 2018 оны төлөө талархал өргөөрэй. Амьд байгаадаа, эрхтэн бүрэн байгаадаа, эрүүл байгаадаа талархаарай. Талархлын өөр олон сэдэв байгаа биз.2018 он хэдий хүсээгүй ч цаг хугацааны эрхэнд дуусаж байна. Хэн ч энэ хугацааг эргүүлж үл чадна. Баяр хөөртэй мөч уруугаа дахин очиж чадахгүй, мөн гунигт зүйлээ мартъя гэсэн ч мартагдахгүй. Гэхдээ тэр мөчүүд бидний амьдралд дахин тохиолдохгүй. Харин ганц л зүйл үлдэнэ. Тэр бол талархал. Талархалгүйгээр бидний амьдрал өнгөгүй болно. Ямар ч утга учиргүй болно. Талархалтай байснаар бидний амьдрал дахь гомдоллууд багасдаг.Давид хаан бичихдээ:
1 Бүх дэлхий,ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил!Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн!3 ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй!Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус аа.Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.4 Түүний үүд хаалгаар талархалтайгаар,Түүний хашаанд магтаалтайгаар ор!Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.5 ЭЗЭН сайн сайхан бөгөөдТүүний хайр энэрэл мөнхийнх,Түүний итгэмж нь үеийн үедбилээ. Эзэний хайр энэрэл мөнхийнх, Эзэний итгэмж нь үеийн үед байдаг. Таны амьдралд ч гэсэн ялгаагүй, Бурханы хайр энэрэл өршөөл нигүүлсэл үеийн үед. Та тэр хайр энэрлийг өдөр бүр амталж амьдраарай. Тэр өршөөл нигүүлсэл, хангамж хамгаалалтыг өдөр бүр эдэлж амьдраарай. Тэр үед таны доторх гомдол цөөрнө, эргэлзээ алга болно. Харин талархлаар бялхах болно. Заримдаа бусдын талархмааргүй зүйлд хүртэл талархдаг. Заримдаа бусдын гомдоллодог зүйл хүртэл бидний талархлын сэдэв болсон байдаг. Бурханы өргөөнд ирэхдээ талархалтайгаар ирээрэй. Хаа ч явсан Түүний нэрийг магтаарай. Бүх зүйл таны санаснаар болоогүй ч таны амьдралд Бурхан ямар гайхалтайгаар ажиллаж байгааг та өөрөө л олж харах учиртай. Хэн нэгэн таны өмнөөс таны амьдралд хийсэн гайхамшгийг харах боломжгүй. Заримдаа таны хувьд гомдол нь нөгөө хүнд талархал ч болох боломжтой байдаг. Ажилтай байгаадаа, тэр байтугай ажил дээрээ янз бүрийн асуудалтай байгаа нь хүртэл ажилгүй нэгэнд нь атаархам зүйл.Бүгдээрээ босоцгооё, Бурханд талархал өргөцгөөе! Яг одоо та 2018 оноо дахин нэг дүгнэж үзээрэй. Тэгээд талархаарай. Таны хийж чадахгүй байсан мөч бүрд Бурханы оролцоо байж, хамгаалж байсанд талархаарай. Таны хийж чадах зүйл дээр Бурхан боломж нээн өгч, таны дотор ажилласанд талархаарай.