Өдөр бүрийн хоол /2026.07.30/

Та амийн замыг надад үзүүлнэ

Дуулал 16:1-11 (11)

Давид Бурханд хоргодон, Эзэн өөрийг нь үхлээс сахин хамгаалж өгөхийг гуйн залбирч байна. Тэрээр Эзэнээс гадуур өөрт нь ямар ч аз жаргал байхгүй гэдгийг өчдөг. Дэлхий дээрх гэгээнтнүүд (итгэгчид) бол эрхэм хүндтэй хүмүүс тул Давидын бүхий л баяр баясгалан гэгээнтнүүдийн дунд байдаг аж. Өөр бурхдад өргөл өргөвөл зовлон зүдгүүр нь нэмэгдэх тул Давид харийн бурхдад цусны ундаан өргөлийг өргөхгүй бөгөөд тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй гэж хэлж байна. ЭЗЭН бол Давидын өв ба хувиарлагдсан аяганы хувь мөн тул Тэрээр түүний хувийг сахин хамгаалдаг. Бурханы Давидад шугамаар хэмжиж өгсөн газар нутаг үнэхээр үзэсгэлэнтэй сайхан газарт байна. Давид Бурхан дотор жинхэнэ аз жаргалыг эдэлж, Бурханы өгсөн гэгээнтнүүд болон өмч хөрөнгөөр жинхэнэ баяр баясгаланг амсаж байна.
Давид ЭЗЭНийг үргэлж өөрийнхөө өмнө тавьдаг. ЭЗЭН түүний баруун талд байгаа тул Давид ганхахгүй (хөдлөхгүй) билээ. Түүний зүрх сэтгэл баяртай, сүнс нь ч баясан, махан бие нь ч аюулгүй амьдардаг. Учир нь Эзэн Давидын сүнсийг Шеол (үхэгсдийн орон)-д орхихгүй бөгөөд Өөрийн ариун Нэгэн буюу Христийг ялзралд оруулахгүй (мөхөөхгүй) учраас тэр юм. Эзэн Христийн дахин амилалтаар дамжуулан амийн замыг Давидад үзүүлсэн тул Эзэний оршихуйд бүтэн баяр баясгалан байж, Эзэний баруун талд мөнхийн цэнгэл оршдог байна. Давид хэдийгээр үхлийн харанхуй хөндийгөөр алхсан ч, Эзэн түүнд амийн замыг үзүүлсэн тул баяр баясгалангаар бялхаж байна.

Амьдралд хэрэгжүүлэх нь: Үхлийн харанхуй хөндийд ч яагаад баяр баясгалан бялхдаг вэ?
Нэг үг: Эзэн амийн замыг үзүүлсэн учраас

 

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 11-р номлол 2026 (07.26) Б. Баясгалан хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.31/