Өдөр бүрийн хоол /2024.04.16/

ТҮҮНИЙ ХЭЛСНИЙ ДАГУУ БОЛНО

Үйлс 27:13-26

“Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.”(25)

Өнөөдрийн зарлиг нь хүний оюун ухаан, хүч чадалд хязгаар байдаг гэдгийг харуулж байна. Тийм учраас хүн итгэлээр амьдрах хэрэгтэй юм.
1. Салхинд хөтлөгдөн туугдав. (13-20)
Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхлэхэд зуутын дарга болон онгоцны ахмад хүссэнээр болох нь хэмээн бодож, зангуугаа татаад хөвж эхлэв. Харин тун удалгүй Еуракулон хэмээх хүчтэй салхи хуйлран салхилав.(14) Хүчтэй салхины өмнө тэдний оюун ухаан, хүч чадал, сурч эзэмшсэн мэргэжил зэрэг нь ямар ч нэмэр болохгүй байв. Тэдний онгоц нь сөрж явж чадалгүй салхинд хөтлөгдөн туугдахад хүрчээ. Эцэст нь тэд онгоцонд ачсан бүх ачаа болон усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч өөрсдийн гараар хаяцгаав.(18) Тэгсэн боловч аврагдах найдлага байхгүй байв. Бидний амьдралын замд ч гэсэн гэнэт хүчтэй салхи шуурга тохиолддог. Энэ үед бидний зүдрэн зовж ажиллаж байж олсон эд хөрөнгө, сурч эзэмшсэн мэдлэг, техник зэрэг зүйлүүд нь бидэнд ямар ч тус болж чадахгүй.
2. Би Бурханд итгэж байна. (21-26)
Аврагдах найдлага үгүйгээс болж бүх хүмүүс цөхөрч байх үед Паул босож эхлээд тэднийг өөрийнх нь үгийг дагаагүйг зэмлэв. Тэгээд Бурханы тэнгэр элчийн хэлсэн үгэнд үндэслэн хүмүүсийг тайвшруулав. “Паул аа, бүү ай. Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүмүүсийг Бурхан чамд соёрхсон.”(24) Паул хаана ч, хэзээ ч хамт байж, хэлснээ заавал биелүүлдэг Бурханд итгэжээ. Тиймээс тэр бат итгэл болон зоригтойгоор ингэж хэлэв. “Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.”(25) Бурханд итгэн найдаж буй хүн нь бүх хүмүүс цөхөрч байх үед ч горьдлогоо алддаггүй. Мөн бусад хүмүүст хүсэл найдвар, урам зоригийг суулгаж өгдөг.
Залбирал: Эзэн минь ээ! Хэлснээ заавал биелүүлдэг Танд би итгэж байна. Ийм итгэлээр амьдарснаараа цөхрөхөөс өөр аргагүй хэцүү байдлын дунд ч хүсэл найдвартай байхад туслаач.
Нэг үг: “Бурхандаа итгэн найдагч”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.15/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.04.17/