2026 оны Гэтлэл 2-р номлол (04.19) Х. Бүүвэйбаатар хн

МОСЕГ БЭЛТГЭСЭН БУРХАН

Эшлэл 2:1-12
Гол эшлэл 2:10

“Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд – Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.”

Өнөөдрийн номлол нь Бурхан өөрийн сонгосон ард түмнийг боолчлол ба шантралын дундаас гаргахын тулд нэгэн хүнийг урьдаас бэлтгэж байгаа Бурханы удирдлага, төлөвлөгөө, сонголтын талаар суралцах болно. Израилын ард түмнийг Египит нутгаас гаргах Бурханы төлөвлөгөөний эхлэл хэсэг бол удирдагчийг сонгож бэлтгэх байлаа.

НЭГ. МОСЕ МЭНДЛЭВ. (1-9)

1-2р зүйлийг үзээрэй. “Левийн гэрийн нэгэн хүн явж, Левийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуужээ”. Бид өмнөх бүлгээр сурсанчлан тухайн үед Израиль ард түмэн Египетийн боолчлол, хүнд хүчир ажлын хэцүүг хийж, шантрал цөхрөлийн дунд амьдарч байсан. Тэд мөн Бурханы ивээлээр маш их олуулаа болж өсөж үржсэн ба мөн хүчирхэг болсон (1:20). Иймээс Египетчүүд тэднээс айж, өсөлтийг нь зогсоохын тулд эцэстээ Израилаас төрсөн хүү бүрийг алж, охин хүүхдийг амьд үлдээх Фараон хааны тушаал гарсан.

Ийм хүнд хэцүү нөхцөл байдлын дунд Леви овгийн залуус болох Амрам болон түүний эхнэр Иохеб хоёрын гэр бүлд хүү мэндэлсэн. Аав ээж хоёр нь хүүг хараад хүнд нөхцөл байдлын дунд хүүг хэрхэн яаж өгсөх билээ гэж гомдолсонгүй, харин ч баяр хөөртэйгээр талархан хүлээн авч байна. Тэд хүүгийнхээ сайханыг үзэхдээ гэж тодотгон хэлсэн нь хүүд нь тавьсан Бурханы онцгой таалал удирдлага байгаа гэж, мөн Бурхан түүнийг амьд үлдээж хэрэглэнэ гэдэгт итгэсэн. Тиймээс тэд амь наснаа дэнчин тавин байж хааны тушаалыг сөрөн хүүг нууж чадах хүртэл буюу 3 сар хүртэл өсгөв. Библиэс харвал энэ гэр бүл Мириам гэдэг охинтой, Аарон гэдэг хүүтэй айл аж. 3 сартай хүүхэд хэр өхөөрдөм, хэр их анхаарал хайр хэрэгтэйг та бүхэн Ариунболд хоньчны охин Ивээлээс харж болно.

3-р зүйлийг үзээрэй “Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав.” Ингээд тэд хүүгээ ус нэвтрэхгүй сагс бэлтгэн, дотор нь хийж, Нил мөрөний зэгсэнд тавьсан. Эцэг эх хүний хувьд сэтгэл өвдөж эмзэглэх хэцүү үе юм. Хөндлөнгөөс харвал төрсөн хүүгээ гаргуунд гаргаж байгаа мэт харагдана. Харин тэдний хувьд хүүгээ өөрсдийнхөө мутраас гарган Бурханы мутарт даатгасан. Ийм том шийдвэр гаргах үндэс бол аав ээжийн хоёрын итгэл юм. Энэ итгэлийн дагуу Бурхан ажиллаж, удирдана гэсэн найдвар юм. Хүүхдээ анх удаа өөрөөсөө холдуулах үед эцэг эхчүүд ийм мэдрэмж авдаг байх. Тамир охиноо анх удаа цэцэрлэгт үлдээгээд явах үед надад ийм мэдрэмж төрж байсан. Мосегийн эцэг эхийн итгэлээс бид дараах зүйлийг сурж болно.

– Эцэг эх хүний хувьд бид хүүхдээ өөрийн юм шиг хандахаас илүү ийнхүү Бурханд найдах сэтгэлээр өсгөх, Бурханд даатгах итгэлтэй байх хэрэгтэйг сурч болно. Өөрөө бүрэн хамгаална гэсэн сэтгэлээр хандах үедээ Бурханы хамгаалалтаас холдуулж байж болзошгүй юм.
– Мөн хоньчин хүний хувьд бид даатгаж өгсөн оюутнуудыг мөн Бурханд найдсан итгэлээр харж, тусалж, өсгөх хэрэгтэйг сурч болно. Бид Бурханд итгэж найдаж чадахгүй бол өөрсдийн төлөвлөгөө, тооцоололд найдах болдог ба энэ нь удаан үргэлжлэхгүй юм. Нэг оюутны өмнөөс чин сэтгэлээсээ гэмших нь тэднийг Бурханд найдаж ариун сүнсний хийх ажилд орон зай гаргаж өгч буй Мосегийн эцэг эхийн адил итгэл юм.

Зэгсэн дунд байгаа хүүгийн хувь заяа яаж ч эргэж магадгүй эгзэгтэй үе юм. Нил мөрөн бол хурдан урсгалтай, мөн матар зэрэг махчин амьтантай тул живэх эсвэл амьтны идэж болох аюул их байсан. Хэрэв аз болж хүн олбол Египетчүүд еврейчүүдэд дургүй тул хааны тушаалын дагуу алах магадлал мөн өндөр. Гэвч Бурхан гайхалтай ажилласан гэдгийг холоос харж байсан Мосегийн эгч гэр бүлийнхэндээ мэдэгдсэн.

5-р зүйлийг үзээрэй. “Фараоны гүнж усанд орхоор Нил уруу ирж шивэгчингүүд нь Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэнд дунд мөнөөх хулсан сагс байхыг тэр хараад шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа.” Египетын гүнжийг усанд орох үедээ зэгсэн дунд уйлах чимээг сонсоод шивэгчингүүдээ илгээхэд хулсан сагстай хүүг авчирсан. Тэр уйлж буй хөвгүүнийг хараад өрөвдсөн ба еврейчүүдийн нэг гэдгийг төвөггүй мэдсэн. Бурхан хааны гүнжийн сэтгэлийг мөн бэлтгэсэн ба түүний өрөвдөх хайрын сэтгэлийн улмаас хүүд муу зүйл тохиолдоогүй. Мосегийн эцэг эх нь хүүгээ сагсанд хийж Нилд тавьж явуулснаар хааны тушаалыг биелүүлсэн ба харин хааны гүнж түүнийг олж өрөвдөн өөрийн хүү болгосноор цаашид еврей гэдэг шалтгаанаар хавчигдах, алагдах аюулаас хамгаалагдсан. Бурхан бол бүх хаадын хаан. Хаадыг Бурхан зөвшөөрсөн байдгыг харж болно.

4-р зүйн мөн 7-р зүйлд хүүгийн эгч юу болохыг ажиглан зогсож байсан ба гүнж хүүг олох үед ухаан сийлэн танд хүүг хөхүүлэх хөхүүл еврей эмэгтэй дуудах уу гэж асуулаа. Египетийн гүнж еврей хэлээр биш харин Мосегийн эгч Мириам египет хэлээр ярьсан байх магадлал өндөр юм. Тэр ухаалаг, сэргэлэн байж дүүгээ аврах, улмаар Бурханы ажилд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Мосегийн ээж эгчийг нь харуулаар явуулсан нэг шалтгаан нь дүүд нь муу зүйл тохиолдох уу? боломж гарвал туслаарай хэмээн захиж явуулсан байх. Ээжийн итгэл найдвар, Бурханд түшиглэдэг байдлыг бид эндээс дахин харж болно.
8-р зүйл харвал гүнж охиныг яв гэж хэлэхэд охин хүүгийн ээжийг дуудууллаа. Энэ мөч бол ээжийнхэн нь хувьд гуйлтын хариулт ирж байгаа үйл явдал байлаа. Бид гуйлтын хариуг авах бүрдээ маш их баярлаж талархадаг шиг Мосегийн ээжийн хувьд маш баярласан. Хүүтэйгээ дахин уулзах боломж гаргаж өгсөн Бурханд үнэхээр их талархсан байх. Бурханд мөн энэ үйл явдал маш тааламжтай байсан байх.

9-р зүйлд хааны гүнж хүүг авч надад хөхүүл өг гэж тушаан төлбөрийг нь төлөх болно гэж хэлжээ. Энэ үйл явдалыг харвал үхэх тушаалтай байсан хүү маш олон талын хамгаалалтанд орсон байгааг харж болно.
1. Юуны түрүүнд тэр еврей хүү бүр үхэх ёстой гэсэн хааны тушаалаас хэлтэрүүлдэгдэж, амьд үлдэх боломжтой болсон.
2. Өөрийн төрсөн ээж нь түүний өсгөх боломжийг Бурхан олгосон.
3. Египетны хааны гэр бүлийн гишүүн болсноор хамгаалалт, эрх ямба, боловсрол гээд бүх боломжууд нээгдсэн. Үндэс нэгт еврейчүүд хүнд хүчир ажил, элдэв шахалт дарамт, амьдарлын гашуун зовлонг амсаж байхад тэр хааны хүүгийн ёсоор өсөж торних давуу эрхтэй болсон.
4. Мосе өөрийн төрсөн гэртээ санхүүгийн асуудалд тус нэмэр болж эхэлсэн зэрэг олон хайр ивээл боломжуудыг өгсөн байгааг харж болно.

Бид нар хэцүү байдлын дунд талархах сэтгэл сурах нь хамгийн чухал. Өдөр бүр талархах сэтгэлээр амьдрах нь хүнд хэцүүгийн дундаж сайныг олж харах итгэлийг өгдөг. Бид нар мөн адил хүнд хэцүү үеийн дунд талархахдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.

ХОЁР. МОСЕ ӨСӨЖ ТОМ БОЛОВ (10-12)

10-р зүйлийг үзээрэй “Хөвгүүнийг өсөж том болоход эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүү нь болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд – Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж хэлжээ.” Мосег өсөж хөхнөөс гарч, мөн арчилгаа шаарддаг үеэ өнгөрөөж гараас гарах үед нь эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачиж өгсөн. Фараоны охин түүнд Мосе гэдэг нэр өгчээ. Мосе гэдэг нэр нь “татаж гаргах”, “уснаас гаргах” гэсэн утгатай еврей үг юм. Ийнхүү Мосе төрүүлсэн ээжийн хүмүүжил болон хааны ордны хүмүүжлийг олж авсан нь ямар ач холбогдолтой байна вэ, үүний цаана Бурханы ямар таалал байна вэ?

Гэрийн хүмүүжил:
Мосе ухаан орох хүртэл ээжтэй хамт байсан нь түүнийг өөрийн байр сууриа ойлгох, үзэл бодол тогтоход том нөлөө үзүүлсэн байна. Түүний эцэг эх нь Египетийн хүнд хүчир ажлаа амжуулахын хажуугаар залхууралгүйгээр библи уншиж өгч, Абрахамын Бурхан, Исакын Бурхан, Иаковын Бурханыг тайлбарлан өгч, Бүтээгч Бурханы агуу чанар, авралын ажил, төлөвлөгөө, түүхийг ярьж өгч, хичээнгүйлэн Бурханд итгэх итгэлтэй хүн болон өсөхийн төлөө залбирдаг байсан байх. Мөн Бурханы сонгосон ариун ард түмэн гэдэг үзэл бодлыг, энэ нэрийг нандигнах итгэлийг суулгахыг хичээсэн. Тиймээс Мосе Бурханд итгэх итгэлтэй, бат бөх сэтгэлзүйтэй, хүнлэг, тууштай, бусдын төлөө зогсох чадвартай хүн болж өссөн.

Гэрийн боловсрол хүмүүжил, хүүхдүүддээ нөлөөлөх эцэг эхийн нөлөө маш өндөр байдгийг бид өдөр тутам эргэн тойрны тохиолдлоос харж болно. Эцэг эх болсон бид хүүхдүүддээ Бурханы төлөвлөгөө таалал юу болохыг олохын төлөө залбирч өсгөх, хүүхдүүддээ итгэлийн хувьд хэн бэ гэдгийг нь зааж, хэлж, үлгэрлэх, Бурханд даатган, шаардлагатай үед өөрөө хойш сууж Бурханд байр сууриа тавьж өгөх чадвартай байх хэрэгтэйг сурч болно.

Ордны боловсрол:

Тухайн үеийн дэлхийн тэргүүлэх улс оронд хааны ордонд эрдэм мэдлэг, ур чадварт суралцаж эхэлсэн. Тэр гүн ухаан, түүх, уран зохиол, хууль, шинжлэх ухаан, математик, одон орон, цэргийн эрдэм, бие хамгаалах урлаг, барилга зэрэгт мэдлэг чадвартай болсон. Мөн үүгээр зогсохгүй ирээдүйн хаан болох магадлалтай байсан. Улмаар тэр Египетийн нийгэм, соёлыг ойлгож тэдэнтэй харилцах чадвартай нэгэн болсон.

Үргэлжлүүлэн 11-р зүйлийг үзээрэй.
Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нэр дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Мөн ах дүүсийн нэг болох еврейг египет хүн зодож байхыг харав. Эрдэм мэдлэгтэй нас биед хүрч аливааг ялгах чадвартай болсон Мосе энэ үйлдэлийг тэвжиж чадсангүй. Хүмүүсийн нүдийг хариулж байгаад египет хүний алж орхисон. Тэгээд элсэнд булж нуусан. Мосе яагаад ийм сонголт хийх болоо? Тэр эр бяр амтагдаж, хүн цохисон уу?
Тэр өөрийн ард түмэн болох Еврейчүүдийг хүнд хэцүү байгааг хараад ийм үйлдэл хийсэн. Мосе өөрийн амьдралыг тунгаан бодож бэлэн сайхан амьдралаас илүү үнэтэй цэнэтэй баяр хөөр утга учиртай амьдралын чиглэлийг сонгох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэр өөрийгөө еврей хүн гэдгийг улам бүх ойлгомж ухамсарлаж гүнзгий ойлгосон. Тэрээр сонголт хийх шаардлагатай болсон Фараоны охины хүүгээр амьдрах уу? Эсвэл еврей хүнээр амьдрах уу гэдэг сонголтыг хийх хэрэгтэй болсон. Тав тухтай, нэр хүндтэй, боломж дүүрэн замыг сонгох уу, зовж буй Бурханы ард түмэнтэй хамт байхыг сонгох уу? Тухай цаг үед ч одоо ч гэсэн хэрэв ийм сонголт хийх бол Фараоны ордыг сонгох байх. Тэр газарт хүмүүсийн хүсдэг баялаг алдар нэр, эрх мэдэл, магтаал сйашаал гэх олон зүйл байсан.

Мосе ямар сонголт хийсэн бэ? Еврей 11:24-26 үзвэл “Итгэлээр Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа.” Мосе энэ хааны ордныг сонгосонгүй, харин тэр өөрийн ард түмэнтэй хамт Христийн алдарын төлөөх сонголтийг хийсэн. Бусад хүмүүсийн нүдээр харвал ухаангүй, буруу сонголт хийсэн мэт харагдана. Бурханы хүмүүсийн хамт Христийн зовлонд оролцох нь юутай ч харьцуулашгүй мөнхийн үнэ цэнэтэй амьдрал гэдэгт итгэсэн.

Бидэнд мөн өдөр бүр хийх сонголт тухайлбал, – ямар автобусанд суух, – ямар хоол хийх, – өглөө босож залбирах гэх мэт сонголтууд байдаг. Мөн ямар мэргэжил сонгох, ямар ажилд орох, хэнтэй гэрлэх, хаана амьдрах гэх мэт томоохон сонголтууд хийх цаг ирдэг. Түүнчлэх би энэ дэлхийн ямар байр сууриар амьдрах вэ гэсэн оршин байх утга учиртай холбоотой сонголт хийх үе байдаг. Ийм үед өөрийн ахар бодлыг хойш тавьж, Бурханы үгэн дотор Мосе адил сонголт хийж чадахыг хүсэн гуйж байна.

Хэрэв танд ийм сонголт хийх шаардлага гарсан бол эргэлзэлгүй Бурханы үгэн дотор явахыг сонгох хэрэгтэй. Бидний дотор Эзэнд итгэх итгэл дүүрэн байвал Бурханд итгэх итгэлээр амьдрах, Христийн зовлонд оролцох амьдралыг эргэлзэлгүй сонгож чадна. Эзэн бидний сонголт ба шийдвэрийг ерөөн, итгэлийн дагуу ажиллаж, биднийг мянган үеийн турш ивээх болно. Итгэл гэдэг зүйл бол харагдахгүй ч бодитоор байгаа зүйлсийн баталгаа мөн. Бидний итгэлээр Бурхан өөрийн удирдлага төлөвлөгөө хэрэгжүүлдэг учир өөрт байгаа өчүүхэн зүйлдээ найдахгүй Бурханы үгээр удирдуулан амьдрахыг хүсэж байна.

ДҮГНЭЛТ:
Бурхан Өөрийн төлөвлөсөн ажлаа хийхийн тулд Мосе гэдэг нэгэн хүнийг хэрхэн бэлтгэж буй талаар суралцлаа. Нэгдүгээрт, түүнийг ийнхүү өсгөхөд эцэг эхийн итгэл нь суурь болсон. Түүнчлэн, хэний ч төсөөлөөгүй арга замаар Мосег мөн шаардлагатай хамгаалалтад байх, ур чадвар олж авах нөхцөл буюу Фараон хааны ордонд ханхүүгийн ёсоор өсгөж, ур чадварыг олж авахад Бурхан удирдсан. Үйлд явдал талаас харвал эцэг эх, эгч, фараоны гүнж, үйлчлэгчид гээд олон хүн өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэж байгаа ч Бурхан энэ бүхнийг нэтгэж, хэрэглэж, Өөрийн таалал, төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байна. Тиймээс Бурханд найдах итгэлээр өөрт өгөгдсөн зүйлд итгэмжтэй байж үйлчлэхэд туслаарай. Ийм байвал Бурхан Өөрийн сайн тааллын дагуу ажлаа хийх болно. Амен.

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.18/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.20/