Өдөр бүрийн хоол /2026.07.23/

Та харсан билээ

Дуулал 10:1-18 (14)

Энэхүү дуулал нь 9-р дуулалтай холбоотой дуулал юм. Давид гамшиг зовлонгийн голд хашхиран гашуудаж байна. “ЭЗЭН минь, Та яагаад алс хол зогсоно вэ? Та яагаад зовлон зүдгүүрийн цагт нуугдана вэ?” (1) Гамшиг зовлонгийн цагт ЭЗЭН хөндлөнгийн ажиглагч болон хувирч, хулчгар зангаар нуугдсан мэт санагджээ. Тийм учраас бузар муу хүмүүс бардам дээрэлхүү зангаар дур зоргоороо авирлаж байна. Тэд ЭЗЭНийг өөрсдийнх нь бузар үйлийг шалгахгүй, шийтгэх ч үгүй хэмээн бодож, Бурхан гэж байхгүй хэмээн ярьж байлаа (4). Тэд шунал тачаалаар дүүрэн бөгөөд шуналаараа бахархдаг, харамч сувдаг бөгөөд тэдний ам нь хараал, худал хуурмаг, хүчирхийллээр бялхаж, хэлнийх нь дор хор хөнөөл ба нүгэл хилөнц нуугдаж байв. Тэд гэм буруугүй нэгнийг буланд чирч аваачин хөнөөж, хөөрхийлөлтэй нэгнийг барьж унагаж байлаа. Бурхан байхгүй гэж бодсон тул тэд ямар ч айдасгүйгээр бузар мууг үйлдэж байв.
Гэвч Давид “ЭЗЭН минь, босон зогсооч” хэмээн хашхирч байна. Зүгээр л харан суух биш, даруй оролцож өгөхийг гуйн залбирч байна. ЭЗЭНий мутраа өргөн, амьд байгаагаа харуулж өгөхийг хүссэн юм. Бүхнийг шалган шүүдэг Бурханыг харуулж өгөхийг гуйсан. Ингээд 14-р ишлэлд “Та харсан билээ. Та гай гамшиг, өс хорсолыг шалган мэддэг бөгөөд Өөрийн мутраар хариуг нь барих гэдэг. Тиймээс зөвт нэгэн Танд найддаг. Та эртнээс нааш өнчин хүнд туслагч байсаар ирсэн” хэмээн өчдөг. Эзэн бол бүх зүйлийг харж, бүхий л үйл явцыг шалган мэддэг Нэгэн юм. 17-р ишлэлийг харвал Эзэн даруу хүмүүсийн хүсэл найдварыг сонсдог бөгөөд тэдний зүрх сэтгэлийг батжуулж, тэдний хашхирах дуунд чихээ тавьдаг байна. Энэхүү Нэгэн бузар муу хүмүүсийн гарыг хэмхчдэг. Бузар муу хүний муу үйл дахин олдохооргүй болтол тэдний нүглийг эрж хайн шийтгэдэг билээ (15).

Амьдралд хэрэгжүүлэх нь: Гамшиг зовлонгийн цагт Бурхан байхгүй гэж бодогдож байна уу? Нэг үг: Эзэн харж, шалган мэддэг

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.24/