СЭТГЭЛ АЛДРАХГҮЙГЭЭР БАЙНГА ЗАЛБИР
Лук 18:1-14
Гол эшлэл 18:1
“Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав”
Лукийн сайн мэдээний номд олон дахин давтагдан гардаг, гол сэдвийн нэг бол залбирал юм. Лук
1-р бүлэг Захариагийн залбирлаар эхэлж, Есүсийн тухай бичихдээ, Түүний залбирлын амьдралыг онцлон бичсэн байдаг. Есүс баптисм хүртэхдээ залбирсан (3:21), эзгүй зэлүүд газар залбирдаг байсан(5:16), 12 шавийг босгохдоо шөнөжин залбирсан(6:12), хүмүүс болоод шавь нараас Өөрийнхөө талаар асуухынхаа өмнө залбирсан(9:18), Хувиран өөрчлөгдөхийнхөө өмнө залбирсан (9:28), шавь нартаа хэрхэн залбирахыг зааж өгөхийн өмнө залбирсан (11:1) гэх мэтийг онцолсон байдаг. Энэ бүгдээс харвал бичигч нь Есүсийн шавь хүнд залбирадл маш чухал гэдгийг сануулж
байна.
Өнөөдрийн үгэнд мөн Есүс шавь нартаа хоёр янзын сургаалт зүйрлэлээр үргэлжлүүлэн залбирлын тухай заан өгч байна. 1-р сэтгэл алдрахгүйгээр, байнга хэрхэн залбирахыг, 2-рт гэмшсэн, даруу сэтгэлийн залбирлыг Бурхан хүлээн авдаг гэдгийг сургаж байна. Энэ цагт бид сэтгэл алдрахгүй байнга залбирахыг сурч, Бурханы онцгой хүч чадал ба ивээлийг эдэлж амьдардаг шавиар өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Сэтгэл алдрахгүй байнга залбир(1-8)
1-р эшлэлийг үзээрэй “Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав”. Шавь нарын хувьд сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах нь тийм ч амар зүйл биш юм. Яагаад гэвэл Есүсийн шавь ба дагалдагч хүний амьдрал үргэлж энэ дэлхийн янз бүрийн саад бэрхшээл, сорилт, уруу татлагатай байнга тулгарч байдаг учраас сэтгэл алдрахгүй байх нь ховор юм. Тиймээс Есүс шавь нараа сэтгэл нь алдарч, шантарч, цөхрөхийг мэдэж байв. Ямар ч үед сэтгэл алдрахгүйгээр байнга залбирахыг сурснаар, үргэлж Бурханы хүч чадал ба ивээлд түшиглэн амьдардаг, ямар ч үед Бурханд найддаг хүмүүсээр өсөхийг хүсэж
байна.
Тэгвэл бид яагаад сэтгэл алдарч шантардаг вэ? Үүнд хоёр шалтгаан байдаг 1-рт бид хүнд эсвэл нөхцөл байдалд найдан, түшиглэх үедээ сэтгэл минь алдарч, шантардаг. 2 рт бид Бурханы хайр болон Түүний амлалтад итгэж чадахгүй, эргэлзэх үед бид сэтгэл алдарч шантардаг.
Хэрэв бид сэтгэл алдрахгүй байнга, залбирахыг сурахгүй бол яах вэ? Есүсийн шавь, дагалдагч, итгэгч хүний амьдралд залбирлын дадал, зуршил, залбирлын амьдрал байхгүй бол хэчнээн чуулганд явж, библийн хичээл хийж байгаа ч сүнсний хүчийг алдаж, хүчгүй, сүнсний үр жимсгүй амьдардаг. Мөн залбиралгүй хүн нь Бурханы өөрт нь тавьсан таалал ба Ариун Сүнсний яг одоо явагдаж буй ажлыг ойлгохгүй, ялгаж, чадахгүй байдаг. Тэгээд сатаны янз бүрийн сорилт, уруу татлагад өртөн төөрч, өөрийнхөөрөө амьдардаг. Тэгэхээр бид зайлшгүй сэтгэл алдрахгүйгээр
байнга залбирахыг сурах ёстой. Есүс сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг ойлгуулахын тулд ямар сургаалт зүйрлэл айлдсан бэ?
2-5-р эшлэлийг үзээрэй. “Нэгэн хотод Бурханаас үл эмээдэг, хүмүүсийг хүндэлдэггүй шүүгч байжээ.
Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй, шүүгч дээр очиж “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь.
Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр үргэлж ирээд надад төвөг удах байх” гэжээ”
Нэгэн хотод шүүгч байсан. Түүнийг “Бурханаас үл эмээдэг” гэсэн. Энэ шүүгч тэгэхээр юу хүссэнээ хийж, дуртай зүйлээ үйлдэн амьдардаг гэсэн утгатай. Тэр хуулийг өөрийн ашиг, сонирхлын төлөө ашиглаж, хэрэглэх боломжтой юм. Тиймээс энэ шүүгч шударга ёсыг огт тоодоггүй, шударга бус шүүгч юм.
Мөн түүнийг “хүмүүсийг хүндэлдэггүй” гэсэн. Энэ нь тэр бусдыг анхаардаггүй, бусдад санаа тавьдаггүй, бусдыг өрөвдөх сэтгэлгүй би гэсэн гэсэн төвтэй хүн гэдгийг харуулж байна. Тухайн үед шүүгчийг хаан эсвэл захирагч томилдог байв. Тэгэхээр ийм үзэл бодол, хандлагатай, ийм эрх мэдэлтэй шүүгчийн дор амьдарч буй хүмүүс нь түүний эрх мэдэл, гаргасан шийдвэрийг хүссэн, хүсээгүй ч хүлээн зөвшөөрч, дагаж, амьдрахаас өөр сонголтгүй юм. Тэгвэл Есүс яагаад ийм аймшигтай шүүгчийн тухай зүйрлэл ашиглаж байна бэ? Учир нь Есүсийн шавь нар болсон бид энэ ертөнцийн шударга бус нийгэм болоод, энэ мэт шүүгч шиг үзэл бодол хандлагатай хүмүүсийн дор ажиллаж, амьдарч, ийм хүмүүстэй харилцаж, өдөр бүр нүүр тулж байдаг. Ийм нийгэм ба ийм хандлагатай хүмүүсийн дунд итгэлээр, тууштай Бурханы хүсэл ба дуудлагын дагуу дуулгавартай, амьдрах нь тийм ч амар биш юм. Энэ мэт хүмүүс ба нийгмийн үзэл
хандлага нь бидний итгэл ба сэтгэлийг мохоож, сэтгэл алдрахад хүргэж байдаг. Тэгээд сэтгэл алдарч, шантарсан үед залбирал ямар ч хүчгүй, үр дүнгүй хий хоосон мэт санагддаг. Тэгвэл ийм үзэл бодол, хандлагатай шүүгчид бэлэвсэн эмэгтэй хэрхэн хандсан бэ? 3б-г дахин үзээрэй “Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй, шүүгч дээр очиж, “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа” Эмэгтэйн хэлсэн үгийг анхааралтай харвал шударга бусаар шүүгдсэн юм шиг байна. Түүний зөв
байсан ч, шүүхийн шийдвэр түүний эсрэг гарсан. Тухайн үед бэлэвсэн эмэгтэйчүүдийг, өнчин, цагаач хүмүүстэй адил тооцдог байв. Эдгээр хүмүүс нь боломж нөөц багтай, эрх мэдэлгүй, нийгмийн байр суурийн хувьд доод түвшнийх, харж хандах, өмгөөлөх хүнгүй байсан. Тиймээс бэлэвсэн эмэгтэйн хувьд шүүхийн шийдвэрт дахин, дахин гомдол ба хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авч, үнэн мөнийг тогтоолгох ямар ч боломжгүй байв. Тиймээс түүний асуудлаа шийдэх цорын гарц зам нь шүүгчид хандан, өөрийгөө өмгөөлүүлэх явдал байв. Тэгээд бэлэвсэн эмэгтэй өдөр шөнөгүй шүүгч дээр очин “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” хэмээн гуйсан. 4а эшлэлээс үзэл “Шүүгч туслахыг удтал хүсээгүй” гэж байгаагаас харвал эмэгтэй багагүй хугацаанд, байнга гуйсан гэсэн утгатай. Тэгтэл шүүгч ямар шийдвэр гаргасан бэ? 4-5-р эшлэлийг үзээрэй! “4 Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй 5 боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр үргэлж ирээд надад төвөг удах байх” гэжээ.”
Шүүгчид эмэгтэйн сэтгэл алдрахгүй, дахин дахин ирээд гуйж буй хандлага нь шүүгчийн тэсвэрийг алдагдуулсан бөгөөд эцэстэй түүнийг өмгөөлөх болсон.
Тэгвэл Есүс яагаад энэ зүйрлэлд бэлэвсэн эмэгтэйг ашигласан бэ? Учир нь энэ бэлэвсэн эмэгтэйн хандлагаас бид хэрхэн сэтгэл алдрахгүй, байнга залбирах нууц аргыг сурч болно.
Энэ бэлэвсэн эмэгтэй шүүгчийг Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй шүүгч гэдгийг маш сайн мэдэж байсан. Яагаад гэвэл тэд нэг хотод амьдарч байсан. Тэрээр өөрт нь туслах сэтгэлгүй шүүгч гэж мэдэж байсан. Ийм байхад тэрээр яаж цөхрөлтгүй байнга гуйж чадсан шалтгаан нь: 1-рт бэлэвсэн эмэгтэй өөрийн хүч чадал, нөөц боломж хязгаартай бөгөөд өөрийн асуудлыг шийдэх хүчгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өөрийнх нь асуудлыг шийдэх эрх мэдэлтэй, хүч чадалтай, нөөц боломжтой энэ Шүүгчээс гуйхаас өөр сонголтгүй байсан. Өөрөөр хэлбэл эмэгтэй
Шүүгчийг хэн байхаас үл хамааран түүний эрх мэдэл ба хүч чадалд найдсан юм. Өнөөдөр бид ч гэсэн өөрийн хязгаарыг бүрэн хүлээн зөвшөөрвөл, би төгс бүрэн хүч чадалтай, хязгааргүй нөөц боломжтой Бурханд найдахаас өөр аргагүй, сонголтгүй гэдгийг ухаарах болно.
2-рт Бэлэвсэн эмэгтэй өөрийнх нь үнэн ба зөвийг шүүгч баталж чадна гэдэгт итгэсэн. Хэрэв шүүгч өөрийг нь өмгөөлж эхэлбэл аль нь зөв, аль нь буруу байсан гэдгийг тогтоох болно. Тиймээс бэлэвсэн эмэгтэй шүүгч өөрт нь яаж хандахаас, ямар үйлдэл гаргаж байгаагаас үл хамааран тасралтгүй гуйж чадсан. Өнөөдөр бид ч гэсэн гэр бүл, үр хүүхэд, хоньдод Бурханы нэр алдрын төлөө хийж буй зөв ба сайн зүйлийг Бурхан тэдэнд цаг нь болоход ойлгуулж, ухааруулж, мэдүүлэх болно гэдэгт бат итгэж чадвал тэд бидэнд ямар ч хандлага гаргаж, ямар ч үйлдэл үзүүлсэн бай тэдний төлөө сайныг үйлдсээр байх болно. Тэдний төлөө сэтгэл алдрахгүй байнга залбирч, хичээнгүй үйлчилж, хэчнээн хохирсон ч золиос зориулалт гаргасаар байх болно.
Тэгвэл Есүс Бурханыг энэ шударга бус шүүгчээс хэр ялгаатай гэж байна вэ?
6-8а-г үзээрэй “6 Тэгээд Эзэн—Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. 7 Тэгвэл өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? 8 Би та нарт хэлье. Тэр даруйд нь Бурхан тэднийг өмгөөлөх болно.” Энэ шүүгч шударга бус байсан бол, Бурхан бол шударга юм. Энэ шүүгч хатуу сэтгэлтэй, бусдыг боддоггүй байсан бол, Бурхан бол хайр ба энэрлээр дүүрэн сайн Бурхан юм. Тиймээс Бурхан бидний гуйлтад шүүгч шиг арай ядан, залхсандаа, энэ тууштай байгаа юм чинь хариулахаас гээд хариулдаггүй юм.
Харин Бурханы мөн чанар энэ шүүгчтэй харьцуулшгүй бөгөөд Бурхан Өөрийн хайр ба энэрэл нигүүлсэл, шударга, сайн чанарын улмаас бидний гуйлтад хариулах болно. Тиймээс бид Бурханы сайн мөн чанарт тулгуурлан сэтгэл алдрахгүй, байнга залбирсаар байх хэрэгтэй. Тэгвэл Бурхан бидний гуйлтад Өөрийн хайр ба нигүүлслийн улмаас хариулах болно.
Матай 7:11-д Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу? ”Энэхүү эшлэлээс харвал Бурхан бидэнд илүү сайныг өгөхийг хүсдэг гэдгийг хэлсэн. Бурхан бидний Тэнгэр дэх Эцэг бөгөөд биднийг залбирлыг сонсдог, Өөрийн алдар ба Нэрийн төлөө, бидний сайн сайхны төлөө илүү сайнаар залбиралд маань хариулахыг хүсдэг.
Одоо 8б-г үзээрэй “Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу? гэжээ” Эндээс харвал Есүс сэтгэл алдрахгүй, байнга залбирахад итгэл зайлшгүй хэрэгтэй гэдгийг дүгнэн хэлж байна. Хэрэв бидэнд итгэл байхгүй бол бид Бурханы цагийг хүлээж чадахгүй, тэвчээргүй, тэсвэргүй, хэврэг байдаг. Энэ үед бид өөрсдийн цагийг тооцоолон, Бурхан яг миний тооцоолсон цагт гуйлтын хариу өгөх ёстой гэж бодон, яг цагт минь хариулахгүй бол бид шантран, цөхөрдөг. Заримдаа бид сэтгэл алдрахгүй байнга залбирсан ч Бурхан миний гуйлтад хариулахгүй, ямар нэгэн шинэ тэмдэг, дохио ирэхгүй үе байдаг. Гэвч энэ нь Бурхан бидний гуйлтыг сонсохгүй байна гэсэн үе биш юм. Бид энэ мэт гуйлтын хариулт ирэхгүй байсан ч, шантрах хэрэггүй бөгөөд Бурхан
бол шударга, хайр ба энэрлээр дүүрэн сайн гэдэгт итгэсээр байх хэрэгтэй. Бидэнд ийм итгэл
байвал сэтгэл алдрахгүй байнга залбирч, Бурханы цагийг хүлээж чадна. Тэгээд Бурханы цагт, Бурханы ивээл ба нигүүлслийн дагуу хамгийн сайн хариултыг авах болно. Өнөөдөр хоньчдын хувьд хоньдынхоо төлөө, гэр бүл хоньчдын хувьд үр хүүхдүүдийнхээ төлөө, оюутан хоньчдын хувьд хичээл номын төлөө, гэрлэх насны хоньчдын хувьд итгэлийн гэр бүлийн төлөө, ажилчин хоньчдын хувьд ажлынхаа төлөө хичээнгүй залбирдаг. Гэвч хоньд итгэлээр өсөхгүй, хүүхдүүд өөрчлөгдөхгүй, хичээл ном сайжрахгүй, итгэлийн гэр бүлээр босох хүн харагдахгүй, ажил ахиц амжилтгүй байгааг хараад урам хугардаг. Эдгээр гуйлтын сэдвийн дагуу тэвчээртэй, хичээнгүй, залбираад байхад нөхцөл байдал хэвээр байгааг хараад сэтгэл алдарч, залбирахаа больдог. Тэгээд залбираад нэмэргүй юм байна гэж бодон, хэсэг хугацааны дараа
гуйхаа больдог.
Гэвч өнөөдрийн үгнээс харвал бид өөрийн хүч чадалд бус Бурханы хүч чадалд түшиглэхийг, мөн Бурхан бол сайн, хайр ба энэрэлээр дүүрэн, шударга гэдэгт үргэлж итгэх хэрэгтэй гэдгийг сургаж байна. Тэгвэл бид ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл алдрахгүй, байнга залбирч чадна. Тэгвэл бид цөхрөлтгүй, шантрахгүй, зогсолтгүй, тууштай залбирч чадна.
Солонгос сентагийн нэгэн эмэгтэй хоньчин гэрлэснийхээ дараа нэг хэсгийг хариуцаж авсан байна. Гэвч тухайн үед ямар ч оюутан хоньдгүй байсан гэнэ. Нөхөр хоньчинтойгоо хоёулхнаа хэсэгтээ сууж, сэтгэгдлээ хуваалцдаг байсан бөгөөд бусад хэсгийг харахаар зөндөө их оюутан хоньдыг өсгөж байгааг хараад битүүхэндээ атаархдаг байсан гэнэ. Тэгээд энэ эмэгтэй хоньчин нь үүрийн гуйлтыг тогтмол өргөхөөр шийдвэр гаргасан байна. Өдөр бүр өглөө 04:30-д босож сентад ирж 30 минутын залбирлыг гурван жилийн турш тасралтгүй авсан байна. Ийнхүү сүнсний тэмцэл хийсний эцэст хэсэг нь 50-н хүнтэй болж, тухайн хэсгээс мишонеруудыг илгээж, фүүл тайм хоёр хоньчин боссон байна. Үүнчлэн бид ч гэсэн монгол ЮБФ-н дараагийн Есүсийн жинхэнэ шавь нарыг босгох гэвэл сэтгэл алдрахгүй, байнга залбирах чухал гэдгийг харуулж байна. Манай чуулган гурван хэсэгтэй. Хэсэг бүрээс ийнхүү сэтгэл алдрахгүй байнга залбиралд өөрсдийгөө зориулдаг хүмүүс боссоноор мишонеруудыг илгээдэг, фүүл тайм хоньчдыг босгодог, энэ цаг үеийн ерөөлтэй хүмүүсээр хэрэглэгдэж чадахыг гуйж байна.
2. Гэмшдэг, төлөв даруу залбирал (9-14)
Есүс одоо фарисай болон тавар хураагч хоёр хүний залбирлаар дамжуулан Бурханд ямар залбирал зөвтгөгдөн, хүлээн авдаг болохыг сургаж байна.
10-12-р эшлэлийг үзээрэй “10 Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. 11 Фарисай хүн зогсоод дотроо залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. 12 Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв.
Фарисай хүн бол маш итгэл сүсэгтэй, сахилга баттай, нийгэмд хүндлэгдсэн хүн байдаг. Тэд Бурханы хуулийг маш нарийн чанд сахиж, бүх тушаалыг ягштал баримталдаг. Энд гарч буй фарисай хүний залбирлыг сайн ажиглан харвал өөрийн хийсэн зүйлээр сайрхаж байгааг мэдэж болно.
Тэрээр өөрийгөө бусадтай харьцуулан нүгэлтнүүдийн хажууд өөрийгөө гайгүй хэмээн бодон өргөмжилж байсан. Энэ бүгдээс харвал Түүний залбирал нь үнэндээ Бурхан ба өөрийн үнэн
төрхийг мэдэхгүй, өөр дээрээ л төвлөрсөн байгааг харж болно. Тэгвэл татвар хураагчийн залбирал ямар байсан бэ?
13-р эшлэлийг дахин үзээрэй “Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв.”
Тэр зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлээгүй гэсэн нь Тэр өөрийгөө Бурханы өмнө очих, Түүний хайр ивээлийг хүртэх зохисгүй гэдгийг харуулж байна. Мөн “цээжээ дэлсэн байж” гэсэн нь өөрийгөө жигшиж, өөрийн гэм нүглээ гүнзгий ухамсарлаж байгаагийн дохио. Энэ л үйлдлүүд нь өөрийгөө даруу болгож байгаагийн илэрхийлэл юм. Татвар хураагч хүн олон үг хэлэлгүй зөвхөн
“Бурхан минь нүгэлт намайг өршөөгөөч” гэсэн. Тэрээр Бурханы өмнө өөрийгөө ариун биш, үнэ цэнэгүй, амьд байх ч эрхгүй, ямар ч зүйл гуйх зохисгүй нүгэлт нэгэн гэдгээ ухаарч байсан. Өөрөөр хэлбэл татвар хураагч хүн өөрийгөө гэмтэй, Бурхан бол ариун гэдгийг гүнзгий ухаарч, ойлгосон байсан. Тиймээс түүний ганц гуйж чадах зүйл нь өршөөл, нигүүслийг гуйх байсан юм.
Есүс эцэст нь юу гэж хэлсэн бэ? 14-г үзээрэй. Бүгдээрээ хамтдаа уншъя! “14 Би та нарт хэлье,
фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.* эндээс харвал Есүс татвар хураагчийн гуйлт нь хүлээн зөвшөөрөгдөж, тэр зөвтгөгдсөн гэв. Яагаад гэвэл Өөрийгөө бусадтай харьцуулан өөрийгөө зөв, сайн, дажгүй, би тэрнээс гайгүй гэж боддог, өөрөө бардамнаж, сул дорой алдаатай нэгэнийг үл тоомсорлодог нэгэн нь номхруулагдана. Харин өөрийн үнэн төрхийг Бурханы
өмнө шударгаар хүлээн зөвшөөрч, түүнийхээ төлөө гашуудан, гэмшдэг, төлөв даруу сэтгэлтэй, Бурханд бүх найдвараа тавьдаг нэгэнд хайр энэрлээ үзүүлдэг гэдгийг заан өгч байна.
Бид заримдаа багахан амжилт, жаахан ахиц дэвшил ирэх үед өөрөө бахархаж, үүнийгээ өөрийн хүч чадал, сайндаа эсвэл мундагтаа ийнхүү амьдарч байна гэж андуурах үе байдаг. Тэгээд бидний залбирлын хандлаг маань Бурханаас авах ёстой, Бурхан гуйлтанд хариулах ёстой гэсэн бардам сэтгэлээр хандах үе байдаг. Гэвч бид ямар ч үед хэн байсан, хэн болсон, өнөөдрийн би хэрхэн бий болсон гэдгийг гэдгийг мартаж болохгүй. Бид үргэлж үүнийг санаж, даруу сэтгэлээр амьдарвал бид
Бурхантай зөв харилцаатай байж, Бурханы ивээл ерөөлийг зөвөөр эдлэн амьдарч чадна.
Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчийн Жер Ми Лин ийнхүү хэлсэн байна. “Би өдөр бүр талбайд хожихын төлөө тэмцдэг. Гэхдээ өдөр бүр өөртөө сануулдаг нэг зүй бол би талбай дээр оноо алдсан ч бай, алдаагүй бай, амжилтай дамжуулалт хийсэн ч бай хийгээгүй ч байж, би эсрэг багаа хожсон ч бай хожоогүй ч бай би гэмтэй, сул дорой нэгэн” гэж хэлсэн байна. Энэ л үгээр Жер Ми Лин өөрийн амжилт, авьяас, чадварт биш, харин Бурханд түшиглэхийн тулд өөртөө ийнхүү сануулдаг байна.
Миний саяхны нэг номлолын ээлжинд “Эзэний заасан” залбирал байсан. Өнөөдрийн ээлжинд “сэтгэл алдрахгүй байнга залбир” гэдэг үг байна. Бурхан надад дахин дахин залбирлыг сургаж
байна. хэрхэн зөв залбирахыг, залбирлын хандлага маань ямар байх ёстойг. Өнөөдрийн номлолыг бичиж байх хугацаанд миний хүч чадал хязгаартай бөгөөд Бурханы хариуцуулж өгсөн хоньдын төлөө хийж чадах ганц зүйл бол Бурханы хүч чадалд түшиглэн сэтгэл алдрахгүй байнга тэдний төлөө залбирах гэдгийг сурлаа. Мөн Бурхан намайг өглөө бүр залбиралд ирдэг учраас гуйлтанд минь хариулдаг биш, харин Бурхан бол өрөвч, сайн, шударга, хайр энэрэл, нигүүслээр дүүрэн, учраас гуйлтанд минь хариулдаг гэдгийг сурсан. Хайртай Бурхан Аав минь ямар ч үед, сэтгэл
алдрахгүй байнга залбирдаг хүнээр өсгөж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бид өнөөдрийн номлолоор дамжуулан хэрхэн сэтгэл алдрахгүй байнга залбирахыг сурлаа. Юуны өмнө бид өөрт бус Бурханы хүч чадалд бат итгэн, Бурхан бол хайр ба энэрлээр дүүрэн, шударга Нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөн, Бурханд сэтгэл алдрахгүй байнга залбирах ёстой гэдгийг сурч байна. Мөн Бурхан гэмшсэн даруу сэтгэлтийг хүлээн авдаг бөгөөд Бурхан өөрийгөө өргөмжилдөг нэгнийг эсэргүүцэж харин өөрийгөө даруу байлгасдыг өргөмжилдөг гэдгийг сануулж байна. энэ цагт манай чуулганы хүн нэг бүр сэтгэл алдрахгүй байнга залбиралд өөрсдийгөө зориулж, Бурханы онцгой хүч чадлыг амсдаг, ерөөлтэй хүмүүсээр амьдарч чадахыг
хүсэн гуйж байна. АМЕН.