Эзэн намайг та нарын төлөө илгээсэн
Эхлэл: 42-45-р бүлэг
Гол эшлэл 45:7
“Бурхан их авралаараа та нарыг амь хэлтрүүлж үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.”
Хайр энэрэл нигүүслээр дүүрэн Бурхан аав минь ээ. Таны үгээс бид суралцах гэж байна. Та ариун сүнсээр удирдаж өгөөч ээ. Таны ивээл нигүүслийг бидэнд дүүрэн зөвшөөрч өгөөч. Есүсийн нэр дээр залбирлаа.
Өнөөдрийн үгээр дамжуулан Бурхан бидэнд олон зүйлийг сануулахыг хүсэж байна.Одоогийн бидний амьдарч байгаа энэ цаг үед яагаад намайг сонгон дуудаад хэрэглэж байгаа юм бол? Намайг юуны төлөө сонгон дуудсан юм бол? Энэ цаг үед миний хийх ажил юу юм бол? Ажил, сургууль, гэр бүл дээрээ би яаж амьдрах ёстой вэ? гэдгийг заан өгч байна. Мөн жинхэнэ хайраар дамжуулан авралын ажлыг хийх, бусдыг уучилж хайрлахыг заан өгч байна. Өнөөдрийн зарлиг дээр хэнээс ч илүү үзэн ядаж хорсмоор байгаа ах нарыгаа хэрхэн уучилж хайрлаж байгаа талаар гарч байна. Тэрээр гүн гүнзгий хайраар хүлээн авч хайрлаж байна. Яаж ийм болж чадах вэ? Энэ цагт Бурханы үг бидний дунд оршиж миний зүрх сэтгэлийг хөдөлгөснөөр түүний ивээл дотор бие биенээ уучилж, хайрлаж, эвлэрч, хайраар нэгдмэл болж тэр хайраар авралын ажлыг зоригтой хийж чадахыг хүсэн ерөөж байна.
1. Ах нарын гэмийн асуудлыг хөндөж тусалсан Иосеф(42-44 бүлэг)
41-р бүлгийн сүүлийн хэсгээс үзвэл бүх нутгийг хамарсан хатуу ширүүн ган зуд болж өлсгөлөнгийн 7 жил эхлэв. Иаковын амьдарч байсан Канаан газар ч ган зудад нэрвэгдэв. 42-ийн 1,2-р эшлэлийг үзвэл “Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж – Та нар яагаад бие биенээ хараад суугаад байгаа юм бэ гэж хэлэв. Иаков бас – Харагтун, Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж ав. Тэгвэл бид үхэхгүй амьд үлдэнэ гэв.” Иаков хөвгүүддээ Египет рүү явж үр тариа худалдаж авчраарай гэж хэлэв. Ийнхүү Иаковын 10 хөвгүүн Египетээс үр тариа худалдаж авахаар явсан бөгөөд эцэг Иаков нь Иосефын дүү Бениаминийг хүү Иосеф шигээ алдахаас айж ах нартай нь хамт явуулалгүй гэртээ үлдээв хэмээн 4-р эшлэл дээр гарч байна.
Иаковын 10 хөвгүүн Египетэд ирэхэд ган зудтай газраас олон хүмүүс тэр газрын зархирагчаас үр тариа худалдан авч байлаа. Иосефийн ах нар ч ялгаагүй газарт нүүрээ харуулан түүнд мөргөн, үр тариа авахаар ирснээ хэлсэн. Иосеф ах нарыгаа хармагцаа таньсан. Тэрээр тэврэн авч цурхиран уйлмаар байсан байх. Өнгөрсөн үйл явдлыг бодохоор өөрөө ч мэдэлгүй нулимс цийлэгнэж, сэтгэл нь өвдөж, үгээр илэрхийлэмгүй шаналж хорсож гомдож байсан байхаа.
Харин Иосеф энэ үед юуг санасан бэ? 9а-г үзвэл “Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж” гэжээ. Иосеф Бурханы өгсөн зүүдийг санасан. Тэрээр үргэлж Бурханы өгсөн зүүдийг санан амьдарсан гэдгийг харуулж байна. Тэрээр өөрийн бодит амьдрал дээр юу ч тохиолдсон цаг ямагт тэр зүүдийг санан Бурханы таалал удирдлагыг харан амьдарсан бөгөөд яг одоо өөрт нь мөргөж буй ах нарыгаа хараад Бурханы өгсөн зүүд биелэгдэж байгаад маш их гайхсан.
22 жилийн дараа уулзсан Иосеф яасан бэ? Иосеф өөрт нь үйлдсэн гэмийн асуудлыг шийдэхгүйгээр уулзвал хайрын дотор зөв харилцаа тогтоож чадахгүй болно гэдгийг маш сайн ойлгож байсан. Ах нарынхаа гэмийн асуудлыг шийдэн тэдэнд бүрэн тусласны дараа уулзах төлөвлөгөө боловсруулсан. Энэ байдал нь ах нартайгаа жинхэнээсээ эвлэрэх гэсэн түүний сэтгэлд байгаа жинхэнэ хайрыг харуулж байна.
9б-г үзвэл тэд нарыг туршуул хэмээн гүтгэсэн. Яаж ах нараа гэмшүүлэх, тэдний гэмийн асуудалд туслах вэ гэдэгт бүх анхаарал байсан тул ухаалаг аргаар гэмшлийн ажлыг хийж эхэлж байна. 19,20-р эшлэлийг үзээрэй. Иосеф тэдэнд хандан нэгийг нь хорионыхоо байранд үлдээгээд бусад нь явж отгон дүүгээ аваад ирвэл тэдний үгэнд итгэнэ хэмээн явуулсан.
21,22-р эшлэлийг үзээрэй. “Бид дүүгийнхээ явдлаас болж ялтан болцгоолоо. Биднээс энэрлийг гуйсан түүний сэтгэлийн зовлон шанлалыг нь бид харсан атлаа тоогоогүй тул тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав. Реубен бусаддаа- Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юу, Гэвч та нар сонсоогүй. Тиймээс харагтун одоо түүний цус түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ” Эндээс Иосеф өөрсдийнхөө гэмээс болж шаналан буй ах нарыг хараад өрөвдөн уйлсан гэж 24-р эшлэл дээр бичжээ. Мөн энд гэмээ ухаарах гэмшлийн ажил явагдаж байгааг харж болно.Иосеф ах нарыгаа гэмших хүртэл өөрийгөө илчлэлгүйгээр нуун тэвчсэн.
Хүмүүс хэн нэгэнд туслахдаа өөрт амраар энгийнээр туслах гэж хичээдэг. Харин хүний гэмийн асуудалд туслах нь жинхэнэ хайр бөгөөд үйчлэл юм. Уул нь заавал тэр хүний гэмийн асуудлыг хөндөн тэр хүнтэй муудах үл ойлголцох шаардлаггүйгээр амар хялбараар туслаад үйлчилээд явахад амар юм. Гэхдээ авралын ажил бидний хийх Бурханы ажил нь ийм амар хялбар аргацаасан амьдрал биш юм. Бурханы өмнө гэмээ гэмшин, гэмийн айдас ба шаналалаас бүрэн чөлөөлөгдөхөд туслах нь үнэн хайр ба үйлчилэл юм.
Бурхан өөрийн хайртай зарц Давид хаан завхайрлын гэмийг үйлдэж үүнийгээ нуух гэж хичээж байхад түүний гэмийн асуудлыг хөндөн ухааруулахын тулд Натан зөнчийг илгээсэн байдаг.Давид Израилийн хаан байсан учраас хэн ч түүний гэмийн асуудлыг хөндөн зэмлэж чадахгүй байсан. Харин Бурхан Давидад хайртай байсан учир Натан зөнчийг илгээн түүнийг гэмшихэд тусласан. Үгээр дамжуулан зэмлэсэн зэмлэлийг сонссон Давид 3 өдөр 3 шөнө, нулимстайгаар Бурханы өмнө чинь сэтгэлээсээ гэмшсэн байдаг. Давид хэдийгээр ичгүүртэй гэмийнх ньасуудал ил гарч, үзэн ядагдан хорсмоор байсан ч, доог тохуу болохоор хэцүү байсан боловч даруу зангаар Бурхан дээр ирж шударгаар гэмшсэн. Тэрээр Бурханы өршөөлийн хайр ивээлийг амсан сүнсний жихэнэ амар тайван ба эрх чөлөөг эдлэх болсон.
25-р зүйлийг үзээрэй. “Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж хүн бүрийн өгсөн мөнгийг уутанд нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов.
Ингээд нутгийн зүг явж байсан ах нар нь нэгэн газар буудаллаад уутныхаа амыг нээтэл дотор нь өөрийх нь мөнгө байхыг харсан. Тэд үүнээс болж дахиад айн чичрэх болов. 28-р эшлэлийг харвал Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ хэмээн айсан. Тэд энэ үйл явдлаар өөсрдийнх нь гэмийг Бурхан илрүүлж байна гэж бодсон. Тэд өнгөрсөн 22 жилийн турш Иосефт үйлдсэн гэмээ зүрхнийхээ гүнд нууж байсан бөгөөд тэд эцгийгээ хуурч чадсан ч Бурханыг хуурч чадахгүй гэдгээ ойлгосон. Бурхан бүх гэмийн асуудлыг хэзээ нэгэн цагт гаргаж ирдэг бөгөөд чин сэтгэлийн гэмшилгүй байх юм бол зүрх сэтгэл үргэлж гуниг болон айдсаар дүүрэн байдаг. Энэ үйл явдлаар дамжуулан ах нар нь гэмээ хүлээн зөвшөөрч, зүрхний гүнээс бага багаар гэмшин өөрчлөгдөж эхэлж байгааг харж болно.
Үргэлжлүүлэн 43:1,2-г үзээрэй. Ган зуд улам хүндэрч тэдний авчирсан үр тариа нь дуусаж дахиад хүнс авахаар Египет рүү явахаас өөр аргагүй болов. Харин энэ удаа Бениаминыг авч явах ёстой байлаа. Бениаминыг авч явахгүй бол болохгүй гэсэн Иудагийн үгэнд Иаков маш их шаналав. Одоо 43:9-г үзээрэй “Би түүнийг бүрэн хариуцна. Та миний гараас түүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг таны өмнө өгөхгүй бол би насан туршдаа таны өмнө гэмтэн болж явъяа ” Иуда Бениамины амийг бүрэн хариуцна хэмээн хэлж байна. Эндээс Иудагийн өөрчлөгдсөн байдлыг харж болно. Гэмээ ухаарч өөрчлөгдөх нь хайрыг бий болгодог. Тэрээр өөрийгөө золиослож дүүгээ хариуцна хэмээн хэлж байна. Жинхэнэ хайр бол золиослолоор ирдэг гэдгийн жишээг энд харуулж байна. Иудагийн энэ өөрчлөлт Иаковын шийдвэртэй итгэлийн үгээр дамжин явж байгааг харж болно. Иаков Бурхан хайрлан нигүүснэ хэмээн 43 бүлгийн 13,14-р эшлэлэээр дамжуулан тунхаглаж байна. Түүний баяр хөөр ба тайвшрал нь хүү Бениамин байсан. Харин одоо тэрээр өөртөө үлдсэн ганц баяр хөөр болсон хүүгээ хүртэл Бурханд бүрэн даатгаж, зөвхөн Бурханд л түшиглэх шийдвэр гаргаж байна. Бурхан энэ бүх үйл явдлаар Иаковыг ч бас дасгалжуулан өөрчилж байна.
Эндээс бид Бурханд түшиглэж байгаа Иаковоос итгэлийг сурах хэрэгтэй. Эцсийн үр дагавар юу болсон ч Бурханыхаар дуулгавартай дагана гэсэн итгэлийн шийдвэр юм. Иаков алдахгүйн тулд чанга атгаж байсан ганц зүйлээ Бурханд өргөснөөр зөвхөн Бурханд бүх хүсэл найдварыг тавьдаг цэвэр итгэлтэй хүн болон өөрчлөгдөж байна. Библийг үзвэл Бурхан ийм түүний итгэлийн шийдвэрийг хүлээн авч, алдсан гэж бодсон хайртай хүүхдүүдийг эргүүлэн бэлэглэсэн бөгөөд Израйлийн түүхэн дэх 12 овгийг бий болгож түүнийг бүх үндэсний өвөг дээдсээр ерөөж түүгээр дамжуулан аврагч Мессиаг төрүүлэн авралын ажлыг хийсэн юм.
Бид Есүсийг дагахад алдаж орхихоос хамгийн их харамладаг, өөртөө үлдээсэн ганц нэг зүйлээ бодож үзээрэй. Энэ л биш шүү. Энийг л үлдээе. Миний мөнгө, цаг зав, залуу нас, зугаа цэнгэл, хобби, үзэл бодол, филисофи, аав ээж, гэр бүл, хайртай хүн, гэрлэлт, хувийн хүсэл мөрөөдөл, гоё ганган байдал, архи, тамхи, сагс, ажил, эрх мэдэл, компани, үр хүүхэд гээд олон зүйл байдаг. Харин бид өнөөдрийн үгээр даатгаснаараа тэр зүйлээ, тэр нандигнаад байгаа зүйлээ хүртэл Бурханд бүрэн даатгаж чадах төлөвшсөн цэвэр итгэлтэй хүмүүс болох хэрэгтэйг бидэнд заан өгч байна. Би алдвал алдъя гэсэн шийдвэрийг итгэлээр гаргадаг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. Бурхан Иосефийн ах нарыг алхам алхмаар өөрчилж гэмшүүлж байгаа шиг биднийг ч бас гэмшүүлж өөрчилж өгөхийг хүсэн гуйж байна.
Энэ олон үйл явдлаар дамжуулан Иуда аавын зүрх сэтгэлийн зовлонг гүн гүнзгий ойлгон түүнийг гүн хайрлах болсон. Иудагийн ийм жинхэнэ гэмшил ба өөрчлөлт нь 22 жилийн турш Иосеф ба ах нарын хооронд байсан гэмээс үүссэн айдас зовнилийн ханыг нураасан. Иуда амаараа гэмшээгүй бөгөөд 42-44 бүлгийн үзвэл үг ба үйлдэл, бүх зүрх сэтгэлээрээ өөрчлөгдөн төлөвшсөн юм. Иуда бол жинхэнэ хайраар дүүрэн болсон. Жинхэнэ хайр нь хүч чадлаар дүүрэн байдаг. Энэ цаг үеийн Христэд итгэгч нарт яагаад хүч чадал байхгүй байна вэ? Бид нар жинхэнэ хайраар дүүрэх хэрэгтэй юм. Бид нар өргөл өргөх, бусдад туслах, бусдын төлөө амиа золиослох хэмжээний тэр хайраар дүүрэх хэрэгтэй. Амаараа хэлэх биш үг нь хайр биш харин үйлдэл нь хайр болох хэрэгтэй юм. Сүүлийн үед олон хүмүүс үг нь хайр өөр зүйл тэр хүнээс гарахааргүй амьдарч байна. Зарим дэлхийн хүмүүс Христэд итгэдэггүй ч гэсэн амиа золиослон идэвхтэй амьдардаг хүмүүс олон байдаг. Амиас илүү ажлыг чухалчилан амьдардаг. Энэ бүхнийг харвал гайхалтай. Гэхдээ Иудаг харвал үнэхээр гайхалтай. Тэрээр амиа золиослох хэмжээний золиосыг гаргах түвшинд хүрсэн. Бурхан бидний дунд Иуда шиг гэмшиж өөрчлөгдсөн олон хүмүүсийг босгон байгуулж өгөөсөй хэмээн ерөөж байна. Жинхэнэ хайр нь золиослодог хайр юм байна гэдгийг зааж өгсөнд баярлалаа. Амаараа биш үйлдлээрээ Христийг тунхагладаг бусдын төлөө амиа золиослох хэмжээний хайрыг гаргаж хайрладаг хүмүүс болохыг гуйж байна. Пийшин хийх, авралын ажлыг хийх нь амиа золиослох хайраас ундаргатай юм. Ийм хайр, ийм золиосын хайр, жинхэнэ хайр байхгүй бол та яг наад хэвэндээ амьдарна. Таниас хүч гарахгүй, сэтгэл гарахгүй харин ялагдал, эргэлзээ, бэрхшээл өөрийгөө хайрлах л гарна. Бурхан Бидэнд хайрыг жинхэнэ хайрыг дүүргэж өгөхийг хүсэн гуйж байна. Жинхэнэ хайраар бид нар их дээд сургуулийн оюутнуудыг хоньчилж, сайн мэдээг тунхаглаж, бусдыг босгон байгуулдаг авралын ажлыг хийж чадахыг хүсэн гуйж байна.
2. Эзэн намайг та нарын төлөө илгээсэн (45 бүлэг)
Өнөөдрийн үгийн гол эшлэл байгаа 45-р бүлэг рүү анхаарлаа хандуулцгаая. Өмнөх бүлгүүдээр Иудагийн чинь сэтгэлээс хэлж буй үгийг сонсон мөн ах нарынхаа үнэхээр өөрчлөгдсөнийг мэдэх болсон Иосеф өөрийгөө тэдэнд таниулав.
Одоо бүгдээрээ 1,2-р эшлэлийг хамт үзэцгээе. “Иосеф хажуудаа зогсож байсан бүгдийн өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд – Бүгдээрээ надаас зайлцгаа хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй. Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.” Өөрчлөгдсөн ах нартаа хандсан халуун хайраа тэвчиж чадалгүй Иосеф тэдний өмнө енгэнэн уйлав. Өнгөрсөн хугацаанд тэднийг санаж байсан сэтгэлийн гуниг нэг мөсөн арилж тэдэнтэй дахин уулзсан баяр хөөрөөр дүүрэн болсон.
Одоо 4-р эшлэлийг үзээрэй. “Иосеф ах нартаа – Надад ойрт гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф – Би та нарын Египет рүү худалдсан тэр дүү Иосеф чинь байна.” Иосеф өөрө очиж болох байсан боловч ах нараа ойрт гэж хэлсэн. Тэднийг эмчилэх гэж, гэмшүүлэх гэж тэднийг үйлдэл гарган өөрчлөхийн тулд тэдэнд ийнхүү хэлсэн.
Үргэлжлүүлэн Иосеф ах нартаа тодорхой үгийг дамжуулсан. Одоо 45:5-8 хамт уншицгаая. “Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. Энэ нутагт 2 жилийн турш өлсгөлөн болсон бөгөөд бас дахин 5 жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй. Бурхан их авралаараа та нарыг амь хэлтүүрлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй. Харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ” гэв. Иосеф ах нартаа та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зовоорой, бүү харамсан гуниглаарай хэмээн тэдний гэм бурууг халхлан хайраар тайвшруулж байна. Та нар намайг зарсан. Гэхдээ би та нарыг уучилж байна. Гэхдээ Бурхан амийг аварсан. Тэр өөрөө намайг илгээсэн. Ах нар нь атаархал хорслоор өөрийг нь зарсан боловч Бурхан түүнийг хүртэл сайнаар эргүүлэн, өөрийг нь дасгалжуулан, гэр бүлийг нь аврахын төлөө түрүүлэн нааш нь явуулсан гэв. Та нараас болоогүй шүү. Амийг аврахын төлөө Бурхан намайг илгээсэн. Гайхалтай илчлэлтийг Иосеф гэрчилэн хэлж байна. Бурханы авралын ажил ч бас Есүс Христийг явуулснаар энэ дэлхийд түрүүлж илгээснээр эхлэсэн. 12 шавийг дуудаж өөрчилж бүх дэлхийд илгээн тэр сууриар олон мянган хүмүүүс энэ газар дуудагдсан. Бурхан монголд 35 жилийн өмнө олон хүмүүсийг илгээж биднийг дуудсан. Бид нар Есүсээр дамжигдан өөрчлөгдөн шинэ түүхийн эзэд болсон. Бурхан энэ цагт дахин дуудаж байна. Бурханы дуудлагыг та бүхэн хүлээн аваасай хэмээн залбирч байна. Энд сууж байгаа хүмүүсийг Бурхан дуудсан тул та бүхэн дуудагдаж хүлээн аваад авралын ажлын төлөө илгээгдээсэй хэмээн хүсэж байна. Одоо яв. Дагалдагч болоорой хэмээн Бурхан хэлж байна. Хэцүү, хүмүүс чамайг зовооно, зовлон их байна. Магадгүй 20 жил, 30 жил үүнээс ч олон жил зовж болно. Харин Бурханы намайг явуулсан гэх төлөвлөгөө хүслийг харж чадахгүй бол юу ч хийж чадахгүй. Авралыг мэдэхгүй тунхаглахгүй амьдарна. Тийм учраас энэ Иосефын илчлэл та бүгдийн илчлэл болоосой хэмээн залбирч байна.
Иосефын энэ илчлэлтийг сонсоод үнэхээр их талархаж бас үнэхээр гайхамшигтай илчлэл гэдгийг мэдэрсэн. Иосеф өөрийн амьдралыг ах нараас болж худалдагдан орхигдсон амьдрал гэж хараагүй. Тэр өөрийг нь египет рүү илгээсэн нь тэд биш Бурхан гэж илчилж байна. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ хэмээн илчилж буй түүний зүрхэнд нь ах нартаа хандсан ямарч өс хонзон, хорсол, уур бухимдал байхгүй байв. Харин тэрээр эсрэгээр алхам бүр өөрийн амьдралыг удирдан эцэст нь хамгийн сайныг биелүүлж буй Бурханд хандсан талархлаар дүүрэн байв. Бурханы сайхан таалал болон удирдлага дотор Иосеф цоо шинэ хүн болж амьдрах болсон. Тэр Бурханы биелүүлэх гэсэн таалал ба удирдлагыг гүн ухааран хүлээн зөвшөөрсөн. Тиймээс тэр өөрийг нь хөнөөж, орхиж, гомдоож, шархлуулсан бүх хүмүүсийг халуун хайраар уучлан ойлгож идэвхтэй хайрлаж чадах нэгэн болсон. Зүгээр нэг уучлал биш авралаар бүрэн эдгэрсэн, загалмайн тэр хайраар бүрэн эдгэрсэн Бурхан уучилсан уучлалт гэдгийг тэдэнд хэлсэн. 7-р эшлэл дээр гардаг шиг Бурханы авралаар шарх эдгэрч уучлагдан нэг болж байгааг харж байна.
Бид зүрхээ сайн ажиглавал гүн шархнууд байдаг. Хэн нэгэнд хандсан гомдол, үзэн ядалт, хорсол байдаг. Ялангуяа чухал цаг үед хатуу үгээр гомдоож шархлуулсан, намайг орхин явсан,гадуурхсан, хэцүү үед надад хохирол учруулсан, намайг буруугаар бодож хүмүүсийн өмнө гүтгэсэн гэх мэтийн уулчахад маш хэцүү хүмүүс байдаг. Эзний үгээр дамжуулан хүч авч уучилмаар байдаг ч чадахгүй байдаг. Хэзээ ч шийдэгдэшгүй хэмээн байдаг л зүйл гээд амьдрах уу? Үгүй юм. Харин Иосефоор дамжуулан шийдэж чадна гэдгийг өнөөдрийн үг харуулж байна. Тэр бүх хүмүүсийг уучилж, тэвэрч чадсан нь өөрийн бүх зовлон гунигийн дунд ч үргэлж хамт байж, хамгийн сайн замаар удирдсан Бурхан байсан учраас тэр өөрчлөгдөн шинэ хүн болсон юм. Бурхантай хамт алхаж түүний таалал дотор өөрийн амьдралыг харж чадсан учраас юм. Та нар бодоод үзээрэй. Таныг гомдоож шархлуулж байсан хүмүүс нь таныг төлөвшсөн Бурханы зарц болгохын төлөө Бурханы илгээсэн хүмүүс билээ. Бурхан гэмээс болж юунд ч хэрэггүй байсан биднийг сонгон дуудаж агуу авралын ажилдаа хэрэглэхийн тулд олон хүмүүсээр намайг дасгалжуулан төлөвшүүлэн бэлтгэж байгаа.
Дахин 7-р эшлэлийг хараарай. Авралын ажлын гайхалтай том эскиз зураг гэдгийг харж болно. Үнэхээр олон хүнийг бүгдийг аврахын төлөө хийж байгаа Бурханы авралын ажил байсан гэдгийг харж болно. Иосефын энэ хайр нь үнэхээр гүн гүнзгий, бат бөх, зөв болоод ариун, маш нарийн зохион байгуулалттай, ухаалаг, сэтгэл гаргасан гээд олн зүйлийг агуулж байгааг харж болно. Асар том агуу хайрын зургийг Иосеф зурсан юм. Тэрээр Бурхантай хамт байсан учраас Бурханы тааллыг харсан учраас ингэж өөрчлөгдөн Бурханы хайрыг дамжуулагч гайхалтай тунхаглагч болсон юм.
Үргэлжлүүлэн 10 эшлэлийг харвал Гошен нутагт амьдран сууна гэж хэлсэн. Гошен нь Канаан газартай илүү ойр тул Египетчүүдтэй холилдохгүйгээр Бурханаа хайрлах үндэстнээр амьдруулахыг хүссэн. Дээрээс нь ямар нэгэн асуудал болоход хамгийн хурднаар Канаан газарт хүрэх боломжтой нутаг дэвсгэр байсан. Иосеф бүгдийг бодож төлөвлөсөн. Түүний энэ хайрын төлөвлөгөө нь агуу юм. Тэрээр ах нараа аавыгаа зүгээр хайрлаагүй бүүр чинь сэтгэлээр уучилж хайрлаж үйлчилж байгааг харж болно. Бид ч бас Бурханы хайрыг зүгээр нэг амаараа хэлэх биш сэтгэд зүрхээрээ, үйлдлээрээ төлөвлөж хэрэгжүүлдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Бурханы хүүхэд болсон биднийг Бурхан бүх зүйлээр хангасан байдаг. Бурханд төлөвлөгөө байгаа. Түүнд таалал байгаа. Гэмшиж уучилж хайрладаг нэгэнд Бурхан ажлаа хийхдээ ддутах зүйлгүйгээр ерөөх болно. Дуулал 23 дээр Эзэн бол миний хоньчин дутах зүйл нэг ч үгүй гэсэн байдаг. Иосефыг ингэж удирдан түүнийг ивээсэн Бурхан бидэнд бас ийм илчлэлтийг дүүрэн зөвшөөрч өгөхийг хүсэн гуйж байна.
Асуудал тулгарахад даван туулж чадахгүй юм шиг санагдсан ч Бурханы төгс бүрэн сайхан таалал дотор харж чадвал, бид ямар ч хүнийг уучлан хайрлаж эвлэрэн нэгдмэл болж чадна. Хэдийгээр гэм буруу алдаа зөрчлөөс болж бие биенээ гомдоож, гомдох үе олон боловч Бурханы таалал төлөвлөгөөн дотор бид бүгд хайраар нэгдэж чадна. Мөн Бурханы үгэнд итгэн найдаж түүний тааллыг харж өдөр бүр Бурхантай хамт алхах үед Христэд итгэгчид нь үнэхээр дутах зүйлгүй амьдрах юм. Энэ дэлхийд мэдээж гоё зүйл их байдаг харин Бурханы бэлдсэн диваажин бол үүнээс хэд дахин зүйл юм.
Гэмшил ба хайраар Иаковын 12 хөвгүүд нэгдмэл болж агуу үндэстэн болж байгуулагдсан. Тэдэнд уучлалын нулимс, уучлалын хайр дүүрэн байснаараа тэд нэг болсон. Энэ уучлалын хайр ба нулимс нь Бурханы хайр ба нулимс юм. Бурхан аавын нулимс бидний нулимс болох хэрэгтэй гэдгийг сурч байна. Ийм учраас би болон бид нар Есүст итгэн амьдардаг. Есүст итгэн амьдрах үед бид хамтдаа уйлдаг бас хамтдаа баярладаг. Түвшинбаяр хоньчныг итгэлийн шийдвэр гарган Бурханы аавын агуу хайраар уйлах үед бид хамтдаа уйлсан. Сайнжаргал хоньчин явбал явнаа гээд итгэлээр шийдвэр гарган уйлахад бид хамтдаа уйлсан. Сэргэлт багийн хоньчдын гэмшлийн нулимс бидний нулимс байсан. Бид нар өдөр бүр хамтдаа баярладаг, хамтдаа уйлдаг, хамтдаа гэмшдэг, хүзүүгээрээ тэврээд уйлдаг Христийн цуглаан болж чадахыг хүсэн гуйж байна.
Бурханы дотор нэгдэн нэг ах дүүс болсон Иосефын гэр бүл шиг бид ч ийм ахан дүүс болж авралын ажилд нандинаар хэрэглэгдэхийг хүсэн ерөөж байна. 45:7 дээр гарсан Иосефын илчлэл нь бидний илчлэл болж чадахыг хүсэн гуйж байна. Хүн тус бүрд тавьсан Бурханы сайн таалал ба удирдлагыг ухаарснаар Бурханд бүх алдрыг өргөн талархал баяр хөөр ба хайраар дүүрэн хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Таны байгаа газар болох ажил, сургууль, найз нөхдийн хүрээ, таны гэр, улс орон, энэ дэлхийд бид нар хамтдаа залбирснаар гэмшил байж, Бурханы хайр ба нулимс дүүрэн оршиж чадахыг хүсэн залбирч байна. Гомдол, хорсол, уур бухимдал нь дүүрэн Монголд минь уучлал, хайр, гэмшил, нулимс дүүрснээр Христийн дотор нэгдмэл болох гайхамшиг бидний дунд оргилоосой хэмээн хүсэн ерөөж байна. Амен.