Иммануел Есүс
Матай 1:18-25
Гол эшлэл: 1:23
“«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.”
Энэ жил энд сууж буй хүн бүр төрсөн өдрөө тэмдэглэсэн байх. Таны төрсөн өдрөөр ямар хүн бэлэг өгсөн бэ? Тэр бэлгүүд ямар утга учиртай байсан бэ?Ер нь хүн бүр л төрсөн өдрөөрөө бэлэг авахыг хүсдэг байх. Яагаад гэвэл хорвоод мэндэлсэн тэр өдөр нь таны хувьд хамгийн чухал өдөр. Тэр өдөр та төрөөгүй бол энэ дэлхийд тоос хөдөлгөх хувьгүй байх байж.
Нэгэн эрхмийн мэндэлсэн баярыг тэмдэглэхээр бид энд цуглаад байна. Энэ мэндэлсэн баяр бусад бүх хүнийхээ тэс ондоо. Дэлхий даяараа Түүний мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. Зарим нь Есүсийн ирсэн утга учрыг тэмдэглэхээр, зарим нь харин маркетингийн шугамаар буюу өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдийг борлуулах зорилгоор.Ямартаа ч бүгд Христийн мэндэлсэн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Есүсийн энэ дэлхийд мэндэлсэн нь ч гэсэн таны төрсөн өдөртэй адилхан утга учиртай.
Есүс энэ дэлхийд мэндлэх хүртлээ эгэл жирийн л хүний туулдаг замыг туулсан.
Гэхдээ их сонирхолтой. Есүсийн эх болох Мариа Иосеф гэгч залуутай сүй тавьсан байв. Иудейн уламжлал ёсоор сүйн хугацаа нэг жил үргэлжилдэг байсан. Сүйн хугацаа бол хурим хийхийн өмнөх бэлтгэл, бас сайхан цагуудыг хамтдаа өнгөрөөх нандин цаг байх нь тодорхой. Сүйн хугацаанд өөр хүнтэй холбогдохгүй, бэлгийн харилцаанд орохгүй, бусдыг шохоорхон харахгүй байх нь зүйд нийцтэй байсан. Гэсэн ч юу болж үргэлжилсэн бэ?
Ээж нь хүнтэй унтаж үзээгүй, онгон хүн байсан. Харин дээр дурдсанчлан ИосефМариатай сүй тавьсан, хуримлаагүй, нэг гэрт ороогүй, дэр нэгтгээгүй боловч сүйт бүсгүй нь хөл хүнд болсон байсан. Бодож үзээрэй, ямар сонин үзэгдэл гээч вэ? Сүй тавьсан хэрнээ хэн нэгэнтэй унтсан юм шиг ойлгогдож байна. Энэ учраа ч Мариа тайлбарлаж чадахгүй байсан нь тодорхой. Хайртай залуу Иосефоо хуурсан юм шиг хэнд ч ойлгогдохоор байна.Тийм учраас сүйт бүсгүйгээсээ нууцаар салах бодолтой байсан хөөрхий залууг бид ойлгохоос өөр аргагүй.
Гэтэл үнэн хэрэгтээ юу болсон бэ? Түүний сүйт бүсгүй Мариа Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Ариун Сүнсээр гэдэг нь унтаж, хэвтсэн гэсэн үг биш. Харин Ариун Сүнс Мариагийн хэвлийд хүүхэд бүрэлдүүлжээ. Тэнгэрлэг, ер бусын хүчээр тэр хүүхдийг Ариун Сүнс бүрэлдүүлсэн байна.Энэ бол хүн төрөлхтний түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй, хожим ч тохиолдохгүй гайхамшигтай үйл явдал. Энэ бол зөвхөн Мариад л оногдсон түүхэн боломж. Хэн ч энэ боломжийг Бурханаас аваагүй, цаашид ч авахгүй.Магадгүй үүнийг өөрөө бүрэн мэдэж байсан эсэхийг мэдэхгүй. Нөгөө талаар энэ нь Мариагийн сонголт биш байлаа. Энэ үйл явдлын тухай бичсэн Лук 1-р бүлэгт өгүүлснийг харвал Бурханы тэнгэрэлч Мариа дээр гэнэт хүрч ирээд “Ивээгдэгч ээ, баярла. Эзэн чамтай хамт байна” гэж мэндчилсэн. Үүнийг юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлж байх зуур “Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно” гэж тэнгэрэлч өөрийн өгүүлснийг баталгаажуулсан.Нэг талаараа энэ бол Мариад хязгааргүй том ивээл боловч нөгөө талаараа хайртай залуу Иосефтоо яаж ч тайлбарлаад ойлгуулж үл чадах зүйл байсан.
Мариагийн хөл хүнд болсон энэ үйл явдлыг мэдээгүй Иосеф уурлах нь гарцаагүй. Тийм учир уураа ил гаргалгүйгээр Мариагаас нууцаар салах бодолтой байсан. Чимээгүйхэн хаашаа ч юм явж, нууцханаар өөр газар шинэ амьдрал эхлүүлье гэсэн нь Мариаг л бодсон явдал байж. Харин Мариагийн хөл хүнд болсон явдлын цаана ямар нууц байгааг Эзэний тэнгэрэлч Иосефийн зүүдэнд нь илэрхий болгов. “Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.” Мариа хэн нэгэнтэй завхайрсан биш, харин ч ертөнцийг аврах Аврагчийг хэвлийдээ тээж байгаа нь ил боллоо. Хэн ч ойлгож чадахааргүй байсан ч Иосеф үүнийг маш сайн ойлгож, хүлээн авчээ. Тэгээд хүүг төрөхөд Есүс гэж нэрлэнэ гэдгийг ч мэдэж авсан.
Яагаад ингэж бусдыг хүнд байдалд оруулан байж Ариун Сүнс Мариагийн хэвлийд хүүхэд бүрэлдүүлсэн юм бол? Мариагийн хэвлийд бүрэлдсэн хүүхдийг мэндлэнгүүт нь Есүс гэж нэрлээрэй гэж хэлсэн. Тэгвэл ямар учиртайгаар Түүнд ийм нэр хайрлах болов? Ер нь юу болоод байгаа юм бол? Хоёр үндсэн шалтгааныг би та бүхэнтэй хуваалцъя.
1-рт, Хүн бүр нүгэлтэй. Нүгэлгүй хүн энэ хорвоод нэгээхэн ч үгүй. Нүглийн энэ асуудлаас бусдыг нь хүн төрөлхтөн шийдсээр иржээ. Гайхамшигтай гэхээс өөрөөр юу гэж хэлэхэв. Техник технологи хөгжихөөс гадна тархи шилжүүлэн суулгах мэс засал Хятадад болсон, бас жирэмсэн хэрнээ амиа алдсан хэвлийд байгаа хүүхдийг өөр эхийн хэвлийд шилжүүлэн суулгаж, нөгөө хүүхэд нь эсэн мэнд төрсөн тохиолдол Бразилд гарав. Хэрэв энэ мэтчилэн тархи, зүрхийг шилжүүлэн суулгасаар байвал мөнгөтэй нэгэн нь мөнхөд амьдрах боломжтой юм шиг цаана чинь ярьж эхэлж байна. Саяхан хүн төрөлхтөн Ангараг гариг дээр амьдрах боломжтой гэж нээж байх шиг байна. Хүн төрөлхтний цаашид хийж чадах зүйлийг бид төсөөлшгүй. Үнэхээр агуу зүйлсийг хийсээр ирсэн, хийх ч болно.
Харин ямар ч техник технологийн хөгжлөөр, ямар ч шинжлэх ухааны хүчээр, ямар ч агуу нээлтээр хүний гэм нүглийн асуудал шийдэгддэггүй юм. Шийдэгдэх ямар ч боломжгүй. Гэм бол ямар ч эмчилгээгүй бөгөөд тамаар асаж байдаг мөнхийн бузар эд. Гэм л учраас заавал шийтгэлтэй. Энэ гэмийн шийтгэл хүн бүрд хамаатай. Харин энэ гэмийн шийтгэлээсонгон Мариас мэндэлсэн Есүс л чөлөөлж чадна. Есүсийг мэдсэнээр гэмээс чөлөөлөгдөхгүй, харин таны гэмийн шийтгэлийг Есүс уучилж чадна гэдэгт итгэснээр л та гэмээсээ чөлөөлөгдөнө. Яагаад гэвэл Есүс ариун юм. Тэр хэн нэгэн хүний хүүхэд биш харин Ариун Сүнсээр бүрэлдэн бий болсон учир ариун юм. Тэр ямар ч гэмгүй, ямар ч бузар Түүнээс олдоогүй, Есүс хүн биеэр төрсөн махбодтой боловч хүнтэй адил гэмт чанаргүй. Гэмт хүн нэгнийхээ гэмийн шийтгэлийг хүлээх ямар ч боломжгүй юм.
Хүний амьдралыг юм юмтай зүйрлэдэг. Гэхдээ шүхэртэй зүйрлэсэн нэг зүйрлэл бий. Та онгоцноос шүхрээр буулаа гэж бодоорой. Шүхэр нь хэвийн задраад төлөвлөгөөний дагуу явбал тэр хугацаандаа эргэн тойрноо ажиглаад, хаана буухаа товлоод, давраад гэр бүлээ бодоод, маргааш нөгөөдрийн ажлаа төлөвлөөд, юу бодоцгоож байх бол оо? Тэр цаг бол үнэхээр сэтгэл хөдөлгөм цаг байх болно. Харин шүхэр чинь задрахгүй бол юу хийх вэ? Амьдралынхаа үлдсэн бүх хугацааг зөвхөн шүхрээ задлахад, тэр эвдэрсэн хэсгийг засахад зарцуулна. Тэр талаар л бодно, тэр талаар л ажил хийнэ. Өөр юу ч бодогдохгүй, юу ч хийж хийхгүй. Хамгийн гол нь амьдралынхаа үлдсэн бүх хугацааг секунд ч алдахгүй зөвхөн тэрэнд л зориулна. Юун элдвийн юм бодох, юун төлөвлөгөө, юун гэр бүл, юун асуудал бэрхшээл. Тэр байтугай яг одоо байгаа асуудал чинь ч асуудал биш, зүгээр л хүүхдийн тоглоомтой адилхан санагдана. Үхлийн дэргэд ямар ч асуудал жижигхэн санагддаг.
Та Мөнхийн улсад орно гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэрэв тийм бол амьдралын бусад асуудалд санаа зовоод явахад асуудалгүй байдаг. Өөрийгөө Мөнхийн улсад орно гэдэгт итгээгүй хүн яг л үүнтэй адилхан.Есүс таныг Мөнхийн улсад оруулах гэж л ирсэн. Та гэмээ улайн гэмшиж, Түүнд итгэвэл аль хэдийн шүхрээ задалчихсан гэсэн үг.Та одоо үлдсэн амьдралдаа баяр хөөртэйгөөр амьдарч болно. Хэрэв таны шүхэр задрах буюу Мөнхийн улсад орох асуудал шийдэгдэхгүй бол яах вэ? Гэж өөрөөсөө асуугаарай. Хэн ч үхлийнхээ дараа диваажин буюу Мөнхийн улсад орохыг хүсдэг. Харин цорын ганц зам нь бидний төлөө өнөөдөр мэндэлж буй Есүс Христ. Өөр олон сайхан зам байгаа боловч аль нь ч Мөнхийн улс уруу хөтөлж чадахгүй. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв. (Үйлс 4:12) гэж хэлэдгсэнчлэн таны Мөнхийн улсад газардахшүхрээ задлах цор ганц арга нь Есүс Христэд итгэх. Тэр Есүс өнөөдөр бидний төлөө мэндэлж байна. Ариун Сүнсээр үр тогтож, онгон Мариагийн хэвлийгээс мэндэлж байна.
2-рт, Есүс хүн төрөлхтөнтэй хамт байхын тулд ирсэн. Хамт байна, орхихгүй гэдэг бол хамгийн чухал ойлголтуудын нэг. Янз бүрийн шалтгаанаас болж хүмүүс нэг нэгнээсээ хол байдаг, бас хамт байя гэсэн ч хамт байж чаддаггүй. Есүс бол төгс Нэгэн. Тэр Өөрт нь итгэгч хүн бүртэй хамт байж чадна. Хүн бид бусадтайгаа яаж ч хичээгээд 24 цаг хамт байж чадах бил үү? Үнэндээ хамт байя гэж хичээсэн ч хамт байж чадахгүй. Заримдаа нэгнийхээ баярт мөчийг ч хуваалцаж чаддаггүй, гунигт үед нь ч хамт байж чаддаггүй. Хүн бид үнэхээр хязгаарлагдмал оршихуйнууд.
Харин Есүс тантай үргэлж хамт байх болно. Ямар ч үед, ямар ч нөхцөлд тантай хамт байна. Энэ бол амлалт. Есүс бидэнтэй хамт байх гэж ирсэн. Бидний зовлонт мөчид ч, баяртай мөчид ч хамт байх гэж ирсэн. Бидний туулж буй замд, бидний зорьж буй замд, бидний ямар ч талбарт хамт л байх гэж ирсэн. Бидний сул доройг үүрэх гэж, бидний гэмийг уучлах гэж ирсэн. Бидний хэнтэй ч үл хуваалцаж чадах тэр л зүйлийг сонсох гэж, бидний хэнд ч итгэж чадахгүй тэр мөчид ч бидний итгэлийг авах гэж, бидний сэтгэлийн хамгийн мухарт буй тэр л зовлон шаналлыг ил гаргаж, хуваалцаж хамт байх гэж л ирсэн. Бусдын ойлгодоггүй, бусдын хүлээн зөвшөөрдөггүй тэр л зүйлийг Есүс хуваалцах гэж ирсэн. Мэдээж гэм үйлдэж байгааг минь ойлгож, хүлээн зөвшөөрөх гэж ирээгүй. Харин сэтгэл дэх бүх зүйлийг ойлгох гэж ирсэн. Хамт байснаар л ойлгодог. Хамт байж чадахгүй олон сул тал хүн бидэнд бий, харин Есүст хамт байж чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Тэр тантай үргэлж хамт байх болно. 23-р эшлэлийг анхааралтай уншаарай. “«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.” Энд гарч байгаа Иммаунел гэдэг нь еврей үг бөгөөд маш утга учиртай нэр. Гурван үгний нийлбэр. Монголчууд бид ихэвчлэн хоёр утгатай нэрээр хүмүүст нэр өгдөг. Ж нь: Гал-Эрдэнэ. Гал шиг дүрэлзэж, эрдэнэ шиг гялалзаарай гэдэг утгаар өгсөн байх. Им-Ману-Ел гэсэн гурван утгаас бүрдсэн энэ нэрийг орчуулсан байна. Бурхан бидэнтэй хамт гэж. Им гэдэг нь тай, тэй, той, гэдэг дагавар. Ману гэдэг нь бид гэсэн үг. Ел гэдэг нь Бурхан гэсэн үг. Нийлүүлбэл “Бидэнтэй хамт буй Бурхан” гэсэн үг.Орчлон ертөнцийг бүтээсэн Бүтээгч тантай өдөр бүр хамт байна гээд бод доо. Ямар гайхамшигтай мэдээ вэ? Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарагч Бурхан тантай хамт байна гээд бод доо. Хэзээ ч хуурахгүй, мэхлэхгүй, үүрд мөнх оршигч. Хэзээ ч таныг орхихгүй, хэзээ ч таныг сонсож, өмгөөлж чадах Нэгэн. Харанхуй гүнд ч, гэрэлтэй газар ч та Түүнд хандах үед тантай хамт байгаагаа илэрхийлэн амар тайвныг бэлэглэнэ. Хэн нэгэнтэй зүйрлэшгүй Нэгэн. Хэрэв Есүст итгэвэл та зөвхөн энэ амьдралдаа төдийгүй маханбодын үхлийнхээ дараа ч Есүс тантай хамт байх болно. Үргэлж тантай хамт байх Есүс өнөөдөр бидний дунд мэндэлж байна. Бид Түүний мэндэлсэн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ баяр яагаад ийм утга учиртай байдаг гээч? Яагаад гэвэл хүн төрөлхтний шийдэж чадаагүй, чадахгүй гэм нүглийн асуудлыг шийдэж, уучлал өршөөл, нигүүлсэл хайр ба Мөнхийн улсад орох арга замыг заасан учраас утга учиртай. Бидэнтэй хамт байж чадах Нэгэн болж ирсэн учраас мэндэлсэн баяр нь бүхнээс илүү утга учиртай. Хэний ч ойлгож чадахгүй тэр л зовлон, гунигийг ойлгохоор ирсэн учраас Есүсийн мэндэлсэн баяр нь утга учиртай.
Иммануел Есүс – бидэнтэй мөнхөд хамт байхаар ирсэн Есүст алдрыг өргөцгөөе! Танд Христийн мэндэлсэн баярын мэнд хүргэе!