ХАРИН ТАНЫ ХҮСЭЛ БИЕЛЭГДЭГ
Лук 22:39-53
“Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.”(42б)
Есүсийн загалмайд үхэх цаг нь ойртжээ. Энэ бол Есүсийн хувьд хамгийн хэцүү мөч байсан. Гэвч Есүс айдас гунигт автагдалгүй энэ үед ч заншил ёсоор Бурханы өмнө очиж залбирахын тулд Чидун уулын Гетсеманид очив. Есүс шавь нартаа “Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа” гэсний дараа Өөрөө тэднээс жаахан холдон өвдөг сөгдөн залбирав. Есүс эхлээд Бурхан Аавын хүсэл байвал загалмайн үхлийн аягыг Өөрөөс нь зайлуулаач гэж гуйв. Есүс хүн төрөлхтний гэмийг үүрч загалмайд цовдлогдох нь хичнээн аймшигтай зовлон бэ гэдгийг маш сайн мэдэж байсан. Гэвч Есүс дахин залбирахдаа “Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” гэж гуйсан.(42) Есүст загалмайн зовлонгоос зайлсхиймээр хүсэл байсан ч Өөрийн хүслийг үгүйсгэж Бурханы хүслийг дуулгавартай дагахын төлөө гуйсан. Бурханы хүсэл тааллыг сайн дураараа бүрэн дагахын тулд хөлс нь цусны дусал болтол маш хичээнгүй, шаргуу залбирч байлаа. Есүс ингэж залбирлын тэмцлээр дамжуулан Өөрийнх нь үхлээр дамжуулан хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы тааллыг баяртайгаар даган биелүүлж чадсан. Жинхэнэ залбирал гэдэг бол ийнхүү өөрийн хүслийг орхиж, Бурханы хүслийг дуулгавартай, сайн дураараа дагахын тулд хийдэг тэмцэл билээ.
Харин шавь нар өөрсдийнх нь хүсэл мөрөөдөл нуран унасанд гуниглан залбирч ч чадахгүй гүн нойронд автагдсан.(45) Тэд сорилтод орохгүйн тулд залбирах ёстой байсан. Гэвч унтаж байсан тэд Есүсийг баривчлагдахад сандраад хүний аргаар тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавчив. Харин залбирлаар бэлдсэн Есүс Өөрөө сайн дураараа баривчлагдан зоригтойгоор үхлийн замаар явсан.
Гуйлт: Эзэн минь! Залбирлын тэмцлээр дамжуулан Бурханы хүслийг сайн дураараа зоригтой дагаж буй Есүсийг зааж өгсөнд баярлалаа. Залбирдаг заншилтай хүн болоход минь надад туслаач.
Нэг үг: Залбирлын тэмцлээр Бурханы хүслийг дага.