2026 оны Гэтлэл 5-р номлол (05.17) Ариунболд хн

Мосед эцэс хүртэл тусласан Бурхан

Гэтлэл 4:1-31

Гол эшлэл 4:20

“Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг руу буцаж явав. Бурханы таягыг Мосе гартаа авлаа.”

Мосе Израил ард түмнийг египетийн боолчлолоос аварсан Агуу удирдагч, Бурханаас хууль тогтоолыг хүлээн авч ард түмэнд дамжуулж зааварласан Бурханы итгэмжит үйлчлэгч, зарц байсан. Гэвч тэрээр анхнаасаа ийм агуу байгаагүй. Бурхан түүнийг анх дуудахад өөрийгөө голдог, хүчгүй сул дорой нэгэн байсан. Мөн хүмүүсээс авсан шархнаас болж үл итгэлд автагдсан, хүмүүсээс айдаг нэгэн байв. Гэвч Бурхан ийм Мосег авралын ажилд сонгон дуудаж, үгийг хүлээн авахад эцэс хүртэл нь тэвчээртэй тусалсан учраас тэр агуу удирдагч болж чадсан.

Өнөөдрийн үгээр дамжуулан сонгосон хүнээ дуудлагыг хүлээн авах хүртэл уйгагүй тэвчээртэй тусалдаг Бурханы агуу хайрыг сурч чадахыг хүсэн гуйж байна.

Өмнөх 3-р бүлэг дээр Бурхан Мосег дуудаж Израил ард түмэн ба Фараонд очиж дамжуулах үгийг тодорхой зааж өгсөн. Гэтэл Мосегийн хандлага ямар байсан бэ? 1-р эшлэлийг үзээрэй “Тэгэхэд Мосе хариулан – Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин Эзэн чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв. Мосе Эзэний үгийг сонсонгуут Израилийн хөвгүүд өөрийнх нь үгийг сонсохгүй, Бурхан өөрт нь үзэгдсэнийг ч хүлээн авахгүй байх гэж бодсон. Түүний энэ үгэнд ард түмэндээ хандсан үл итгэл болон айдас гүн шингэсэн байлаа. Учир нь тэр өмнө нь өөрийн хүч чадал, шийдвэрээр Израилчуудыг аврахыг оролдож, харин үүнийхээ хариуд эсэргүүцэл ба гологдлыг амссан юм.

Мосе Бурханы ард түмний төлөө хамт зовж, тэднийг аврахыг хүссэн чин сэтгэлтэй байсан ч тэр хүсэл нь шарх болон үлджээ. Эцэст нь тэр Фараоноос зугтан Мидианд цагаачлан амьдрах болсон. Урьдын тэр үйл явдлыг санах бүрд хүмүүсээс гологдсон шарх нь дахин сэдэрдэг байв. Тиймээс одоо дахин тэдэн дээр очно гэхэд түүний зүрхэнд айдас төрж, нэг л болж өгөхгүй байлаа. Бидний амьдралд ч ийм зүйл тохиолддог. Хүмүүст сайн санаагаар тусалж байгаад эсэргүүцэл, үл ойлголцол амсах үед тэр нь сэтгэлд гүн шарх үлдээдэг. Тэр шарх аажмаар хүмүүст хандах үл итгэл болон хувирч, дахин хэн нэгэнд туслах хүсэлгүй болгодог. Заримдаа бүр хүмүүстэй харилцахаас хүртэл айдаг болдог.

Мосе Мидианд 40 жил амьдарсан ч түүний зүрхэнд нуугдсан байсан энэ шарх бүрэн эдгээгүй байлаа. Тэр өөрийн доторх үл итгэл, айдсаас болж Бурханы даатгасан ажлыг хийж чадахгүй мэт санагдсан. Иймээс Мосед зөвхөн тушаал бус, харин Бурхан үнэхээр өөртэй нь хамт байгаа гэсэн баттай итгэл болон үүргээ биелүүлэх бодит хүч чадал хэрэгтэй байв.

Бурхан Мосегийн энэ байдлыг гүнзгий ойлгож байсан. Тиймээс Тэр Мосег буруутгаж, хүчээр шахсангүй. Харин айдас ба шархтай нь хамт байж, бодит тэмдэг болон хүч чадлаар дамжуулан түүнд тусалж эхэлсэн юм.

2-р эшлэлийг үзээрэй. “Тэгэхэд Эзэн түүнээс “Гарт чинь юу байна вэ?” гэж асуухад тэр таяг гэж хариулсанд” Түүний таяг хонин сүргийг хариулахад хэргэлдэг байв. Таягаар хоньдыг хөтлөн дагуулж, аюулаас хамгаалдаг байв. Мөн ядраад хүчгүй болоход таяг нь түшиг болдог байлаа. Гэвч түүний хувьд энэ таяг тийм сайхан санагдахгүй байсан. Цагаач малчин болж, муу хувь заяа ба шантарсан амьдралын тэмдэг байсан. Энэ таягт түүний цөл дэх 40 жилийн зовлон, ганцаардал, гуниг шингэсэн байлаа. Болж өгвөл хаячихмаар мартмаар зүйл байсан байх аа.

Бурхан Мосед юуг тушаасан бэ? 3-р эшлэлийг үзвэл “Тэр түүнийгээ газар хая” гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав. Харин Эзэн Мосед “Гараа сунган түүнийг сүүлнээс нь барь” гэлээ. Энэ нь Мосегийн доторх айдсыг даван туулах дасгал байлаа. Уг нь могойг сүүлнээс бус хүзүүнээс барих ёстой. Мосе үүнийг маш сайн мэддэг байсан учир сүүлнээс барихаас маш айсан байх. Харин Мосе Бурханы үгэнд итгэн сүүлнээс нь барихад тэр могой гарт нь таяг болж хувирсан. Бурхан могойн тэмдгийг үзүүлж, сүүлнээс нь бариулсан нь айдсыг даван туулах итгэлийг суулгахын тулд байсан.

Египетэд могой бол Фараон хааны эрх мэдлийг билэгддэг байсан бөгөөд Фараон хааны титэмд кобра могойн дүрсийг сийлдэг байжээ. Мосе өөрийг алах гэж байсан Фараоноос зугтаж, 40 жил цөлд амьдарсан. Тэрээр хол газар зугтан амьдарч байсан боловч, үргэлж хэн нэгэн араас нь хөөж байгаа мэт айдастай амьдарсан. Египетэд буцан очих нь одоо ч айдас түгшүүртэй зүйл байлаа. Харин Мосе Бурханы үгийг даган могойн сүүлнээс барихад таяг болсон. Бурхан энэ тэмдгээр дамжуулан Мосег Фараонд очих нь айдас түгшүүртэй зүйл боловч Өөрийнх нь үгэнд итгэн дагвал Фараон нь энэ мод төдий гэдгийг ухааруулахыг хүссэн. Мөн Мосед ард түмнээсээ гологдоно гэсэн айдас ч байсан. Гэвч Бурхан харахад ард түмэн ба Фараон нь асуудлын гол биш харин Мосегийн зүрхэнд буй айдас нь гол асуудал гэдгийг мэдэж байсан бөгөөд түүнд тусалсан юм.

Өнөөдөр оюутан залуусын хамгийн том асуудал нь зөвхөн хичээл, мөнгө, ирээдүйн асуудал биш, харин сэтгэл зүрхний доторх сүнсний хоосрол, айдас, утга учиргүй байдал юм. Гаднаасаа инээж, мөрөөдөлтэй мэт харагдавч дотор нь “Би хэн бэ?”, “Яаж амьдрах ёстой вэ?”, “Миний амьдралын утга юу вэ?” гэсэн асуултууд байдаг.

Энэ асуултуудад хүний ухаан, туршлага, эсвэл их сургуульд сурсан эрдэм мэдлэг нь тус болдоггүй. Харин Бурханы үг л хүний сүнсийг амилуулж, зөв замд удирдаж, итгэлээр амьдарч чадна.

Мосегийн гарт байсан таяг нь цөлд өнгөрүүлсэн он жилүүд, сул дорой байдал, шаналлыг агуулж байсан. Гэвч Бурхан тэр таягийг ашиглан Өөрийн ажлыг хийсэн. Үүнтэй адил өнөөдөр Бурхан Өөрийн үг болох Библиэр дамжуулан хүний амьдралд ажилладаг. Таяг хоньдыг удирддаг шиг Бурханы үг хүний амьдралыг удирддаг. Хоньчин таяггүйгээр сүргээ зөв авч явж чаддаггүйтэй адил, хүн Бурханы үггүйгээр итгэлийн замаар амьдрахад хэцүү байдаг. Олон залуус өөрийн бодол, мэдрэмж, эсвэл бусад хүмүүсийн чиг хандлагыг дагаж амьдардаг учир улам төөрөлдөж, зүрх нь хоосордог. Харин Бурханы үг бол харанхуй дундах гэрэл бөгөөд хүнийг амийн зам руу хөтөлдөг.

Сүнслэгээр харахад өнөөдрийн залуусын амьдралд уруу таталт маш их байна. Гэм нүгэл, завхайрал, донтолт, садар самуун, зугаа цэнгэл хүний сүнсийг аажим аажмаар үхүүлдэг. Ийм үед Бурханы үг л хүнийг хамгаалж чадна. Есүс ч Сатаны сорилтыг Бурханы үгээр ялсан. Тиймээс Бурханы үгийг зүрхэндээ хадгалдаг хүн итгэлээр тууштай амьдарч, сүнслэг тулаанд ялалт байгуулах болно.

Оюутан залуус гаднаасаа хүчтэй мэт харагдавч дотроо маш их ядарсан байдаг. Ирээдүйн айдас санаа зовиур, бусадтай өөрийгөө  харьцуулсан харьцуулалт, бүтэлгүйтэл, ганцаардал нь тэдний сэтгэл сүнсийг доройтуулдаг. Ийм үед Бурханы үг хүнд дахин босох хүч өгдөг. “Бүү ай, учир нь Би чамтай хамт байна” гэсэн үг нь зүгээр нэг өгүүлбэр биш, харин хүний сүнсийг амилуулдаг Бурханы амьд дуу хоолой юм. Мосе могойн сүүлнээс барих үед тэр айдсаа даван гарсан. Үүнтэй адил Бурханы үгэнд итгэн дуулгавартай алхах үед айдас, гэм нүгэл, шарх, бүтэлгүйтлийг даван туулах хүчийг авдаг. Бурханы үг бол зүгээр мэдлэг биш, харин хүний дотор ажиллаж, түүнийг өөрчилдөг амьд хүч юм. Тиймээс өнөөдрийн оюутан залууст хамгийн хэрэгтэй зүйл нь зөвхөн сайн сургууль, мөнгө, эсвэл амжилт биш. Харин амьдралыг нь зөв чиглүүлж, сүнсийг нь хамгаалж, унах үед нь түшиж босгодог Бурханы үг юм.

6,7-р эшлэлийг үзээрэй “6 Тэгээд ЭЗЭН цааш нь түүнд —Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв. 7 Тэрээр—Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд, өврөөсөө гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь бие махбод шиг нь эрүүл болсон байлаа.”

Иудейчүүд уяман өвчнийг эдгэшгүй гэж үздэг байв. Тиймээс уяман өвчин эдгэх нь боломжгүй зүйл байсан.

Эндээс уяман өвчин нь египтчүүдэд боочлогдож буй изралийн өрөвдөлтэй байдал ба египтчүүдийн гэмт амьдралд автагдсан тэдний сүнсний байдлыг харуулдаг. Мосе өвөртөө гараа дахин хийгээд гаргахад эдгэрсэн нь израил ард түмэн египетийн боолчлолоос чөлөөлөгдөн Бурханы ариун ард түмэн болж сэргэнэ гэдгийг билэгдэж байна(Тоол 11:12).

Энэ тэмдгээр дамжуулан уяман өвчин зөвхөн Бурханы хүч чадлаар эдгэдэг шиг боломжгүй мэт харагдах, чөлөөлөгдөх ажил нь зөвхөн Бурханы төгс хүч чадлаар л боломжтой болно гэдгийг харуулжээ. Бодит байдлыг харвал 2 сая ард түмэн египтээс чөлөөлөгдөх, канаан газарт орох нь ч боломжгүй зүйл юм. Харин Мосег дуулгавартай дагахад Бурхан уяман өвчин эдгэсэн шиг боломжтой болгоно гэдэгт итгэхийг хүссэн.

Сайн мэдээний ажил ч гэсэн бодит байдлыг харвал уяман өвчин шиг боломжгүй мэт харагдана. Гэвч бид итгэлээр Бурханы үгийг дуулгавартай дагавал төгс хүчит Бурхан боломжгүй аварлын түүхийг удирдаж, биелүүлэх болно.

8,9-г үзээрэй 8 —Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойд итгэж болох юм. 9 Харин тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, үгийг чинь сонсохгүй бол чи Нилээс ус авч хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв.”

Бурхан энэ гурав дахь тэмдгийг харуулалгүй, амлалтыг л өгсөн. Бурхан ийнхүү гурван тэмдгээр дамжуулан ард түмэн Түүний үгийг сонсоно гэсэн бат итгэлийг суулгахыг хүссэн.

Гэтэл Мосе яасан бэ? 10-р эшлэлийг үзээрэй “10 Мосе, ЭЗЭНд
—Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам эвлэдэггүй хүн гэж хариулав.”.

Мосе Израил ард түмнийг Фараоноос чөлөөлж Канаан хүртэл удирдах үүргийг биелүүлэх гэвэл уран үгтэй байх хэрэгтэй гэж бодсон. Мосе одоо ч хүний авьяас чадлаар Бурханы ажлыг хийх хэрэгтэй гэж бодсоор байв. 40 жилийн өмнө бол гайгүй чадалтай байсан харин одоо ямарч чадваргүй учаас чадахгүй гэж татгалзаж байна. Мосе Бурханы хаанчлалын ажил нь үгэнд бус Бурханы хүч чадлаас хамаарна гэдгийг ухаараагүй байв. Түүнд Бурханыг түшиглэх итгэл л үгүй байлаа. Бурханы өгсөн үүргэнээс татгалздаг хүний ихэнх нь хүч чадалгүй учраас бус өөрийн хүч ба нөхцөл байдлыг түшиглэх гэсэн үл итгэл ба бардам сэтгэлээс шалтгаалдаг.

11-р эшлэлийг үзээрэй “11 ЭЗЭН түүнд—Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл хараагүй болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?” хэмээн түүнийг Бүтээгч буюу Төгс хүчит Бурханд итгэхэд тусалсан. Гэвч Бурхан “Хүний амыг хэн бүтээсэн билээ?” хэмээн асууж, Өөрөө Бүтээгч бөгөөд түүнтэй хамт байх болно гэдгээ ойлгуулсан. Бурханы ажил нь хүний авьяас чадвараар бус, Бурханы удирдлага, ариун сүнсний хүч чадлаар хийгддэг.

Гэтэл Мосе “Өө  Эзэн, Та өөр хэн нэгнийг явуулаач” гэв(13). Өөр шалтгаалах юмгүй болсон Мосе ерөөсөө явж чадахгүй өөр хүнийг явуулаач хэмээн дахиад татгалзсан.

Мосе одоо хүртэл олон шалтаг ярьсан боловч үнэндээ Бурханы үүргийг авмааргүй байсан. Тэрээр Египетээс израил ард түмнийг гаргах нь тийм ч амар ажил биш гэдгийг сайн мэдэж байв. Мөн цөлийн амьдралд  одоо л дасал болж, гэр бүлтэйгээ амар тайван амьдарч байлаа. Тиймээс ямар ч асуудалд орооцололгүй чимээгүй хувийн амьдралаар амьдармаар байв. Мөн өөрөөс нь илүү залуу чадалтай итгэл сайтай хүн олон байхад яагаад заавал өөрт нь энэ үүргийг даатгах гэж байгааг Мосед ойлгойхгүй байв. Тэгээд Мосе татгалзсаар байлаа.

Тэгвэл Бурхан ийм Мосед яасан бэ? 14а-г үзээрэй “Тэгтэл Эзэний уур хилэн Мосегийн эсрэг бадарч” Бурханы уур хилэн Мосегийн эсрэг бадрав. Энэ нь одоо хүртэл Бурханы уур нь хуримтлагдсаар байгаад тэвчишгүй болж, галын дөл  шиг бадарсан гэсэн утгатай. Үүнээс харвал Бурхан Мосегийн бүх үгийг тэвчээртэй сонсоод байсан ч тэр болгонд нь уур нь хуримтлагдаад байсан гэдгийг мэдэж болно.  Тэгээд Бурхан түүний эсрэг гал шиг бадарч хилэгнэв. Татгалзсаар байсан Мосе Бурханыг хилэгнэхэд үхэх юм шиг айдас төрсөн байх. Хилэгнэж буй Бурханы өмнө өөрийн үл итгэл ба дуулгаваргүй сул дорой байдлыг гүнзгий ухаарсан байх.

21-23-г үзээрэй Бурхан Мосег Египтэд очоод Фараоны өмнө бүх гайхамшигийг үйлдээрэй гэв. Гэсэн ч Фараон тийм амархан ард түмнийг тавьж өгөхгүй гэдгийг ч хэлж өгсөн.  Тэгээд Бурхан Фараоны ууган хөвгүүнийг ална гэж сануулав. Ингээд Мосе замд гарав. Гэтэл юу тохиолдсон бэ? 24-г үзээрэй “24 Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв. 25 Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ тээрхийн арьсыг танаад Мосегийн хөлд  хаяж —Чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлэв.”

Учир нь Мосе бага хүүдээ хөвч хөндөлт хийлгээгүй байжээ. Зиппора хүүхдээ өвтгөж зовоохыг хүсээгүй учраас энэ асуудлыг хойш тавьсан бололтой. Гэвч Мосе гэнэт үхэх шахсан үед тэр энэ бүхэн Бурханы өмнө дуулгаваргүй байснаас болсон гэдгийг шууд ойлгожээ. Тиймээс тэр даруй хүүдээ хөвч хөндөлт хийсэн бөгөөд үүний дараа Бурхан Мосег эдгээв.

Бурхан яагаад ингэсэн бэ?

Одоо Мосе Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, амлалтыг биелүүлэхээр явж байлаа. Гэтэл өөрийн гэр бүлд тэр гэрээний тэмдэг болох хөвч хөндөлтийг үйлдээгүй байсан юм (Эхлэл 17:14).

Тиймээс Бурхан Мосед Өөрийн үүргийг биелүүлэхээс өмнө эхлээд өөрийгөө болон гэр бүлээ эргэн шалгахыг хүссэн. Мосегийн амь насанд аюул учруулснаар Бурхан түүний дуулгаваргүй асуудлыг ил болгож, гэмшиж, Өөрийн үгийг дагахыг хүссэн байна.

Бурханы үүргийг хүлээн авсан хүн эхлээд өөрөө болон гэр бүлээрээ Бурханы өмнө зөв зогсох хэрэгтэй. Иймээс сүнсний удирдагч хүн бусдад заахаасаа өмнө өөрийгөө болон гэр бүлээ шалгах шаардлагатай. Хэрэв Бурханы үгтэй зөрчилдөж буй зүйл байвал түүнийгээ гэмшиж, шийдвэрлэх хэрэгтэй. Гэр бүлээ эхлээд Бурханы үгэн дээр зөв босгож чадвал Бурхан түүнийг Өөрийн хүслийн дагуу зөвөөр ашиглаж чадна.

Эзэн Аароныг Мосед явуулж уулзуулсан.  Мосе Ааронтой хамт Израилийн ахмадууд дээр очиж, ЭЗЭНий хэлсэн бүх үгийг дамжуулан, өгсөн тэмдгүүдийг үйлдэж, ард түмэн итгэжээ. Мөн ЭЗЭН тэдний зовлон шаналлыг харж анхаарсан гэдгийг сонсоод Бурханд мөргөн талархав.

Дүгнэлт:

Бурхан сонгон дуудсан хүнээ эцэс хүртэл тэвчээртэйгээр тусалж, удирддаг гэдгийг зааж өгсөн Бурхан Аавдаа талархаж байна.Мосе бүх айдсаа бүрэн давсан учраас биш, харин Бурханы үгэнд дуулгавартай байсан учраас Египет рүү явсан.

Миний хувьд номлол бичиж байхдаа Бурханы үг болсон библийг тууштай уншиж амжихгүй, завгүй, ажил ихтэй гэсэн өчүүхэн зүйлүүдээр шалтаглаж байсандаа гэмшиж байна. Бурхан Аав манай гэр бүлд Энэрэл, Ивээл охиныг зөвшөөрөн өгөөд удирдан хамгаалж байгаад талархаж байна. Эзэний дотор сүнс ба бие махбодиор эрүүл өсөхөд удирдаж өгөхийг хүсэн гуйж байна. Ямар ч үед библиэ тууштай уншиж Эзэний үгээр дүүрэн тэмцэлтэй амьдрахад удирдаж өгөхийг хүсэн гуйж байна.

Энэ цагт өөрийн сул дорой байдлаа харж Бурханы дуудлагад татгалзах биш, харин эсрэгээрээ Бурханы надад өгсөн амлалтуудыг санаж итгэлийн амьдралаар тууштай алхаж амьдарцгаая. Манай гэр бүлийг Монголын болон дэлхийн оюутан залуусыг хаанчлалын сайн мэдээ дамжуулахад хамгийн сайнаар удирдаж өгөхийг хүсэн гуйж байна. Бурханы таягыг Мосе гартаа авсан шиг энд сууж байгаа бид бүгдээрээ Эзэний үгийг гартаа авцгаая.

Итгэлийн амьдралдаа өнөө маргаашийн бодит харагдаж байгаа зүйлд санаа зовж амьдрах бус Бурханы үгийг зүрх сэтгэлдээ сийлэн, итгэлийн амьдрал, хоньчны амьдралаар тууштай урагш алхаж амьдарцгаая.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.18/
Дараагийн нийтлэл2026 оны Иохан тусгай 1-р хичээлийн асуулт (05.24)