Шударга ёсоор хорвоог шүүгч Нэгэн
Дуулал 9:1-20 (8)
Энэхүү дуулал бол Давид насан туршдаа Бурханы нигүүлслийг амсан мэдэрснийхээ дараа Бурхан ямар Нэгэн бэ гэдгийг дуулж буй дуулал юм. Юуны түрүүнд Давид өөрт нь хайрласан Эзэний гайхамшигт үйлсүүдээс болоод чин сэтгэлээсээ ЭЗЭНд талархан, Эзэнд баярлан баясаж, Түүний нэрийг магтан дуулж байна (1, 2). Давидын амсан мэдэрсэн Бурхан бол нэгдүгээрт, хорвоо ертөнцийг шударга ёсоор шүүгч Нэгэн юм. Хорвоо ертөнц шударга бус мэт санагдаж болно. Бузар муу хүмүүс сайн явж, цэх шулуун (үнэнч) хүмүүс хохирч байгаа мэт харагдаж болно. Гэвч Бурхан сэнтийдээ залран зөвтөөр шүүдэг билээ. Тэрээр харийн улсуудыг зэмлэн, бузар муу хүмүүсийг мөхөөж, тэдний нэрийг арчин хаядаг (6). Дайснуудыг устган, нэрийг нь мөнхөд үгүй хийдэг. Харин эсрэгээрээ цус урсгагдсан хүмүүс болон ядуу зүдүү хүмүүсийн хашхирах дууг Тэр хэзээ ч мартдаггүй (12). Дарлагдсан хүмүүс болон гамшиг зовлонд нэрвэгдэгсдийн бат цаг цааж (царж) нь болж өгдөг. Бурхан заавал үнэн зөв шийдвэрээр шударга ёсыг тогтоодог байна.
Хоёрдугаарт, Давидын амсан мэдэрсэн Бурхан бол Түүний нэрийг мэддэг хүн, Түүнийг хайгч нэгнийг хэзээ ч орхихгүйгээр туслагч Нэгэн мөн (10). Эзэний нэрийг мэднэ гэдэг нь Эзэний зан чанарыг таньж мэдэн, Түүнтэй нэгдсэн амьдралаар амьдрахыг утгаар илэрхийлдэг. Давид өөрийгөө хязгаарлагдмал амьдралтай хүн гэдгээ маш сайн мэдэж байсан тул Эзэнд найдаж, зөвхөн Түүнийг л хайдаг байв. Дайн тулааны өмнө юу хийхээ мэдэхгүй гайхахдаа “Эзэн минь, би өгсөх үү?” хэмээн асуудаг байсан бөгөөд Саул өөрийг нь хавчин хавчиж байх үед “Эзэн минь, намайг үзэн ядагчдаас ирж буй миний зовлон зүдгүүрийг хараач” хэмээн залбирдаг байлаа. Ийнхүү үйлдэхэд Эзэн харийн улсуудыг өөрсдийнх нь ухсан заль мэхэнд унагаж, бузар муу хүмүүсийг Шэол (үхэгсдийн орон) рүү илгээсэн юм. Бурхан ийм шүүлтүүдээр дамжуулан Өөрийгөө таниулсан билээ (16).
Амьдралд хэрэгжүүлэх нь: Бурхан хорвоо ертөнцийг юугаар захирдаг вэ?
Нэг үг: Эзэний шударга шүүлтээр