Бурханыг журмынх нь дагуу эрж хайгаагүйгээс сургамж авсан нь
1Шастир 15:1-29
1Шастир 15:13
“Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг ЭЗЭН Бурхан маань дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв”
Эзэний авдрыг Иерусалим уруу зөөх анхны оролдлого бүтэлгүйтсэний дараа (13:1-14) Давид өөртөө зориулан өргөөнүүд бариулж бас Бурханы авдарт зориулан газар бэлтгэв. (1,2) Энэ нь түүний зүрх сэтгэлийн төвд байнга Бурхан Эзэн байсныг харуулж байна. Тэрээр одоо өмнөх алдаагаа давтахгүйн төлөө Эзэний авдрыг зөөхийн өмнө хууль ёсны дагуу нямбай бэлдэв. Тэгээд эхлээд газрыг бэлтгэн (1), Эзэний авдрыг зөөлгөж, Эзэн үүрд мөнхөд үйлчлэхээр сонгосон левичүүдийг цуглуулав. (2-10) Тэгээд Эзэний авдрыг авчрахын тулд тахилч болон левичүүдэд өөрсдийгөө ариусгахыг тушаав. (11-15) Ийнхүү Давидын агуу чанар нь алдаа гаргадаггүйд бус өмнө нь алдсан ч Бурханы тааллыг ухааран, буруугаа засаж, Бурханы үг рүү эргэдэгт байсан.
“Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг ЭЗЭН Бурхан маань дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв” (13)
Бурханы ажлыг хийх үед хамтдаа зөвлөлдөх, чин сэтгэлийн хичээл зүтгэл гаргах нь чухал боловч түүнээс илүү Бурханы өгсөн үнэн үгийн дагуу үйлдэх нь чухал байдаг. Мөн алдаа гаргасан ч Давид шиг Бурханы үг рүү эргэх нь чухал. Ингээд бэлтгэлээ дуусгасан Давид хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөх дуучид левичүүдийг ч бэлтгэв. (16-22) Тэд бол Бурханы өгсөн авьяасын дагуу Бурханд үйлчлэх алдрын үүргийг авсан хүмүүс байв. Мөн Давид авдрын хаалгачдыг томилов. (22-24) Урьд нь чин сэтгэлийг хичээл зүтгэлийг илүүд тавьсан бол одоо Эзэнд үйлчлэх ажил нь эмх цэгцтэй болж эхлэв. Эзэний авдрыг Иерусалим уруу зөөх нь Давид болон левичүүдийн ажил төдийгүй бүх Израилын хамтдаа хийх ажил байсан. Тиймээс Израилын ахмадууд, мянгатын дарга нар болон бүх Израил бүгд уухайлан, баярлаж цовхчин бүжиглэв. (25-28) Гэвч Давидын энэхүү сүнслэг баяр хөөрийг ойлгоогүй Саулын охин Михал нь зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав. (29) Михал нь Эзэний авдрыг Израилын төвд оруулж байгаа сүнсний утга учрыг ойлгохгүй үл итгэлийн хүн байв. Тэрээр үүнээс болж Бурханы хараал авч, насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв. (2Самуел 6:23)
Хэрэгжүүлэл: Чин сэтгэлийн хичээл зүтгэлээс илүү чухал нь юу вэ?
Нэг үг: Эзэний заавар, үгийн дагуу үйлчил
Miga
7. Бурханаас асуусан Давид
1Шастир 14:1-17
1Шастир 14:10
“Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав”
Тирийн хаан Хирам ажилчдыг илгээн Давидад зориулан ордонг барихад Давид Эзэн өөрийг нь Израилын хаанаар өргөмжлөн Израилын тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг ухааран ойлгов. (1,2) Мөн Иерусалимд өөр олон эхнэр авч хөвгүүд, охидтой болов. (3-7) Давид ийнхүү бүх талаар хөгжин цэцэглэв. Гэтэл Давидыг Израилын хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод довтлохоор хүрч ирэв. ( Давид филистчүүдээс хамгаалахаар дайнд гарсан боловч тэд хурдтай довтлон Иерусалимын ойролцоо Рефаимын хөндийд ирэв. Давид маш аюултай тулгарсан. Харин энэ үед тэрээр юу хийсэн бэ? “Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав” (10) Давид гэнэт тулгарсан асуудал, аюулын дунд ч өөрийн арга барил, мэргэн ухаанд түшиглэлгүй хамгийн түрүүнд Эзэнд түшиглэн Эзэнээс асуув. Тэгэхэд тэрээр их ялалт байгуулан тэр газрыг Баал-Перазим (Тухайлбал Өөрийн гараар Бурхан дайснуудыг үерийн ус мэт зад татлаа) хэмээн нэрлэн Бурханы тусламжийг магтав. Филистчүүд өөрсдийн нандигнаж байсан бурхдаа шууд орхин зугтаж ялагдсанаа хүлээв. (12) Филистчүүд ялагдалдаа хорсож, нэр төрөө сэргээхийн тулд дахин дайтахаар ирэхэд Давид дахин Бурханаас лавлан асуув. (13,14) Энэ удаа Бурхан өөр аргаар дайрахыг зааварлахад Давид Бурханы тушаасан ёсоор хийж, тэднийг бут цохив. Ингээд филистчүүд Израилын нутаг дэвсгэрээс бүрэн холдон явлаа. Давид филистчүүдийг бүрэн ялснаар түүний алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. Мөн Эзэн бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав. (17)
Хэрэгжүүлэлт: Чухал асуудал тулгарах үед хэнээс асуух вэ?
Нэг үг: Бурхан Эзэнээс лавлан асуу