2025 оны Лук 15-р номлол (04.13) Галаа Петр

Нүгэлт эмэгтэйг уучилсан Есүс

Лук 7:36-50
Гол эшлэл 7:47

“Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Тиймээс тэр ихэд хайрлажээ. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд”

Өнгөрсөн номлолоор бид Эзэн Есүс баптисч Иоханы эргэлзээг Бурханы үгийн дагуу, үгэнд хандуулснаар эргэлзэх огтхон ч хэрэггүй гэдийг заасан. Мөн баптисч Иоханыг ямар агуу нэгэн болохыг гэрчилж буйг сурсан билээ. Иоханыг тийнхүү агуу болгосон зүйл нь түүний үүрэг, үүргийн дагуух дуулгавартай, тууштай, амьдрал болохыг заан өгсөн билээ.
Харин өнөөдрийн номлолоор бид нэгэн нүгэлт эмэгтэй Есүсийн өршөөлийг хүртсэн, Есүсийн хайрыг гүн гүнзгий ухаарсны улмаас Түүнд хайртайгаа илэрхийлэх гэж эрэн хайж очиж буй эмэгтэйн талаар суралцах болно. Хэзээ хаана Есүстэй уулзаж гэм нүглийн өршөөлийг хүрсэн эсэн нь библи дээр бичигдээгүй боловч өнөөдрийн суралцах хэсэгт чин сэтгэлийн талархсан сэтгэлээ илэрхийлэхээр ирж буй түүний гайхамшигт үйлдлийг суралцах болно. Есүс тэрхүү нүгэлт эмэгтэйн зүрх сэтгэлийг маш анхааралтай хүлээн авч байна. Та Есүст хэр их хайртай бэ? Та Есүсийг яаж, хэрхэн хайрладаг бэ? Хүн бүр бодож үзээсэй гэж хүсэж байна.
Өнөөдрийн номлолоор Есүсийг чин сэтгэлээр, илүү их хайрлах нууцад суралцаж чадахыг хүсэн гуйж байна.

Одоо 36-г үзээрэй. Нэгэн фарисай хүн Симон Есүсийг гэртээ орой зоогт урьсан байна. Фарисайчууд бол тухайн үед хамгийн том, нөлөө бүхий шашны бүлэг байсан. Есүс хүн бүр сайнмэдээнд итгэж аврагдаасай гэж хүсдэг. Тиймээс Есүс түүний урилгыг дуртайяа хүлээн авч гэрт нь орон тухлан суув. Симон яагаад Есүсийг оройн зоогт урьсан юм бол? Магадгүй Есүс илүү их алдартай болж байгаа учраас Симон өөрийгөө олонд харуулахыг хүссэн байж болох юм. Эсвэл Есүс Бурханы үгийг эрх мэдэлтэйгээр зааж, олон гайхамшиг, тэмдгүүдийг үйлдэж байсан учраас сонирхлыг нь ихээр татсан байж болох юм. Ямартай ч Иудейн хүндэт зочиндоо үзүүлэх наад захын ёс заншлын дагуу хүлээн аваагүйг харахад хайрлаж хүндэлсэндээ уриагүй нь тодорхой байна.(44-46)
Иудейн заншил ёсоор бол 1-рт эхлээд хөлөө угаас ус өгөх эсвэл зарцаараа угаалгах, 2-рт Гэрт ороход нь халуун дотоноор мэндчилсэн тэвэрч үнэсэх, 3-рт анхилам тосоор тослох байв. Симон Есүст эдгээрийн нэгийг нь ч хийсэнгүй. Тэр Есүсийг Бурханы Хүү, Аврагч Мессиа гэдгийг мэдээгүй, итгээгүй байна.
Есүс тэр фарисайн гэрт тухлан сууж зоог барих тэр үед юу тохиолдсон бэ? Одоо 37-38-р эшлэлийг үзээрэй. Тэр хотод буй нэгэн нүгэлт эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт байгааг дуулаад гэнэт орж ирэв. Энд нүгэлт эмэгтэй гэсэн нь янхан эмэгтэй гэсэн үг юм. Тэр эмэгтэйг Капернаумынхан бүгд мэддэг байлаа. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явдал байсан. Энэ эмэгтэй хувьд албан ёсны гэмтэн гэж дуудагдан, гэмийн боолоор, ичгүүртэй амьдарч байв. Хүмүүс түүнийг үргэлж л буруушаан гадуурхдаг байв. Энэ эмэгтэй яаж Фаирсайн гэрт орж ирж чадав аа? Түүнд маш их хэцүү байсан нь лавтай. Магадгүй чулуудуулж үхэх ч аюутай байсан. Хүмүүс фарисайчууд түүнтэй нэг гэрт хамт байх нь бүү хэл хажуугаар нь өнгөрвөл бузартчихлаа гэж үздэг.
Ард олонд гадуурхагдсан энэ эмэгтэй очъё гэвч очих газар олдохгүй, түүнийг хүлээн авах нэг ч хүн байхгүй байсан. Тэгээд тэр ямар ч байсан Есүстэй уулзаж талархсан сэтгэлээ илэрхийлэх гэсэн чин хүсэл нь түүний бүх ичгүүр ба айдсыг зайлуулсан. Эмэгтэй маш зоригтой алхам хийж, гэрт нь орж Есүс дээр очив. Энэ бол итгэлийн зоримог шийдвэр болон шийдвэрийн дагуух итгэлийн зоримог алхам байсан. Ийнхүү үйлдэж чадсан нь Есүсийн гэмтнүүдэд хандсан уучлал ба хайранд бат итгэснийх юм. Эмэгтэй Есүс дээр ирэхдээ гар хоосон ирээгүй. Тэр Есүс дээр бүхнээ авч ирсэн. Гөлтгөнөн савтай үнэт тосоо авч ирсэн. Энэ нь тухайн үед Ромын баян эмэгтэйчүүдийн хэрэглэдэг сайхан тансаг үнэртэй тос байсан. Маш үнэтэй, ховор тос учраас гөлтгөнөн савандаа дусал дуслаар хураадаг, Өмч хөрөнгөтэй адилд тооцогддог тос байсан. Тийм учраас уг тос нь эмэгтэйн хувьд маш үнэ цэнтэй нандин зүйл байсан нь тодорхой. Энэхүү хамгийн нандин зүйлээ Есүст зориулахаар авч ирсэн байна. 38-р эшлэлийг үзээрэй. “Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов”. Эмэгтэй Есүсийн хөлийн хажууд зогсоход нүднээс нь өөрийн эрхгүй нулимс урсаж эхлэв. Энэ нь Есүсийн өмнө зогсоход өөрийн өнгөрсөн гэмээр дүүрэн амьдралаа ухааран, мөн ийм өөрийг нь уучлалын хайраар харж буй Есүсийн хайр мэдрэгдэхэд сэтгэл нь маш их хөдөлсөн учраас юм. Тэгээд нулимсаараа Есүсийн хөлийг нь хүртэл норгосон. Есүсийн хөл тоос шороотой дээрээс нь нулимстай нь хутгалдсан. Тэр цэвэрлэхийг хүссэн ч түүнд алчуур байсангүй. Тиймээс тэрээр эмэгтэйчүүдийн алдар, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон урт үсээрээ Есүсийн хөлийг нь арчиж цэвэрлэв. Тэгээд хөл дээр нь үнсэж, үнэрт тосоо асгав. Үнэрт тосны анхилам үнэр Фарисайн гэр болон эргэн тойронд тархав. Энэ нь тэнд Есүсийн сургаалыг сонсохоор ирсэн хүмүүсийг анхаарлыг татсан цочирдмоор үйл явдал болсон.
Энэ эмэгтэй яагаад Есүс дээр ирээд ийнхүү үйлдсэн бэ? Энэ бол эмэгтэйн гэмшлийн илэрхийлэл байсан. Мөн бузар гэм нүглийг нь уучилсан агуу өршөөлд талархсаны илэрхийлэл байсан. Хэн ч биш адгийн гэмтэн байсан намайг хүлээн авч уучилсан, хайрласанд нь талархан Есүсийг хайрлаж буй хайрын хамгийн дээд илэрхийлэл байсан юм. Амен Энэ бол Есүсийн 3 жилийн үйлчлэлийн явцад болсон хамгийн сайхан үйл явдлуудын нэг байсан.
Харин эмэгтэйн уг үйлдэлд Есүс ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Энэ бол яалтч үгүй маш эвгүй нөхцөл байдал байсан. Есүс “Чи чинь юу хийгээд байна аа, энэ ч одоо арай дэнднээ, хүмүүс юу гэж ойлгох бил ээ? Боль гэсэн үү?” Огтохон ч тэгээгүй. Есүс түүнд юу ч хэлсэнгүй, түүнийг хориглох юм уу болиулах гэж өчүүхэн ч оролдсонгүй. Яагаад юм бол? Энэ нь Есүс түүний зүрх сэтгэлийг бүгдийг мэдэж байсан учраас тэр юм. Энэ бол Есүс эмэгтэйн чин сэтгэлийн гэмшил, талархал, хайрын илэрхийлэлийг хүлээн авч буй хэрэг юм. Америкийн зохиолч ГэриЧепман бичсэн хайрын таван хэл гэдэг номыг бүгд мэдэх байх. Энэ эмэгтэйн хувьд хайрын хэл нь биеэр мэдрэх байсан юм шиг байна, тиймээс Есүсийн хөлд хүрч, арчиж, үнссэн бололтой. Есүс үүний адил бидний зүрх сэтгэл, гэмшил, талархал, хайрын үйлс бүрийг байгаагаар минь хүлээн авдаг. Хайр нигүүлслээр дүүрэн Аврагч Есүсийг таньж мэдэх нь бидний хувьд агуу ерөөл юм.
Энэ үйл явдлыг харсан хүмүүс сайн ойлгохгүй дургүйцаж байв. (39) Ялангуяа Симон Есүсийн сүнслэг байдалд эргэлзээд зогсохгүй энэ эмэгтэй бол бузар харин би бол цэвэр гэж бодсон. Симон хэдийгээр шашны зүтгэлтэн байсан ч Есүсийг таньж мэдээгүй, Түүний зүрх сэтгэлийг ойлгохгүй байсан. Симон бардам байдлаасаа болоод сүнслэг хараа нь сохорсон байсан. Ийм түүний бодлыг Есүс мэдээд. “Симон оо, Надад чамд хэлэх юм байна” гэв. Тэгтэл Симон “Багш аа, түүнийгээ хэлээч” гэжээ. Есүс түүнд өртэй зээлтэй хоёр хүний тухай сургаалт зүйрлэл ярьж өгөв. (41-42-р эшлэл) Нэг нь таван зуун, нөгөө нь тавин денарын өртэй байв. Нэг денар нь тухайн үеийн ажилчдын нэг өдрийн цалинтай дүйцдэг байв. Одоогийн манайхаар бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000; нэг өдрийн цалин 36000; тэгэхээр 500 денар нь 18 сая төгрөг, 50 денар нь 1,8 сая төгрөгтэй тэнцэнэ. Оюутны сургалтын төлбөрийн зээлтэй хоёр оюутан байсан гэж бодъё. Тэд адилхан 18 сая төгрөгийн өртэй байсан ч нэг нь бага багаар төлсөөр 16,2 саяыг нь нэгэнт төлсөн байлаа, харин нөгөөх нь 18 саяын өртэй хэвээр байсан. Гэтэл засгийн газраас тогтоол гарч бүх зээлийг нь хаасан гэвэл, тэд хоёул баярлах нь лавтай, гэхдээ тэдний баяр хөөр нь адилгүй байх болно. Фарисай Симон Есүст “Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн хүн нь гэж би бодож байна” гэв.
Симон- Есүс яагаад ийм ойлгомжтой зүйл асуугаад байгаа юм бол гэж бодсон байх. Гэтэл Есүс түүнд тайлбарлан “Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. Чи толгойг минь тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов.” хэмээн маш тодорхойгоор тайлбарлаж, мөн Симоныг шуулуухан зэмлэсэн. Симон Есүсээр олон хүмүүсийн өмнө зэмлүүлснээр, ичиж нүүр хийх газаргүй болсон байх. Есүс хэдийгээр Симоны хувьд хэн ч биш мэт байсан ч энэ эмэгтэйн хувьд Эзэн, аврагч гэдгийг тодорхой харуулж өгч байна.
Ийнхүү Симон болон эмэгтэй хоёр Есүст тэс өөрөөр хандахад юу нөлөөлсөн бэ? 47-р эшлэлийг хамт үзээрэй. “Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Тиймээс тэр ихэд хайрлажээ. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд”. Эндээс харвал Есүс фарисайн гэрт ирэхээс өмнө нүгэлт эмэгтэйд өршөөлийн хайр ивээлийг үзүүлсэн болохыг мэдэж болно. Есүсийн өршөөлийн улмаас хайрын харилцаа үүсэж байдаг. Бидний гэм нүгэл Есүсээр уучлагдсан, өршөөгдсөн, Есүс бидийг хүлээн авч хайрласан, Аварсан учраас бид Есүсийг хайрладаг. Ямар ч албадлага байхгүй, Элч Паул үүнийг хэлэхдээ 2Кор5:14а “Христийн хайр биднийг албаддаг” гэж хэлсэн байдаг. Тэгвэл бид Есүсийн хайрыг илүү сайн авахын тулд илүү их нүгэл үйлдэх ёстой гэсэн үг үү? Огтоос тийм биш. Харин бид өөрсдийн гэм нүгэл, мөн Бурханы өршөөл болон нигүүлслийг гүнзгий ухаарах ёстой гэсэн үг юм. Есүст итгэснээр бид Бурханы мөнхийн шийтгэлээс аврагдсан юм. Бид гэм нүглийнхээ улмаас шийтгэл хүртэх ёстой байсан ч Есүс бидний өмнөөс тэр бүх шийтгэлийг Өөр дээрээ авч загалмай дээр нас барсан. Есүс загалмай дээрээс залбирахдаа “Аав аа, Тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук23:34а) хэмээн залбирсан. Үүгээрээ Тэр хүн бүрийн аврагдах замыг нээн өгсөн юм. Есүст итгэсэн, гэмшсэн хэн боловч Түүний үнэт цусаар уучлагдах юм. (1Иох1:9) Есүс та бидний гэмийн төлөөсийг амиараа төлсөн гэдгийг санах хэрэгтэй. Есүсийн та биднийг хайрласан хайрын хамгийн дээд илэрхийлэл нь энэ юм. 1Иох4:10-т “Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм.”
Зарим хүмүүс тэр эмэгтэйг их нүгэлтэн байсан, харин фарисай Симон Бурханы хуулиудыг сахиж амьдардаг учраас бага нүгэлтэн байсан гэж боддог. Гэвч тийм биш юм. Ром3:23-т “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй.”, Мат5:22-т “Ах дүүгээ “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно.” Тиймээс Есүс бүгд гэм нүгэлтэй, үүнд их бага гэж байхгүй харин хэн төгс, амьд Бурханы өмнө гэм нүглээ хүлээн зөвшөөрч, гүнзгий ухаарч байгаа нь чухал гэдийг заан өгч байна. Исаиа зөнч Бурхан болон Израйл ард түмний өмнө өөрийгөө зөвт шударга нэгэн хэмээн бодон Бурханд гомдллдог. Гэвч тэр Бурханы сүр жавхлант оршихуйг хараад, “Тэгээд би -Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.” (Ис6:5)
Есүс таны хувьд хэн бэ? Есүсийн өршөөл, авралын хайр ивээл таны хувьд хэр их байна бэ? Та Есүсийг хэр их хайрлаж байна бэ? Энэ бүхэн Есүс та хоёрын хоорондох гүн гүнзгий хайрын харилцаатай шууд холбоотой. Тиймээс бид Есүсийг илүү их хайрлахыг хүсвэл Есүсийн өршөөлийн хайрыг илүү гүн гүнзгий, хувьчлан мэдэрч, ухаарах нь чухал юм. Есүс бол цорын ганц бүтээгч, аврагч учраас бид Есүсийг хайрлах ёстой. Бид Есүсийг хайрлан, хүндлэх нь Түүнд хайртайгаа илэрхийлэн үйлчлэх нь бидний бүтээгдсэний гол үндсэн зорилго ба утга учир юм. Бид Есүсийг хайрласнаар амьдралынхаа жинхэнэ утга учрыг олж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл амар амгалан амьдарч чадах юм. Бид Есүсийг хайрлавал, бидний амьдрал Бурханы алдрын төлөө үр жимстэй байх болно.
Тэгвэл бодитоор хэрхэн үйлдэх бэ? Бид яаж Есүсийг илүү таньж мэдэх бэ? Есүсийн тэр гайхалтай хайрыг хэрхэн өдөр бүр мэдэрч, тэр хайранд умбаж амьдарч чадах бэ? Бид хайртай хүмүүстэйгээ үргэж хамт байхыг хүсдэг шиг, бид Есүст цаг гаргах хэрэгтэй. Энэ дэлхийн зүйлсэд зориулж буй цаг хугацаа, зүрх сэтгэлийн төвд тавин амьдарч буй энэ дэлхийн зүйлсээ орхиод Есүс дээр очих хэрэгтэй. Чуулганы бүхий л зүйлс эцсийн дүндээ таныг Есүстэй гүнзгий хувьчлан уулздаг, хайрын харилцаатай байлгахын төлөө байгаа юм. Энэ бол Есүсийн бидэнд бий болгож өгсөн систем юм. Хүн сүмд хамрагдахгүйгээр амьдрах, Есүсийг хайрлан амьдрах боломжгүй. Үүрийн залбиралд зориулалт гарган ирэх хэрэгтэй, ӨБХ, Библи унших, 1:1 библийн хичээл хийх, сар бүрийн залбирлын цуглаан, Ням гарагийн хүндэтгэлийн цуглаан өргөх, Эзэний үгийг зүрх сэтгэлдээ тунгаан бодож, үгийн дагуу итгэлээр амьдрах энэ бүгд нь Есүсийг хайрлах, Есүсийн хайрыг хүлээн авах боломж юм. Ром12:1 “Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.”
Тийнхүү Есүстэй хайрын харилцаатай болсноор Иох21:17 Есүс та биднээс “Чи надад хайртай юу?” “Миний хоньдыг хариул” гэсэн үгийн дагуу баяр хөөрөөр дүүрэн Есүсийн хоньдыг тэжээн амьдрах юм. Ингэснээр бидний итгэлийн нандин амьдрал нь ачаа дарамт бус харин агуу хайр нигүүслийн дотор баяр баясгалан, аз жаргалтай байх болно.
Харин эсэргээрээ бид энэ дэлхийн зүйлд өөрсдийгөө зориулсаар байгаа бол Бурханы өмнө ирээд гэмшиж, Бурхан руу эргэх хэрэгтэй. Тэгснээрээ бидний сүнс, сэтгэл эрүүл, сэргэг, хүч чадал, өршөөлийн баяр хөөрөөр дүүрэх болно.
Есүс эмэгтэйд “Нүглүүд чинь уучлагдсан” (48). Энэ нь түүний уучлалыг олны өмнө заралсан явдал байв. Түүний уучлагдсан шинэ хүн болсныг зарлан тунхагласан юм. Харин хүмүүс өөр хоорондоо “Нүглийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ?” гэлцлээ.(49) Харин Есүс тэр эмэгтэйд хандаж “-Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа” гэж айлдав.(50)
Миний хувьд Бурханыг үгүйсгэгч, үл итгэгч агуу нүгэлтэн байсан. Амьдралын гол төв нь БИ өөрөө байж, амин хувиа хичээсэн, шунаг сэтгэлтэй, зугаа цэнгэлийг нууцаар хайрлагч завхай, хоёр нүүртэн байсан. Өөрөө түшиглэсэн сүнсний хувьд сохорсон гэм нүглийн намагт гүн шигдсэн ямар ч хүсэл найдваргүй нэгэн байсан. Харин Есүсийн хайр зохисгүй намайг сонгон дуудсан. Есүсийн загалмайн дээрх тэр золилтын хайр нь гэмт намайг бүрэн уучилсан гэдэг сайнмэдээ намайг сүнсээр дахин төрөх ивээлийг өгсөн. Өнөөдрийн зарлигаар дамжуулан бүхнээ зориулан Есүсийг хайрлаж буй эмэгтэй адил Есүсийг хайрлан, хоньчны амьдралаар амьдрах нь маш их хайр ивээлтэй болохыг дахин сурлаа. Өдөр бүр Есүстэй гүнзгий хайрын харилцаатай амьдарч, Есүсийг хайрладаг нэгэн байхад тусалж өгөөрэй.
Дүгнэлт: Төрөө, Базараа, Бумаа хоньчид та нар хонь тэжээж байна уу? Хоньдыг хайрлан үйлчилж байгаа нь таньд үзүүлсэн Есүсийн хайрыг тэр хэмжээгээр мэдэрч, талархаж байгаагийн илэрхийлэл юм. Оюунбилэг, Пүүжээ, Болороо, Өлзий, Сарнай хоньчид, та нар өглөөний гуйлтанд ирж, ӨБХ идэж, Библи уншиж байна уу? Эдгээр нь мөн Есүсийн авралын хайр, дуудлагыг гүнзгий мэдэрч, талархаж байгаагын илэрхийлэл юм. Есүсийн хайрыг хэр их хэмжээгээр мэдэрнэ, тэр хэмжээгээр бид Бурханыг хайрлаж, Бурханы сайн мэдээний төлөө хичээл зүтгэл гаргах болно. Та нарт хэрэгтэй бүгдийг Бурхан мэдэж байгаа, Харин эхлээд Түүний зөвт байдлыг эрэн хайгтун, тэгвэл тэр бүгдийг Бурхан цаг нь болохоор заавал хангаж өгөх болно. Амен.
Хайрт ахан дүүс минь, бүгдээрээ Есүсийг хайрладаг хүмүүс болцгооё. Амьдралд юу ч тохиолдож болно, харин харин Есүсийг хайрлахаа зогсоож болохгүй. Тэгвэл бид ямар ч үнэ цэнэгүй, хэн ч биш болно. Энэ цаг үе нь Есүс зориулах хамгийн тааламжтай цаг. Хожим бид боломжтой болчихоод Есүст үйлчилье гэвэл хэзээний хожимдсон байх болно. Симон шиг ёс төдий бус эмэгтэй шиг чин сэтгэлээр Есүсийг хайрлан алдаршуулж амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен.

өмнөх нийтлэл2025 оны Амилалын өдөр бүрийн хоол /2025.04.15/
Дараагийн нийтлэл2025 оны Лук Амилалын хичээл(04.20)