Өдөр бүрийн хоол /2024.04.17/

АЮУЛ ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛСАН ПАУЛ

Үйлс 27:27-44

“харин бусдыг нь банз юм уу, онгоцны ямар нэгэн юм хэрэглэн сэлэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.”(44)

Элч Паулын удирдлагаар цөхрөлийн дунд байсан хоёр зуун далан зургаан хүний амь аврагджээ. Аюул хямралыг даван туулах энэ их хүч хаанаас гарсан бэ?
1. Тулгарсан байдлын тухай зөв ойлголт (27-37)
Паул тулгарсан хэцүү байдлыг нарийн ажигласнаар авралын арга замыг зааж өгчээ. Тэрээр дараах хоёр арга хэмжээг авсан.
1-рт, Усан цэргүүдийг зугтахыг хорьжээ. Усан цэргүүд бол усан онгоцыг жолооддог хүмүүс юм. Харин тэд зөвхөн өөрсдийнхөө амийг аврахын тулд завь буулгаад зугтах гэсэн.(30) Үүнийг мэдсэн Паул зуутын даргад мэдэгдсэнээр тэдний зугтахыг нь болиулав.
2-рт, Хоол идүүлсэн. Усан онгоцонд байсан бүх хүмүүс хүчтэй салхинаас болж цөхөрч, санаа зовон юм идэхгүй байсныг Паул мэдсэн. Хэрэв ийм байвал тэд сэлж чадахгүй. Тиймээс хүч тэнхээтэй болохын тулд юм идэх хэрэгтэй гэж Паул уриалаад өөрөө эхлээд Бурханд талархаж хоол идэв. Чингэхэд бүгд урамшин зоригжиж, цадтал идэцгээв.(36)
2. Бат итгэл (38-44)
Аюул хямралыг даван туулсан Паулын цэцэн ухаан, урам зориг нь түүний бат итгэлээс гарсан. Тэрээр Бурхан Ромд сайн мэдээг дэлгэрүүлэх зорилгоор өөрийг нь дуудсанд итгэсэн бөгөөд энэхүү зорилгын улмаас өөрийг нь ямар ч хямрал дундаас аварна гэдэгт бат итгэж байсан. Мөн өөртэй нь хамт онгоцонд сууж буй хүмүүсийг ч гэсэн аварна гэдэгт итгэсэн билээ.
Залбирал: Эзэн минь ээ! Хүмүүсийг удирдах хүч нь Танд итгэх итгэлээс гардаг гэдгийг сурлаа. Намайг бат итгэлтэй удирдагчаар өсгөж өгөөч.
Нэг үг: “Итгэлтэй нэг удирдагч”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.16/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.18/