АМЬСГАЛАА ХУРААСАН ЕСҮС
Лук 23:39-56
“Есүс -Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.”(46)
1. Диваажинд орохоор болсон гэмт хэрэгтэн (39-43)
Есүстэй хамт өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Есүсийг Аврагч мөн юм бол Өөрийгөө авраач хэмээн доромжлов. Харин нөгөө нь түүнийг зэмлэн, өөрийн гэмийг хүлээн зөвшөөрч, Есүсээс авралыг гуйсан. Ийм түүнд Есүс “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” гэж ерөөж өгсөн.(43) Тэр хүн өдий хүртэл их гэм үйлдсэн учраас хамгийн хүнд шийтгэл болох загалмайн ялыг авсан. Харин Өөрийн гэмийг хүлээн зөвшөөрөн Есүсийг Аврагч гэдэгт итгэснээр авралыг хүртсэн. Гэмшиж Есүст итгэсэн хэн ч гэсэн аврагдана.
2. Сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагдлаа. (44-56)
Есүс загалмайд цовдлогдсоны дараа зургадугаар цагийн орчимд бүх газрыг харанхуй нөмрөн есдүгээр цаг хүртэл харанхуйлав. Мөн үүний дараа сүмийн хөшиг голоороо хоёр хэсэг болж урагдсан.(45) Энэ хөшиг бол сүмийн Ариунаас ариун газрыг халхалж байсан ба энэ нь гэмтнүүд Бурханы өмнө очиж болохгүй гэдгийг харуулсан хэрэг байсан. Харин Есүсийн үхэлтэй хамт энэ хөшиг урагдсан нь Есүс загалмайн зовлон ба үхлээр бидний бүх гэм ба шийтгэлийн асуудлыг шийдэж өгснөөр хэн ч гэсэн Есүс Христээр дамжуулан ариун Бурханы өмнө очих боломжтой болсон гэдгийг харуулж байна. Есүс бол бидний Бурханы өмнө зоригтой очих шинэ, амьд зам юм.(Еврей 10:20) Бид зөвхөн энэ Есүсийг түшиглэн Бурханы өмнө зоригтой очин Бурхантай харилцах болсон. Энэ үйл явдлын дараа итгэлээ нууж байсан Ариматын Иосеф итгэлээр бат болж, Есүсийн цогцсыг Пилатаас гуйн оршуулсан.
Гуйлт: Эзэн минь! Загалмайд урагдан цусаа асгаруулан нас барснаар бидний бүх гэмийн асуудлыг шийдэж өгөн ариун Бурханы өмнө очих замыг нээж өгсөнд талархал ба магтаалыг өргөж байна.
Нэг үг: Шинэ, амьд зам Есүс