Өдөр бүрийн хоол /2026.04.10/

Зөвийн замаар явсан Иотам

2 Шастир 27:1-9
2 Шастир 27:6

“Иотам өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө зөв замаар явсан учраас хүчирхэгжсэн юм”

Иотам хорин таван настайдаа хаан болж арван зургаан жил хаанчлав. (1) Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн сайн зүйлсийг дуурайхын төлөө хичээж, эцгийнхээ алдааг давтахгүйн төлөө сэрэмжилсэн. (2) Тиймээс Эзэний сүмд дураараа орохгүй байв. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас уяман өвчтэй болсон эцгийнх нь дүр төрх түүнд том цочрол өгсөн байх. Иотам сүнсээр сэрэмжтэй байсан боловч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр байв.
3,4-р эшлэлийг үзвэл Иотам Эзэний өргөөний дээд хаалга болон Офелын хэрмийн өргөтгөл хэсгийг барьж босгосноор Иерусалим хотыг улам цайзжуулав. Тэр бас аммончуудын хаантай тулалдаж тэднийг ялснаар их хэмжээний алба гувчуур авдаг болсон. (5) Яг ийм үед Иотам сэтгэл сүнсээр аюулд автахад амархан байсан. Эхэндээ төлөв даруу байсан ч улс орон тогтворжиж, дайнд ялалт байгуулах үедээ сонор сэрэмжээ алдан, бардам болох нь амархан байдаг. Харин Иотам өөрийн Бурхан Эзэний өмнө зөв замаар эцэс хүртэл явсан. Тэрээр өмнөх хаадын алдаанаас сургамж авсан нь гарцаагүй. Ялангуяа эцэг Уззиагийн эмгэнэлт төгсгөлийг хараад эцэс хүртэл зөв замаар явахыг хичээсэн. Эзэний үг тушаал болон Мосегийн хууль тогтоолуудыг даган мөрдөхийн төлөө хичээсэн. Тэгэхэд Бурхан ийм түүнийг улам хүчирхэгжүүлсэн. (6)
Иотам хааны талаар бичиж үлдээсэн тэмдэглэл олон байхгүй ч түүнийг “Эзэний өмнө зөв замаар явсан хаан” хэмээн дүгнэж байна. Хүмүүс эхэндээ Бурханы өмнө эмээн чичрэх сэтгэлээр даруу төлөв амьдардаг. Харин амьдрал нь хүчирхэгжиж, тогтвортой болмогц хүн өөрийн алдрыг гайхуулж бардамнах нь амархан болдог. Тэр үед сорилтод орон гэмд унахад хүрдэг. Энэ мэт хүмүүсийн амьдралаас сургамж аван эцэс хүртлээ хувиршгүй сэтгэлээр Бурханы өмнө зөв замаар явдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Хэрэгжүүлэлт: Бурхан Эзэний өмнө амьдарч байна уу?
Нэг үг: Эцэс хүртэл хувиралгүйгээр зөв замаар явья.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол/2026.04.09/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.11/