МИНИЙ ХҮСЛЭЭР БУС, ТАНЫХААР БОЛОГ
Лук 22:39-71
Гол эшлэл 22:42
“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас холдуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” гэв.
Танд амьдралын ямар нэгэн уриа байдаг уу? Англи хэлэнд “YOLO” гэдэг алдартай нэг уриа байна. “You only live once” орчуулбал “Чи ганцхан л амьдран” гэсэн утгатай. Энэ нь ганцхан амьдрах юм чинь бүхнийг мэдэрч, боломж бүрийг ашиглаж, олон туршлагыг олж ав гэсэн утгатай. Зарим нь “Гайхамшгийг бүтээ”, “Хүсэл мөрөөдлөө дага” “Өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээ” гэж хэлдэг. Эдгээр нь амьдралыг томоор харж, зоригтой, зорилготой амьдрах маш хүчтэй урианууд юм. Гэвч Есүсийн амьдрал дээрх уриануудын эсрэг амьдарсан.
Өнөөдрийн үгэнд Есүсийн алдартай Чидун уулан дээрх залбирал, Искариотын Иудасын урвалт болон Түүнийг гурвантаа үгүйсгэсэн Петрийн талаар гарч байна. Олон хүн өөрийн амьдрал, үйлчлэл, бусадтай харилцах харилцаа, нөхөрлөл зэргийг сайнаар эхэлдэг, сайнаар төгсгөдөг нь цөөхөн. Та бүхэн “Сайн төгсгөл” хэмээн номыг уншиж байсан уу? Энэхүү номд библи дээрх олон хүн итгэлийн замыг сайнаар эхэлдэг, сайнаар төгсгөдөг нь цөөхөн гэдгийг онцлон хэлдэг. Өнөөдрийн номлолд гарч буй Исакриотын Иудас бол Есүсийг дагах шавийн амьдралыг муугаар төгсгөсний нэг жишээ юм. Тэгвэл хүмүүс Есүсээс урвадаг шалтгаан нь юу вэ? Шавь, дагалдагч хүний амьдралд тулгардаг уруу татлага ба сорилтыг даван туулах арга нь юу вэ? Өнөөдрийн зарлигаар дамжуулан ямар ч уруу татлага ба сорилтыг зөвөөр даван туулах аргыг сурч, Есүсийг дагах, шавь ба хоньчны амьдралыг сайнаар төгсгөдөг, хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. “Миний хүслээр бус, харин Таны хүслээр болог” хэмээн залбирсан Есүсээс сургалцацгаая!
1. Бурханы хүслийг дуулгавартай дагахын төлөө залбирсан Есүс (39-46)
39-р эшлэлийг үзээрэй “Тэгээд Тэр тэндээс гарч, дадсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар нь ч Түүнийг дагалаа” гэв. Өнгөрсөн номлолыг харвал Есүс шавь нартайгаа сүүлчийн зоог барьсан тухай үзсэн. Сүүлчийн зоогийн дараа Есүс Чидун ул руу залбирахаар явсан бөгөөд, шавь нар нь Түүнийг дагасан. Энд Есүсийг “дадсан ёсоор” гэв. “Дадах” гэдэг үг нь грекээр “ethos” гэдэг бөгөөд онцлог чанар буюу удаан хийсээр байгаад, тухайн хүнд тогтсон зан чанар, амьдралын хэв маяг болох гэсэн утгатай. Өнөөдөр та өдөр бүр давтан давтан хийдэг, амьдралын нэг хэсэг болсон зүйл юу вэ? Зарим хүмүүсийн хувьд үргэлж санаа зовуурь, гомдоллох сэтгэл, талархахгүй байдал эсвэл наргиан цэнгээн гэх мэт амьдралын буруу бодол, буруу үйлдэл, амьдралын буруу хэв маяг, буруу зуршил зэрэг нь хүнд дадал болоход маш амархан байдаг. Хүний амьдралд дадал болсон зүйл нь тухайн хүний хувь тавиланг тодорхойлдог гэсэн үгч байдаг. тэгэхээр Есүсийн хувьд залбирах нь Түүний амьдралын нэг хэсэг, дадал болсон зүйл байв.
40-42-р эшлэлийг үзээрэй. “Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж-Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд тэднээс чулуу шидэх зайтай холдон өвдөг сөгдөөд ингэж залбирав”. Есүс өөрөө залбираад зогсохгүй, шавь нарыг залбирахыг уриалсан Яагаад? Есүс шавь нараа залбирахыг уриалж байна вэ? Учир нь удахгүй Есүсийн шавь нар хэзээ ч нүүр тулж байгаагүй бодит хүнд асуудлуудтай нүүр тулах гэж байсан. Өөрсөдтэй нь цуг хамтран зүтгэж байсан нэг нь урвахыг, бөөн илд шийдэмтэй, дэнлүү бамбар, зэвсэг барьсан хүмүүс ба (Лук 26:40), цэргийн баг, харуулуудтай улаан нүүрээр тулах болно(Иохан 18:12). Өөрөөр хэлбэл тэд бодит хавчлаг ба сорилттой тулгарч, үүнээсээ болж янз бүрийн эргэлзээ ба айдас, санаа зовуурийг мэдэрнэ. Энэ үед шавь нар итгэлээ хамгаалах гэвэл залбирах хэрэгтэй. Шавь нар бидэнтэй адил хүн байсан. Тэд хэдий Есүст үнэн ч байхыг хүсэж болох ч сул дорой, гэмт чанартай учир бодит уруу татлага, ба сорилтод унах боломжтой. Есүс үүнийг мэдэж байсан учир шавь нараа залбирахыг уриалсан.
Өнөөдөр бид ч гэсэн шавь нартай адил хэзээ ч бодож байгаагүй, нүүр тулж байгаагүй бодит амьдралын асуудлуудтай нүүр тулах үе байдаг. бидэнтэй мөр зэрэгцэн хамтран зүтгэж байсан нэгэн итгэлийн замаа орхихыг, Есүст итгэх итгэлээс болж нийгмийн хүмүүсээс хүчтэй хавчлаг ба эсэргүүцэл амсах, хувийн амьдралд гэнэтийн асуудал гарч ирэх гэх мэт бодит зүйлстэй тулах үед бидний сэтгэлийг хүчтэй айдас ба эргэлзээнд автдаг. Энэ үед бид итгэлээ алдан, төөрч, буруу сонголт, шийдвэр гаргадаг. Бид энэ мэт бодит амьдралын янз бүрийн уруу татлаг ба сорилтыг өөрийн хүч ба ухаанаар дийлж чадахгүй юм. Тиймээс уруу татагдахгүйн тулд үргэлж залбирах хэрэгтэй, залбирлын дадал ба зуршилтай байх хэрэгтэй. Бурхан манай чуулганд ХБК-н төлөөх 40 өдрийн залбирал эхлүүлсэн. Бид 40-н өдрийн залбирлаар дамжуулан, залбирлын дадалтай болж, яг одоо манай чуулганд, гэр бүлүүдэд, оюутан хоньчдод, оюутан залуучуудад бодитоор тулгарч буй янз бүрийн уруу татлага ба сорилтыг даван дийлж, Есүст итгэх итгэлээ бат сахин хамгаалснаар, Ариун Сүнсний үр жимсийг арвин амсаж, ургуулж чадахыг хүсэн гуйж байна. Тэгвэл Есүс хэрхэн залбирсан бэ?
Есүс эхлээд Бурханыг “Эцэг минь” буюу Аав минь хэмээн дуудаж байна. Энэ нь Есүс ба Бурхан хоёрын хоорондын харилцаа ямар байгааг тод харуулж байна. Есүс Бурхантай Аав хүүгийн дотно хайрын харилцаатай учраас, Есүс өөрийн доторх мэдрэмж бодол ба хүслийг нууж хаах зүйлгүй байгаагаар нь чинь сэтгэлээсээ хуваалцсан. Бид ч гэсэн хэн нэгэнтэй харилцаа дотно, гүнзгий байвал өөрийнхөө бүхий л зүйлсийг сайн ба муу бодол ба хүсэл ба төлөвлөгөөг нууж хаах зүйлгүй ярьж, хуваалцаж чаддаг. Харин тийм биш бол доторх сайн ба муу бодол ба хүслийг гаднаа нээх илэрхийлээд байдаггүй. Тэгэхээр Таны хувьд Бурханы өмнө залбирахдаа ямар хандлаг ба харилцаан дунд байдаг вэ? үүнийг нэг гүнзгий тунгаан бодож үзээрэй. Бурхантай таны хувийн харилцах харилцаа ямар байхаас хамаарч, Таны залбирлын хандлаг ба үйлдэл үг, гуйлт зэрэг нь өөр өөр байдаг. Тэгвэл Есүс юуны төлөө залбирсан бэ?
1-рт махан биеийн хүслийг үгүйсгэхийн төлөө залбирсан.
42а-г дахин үзээрэй “.. Хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас холдуулаач” Энд гарч буй “аяга” гэдэг нь Есүсийн удахгүй амсах загалмайн аймшигтай зовлон ба үхлийг билэгддэг. Мөн хичээнгүй хайрлаж үйлчилсэн шавь нар бүгд Өөрийг нь орхин явхыг, Есүс хэн ч биш мэт олон хүний өмнө тооцогдох зэрэг ч бас ордог. Есүс энэ бүгдийг эхлээд Бурханаас холуулаач хэмээн залбирсан. Уг нь Есүс хэд хэдэн удаа шавь нартаа ийм зүйл тохиолдон хэмээн хэлж, сануулж байсан(9:22,44; 13:33; 18:31-33а). “Хүний хүү олон зовлон эдэлж, ад үзэгдэж, алуулна” энэ нь “зайлшгүй” гэж байсан. Гэвч яагаад одоо Бурханаас холдуулж өгөөч хэмээн хүсэж байна вэ? Энэ нь Есүс Бурханы Хүү боловч бидэнтэй адил махбодтой хүн байсан гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл Есүс мах бодитой хүний хувьд, Бурханы өөрөөс нь хүсэж буй загалмайн зовлон ба үхлийг бодитоор амсах нь хэцүү, хүнд байсан гэдгийг харуулж байна.
Ер нь ямар ч хүн өвдөлт зовлон амсахыг, үхэхийг хүсдэггүй. Мөн бусдаас ичгүүр доромжлол, үл тоомсорлол, үл хүндлэл, буруутгал зэргийг мэдрэхийг хүсдэг нээгч хүн байхгүй. Харин эсрэгээрээ зовлон, өвдөлтгүй, бусдаар хайрлагдан хүндлэгдэхийг, бусдад хүндлэгдэхийг, бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Ялангуяа хүн өөрийн буруугаас биш, харин бусдын алдаа, сул дорой байдлаас болж бусдад буруугаар ойлгогдон, үнэлэгдэх нь бүүрч тэсхийн араггүй байдаг. Ялангуяа ямар ч гэмгүй Есүсийн хувьд адгийн гэмтэн мэт, хамгийн дээд алдар хүндлэлийг хүртэх авах ёстой байсан ч хэн ч биш мэт, хамгийн Дээд Сүр жавхлантай нэгэн, хамгийн дорд, хүчгүй, сул дорой гэж тооцогдох нь хэчнээн тэвчихийн араггүй, хэцүү байсан нь ойлгомжтой. Хэдийгээр Есүсийн хувьд мах бодийн хувьд загалмайг үүрмээргүй байсан ч, Бурханы өөрөөс нь яаг одоо хүсэж буй загалмайн замаар явах ёстой гэдгийг маш сайн мэдэж байсан. Тиймээс “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээн залбирсан.
Есүс “Миний хүсэл” гэж хэлэхдээ, энэ нь Бурханы хүсэлтэй зөрчилдөж буй хүний хүсэл буюу мах бодийн хүслийг хэлсэн. “Харин Таныхаар болог” гэхдээ мах бодийн хүслээс илүү, Бурханы хүсэл таалал биелэх болтугай гэсэн утгатай. Энэ нь Есүс өөрийн хүслээс илүү, Бурханы Хүсэлийг, мах бодийн хүсэл ба төлөвлөгөөнөөс илүү, Бурханы хүсэл ба төлөвлөгөөг, Өөрийн хүслийг дагаас илүү, Бурханы хүслийг дагахын төлөө залбирсан гэсэн утгатай. Галат 5:17а-д “Махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс Мах бодийн эсрэг хүсдэг” Эндээс харвал ямар ч хүний дотор, сэтгэлийн гүнд, хэзээ ч хохирмооргүй, хэзээ ч зовмооргүй, хэзээ ч өөрийгөө үгүйсгэж амьдармааргүй, амин хувиа бодсон, өөрийгөө хатуу хайрласан, бардам маш хүчтэй нуугдмал, далд хүсэл байдаг. Энэ л мах бодийн хүсэл нь үргэлж, Сүнс буюу Бурханы хүслийн эсрэг байдаг гэсэн санаа. Тиймээс хэрэв бид энэ л нуугдмал, маш хүчтэй хүслийг ил гарган гэмшиж, хаглахгүй бол Сүнсний хүслийг биелүүлэх, даган амьдрах боломжгүй. Энэ л хүсэл байсаар байвал бид Бурханы өнөөдөр, яг одоо надаас хүсэж буй Бурхан, Ариун Сүнсний хүсэл ба таалал, төлөвлөгөөг биелүүлэн амьдарч чадахгүй. Ийм хүн нь Ариун Сүнсний удирдлага ба зааврын дагуу амьдардаггүй.
Бид энэ л хүчтэй хатуу хүслийг өөрийн хүч чадал ба хичээл зүтгэлээр даван дийлж чадахгүй юм. Тиймээс бид Есүсийн адил хичээнгүй залбирч, дотоод сүнсний тэмцэл хийснээр, Бурханы тусламж ба Ариун Сүнсний хүч чадлаар даван дийлж чадна.
2-рт Есүс Бурханы хүслийг идэвхтэй даган биелүүлэх тал дээр төвлөрч залбирсан. 42б-г дахин үзээрэй! “Гэвч Миний хүслээр бус Таныхаар болог” үг нь Есүс өөрийн амсах зовлонг зайлуулахын төлөө бус, харин Бурханы Өөрөөс нь хүсэж буй хүсэл ба төлөвлөгөөг идэхтэйгээр дагахад илүү төвлөрч залбирсан гэдгийг харж болно. Эндээс бид итгэлийн замаар, хоньчин ба Есүсийн дагалдагчийн амьдралд амсах зовлон ба загалмайг л хараад, үүнийг бодоод, үүнд л төвлөрөх бус, Харин Бурхан надаас хүсэж буй, БУрханы хүсэл ба үүргийг идэвхтэй биелүүлэх, хэрэгжүүлэхэд, дуулгавартай дагахад анхаарлаа төвлөрүүлэн залбирах хэрэгтэй гэдгийг сурч болно. Тиймээс жинхэнэ залбирал нь өөрийн хүслийг Бурханд мэдүүлэхээс илүү, өөрийгөө Бурханы хүсэлд нийцүүлэхийн төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, Бурханы хүслийг дуулгавартай дагахын төлөө хичээнгүй залбирал гэдгийг сурч болно.
Өнөөдөр бидний хүн нэг бүрд хувийн хүсэл ба зорилго, төлөвлөгөө гэж байдаг. Мөн Бурханы надаас хүсэж буй хүсэл гэж байдаг. Бид Бурхан надаас юу хүсэж байгааг маш сайн мэддэг. Гэвч бид Бурханы хүслийг мэдсэн атлаа, Бурханыг алдаршуулахгүй, Бурханд талархахгүй (Ром 1:21), харин өөрийн мэдрэмж, өөрийн хүсэл ба бодлын дагуу л амьдардаг. Хэрэв бид Бурханы надаас хүсэж буй зүйлийг мэдсээр байж, өөрийн хүслээр амьдарсаар байвал бид итгэлийн амьдралын гүн хэсэг рүү орж чадахгүй бөгөөд, итгэлийн амьдралын нуурыг эрэгтэй зүйрлэвэл эргийн дагуу л амьдардаг. Харин бид Есүс шиг мах бодийн хүслийг үгүйсгэн, Бурханы надаас хүсэж буй хүслийг дуулгавартай даган амьдрахад өөрийгөө зориулах үед, төсөөлшгүй Бурхан сүнслэг их далайн гүн ёроол уруу орох мэт, хэзээ ч бидний бодож төсөөлж, чадахааргүй сүнслэг ерөөл ба үр жимсийг амсан амьдардаг. Ийм хүн нь Бурхан авралын ажилд нандинаар хэрэглэгддэг.
Ялангуяа залуучуудын хувьд итгэлийн амьдралаар ороод, цааш явах тусам чухал чухал амьдралын сонголтуудыг хийх хэрэгтэй болдог. ямар мэргэжилтэй болох, ямар ажилд орох, хэнтэй гэрлэх, хаана амьдрах гэх мэт. Энэ мэт чухал сонголт хийх мөчид Бурханы хүслийг дагахын тулд ийнхүү залбирлын тэмцэл шаарддаг. Библийн түүхийг харвал, Итгэлийн гол баатрууд болох Абрахам, Исаак, Мосе гээд бүх хүний хувьд хувийн хүсэл ба төлөвлөгөөний дагуу амьдрахуу? эсвэл яг одоо Бурханы өөрөөс нь хүсэж буй хүсэл ба тааллыг дагах уу гэсэн сонголттой олон тулгарч байсан. Есүсийн арван хоёр шавь гэр бүлээ, ажил мэргэжлээ, ирээдүйн амьдралаа Бурханд даатгах сонголт хийсэн. Тэд ийм сонголт, шийдвэрийн өмнө Есүс шиг маш их зөрчил, тэмцэлтэй байсан нь ойлгомжтой. Гэвч тэд өөрсдийн бодол, хүсэл, төлөвлөгөөг үгүйсгэн, Бурханы хүслийг дагаснаараа Бурханы авралын ажлын түүхэнд хамгийн үнэ цэнтэй, нандин хүмүүсээр хэрэглэгдсэн юм.
Миний хувьд фүүл тайм хоньчноор үйлчлэх хугацаанд хувийн хүсэл мөрөөдөл ба хүний санаа бодлоо үгүйсгэн, Бурханы тавьсан агуу таалал ба төлөвлөөг дуулгавартай дагадаг нэгнийг олох нь маш хэцүү гэдгийг амьдралаараа амсаж байна. Оюутнуудыг урина, БУрханыг сурна, хоньчин болно. Гэвч хэсэг хугацааны дараа явна. Тэд гаднаа итгэлтэй юм шиг, Бурханыг хайралдаг юм шиг боловч сэтгэлийн гүнд хэзээ ч хохирол, зовлонг амсмааргүй, Есүсийн загалмайн загалмайн замаар явмааргүй, Харин хувийн хүсэл санаа бодлын дагуу амьдрах амьдрах гэсэн маш хүчтэй маш хатуу хүсэл байгааг харсан. Есүс шиг сүнсний тэмцэл хийдэг хүнийг олох нь өвснөөс зүү эрх мэт. Гэвч Бурхан энэ цаг үед Бурхан өөрийн сонгосон, Бурханы босгосон, Бурханы дуудсан нэгнийг зөвшөөрсөн, Есүсийн жинхэнэ дагалдагчийг илгээнэ гэдэгт итгэж байна.
2. Иудсаны урвалт ба Петрийн үгүйсгэл, Есүсийн өчил(47-71).
47-р эшлэлийг үзээрэй “Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв.” Есүсийг Чидун ууланд байх үед, арван хоёрын нэг Иудас цэргийн баг, ахлагч нар болон фарисайчуудыг дагуулан ирсэн(Иохан 18:3). Энэ үед Есүс “-Иудасаа чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу?” гэв. Есүс өөрийг нь баривчлахаар ирсэн бөөн хүмүүсээс айгаагүй, Иудасын урвалтыг хараад гомдож, шокт ороогүй. Өөрөөр хэлбэл Есүс Өөрийгөө хамгаалах тэднийг эсэргүүцэх нэгч үйлдэл хийгээгүй. Эндээс бид залбирал нь хүнд ямар их нөлөөтэй ба залбирдаг, залбираагүй хүний ялгаа тэс ондоо байдаг гэдгийг харуулж байна. Иохан 18:4-8-с харвал Есүс өрнөж буй бүх үйл явдлын туршид, Есүс огт гайхсангүй, сэтгэлээр унасангүй, айсангүй. Харин зоригтой, ухаалаг байж нөхцөл байдлыг удирдан, Бурханы хүслийг дуулгавартай дагаж чадсан.
Харин залбираагүй шавь нарын үйлдэл ямар байсан бэ? 49-50-р эшлэлийг харвал Есүсийн шавь нарын нэг сэлмээ сугалан тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг тас цавдаг. Энэ бол Есүсийн тэргүүн шавь Петр байсан(Иохан 18:10). Гэвч Есүс шавь нарынхаа үйлдлийг болиулж, тэргүүн тахилчийн зарцын чихийг эдгээсэн. Энд гарч буй Есүсийг баривчлахаар ирсэн олон хүмүүс юу хийж байгаагаа мэдээгүй. Харин эсрэгээрээ Есүс юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан юм. Тэгвэл арван хоёрын нэг Искариотын Иудас яагаад Есүсээс урвасан бэ?
Иохан номыг харвал Иудас нь гадна талаараа Есүсийг дагаж байгаа боловч дотоод зүрх сэтгэлдээ Есүсээс илүү энэ дэлхийн зүйлс, эд мөнгийг, өөрийн хүсэл, шуналаа илүү хайралдаг байсан гэж хэлдэг. Эндээс харвал Иудас Есүсийг дагах хугацаанд ер өөрийн доторх мах бодийн хүсэлтэй, дотоод хүнтэйгээ ер тэмцэл хийгээгүй байсан гэдгийг мэдэж болно. Тиймээс эцсийн мөчид Иудасын доторх хүсэл нь Есүсийн зорилго ба хүсэлтэй нийлээгүй учраас урвасан. Олон хүн Есүсийг таньж мэдэн, Түүний онцгой хайр ивээл, нигүүсэлийг амсах үед, Есүсийн дагалдагч ба шавийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Гэвч мах бодийн хүсэл ба доторх хүнтэйгээ сүнсний тэмцэл хийдэггүй, Есүсийн жинхэнэ шавийн зарчим болох өөрийгөө үгүйсгэх, загалмайгаа үүрэх, Есүсийг дуурайдаг амьдрал зэргийг мэдэх үедээ шавийн амьдралаас татгалздаг. Тэгэхээр бидний доторх хүний бодол санаа, шунал ба хүслийг чинь сэтгэлээсээ хагалан, гэмшиж, сүнсээр шинэчлэгдэж, цэвэр сэтгэлээр Есүсийг дагадаг хүн болох нь маш чухал гэдгийг сурч болно. Үүний тулд бид Есүс шиг залбирлаар сүнсний дотод хүнтэйгээ хичээнгүй тэмцэл хийх хэрэгтэй.
Одоо 54-62-р эшлэлийг үзээрэй Энд Петр юу тохиолдсон тухай гарч байна. Петр өмнө нь Есүстэй хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна хэмээн тунхаглаж байсан(22:33). Гэвч Есүсийн хэлсэнчлэн тэр гурван удаа Есүсийг үгүйсгэсэн үйл явдлын тухай гарч байна. Гэвч Есүс чухал мөчид, Петрийн зүг харсан ганцхан харцаар дамжуулан Өөрийн үгийг сануулж, Петр гэмшихэд нь тусалсан. 61,62-г үзээрэй “Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр “Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ” гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад гадагш гарч, гашуунаар уйлав” Энд “Эзэн эргэж Петрийн зүг харав” гэж байна. Есүс Петр уруу харахдаа уур хийлэн, гомдол, үзэн ядалтын харц бус харин өрөвдсөн, чинь сэтгэлийн, хайрын харц байсан. Есүс Петрийг өөрт нь юу хэлснийг сануулахыг хүссэн харц байсан. Есүс Петрийг Өөрийг нь үгүйсгэнэ гэдгийг мэдэж байсан. Хэдий Петр өөрийг нь үгүйсгэсэн ч, Есүсийн Петрийг хайрлах хайр хэвээр байсан. Петрийн сул дорой энэ мэт үйлдлээс бол, Есүсийн хайр өөрчлөгддөггүй бөгөөд Петрийг хайрлах хайраа Есүс хэзээ ч зогсоохгүй байсан. Петр энэ л Есүсийн агуу хайрыг харцнаас нь мэдрэх үедээ гашуунаар гэмшин уйлсан.
Бид Петр шиг хэзээ ч Есүсийг үгүйсгэхгүй гэж боддог. Петр хувь хүний хувьд хатуу үзэл бодол, хатуу шийдвэр гаргасан. Гэвч Петр өөрийн гаргасан шийдвэрийн дагуу сүнсний тэмцэл хийж, залбираагүй учраас хэлсэн, ярьсан бодсон шигээ амьдарч чадаагүй. Яагаад гэвэл Петр сул дорой мөн чанартай учраас тэр юм. Үүнтэй адил бид Есүсийн төлөө ямар ч хувийн хатуу үзэл бодол, шийдвэртэй байж болно. Харин үүнийхээ төлөө сүнсний тэмцэл хийж, өөрийгөө бэлдэхгүй бол бид шийдвэрийнхээ дагуу амьдарч чадахгүй. Итгэлийн амьдралд хүн сүнсний тэмцэл, залбирал, хичээл зүтгэл байхгүй бол сүнсний хүчийг алдахад амархан байдаг. Тиймээс бид Есүсийн жинхэнэ шавь болох гэвэл сүнсээр, залбирлаар тэмцэх хэрэгтэй.
Одоо 63-71-р эшлэлийг үзээрэй. Есүс баривчлагдсаны дараа тэргүүн тахилч Каиафынд хүргэгдсэн(Иохан 18:24). Тэнд бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байсан(Марк 14:53). Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд, хуран чуулсан. Зөвлөл хуралдаж байхад харгалзагчид Есүсийг зодон, Түүгээр доог тохуу хийсэн. Тэд Есүсийн нүдийг боогоод “Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх” гэж тохуурхаж байсан. Мөн элдвийн юм хэлж, доромжлон гутааж байсан. Хүн ёр нь бусад хүмүүс өөрөөр нь доог, тохуу хийх үед дүрс хийн уурлаж, бусдын янз бүрийн доромжлолыг тэвчиж чаддаггүй. Гэвч Есүс ямар ч гэмгүй байсан хэр нь ийнхүү зодуулж, дооглон, элдвийн юм ярьж, доромжлолыг тэвчих нь хүнд байсан нь ойлгомжтой. Гэвч Есүс тэвчсэн. Учир нь тэр залбирсан учраас юм. Хэрэв бид залбирлаар, Ариун Сүнсээр дүүрэн байвал бусдын ямар ч үгэнд эмзэглэн уурлалгүй тэвчиж чаддаг.
Өглөө болмогц ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар Есүсийг зөвлөлийн өмнө зогсоосон. Тэд Есүсээс хоёр зүйл асуусан. 1-рт “Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээдэх” гэж асуусан. Учир нь тэд хэрэв Есүс өөрийгөө “Христ” хэмээн хэлбэл Түүнийг Бурханыг доромжилсон гэмээр буруутгахын тулд байсан. тухайн үед Иудейчүүд Бурханыг доромжлох нь үхлийн ялтай хамгийн хүнд гэмд тооцогддог байсан. Харин Есүс “Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун талд залрах болно” хэмээн хариулсан. Хэдий Есүс одоо загалмайд үхэх боловч, хожим Бурханы баруун талд залран бүх хаадын хаан буюу бүх дэлхийн Шүүгч болно гэсэн утгатай. Одоо зөвлөл Есүсийг шүүж байгаач, харин эцсийн өдөр Бурханы баруун талд заларсан Есүс Шүүгч болж ирнэ гэж хэлсэн. Есүс ийнхүү хариулснаар Өөрийгөө Бурханы тосолсон Хрсит гэдгийг зоригтой гэрчилсэн.
2-рт “Чи Бурханы Хүү юм уу” гэж дахин лавлаж асуусан(70). Есүс энэ асуултад хариулах шаардлагагүй байсан, “Би мөн гэдгийг та нар хэлж байна” хэмээн Өөрийгөө Бурханы Хүү мөн гэдгийг шууд хэлсэн. Есүс Өөрийгөө Христ, Бурханы Хүү хэмээн хэлбэл Өөрийг нь яллаж, үүгээр Өөрийг нь үхэх шалтгаан болгон ашиглан гэдгийг мэдэж байсан. Гэвч Есүс Өөрийг нь алах гэж байгаа хүмүүсийн өмнө ийнхүү үнэнийг зоригтой гэрчилсэн. Есүс Өөрийг нь алахаар санаархаж буй хүмүүсийн өмнө яаж ингэж өөрийгөө зоригтой айлгүй гэрчилж чадсан бэ? учир нь Есүс Чидун ууланд хөлсөө цус мэт туслах хүртэл, маш шаргуу залбирсан учраас тэр юм.
Дүгнэлт: Өнөөдөр хэн ч, сатаны уруу татлагад унаж, Иудайс шиг Есүсээс урвахыг, Петр шиг Есүсийг үгүйсгэхийг хүсдэггүй. Хүн бүр Есүст үнэнч байхыг хүсдэг. Гэвч бид сул дорой мөн чанараас болж Есүсээс урван, Есүсийг үгүйсгэх үе байдаг. Бид 7 хоног бүр бүтэн сайн өдрийн цуглаан өргөж, зарлиг сонсож, библийн хичээл хийдэгч мах бодийн хүслүүдэд дийлдэн, Бурханы хүслийг биелүүлэх хүчгүй байдаг. яагаад? Учир нь бид Есүс шиг доторх хүнтэйгээ сүнсний тэмцэл хийдэггүй учраас юм. 44-р эшлэлээс харвал Есүс доторх хүнтэйгээ хөлс нь цус тусах мэт өөрийнхөө мах бодийг шахан, зориулан сүнсний тэмцэл хийсэн. Тиймээс бид Есүсийн Чидун уулан дахь залбирлаас суралцан, өдөр бүр залбирал ба сүнслэг тэмцэлд өөрийгөө зориулан, өөрийн доторх маш хүчтэй, хатуу мах бодийн хүсэл ба хүний бодол санаатай тэмцэн даван дийлбэл, сатаны янз бүрийн сорилт ба уруу татлагыг ялах Ариун Сүнсний хүчтэй болох болно.
Өдөр бүр залбирах, ӨБХ идэх, библи унших, 1:1-ны библийн хичээл гэх мэт зүйлд өөрсдийгөө маш шаргуу, өөрийгөө шахан зориулцгаая хэмээн уриалж байна. Тэгвэл бид энэ цаг үеийн библийн сайн багш, хоньдын сайн хоньчин болж, төөрч буй олон сүнсийг аврах ажилд нандинаар хэрэглэгддэг ерөөлтэй, сүнсээр хүчтэй, Ариун Сүнсний үр жимсээр дүүрэн Бурханыг баярлуулдаг амьдралаар амьдрах болно. “Миний хүслээр бус, Таныхаар болог” АМЕН.