ГЭМШИЛ БА ИТГЭЛИЙГ ГЭРЧИЛСЭН ПАУЛ
Үйлс 20:13-27
“Бурханы өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүдэд болон грекчүүдэд гэрчилсэн.”(21)
Өнөөдрийн зарлиг бол Паул Ефес чуулганы ахлагчдыг дуудаад хэлсэн үг юм. Уг зарлигаар дамжуулан Паулын Ефест дэлгэрүүлсэн сайн мэдээний агуулга нь юу ба тэрээр ямар байдалтайгаар Бурханы ажилд үйлчилж байсныг мэдэж болно.
1. Гэмшил ба итгэлийн тухай гэрчилсэн Паул (13-21)
Паул Ефес чуулганд даруу зангаар болон нулимсан дунд Эзэний хоньдод үйлчилсэн. Мөн Сатаны сорилтыг хүлцэнгүйгээр тэвчиж, хоньдод тустай гэсэн болгоныг огтхон ч огоороогүй. Тэгвэл Паулын байнга сургасан зүйл нь юу вэ? 21-р зүйлийг үзээрэй. Тэр хоньдод Бурханы өмнө гэмших гэмшил болон бидний Эзэн Есүст итгэх итгэлийн тухай гэрчлэв. Паул Бурханы өмнө хоньдын гэмийг ухааруулж, гэмшихэд нь туслав. Үүгээр ч зогсохгүй Есүс Христэд итгэн өршөөлийн ивээлийг эдлэхэд нь туслав. Хичнээн сайхан, гоё үгээр их ярьсан ч гэмшил ба итгэл л байхгүй бол зангидсан гараар агаар цохих мэт хоосон болно. Бурханд хандсан гэмшил ба Христэд итгэх итгэлийг суулгах нь авралын гол цөм юм.
2. Сайн мэдээг аминаасаа илүү гэж үзсэн Паул (22-27)
Элч Паул Ариун Сүнсээр хөтлөгдөж Иерусалим уруу явах гэж байсан. Харин тэнд түүнийг хүлээс ба зовлон хүлээж байв. Гэвч 24-р зүйлийг үзвэл элч Паул Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүргээ биелүүлэхийн тулд амиа юман чинээ бодолгүй явж ирсэн гэж хэлж байна. Паулын хувьд Бурханы нигүүлслийн сайн мэдээ нь Бурханаас шийтгэл авч үхэхээс өөр аргагүй байсан өөрийг нь болон бусад бүх хүмүүсийг амьдруулсан учраас ингэж хэлж байна. Өөрийн аминаасаа илүү Бурханы өгсөн сайн мэдээний үүргийг чухалд тооцож амьдардаг хүнийг Бурхан заавал ялалт уруу удирддаг. (Ром 8:37)
Залбирал: Эзэн минь! Би гэрчлэлдээ сайн мэдээний гол агуулгыг орхигдуулж байснаа ухаарлаа. Хоньдод зөвхөн Танд хандсан гэмшил ба Есүс Христэд итгэх итгэлийг л суулгахад туслаач.
Нэг үг: “Сайн мэдээний үнэн нь аминаас ч илүү чухал”