Би зөвт байдал дундаа Таны нүүр царайг харах тул
Дуулал 17:1-15 (15)
Давидын дайснууд сүнслэг байдлын хувьд мэдрэмжгүй бөгөөд бардам байлаа (10). Тэд далд нууц газарт ангаа хүлээн хэвтэх арслан мэт Давидын амийг отож байв (9, 11, 12). Тэгсэн хэрнээ тэд энэ хорвоо дээр хийсэн үйлс болгон нь бүтэмжтэй байж, баян чинээлэг, чиээтэй амьдарч байлаа (14). Дайснуудаас шалтгаангүйгээр хавчлага амсах үед маш хэцүү байдаг. Ялангуяа хавчигчдын бодит амьдрал бялхам баян, тэдний бүхий л ажил үйлс нь саадгүй бүтэмжтэй байгаа мэт харагдах үед Бурханы амьд оршин буйд эргэлзэж, зөвтөөр амьдрах ёстой шалтгаан маань ганхахад хүрдэг.
Гэвч Давид Бурханд хандан чангаар уйлан хашхирч, өөрийн “зөвт байдлын гомдлыг” сонсож өгөхийг гуйдаг (1). Тэрээр өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлээрээ ч, үйл үйлдлээрээ ч Бурханы өмнө зөвтөөр амьдарч ирснээ өчдөг (2-5). Зөвт амьдралаар баталгаажсан өөрийнх нь залбирлыг Бурхан сонсож, аврах болно гэдэгт тэр бат итгэж байлаа (6-8). Юунаас ч илүү Давид “Би зөвт байдал дундаа Таны нүүр царайг харах болно” хэмээн хэлдэг (15а). Мөн “Сэрэхдээ Таны төрхөөр сэтгэл ханах болно” гэдэг (15б). Шаналал зовлонтой зүйлсийг их туулах тусам харах хараа маань хумигдаж, нүд анигдаж болно. Хорвоо ертөнцөд ихийг өмчилсөн хүмүүст атаархах сэтгэл ч төрж болно. Гэвч сүнслэгээр сэрж, бодит үнэнийг харвал тэрхүү зүйлс ямар их хоосон болохыг ухаардаг. Бурхангүй хүмүүсийн шударга бус амьдрал гэдэг бол хоосон чанар юм. Гагцхүү зөвт байдал дундаа Эзэний нүүр царайг харах нь жинхэнэ ерөөл билээ. Эзэний дүр төрх буюу Бурхан Өөрөө л бидний сүнсний сэтгэл ханамж юм. Эзэний нүүр царайг зөвт хүн л харж чадна.
Амьдралд хэрэгжүүлэх нь: Ямар хүн Эзэний нүүр царайг харж чадах вэ?
Нэг үг: Зөвт байдал дунд үйлдэгч (алхагч) хүн