Ахазид үзүүлсэн шийтгэл ба энэрэл
2 Шастир 28:1-15
2 Шастир 28:5,6
“Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилын хааны гарт тэр бас орсон юм. Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм”
Ахаз хаан арван зургаан жилийн турш хаанчлахдаа үргэлж бузар мууг үйлдэв. (1) Тэрээр Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийсэн төдийгүй Эзэний хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулан тахил өргөв. (2-4) Бурхан ийм түүнийг шийтгэн Арам болон хойд Израилын хаадын гарт тушаав. Үлэмж тооны ард олон Арамын хаанд олзлогдон явав. (5) Израилын хаан Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган зоригт эрсийг хядан алав. (6) Энэ нь Ахаз хаан Бурхан Эзэнийг орхисон гэм нүглийн шийтгэл байв. Израилын хөвгүүд хоёр зуун мянган өмнөд Иудачуудыг олзлон авч бас асар их эд зүйлсийг нь дээрэмдэн, олзоо Самарид авчрав. (8) Ахаз хааны Бурхан Эзэнийг орхин, жигшмээр хиймэл шүтээн шүтсэн гэмийн төлөөс нь үнэхээр аймшигтай байсан юм.
Харин Одед гэх хойд Израилын эш үзүүлэгч өөрсдийн ах дүү болох Иудачуудыг дарангуйлж, олзлогдогсдыг зарц, шивэгчин болгох нь зохисгүй гэв. Тэгээд өөрсдөө Эзэний өмнө нүгэлгүй эсэхээ эргэн хараарай гэв. (10) Мөн ах дүүсээсээ олзлон авчирсан хүмүүсээ буцаах хэрэгтэй гэв. (11) Эш үзүүлэгч Одедын сануулгыг сонссон Израилын удирдагч нар өөрсдийн нүгэл, алдаагаа эргэн харж ах дүүсдээ энэрлийг үзүүлэв. (12-14) Тэгээд тэд нүцгэн нэгнийг нь олзны хувцсаар хувцаслаж, шаахай өмсгөн, хооллож ундлаад, шархыг нь тосолж эмчлэн буцаав. (15)
Иуда ард түмэн нүглийн улмаас Бурханы гэсгээл амссан боловч сонгогдсон ард түмэн учраас Бурхан хамгаалан энэрлийг үзүүлсэн юм. Бурхан Өөрийн сонгосон нэгэн байлаа ч гэм нүглийг заавал шийтгэдэг. Гэвч өрөвдөн хайрлаж, дахин боломж өгдөг. Бурханы гэсгээлтийн зорилго нь шийтгэхэд бус харин гэмшүүлэхэд оршдог.
Хэрэгжүүлэлт: Бурханы жигшдэг зүйлсээс хол байна уу?
Нэг үг: Бурханыг орхих төлөөс нь аймшигтай гэдгийг үргэлж санах.