2026 оны 53-р номлол (03.29) Галаа Петр

Загалмайд цовдлогдсон Есүс

Лук 23:1-56

Гол эшлэл 23:34

“Есүс Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.”

Өнөөдрийн номлол бол Есүс загалмайд цовдлогдож буй тухай юм. 2000 гаруй жилийн тэртээ бодит түүхэн үйл явдал. Гэвч харамсалтай нь олон хүмүүс харин өнөөдөр танд надад ямар хамаатай гэж? Хөнгөн тоомжиргүй ханддаг. Есүс загалмайд цовдлогдохынхоо өмнө Иудейн зөвлөл болон Ромын захирагч Пилатын өмнө шүүгдэн маш их доромжлол, гүтэглэг, эрүү шүүлт амссан. Харин Есүс огтхон ч айж түгшилгүй зоригтойгоор Өөрийн тухай үнэнийг гэрчилсэн. Өмнөх 7 хоногийн номлол дээр гарсанчлан Есүс тууштай, хичээнгүйлэн залбирсан учраас Өөрийгөө зоригтой гэрчилсэн. Мөн Есүс загалмайн аймшигтай зовлонгийн дунд ч Ааваа тэднийг уучлаач хэмээн нүгэлтнүүдийн (хүн бүрийн) төлөө залбирсан. Есүс үүгээрээ Бурханы Хүү буюу Аврагч мөн гэдгээ харуулсан. Энэхүү үйл явдал бол хүн төрлөхтний хувьд, итгэгч хүн бүрийн хувьд маш чухал, сэтгэл зүрхнийхээ тэргүүн байранд нандигнаж байх түүхэн үйл явдал юм. Энэ цагт Есүсийн загалмайн зовлон ба үхлийн утга учрыг гүнзгий ухаарч, Түүний уучлалын хайрыг гүн гүнзгий хүлээн авахыг хүсэн гуйж байна.
Есүс ахлах тахилчдад баригдан, шөнөжингөө зодуулж, тохуурхуулж махан биеийн зовлон амсах болов. Ахлах тахилчид Есүсийг алахыг ихэд хүсч байлаа. Тиймээс буруутгалыг олохын тулд шөнөжингөө эрүү шүүлт болж, өглөө нь Пилатын өмнө хүргэв. Ахлагчид яагаад шуудхан л Есүсийг алчихсангүй вэ? Тухайн үед Израиль Ромын колони байсан болохоор цаазаар авах ял зөвхөн Ромоос томилогдсон Понти Пилат захирагчид л байсан. Пилат ахлах тахилчид Есүст атаархсандаа энэ бүгдийг хийж байгаа гэдгийг мэдэж байлаа. Мөн Есүсийг ямар ч гэм буруугүй гэдгийг мэдсэн. Пилат Есүсийг ахлах тахилчид ба захирагчидад хандан: Би “та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй. Херод ч олоогүй тул Түүнийг бидэн рүү буцааж ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна” гэв. Пилат гурвантай Есүсийг ер гэм буруугүй гэдгийг бат гэрчилсэн. Энэ нь Есүс ямар ч гэмгүй гэдгийг гэрчилж байгаа юм.
Тэгээд Дээгүүр өнгөрөх баярын үеэр ард түмний хүслээр нэгэн хоригдлыг сулладаг заншилтай байв. Энэ үеэр Есүсийг суллах бодолтой байсан ч ард олон тахилчдын үгээр болж, Түүнийг нэгэн дуугаар цовдол цовдол хэмээн зогсоо зайгүй шаардаж байв. Тэгээд Есүсийг ташуурдуулаад, цовдлохыг тушаасан. Тухайн үед ташуурын шийтгэлийг хүн болгонд адилгүй өгдөг байсан.
Тухайн үеийн Ромчууын хэрэглэсэн ташуур нь үзүүртээ төмөр, ясны хэлтэрхий уясан, олон салаатай суран ташуур байсан бөгөө гэмтнүүдийг ухаан алдах юмуу, нас барах яг өмнө байдал хүртэл тоо хязгааргүйгээр харгисаар ташуурддаг байсан. Ромчууд ташуурдахдаа гэмт хэрэгтэнг нүцгэлээд багананд тэлж, хоёр талд нь зогсоод, нэг нэгээрээ ээлжлэн, ташуурддаг байсан. Үүнээс болж, ихэнх хэрэгтэн ташуурдуулж байхдаа үхдэг байсан. Ийм зодуурын шийтгэлийг Есүс ч бас амсав. Байж болох хамгийн хүнд зодуурын шийтгэлийг аван, бие махбод нь тэсэхийн аргагүй болсон. Түүний бие махбод төдийгүй сэтгэл зүрх нь хүртэл урагдан зовж шаналаж байв. Есүс ямар ч гэм буруугүй мөртлөө байж болох бүх ичгүүр, доромжлол, гүтэглэг, тарчлаан зовоох зовлог амссан. Тэр Өөрийгөө өмгөөлж нэг ч үг дуугарсангүй.
Өөрийн биеийг ч даах тэнхэлгүй болсон ч, 600 метр орчим газарт 70 кг жинтэй загалмайг үүрээд явах нь ямар хэцүү байсан бол оо? Бүх бие нь тэсэхийн аргагүй өвдөж байсан ч тэр загалмайгаа үүрээд, “Гавал” хэмээх газар уруу өгсөж байсан ч өөрийн эрхгүй загалмайндаа дарагдан, унаж босож, унаж байв. Цэргүүд түүгээр явж байсан Курений Симон гэгчээр загалмайг үүрүүлэн “Гавлын газар” хүрэв.
27-р эшлэлийг үзвэл-“Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн, хойноос нь дагаж явлаа”. Тэд Есүсийг үхүүлэхийг хүсээгүй тул цээжээ дэлсэн, гашуудан уйлж байлаа. Харин Есүс хожим юу болох талаар тэдэнд мэдүүлж, тэдгээр эмэгтэйчүүдэд туслахыг хүссэн.
Харин Есүс тэдэн уруу эргэж- Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл.” гэж хэлсэн.(28) Энэ нь Ромын цэргүүд Иерусалимыг устгах тухай Есүс эш үзүүлсэн. Хосеа номонд “Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан, “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан, “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно” гэж хэлсэн. Хосеагийн эш үзүүлсэнчлэн, Ромчуудын учруулах зовлон маш их байх болно гэдгийг хэлсэн. Есүс ч гэсэн “Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхай модонд энэ нь юу болох билээ?” гэж дахин сануулж байна. Өөрөөр хэлбэл, Ромчууд гэм буруугүй Есүсийг цовдолж байгаа юм бол. Түүний үхэлд буруутай Иерусалимын иудейчүүдэд юу болох болоо. Өөрөөр хэлбэл үл итгэгчидэд хожим ирэх шийтгэл нь аймшигтай байх болно гэдийг мөн хэлж өгч байгаа юм. Хожим шүүлийн өдөр үл итгэгчидэд ирэх зовлон нь мөн үүний адил аймшигтай байх болно. Тэд зовж шаналдсандаа үхэхийг хүссэн ч үхэж эс чадна, улмаар уулсад хандан биднийг нөмрөөч гэх болно.
Мөн Есүстэй хамт өөр хоёр гэмт хэрэгтэнг цовдлохоор авч явсан. Хүний гар хөлөнд, бүх мэдрэлийн эсүүд байдаг учраас өвлөтийг дээд цэгтээ хүртэл мэдэрдэг учир тэрхүү өвдөлтийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Загалмайд цовдолсон хүний биеэс бүх ус нь гадагшилдаг учир ам цангаснаас болж тагнай хатан амьсгалахад хэцүү болдог байна. Есүс загалмай дээр энэ бүгдийг биедээ мэдэрсэн. Есүсийн загалмайн зовлонгийн тухай Дуулал 22:14-15-д “Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан. Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.” Хүн хоёр гарнаасаа дүүжлүүлээд, 6-12 минутын хооронд цусны даралт 2 дахин багасч, зүрхний цохилт 2 дахин ихэсч, зүрх цусгүйдэж, хүн ухаан алддаг. Загалмай дээр хоёр гурван өдөр тарчилан зовдог.
Тэгвэл яагаад Есүс ийм аймшигтай, үгээр илэрхийлэхийн аргагүй загалмайн зовлонг амссан бэ? Есүс миний гэмээс болж зодуулж хатгагдан бяцарсан. Есүс хатгагдсанаар бид Бурханаас гэмийн уучлалыг авч бидний бүхий л өвчин шарх эдгэж биднийг гэмийн шийтгэлээс бүрэн чөлөөлөхийн төлөө байсан учраас юм. Өөрөөр хэлбэл биднийг гэм ба гэмийн хараалаас аврахын тулд, өвчин шаналлаас эдгээхийн төлөө Есүс загалмайд цовдлогдосон.
Тэгвэл Есүс бидний миний яг ямар гэмээс болоод ийнхүү цовдлогдно вэ? Шунхайрал, зугаа цэнгэл, завхайрал, атаархал, үзэн ядалт, хуурамч байдал, дүр исгэх, үнэнээс айх, хулчигар байдал, өөрийгөө төвд тавин амин хувиа хичээх, үргэлж гомдллох сэтгэл, туйлбаргүй, тэвчээргүй байдал, үл итгэл, залхуурал, эргэлзээ гэх мэт. Ийм их гэм нүгэлтэй миний төлөө Есүс зовлон эдэлж нас барсан юм.
1Петр 2:24-д “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Тиймээс та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.” Амен. Есүс нүгэлтэй байсан учраас биш, харин бидний гэмийн төлөө зовсон. Мөн Тэрээр өөрийнхөө өмнөөс шийтгэл үүрэх ёсгүй байсан ч бидний төлөө шийтгэл үүрсэн юм. Зөнч Исаиа эш үзүүлэгч Есүсийн амссан зовлонгийн шалтгааныг ийнхүү тайлбарласан. Исаиа 53:5-6 “Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарчээ. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, Шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүн дээр ЭЗЭН тохов”. Тэр бидний өмнөөс үхлийн шийтгэлийг үүрсэн. Учир нь “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд” Христ үхсэн. Мөн Сатаны хүчнээс чөлөөлөөд зогсоогүй, амьдралыг маань бүхэлд нь Бурхан руу эргүүлж, бидэнд зөвт амьдралаар амьдрах шинэ оюун бодол, шинэ хүчийг өгсөн.
Ром 3:24-д “Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ” гэж байна. Есүс загалмайд цовдлогдох үедээ Бурхан ба хүн хоорондох маш чухал үүргийг гүйцэтгэсэн.
1-рт, Бурханы зөв шударгын мөн чанарыг гүйцэлдүүлсэн. Бурхан ариунаас ариун ба шударга мөн чанартай учраас гэм нүглийг өчүүхэн ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тиймээс Бурхан Есүст загалмай дээр хүн төрөлхтний бүхий л гэмийн шийтгэл ба хараалыг үүрүүлснээр биднийг гэмийн хараал ба шийтгэлээс бүрэн чөлөөлсөн юм.
2-рт Бурханы хайрын мөн чанарыг гүйцэлдүүлсэн. Бурхан гэмийг үзэн яддаг ч гэмтнийг хайрладаг. Тиймээс Бурхан Есүсийн загалмайгаар дамжуулан хүмүүс бидэнд хандсан жинхэнэ агуу хайраа харуулсан. Эцэг эхчүүд үр хүүхдээ аминаасаа илүү хайрладаг. Гэвч Бурхан биднийг хайрласандаа хамгийн хайртай ганц Хүүгээ загалмайд золиослосноор харуулсан юм. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй Бурханы бидэнд хандсан ХАЙР юм. Ром 5:7,8-д “Зөвт хүний төлөө хүн барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө бол хэн нэг нь хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэвч биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө үхсэнээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ.”
Хүмүүс бид Адамын гэмээс болж сүнс ба бие махбодын хувьд ялзарч доройтон, Бурханы уур хилэнг хүртхээс өөр аргагүй байсан. Гэвч Бурхан Есүсийг энэ дэлхийд илгээн хэнд ч хэрэггүй гэмтэй бидний төлөө загалмайд өлгөсөн. Ингэснээр Бурхан бидэнд үнэхээр хайртай гэдгээ батлан харуулсан юм. Есүсийн загалмайн үхэл нь бидэн рүү хандсан Бурханы хамгийн том хайрын илэрхийлэл юм. Ихэнх хүн ивээлтэй, аз жаргалтай, баяр хөөртэй үедээ Бурханы хайрыг магтаж Бурханд бат итгэдэг. Гэвч зовлон тулгарвал Бурханы хайранд эргэлздэг. Бид Бурханы хайрыг өөрийн нөхцөл байдал ба сэтгэлийн хөдлөлөөр хэмжиж болохгүй юм. Бид ямар ч үед Бурханы хайранд эргэлзэх хэрэггүй. Ингэхийн тулд бид Есүсийн загалмайн золиослолын энэ түүхэн үнэн дээр суурилан Бурханы хайранд бат итгэх хэрэгтэй. Иох 3:16 “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Тиймээс Хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно.” Биднийг хайрлаж байгааг харуулдаг энэ түүхэн үйл явдал нь хэзээ ч хувирдаггүй, өөрчлөгддөггүй, алга болдоггүй юм. Тэнгэр нурж, газар дагжин чичирсэн ч утсахгүй. Бурханы хайрыг баталдаг хамгийн том гэрчлэл энэ билээ. Бид ямар ч үед Бурханы хайранд бат итгэснээр зовлон ба сорилтыг зөв даван туулж Бурханы хаанчлалын жинхэнэ найдвар дотор үргэлж баяр хөөртэй хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Энэ цагт Есүсийн амссан загалмайн аймшигтай, үгээр илэрхийлэхийн аргагүй зовлон шанлал, өвдөлт нэг бүрийг бодоод бид дахин гэмд бууж өгч, гэмийн уруу татлагад өөрсдийгөө олзлуулалгүй, гэмтэй тохиролцож амьдарч болохгүй гэсэн хатуу, бат шийдвэр гаргаж чадахыг хүсэн гуйж байна.
Махан бие болон сэтгэл зүрх сул дорой учир байнга дахин дахин гэмийн уртуу татлагад ялагдаж, шантарч, хүчгүй болон, эргэлзэж, бүхнийг орхимоор санагдаж байна уу? хичнээс хичээсэн ч танаас шалтгаалахгүй бүх зүйлс ямар ч ирээдгүй мэт санагдаж байна уу? Есүсийн загалмай өөд ширтэн харж, Есүсийн загалмайн агуу хайр өршөөлийг цоо шинээр хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна. Гэмийн уруу татлага, хүлээснээс бүрэн чөлөөлөгдөж хүч, хайр, амар тайван дотор ЕРӨӨГДСӨН нэгээр босож чадахыг хүсэн гуйж байна.
Миний хувьд би Бурханыг таньж мэдэхээс өмнө гэмийн боолоор амьдарч байснаа хэрхэн мэдэх бил ээ. Сүнслэг нүд сохор учраас нүдэнд харагдах гарт баригдах зүйлсийг л үнэн гэж боддог байсан. Тиймдээ ч энэ дэлхийн зүйлсийн төлөө амьдарч хэзээ хаа хүрэх гэж яваагаа ч мэддэггүй салхинд туугдах хамхуул адил амьдардаг байв. Харин загалмайд цовдлогдсон Есүстэй уулзаад, миний бүх бузар гэмийн төлөөсийг төлсөн гэдгийг сонсохдоо миний зүрх сэтгэл нүдэндээ ч итгэж чадахгүй байсан. Миний өнгөрсөн, одоо, ирээдийн бүх төлөөсийг бүгдийг төлсөн. Би өөрийн эрхгүй Есүсийн өмнө сөхөрөн гэмшиж, уйлж, талархаж байснаа өчигдөр мэт санаж байна. Энэ номлол бэлдэж байх зуур тэр агуу, онцгой хайр ивээлийг дахин санасан. Есүсийн өмнө дахин нэг зүйлийг ухаарсан. Би үхэх хүртлээ Бурханд талархалыг өргөх өртэй хүн байна гэдгээ. Миний чин сэтгэлээр гарах талархал насан туршид байх ёстой юм байна. Бурхан минь гэмтэй бүх аймшигтай шийтгэл авч үхвэл зохих Барнаб адил намайг суллаж, миний бүх төлөөсийг Өөр дээрээ аван, гэмээс чөлөөлж өгсөнд талархаж байна. Миний дотор би буурч Та өсөх болтугай.
46-р эшлэлийг үзээрэй “Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа” гэж байна. Есүс чанга дуу гаргаад эцсийн амьсгалаа хураасан. Ийнхүү Есүсийг амьсгал хураах үед Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хэсэг болон цуурсан. Сүмийн хөшиг нь Бурхан ба хүмүүс хооронд хаалт болж байсан гэм нүглийг илэрхийлдэг. Харин Есүс нас барахад энэ хөшиг хуваагдсан гэдэг нь Бурхан ба хүн хооронд зааглаж байсан гэмийн хана бүрэн нурж алга болсон гэсэн утгатай. Есүсийн цус ба үхлээр дамжуулан гэмийн хана бүрэн нурсан гэдгийг үүгээр харуулж байна. Тиймээс одоо Есүст итгэх итгэлээр хэн ч Ариун Бурханы өмнө очих боломжтой болсон юм (Еврей 10:19,20). Энэ бол хүмүүс бидэнд өгсөн Бурханы маш том, үгээр илэрхийлэхийн аргагүй ивээл юм. Есүсийн бие загалмайд урагдсанаар хүмүүс бид Ариун Бурханы өмнө очин гэмийн өршөөлийг хэзээ ч авч болох сүнсэг зам нээгдсэн юм. Тмймээс бид хаана ч, хэзээ ч Есүсийн цусанд итгэх итгэл дотор амьд Бурханы оршихуйд очин түүнтэй зөв харилцаатай амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Есүсийн үхэл бол бусад хүмүүсийнхтэй адил жирийн нэг үхэл байгаагүй гэдгийг өнөөдрийн үйл явдал ба баримтууд бидэнд тод заан өгч байна. Есүс ямар ч гэм зэмгүй байсан бөгөөд гэмтэн мэт тооцогдож үгээр илэрийлэхийн аргагүй аймшигтай зовлон, шаналал, доромжлол, гүтгэлэг, шарх ба өвдөлтийг бүгдийг амссан. Энэ нь та болон надаас болсон юм. Есүсийн загалмайн зовлон ба үхэл нь хүмүүс бидэнд хандсан Бурханы онцгой хайрын илэрхийлэл юм. Тиймээс бид миний гэмийн төлөө загалмайд аймшигтай зовлон эдэлж нас барсан Есүсийг зүрх сэтгэлдээ дахин дахин хүлээн зөвшөөрцгөөе. Тэр үед бидний дотор буй ямар ч гүн шарх эдгэрч жинхэнэ баяр хөөр, амар тайван, утга учиртай, ивээлээр дүүрэн амьдрах болно. Бид насан турш Есүст талархаж амьдрах өртөнгүүд болцоосон. Тиймээс энэ цагт таны төлөө, миний төлөө, хүн төрөлхтний төлөөх Есүсийн загалмайн хайр ба золиослолд талархаж амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН

өмнөх нийтлэлАмилалтын өдөр бүрийн хоол /26.04.01/
Дараагийн нийтлэлАмилалтын өдөр бүрийн хоол /26.04.02/