Шавийн 15-р хичээлийн асуулт; номлол

ЧИ НАМАЙГ ЭДНЭЭС ИЛҮҮ ХАЙРЛАДАГ УУ?

Иохан 21:1-19
Гол эшлэл 21:15
1. Амилсан Есүс хэзээ, хаана Өөрийгөө шавь нарт дахин харуулсан бэ (1)? Шавь нар Тибер тэнгист юу хийж байсан бэ (2, 3)? Шөнөжин хичээсэн хэдий ч юу ч барьж чадаагүй тэдний сэтгэл ямар байсан бол?
2. Есүс хэзээ тэдэн рүү ирсэн бэ (4)? Есүс шавь нарынхаа ялагдлын сэтгэлийг хэрхэн сэргээж өгсөн бэ (5, 6)?
3. Хэн эхэлж Есүсийг таньсан ба Петр яасан бэ (7, 8)? Есүс эрэг дээр гарсан шавь нартаа хэрхэн үйлчилсэн бэ (9-14)? Эндээс харагдаж буй Есүсийн хайрын тухай ярина уу?
4. Өглөөний хоолоо идэж дууссаны дараа Есүс Петрээс юу гэж асуусан бэ (15а)? Петр Есүст хандсан хайраа хэрхэн илчилсэн бэ (15б)? Хариултыг сонссон Есүс Петрт ямар үүргийг өгсөн бэ (15в)? Есүс 2 дахь, 3 дахь удаа юу юуг асуусан ба Петр хэрхэн хариулсан бэ (16а, 17а)? Есүсийг хайрладаг хүний заавал үйлдэх зүйл нь юу ба энэ нь яагаад чухал вэ (16в, 17в)?
5. Есүс Петрийг хожим ямар амьдралаар амьдарна гэж хэлсэн бэ? (18, 19а)? Есүс Петрт амьдралын чигийг хэр тодорхой өгсөн бэ (19б)?

ЧИ НАМАЙГ ЭДНЭЭС ИЛҮҮ ХАЙРЛАДАГ УУ?

 Иохан 21:1-19

Гол эшлэл 21:15

“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт – Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр-Тийм ээ, Эзэн! Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд -Хургануудыг минь тэжээ гэлээ”

 Өнөөдрийн үзэх үг бол Иоханы сайнмэдээний сүүлчийн  үг юм. Энд амилсан Есүс гурав дахь удаагаа шавь нартаа үзэгддэг. Онцгойлон Есүс Өөрөөс нь гурвын гурван удаа урвасан Петртэй хайрын харилцаагаа сэргээн, “Миний хоньдыг тэжээ” хэмээн хэлснээр Петрийн хоньчны амьдралын чиглэлийг дахин сэргээж өгдөг. Өнөөдрийн  үгаар дамжуулан Есүсийн бидэнд хандсан хувиршгүй хайр ба хүсэл найдварыг дахин гүнзгий ухаарч, “Миний хоньдыг тэжээ” хэмээн хэлж буй амилсан Есүсийн дуу хоолойг сонсож чадахыг хүсэн гуйж байна. Тэгснээр энэ цаг үеийн хоньчноор дуудагдсан бидний хүн нэг бүр хоньчны дуудлага ба үүргээ дахин нэг тунгааж, хоньчны амьдралын чиглэл ба үүргээ цоо шинээр шинэчилж чадахыг хүсэн гуйж байна.

 

  1. Нааш ир, өглөөний хоолоо идэцгээ (1-14)

1-р эшлэлийг үзээрэй. “Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулав. Тэр Өөрийгөө ингэж харуулжээ” Энд гарч буй “Түүнээс хойш” гэдэг нь Есүс шавь нартаа хоёр дахь удаагаа үзэгдсэнээс хойш гэсэн утгатай. Бид өмнөх номлолыг харвал 20-р бүлэгт амилсан Есүс шавь нартаа хоёр удаа Йерусалим хотод харуулсан байдаг. Эхний удаа шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн, Томас байхгүй үед Есүс Өөрийгөө харуулсан. (20:19-23) Хоёр дахь удаа нь Томасыг шавь нартай хамт байх үед Есүс ирээд Томаст гар, хажуугаа үзүүлсэн байдаг. (20:24-29) Харин өнөөдрийн 21-р бүлэгт гарч буй үйл явдал нь Тибер тэнгисийн эрэг хавиар болсон бөгөөд энэ нь Есүс амилсныхаа дараа шавь нартаа гурав дахь удаагаа үзэгдсэн үйл явдал юм.

Тибер тэнгис бол шавь нарын хувьд дурсамж дүүрэн, онцлогтой чухал газар байсан. Энэ газар нь Петр, Андрей, Иохан нарын төрөлх нутаг нь байсан. Энэ газар анх Есүс тэднийг дуудаж, хүмүүсийн загасчид болгоно хэмээн амлаж байсан. Тэд Есүсийг дуулгавартай даган бүхнийг орхиж, маш том хүсэл найдварыг сэтгэлдээ тээн, өөрийн үндэстэн төдийгүй дэлхийг өөрчилнө гэсэн алсын хараатайгаар гарч байсан. Харин одоо шавь нарын хувьд Есүсийн аймшигтай загалмайн зовлонгийн дүр төрх, бүтэлгүйтэл ба цөхрөлийн мэдрэмжээс өөр зүйлгүй үлдсэн. Уг нь шавь нар амилсан Есүстэй хоёр удаа уулзсан боловч үхлийн хүчтэй цохилт ба цөхрөл мөн амиллын утга учрыг гүнзгий ойлгоогүй учраас Есүсийн амилалд итгэж чадаагүй. Тиймээс шавь нар амьдралын зүг чигээ алдаж, юу хийхээ мэдэхгүй өөрсдийн төрөлх гэр болох Тибер тэнгис руугаа буцацгаасан. Өнөөдөр бид ч гэсэн амиллын талаар ойлголт бага, амилсан Есүст итгэх итгэл сул байвал шавь нартай адил амьдралын тодорхой зүг чигийг алдаж, бусад хүмүүсийн адил өдөр тутмын амьдралдаа хөтлөгдөн амьдрах болно.

3а-р эшлэлийг үзээрэй. “Симон Петр тэдэнд – Би загас барихаар явлаа гэхэд тэд – Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув” Яахаа мэдэхээ байсан Симон Петр “Би загас барихаар явлаа” хэмээн хэлсэн. Харин бусад шавь нар мөн адил юу хийхээ ч мэдэхгүй, хийх зүйл нь тодорхой биш байсан учраас Петрийн саналыг шууд дагацгаасан. Энэ шавь нарын үйлдэл бол Бурханы дуудсан дуудлагын амьдралыг орхин, хуучин амьдрал уруу буцсан хүмүүсийн үйлдэл байв. Тэгээд тэд шөнөжин загас барихын тулд энд тэндгүй тороо хаясан. Гэвч тэд хэчнээн зүтгэсэн ч загас барьж чадаагүй. Өмнө нь тэд мэргэжлийн загасчин байсан боловч харин одоо шөнөжин зүтгэсэн ч юу ч барьж чадаагүй нь маш хүнд санагдсан байх. Ямар ч хүн өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ чадахаа болих нь маш хүнд байдаг. Тиймээс шавь нарын хувьд махбод төдийгүй сэтгэл зүрх нь үгээр хэлэхийг аргагүй нөхцөл байдалд орсон байх.

4а-р эшлэлийг үзээрэй. “Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа” Шавь нарын хувьд ялагдал, цөхрөл, шантралаар дүүрэн нэг өдөр эхэлж байхад харин амилсан Есүс тэдний ойролцоо эрэг дээр тэднийг харан зогсож байсан. Есүс үүр цайх үед шавь нартайгаа уулзахаар тэднийг хайн ирсэн. Гэвч шавь нар амилсан Есүсийг таньж чадаагүй. Тэгвэл далайн эрэг дээр шавь нарыгаа харж буй Есүсийн сэтгэл ямар байсан болоо? Шавь нар өмнө нь Есүсийг загалмайн аймшигтай зовлон амсаж байх үед бүгд Түүнийг орхин зугтаж өөдгүй зан гаргасан. Амилсныхаа дараа хоёрын хоёр удаа амьд гэдгээ илэрхийлээд байхад итгэж чадаагүй. Ийм шавь нараа Есүс хараад муу өөдгүй, итгэлгүй, сул дорой юмнууд хэмээн харсан болов уу? Огт үгүй юм. Харин Есүс тэдний сул дорой байдал, ялагдал, бүтэлгүйтлийн мэдрэмж ба буруутгалын сэтгэлийг хамгийн сайн ойлгож байсан. Өөрөөр хэлбэл Есүс тэдний сул дорой байдлыг хамгийн сайн гүнзгий мэдэж байсан юм. Заримдаа бидний хувьд өөрсдийн сул дорой, гэмт чанараасаа болж бүтэлгүйтэн, ялагдал, цөхрөлийг амсах үе байдаг. Тэр үед хэн ч миний сэтгэлийг ойлгохгүй, хэн ч надтай хамт байхгүй мэт санагддаг. Гэвч үүр цайх үед амилсан Есүс шавь нартайгаа ойрхон эрэг дээр зогсож байсан шиг Есүс миний мэдэрч буй ялагдал, цөхрөлийн мэдрэмжийг хамгийн сайн ойлгон мэдэж, харж байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Есүс таныг хамгийн сайн ойлгож чадна.

Есүс ийм тэднийг ойлгож тэдний ялагдал, цөхрөлийн мэдрэмжийг өөрчлөн, сэргээж өгөхийг хүссэн. 5, 6-р эшлэлийг үзээрэй. “Есүс тэдэнд – Хүүхдүүд ээ, та нарт идчих загас байна уу? гэхэд тэд – Алга гэлээ. Есүс тэдэнд – Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадахааргүй болжээ” Шавь нарын хувьд танихгүй хүний зөвлөгөөг сонсоод шууд дагасан. Магадгүй тэдэнд алдах юм байхгүй, хэцүү биш байсан учраас завиныхаа баруун талд тороо хаясан байх. Гэвч тэд маш их загас барьсан. Энэ үйл явдал нь гурван жилийн өмнө Петрийг анх Есүс дуудаж байхад болсон үйл явдалтай төстэй байна. Тухайн үед Петр Есүсийн үгийг дуулгавартай дагаснаар маш их загас барьсан бөгөөд түүгээр дамжуулан Петр Есүсийн дотор буй Бурханлаг мөн чанарыг таньж чадсан. Тэр үед Петр Есүсээс “Чи хүмүүсийг загасчлах болно” гэсэн агуу хүсэл найдвар ба дуудлагыг авсан. Ийнхүү гурван жилийн өмнө Есүс шавь нартаа хэрхэн хандаж байсан шиг одоо ч гэсэн яг адилхан хандаж байна. Хэдийгээр шавь нар Есүсээс урваж, хэзээ ч уучлахааргүй үйлдэл гаргасан ч Есүс шавь нараа анхных шигээ хайрлан, хүсэл найдвар тавьж, тэдэнд туслахад бэлэн байгаа гэдгээ харуулсан юм. Өөрөөр хэлбэл Есүсийн шавь нартаа хандсан хайр ба хүсэл найдвар нь анх ямар байсан шиг одоо ч хэвээрээ байгаа гэдгийг харуулсан.

Бидний хүн нэг бүр Бурханы нигүүлслээр оюутан залуусын хоньчноор дуудагдсан. Энэхүү дуудлагыг аван амьдарч байх үед заримдаа итгэл суларч, өөрсдийн сул дорой, гэмтэй байдлаас болж Есүсээс урван, бүдэрч, итгэлгүй үйлдэл гарах үе байдаг. Яг л шавь нартай адил. Гэвч өнөөдрийн  үгаас харвал Есүсийн хайр нь бидний гаргасан алдаа, зөрчил, сул дорой байдал, итгэлгүй үйлдэл зэргээс үл хамааран анх байсан шиг үргэлж хэвээр байдаг гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл Есүсийн хүсэл найдвар, дуудлага ба хайр нь хувиршгүй бөгөөд мөнхөд гэдгийг сурч болно. Бидний ямар нэгэн үйлдлээс хамаарч Есүсийн хайр өөрчлөгддөггүй билээ.

7-р эшлэлийг үзээрэй. Гайхамшигтайгаар загас баригдахыг харсан Иохан амилсан Есүсийг таньсан. Тэгээд Петрт “энэ чинь Эзэн байна” хэмээн хэлсэн. Үүнийг сонссон Петр даруй хувцсаа өмсөөд Есүс уруу очсон. Магадгүй Петр гурван жилийн өмнө Есүстэй цуг Галил нуурт уулзаж байсан үеэ санасан байх. (Лук 5-р бүлэг) Петрийн энэ үйлдэл нь хэдийгээр тэрээр Есүсийн өмнө сул дорой байдал гаргаж, бүдэрсэн ч Есүстэй харилцах харилцаагаа сэргээхийг хүсэж байгаагийн тод илэрхийлэл нь байсан. Тэрээр амилсан Есүс гэдгийг мэдэнгүүт бүх зүрх сэтгэлээрээ тэр даруй, цаг алдалгүй Есүс дээр очсон. Бид ч гэсэн Петрийн Есүс уруу хурдан, түргэн, тэр даруй очиж буй зан чанараас суралцах хэрэгтэй.

9-р эшлэлийг үзээрэй. Шавь нар газар дээр гарах үед Есүс модны нүүрсний гал дээр загас шарж, талх бэлтгэсэн. Есүс далайн эрэг дээр үүр цайх үед шавь нартаа зориулан өглөөний цай бэлтгэсэн байв. Эрэг дээр шатаж байгаа модны нүүрсний гал нь шавь нарт хандсан Есүсийн хайр ба нигүүлслийн гал байсан. Шавь нар Есүсийн энэ үйлдлээр дамжуулан өөрсдөд нь хандсан Есүсийн хувиршгүй хайрыг мэдэрсэн байхаа. Магадгүй шавь нар өнгөрсөн хугацаанд Есүс баривчлагдан зовлон амсах үед зугтан явсан өөрсдийгөө бодохоор Есүсийн нүүрийг харж чадахгүй байсан байх. Харин ийм тэдэнд Есүс юу гэж хэлсэн бэ?

12-р эшлэлийг үзээрэй. “Есүс тэдэнд –Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд Түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас хэн нь ч – Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй” Есүс тэдний сул дорой үйлдэл ба Өөрөөс нь урвасан, итгэлгүй байдал зэргийн талаар нэг ч үг дурдаагүй. Харин шавь нарын бие махбод ба сэтгэл зүрх нь өлсөж, цангаж, ядарч байгааг маш сайн ойлгож, тэр байдлыг нь сэргээхээр Өөрөө тэдэнд үйлчилсэн. Шавь нарын сэтгэл зүрхэнд байгаа ялагдал ба буруутгалын мэдрэмжийг Есүс Өөрийн хайр ба уучлалаар дамжуулан эдгээж, сэргээж, шинэчилж өгөхийг хүссэн. Тиймээс Есүс тэднийг “Нааш ир өглөөний хоолоо идэцгээ” хэмээн дуудсан. (13)

Есүс одоо ч гэсэн бидний хүн нэг бүрийг өчигдөр, өнөөдөр ч, үүрд мөнхөд хувиршгүй хайраар хайрласаар байгаа билээ. Бид үргэлж гэмд унан алдаа гаргаж, бүдрэн, Есүсийг гуниглуулдаг ч гэсэн биднийг галын дөл шиг хайраар хайрлан үйлчилдэг Эзэн билээ. Есүсийн хувиршгүй хайрыг магтацгаая!

 

  1. Хоньдыг минь тэжээ (15-19)

Шавь нар Есүсийн бэлдсэн өглөөний хоолыг идсэнээр махбод ба сэтгэл зүрх нь хангалуун болсон. Есүсийн гал шиг хайр тэдний шантрал, цөхрөл, ялагдлын мэдрэмжийг алга болгосон. Тэгээд Есүс Симон Петр дээр ирээд ийнхүү асуусан.

15-р эшлэлийг үзээрэй. “Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт – Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр-Тийм ээ, Эзэн! Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд -Хургануудыг минь тэжээ гэлээ” Есүс Петрээс хэнээс ч, энэ дэлхийн юунаас ч илүү Өөрт нь хайртай юу? хэмээн асуусан. Есүс яагаад ингэж асуусан бэ? Үүнийг асуусан нь Есүс Петрийг энэ дэлхийн юунаас илүү, Өөрийг нь хамгийн ихээр хайрлахад туслахын тулд байсан юм. Петр Есүст хайртай байсан. Тиймээс тэр өөрийн гэр бүлээ удаан хугацаагаар орхин Есүсийг гурван жил дагасан. Тэрээр өөрийн загасчны мэргэжлээ хүртэл орхисон. Гэвч Петр Есүсээс илүү өөрийгөө хайрлах хайр нь хүчтэй байсан учраас Есүсийг үгүйсгэн бүдэрсэн байдаг. Эндээс бид нэг зүйлийг сурч болно. Хэрэв бид Есүсээс илүү ямар нэгэн хүн, энэ дэлхийн ямар нэгэн зүйлсийг хайрлаж байвал Петр шиг сорилт ирэх үед Есүсээс урван бүдрэх болно. Тэр үед Петр шиг ялагдал ба цөхрөл ичгүүрийг амсах болно. Харин бид Есүсийг өөрийн аминаас илүү хайрлахад, Есүсийн төлөө өөрийгөө бүрэн зориулж, ямар ч сорилтод орсон бүдрэхгүй байж чадна.

Есүсийн асуултыг сонссон Петр юу гэж хариулсан бэ? Есүсийн асуулт мэдээж хэцүү байсан байх. Яагаад гэвэл Петр Есүст хайртай байсан ч гурван удаа үгүйсгэсэн. Энэ үйлдлээрээ Петр өөрийнх нь хайр ямар өчүүхэн, хувирамтгай, сул болохыг ухаарсан. Гэвч Петр хэчнээн сул дорой байдал гаргасан ч Есүст хайртай байсан учир “Тиймээ Эзэн, Танд хайртайг минь Та мэднэ” гэж хэлсэн. Петр “Та мэднэ” хэмээн хэлсэн нь өөрийнх нь Есүст хандсан хайр ямар байгааг Та тодорхой мэдэж байгаа шүү дээ гэсэн утгатай. Есүс Петрийг ямар ч байсан хайраа илчлэх үед “хургануудыг минь тэжээ” хэмээн хэлсэн.

16,17-р эшлэлийг үзвэл Есүс адилхан асуултыг хоёр удаа давтан асуусан. Петр дахин “Танд хайртайг минь Та мэднэ” хэмээн хариулсан. Тэгэхэд Есүс “Хоньдыг минь хариул”, “Хургануудыг минь тэжээ” хэмээн дахин дахин хэлсэн.

Тэгвэл бид дахин дахин асууж, дахин дахин хэлж буй Есүсээс юу сурч болох вэ?

1-рт, “Чи намайг хайрладаг уу?” Есүс гурван удаа Петрээс “ Чи Намайг хайрладаг уу” хэмээн асуусан нь Петрийн Өөрөөс нь гурван удаа урвасантай холбоотой. Гурвын гурван удаа Есүсийг үгүйсгэснээс болж Петрийн хувьд сэтгэл зүрхэндээ арилшгүй, хүнд, итгэлийн ялагдал ба шархыг амссан. Тиймээс Сатан үүнийг нь Петрийн эсрэг ашиглан, амьдрал ба үйлчлэлд нь саад болгон хэрэглэснээр Петрийн итгэлийн амьдралыг идэвхгүй, хүчгүй, сул дорой, баяр хөөргүй болгох болно. Тиймээс Есүс дахин дахин асууснаар түүний зүрхний гүнд байгаа өөрийгөө үзэн ядсан, голж буруутгасан сэтгэлийн мэдрэмжийг эдгээхийг хүссэн. Ялангуяа гурвын гурван удаа асуусан нь түүнд эмзэг туссан. Гэвч Петр үүнийг даван туулж, зориг гарган хайраа илэрхийлснээр Есүсээс урвасан шарх ба ялагдлаас босож, Есүст хандсан итгэл ба хайрыг бүрэн сэргээж бат болгосон.

Бидний хувьд ч гэсэн итгэлээр Есүсийг даган үйлчилж байгаад бүдэрснээс болж сэтгэл сүнсэндээ ялагдал, цөхрөлийн шарх ба мэдрэмжийг гүн авдаг. Бид энэ шархыг Есүсийн хайр дотор эдгээх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол Сатан ашиглан Бурханыг дагаж амьдрахад бидний эсрэг хэрэглэх болно. Есүс Петрээс “Чи намайг хайрладаг уу?” хэмээн олон дахин Өөрийн үгээрээ дамжуулан асууснаар түүний зүрх сэтгэлийг эдгээж өгсөн шиг бид ч бас Бурханы үгээр дамжуулан эдгэх хүртлээ сүнсний тэмцэл хийх хэрэгтэй. Тэгвэл бид зоригтой, идэвхтэй, хүчтэйгээр Есүсийг эцэс хүртэл дуулгавартай даган амьдарч чадна. Өнгөрсөнд та ямар ч байсан болно. Харин өнөөдрөөс эхлэн Есүсийг хамгийн ихээр хайрлана гэсэн итгэлийн өчил ба шийдвэрийг өргөснөөр Есүстэй хайрын харилцааг сэргээж чадахыг хүсэн гуйж байна.

2-рт, “Хургануудыг минь тэжээ” Есүс яагаад Петрийг хайртай хэмээн хэлсний дараа “хургануудыг минь тэжээ” хэмээн хэлсэн вэ? Учир нь Есүстэй хайрын харилцаа тогтоосон хүний хийх ажил нь Есүсийн хоньдыг тэжээх явдал юм. Өөрөөр хэлбэл бид Есүсийг үнэхээр хайрладаг юм бол Түүний хоньдыг баяртай сэтгэлээр тууштай тэжээж чадна. Харин хоньдыг тэжээхийг Есүсийн тушаал учраас эсвэл Түүний өгсөн үүрэг учраас гэж бодвол нэг талаас хүнд ачаа, дарамт мэт санагдах болно. Тиймээс Есүст хандсан хайрын илэрхийлэл болж хоньдыг тэжээх нь хөнгөн буулга болно.

Манай чуулганы хоньчид Есүсийн олон хоньдыг тэжээдэг. Гэвч нүдэнд харагдах, гарт баригдах үр жимс харагдахгүй бол бид сэтгэлээр унаж, шантарч, хоньдыг тэжээх хүсэлгүй болдог. Гэвч Есүс Петрт “Миний хоньдыг хариулж, нүдэнд харагдах үр жимстэй байгаарай” гэж хэлээгүй. Харин “Миний хургануудыг тэжээ”, “Миний хонийг хариул”, “Миний хонийг тэжээ” л гэж хэлсэн. Эндээс харвал хоньчид бид нүдэнд харагдах үр дүнг голчлох бус харин Есүсийн хоньдыг тэжээсээр байх нь гол ажил гэдгийг сурч болно. Тиймээс бид энэ цагт Бурханы бидэн рүү илгээж буй оюутан залуусыг үнэ цэнтэйд тооцон, Есүсийн хувиршгүй хайраар үйлчилж чадахыг хүсэн гуйж байна.

Есүс Петрт Өөрийн хонийг хариулах үүргийг өгсний дараа Түүний замыг чиглүүлж байна. 18,19-р эшлэлийг үзээрэй. “Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. Петр ямар үхлээр Бурханыг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт – Намайг дага гэлээ”

Петр урд нь Есүсийн шавь байсан хэдий ч өөрийн санаа, өөрийн хүслээр амьдрах нь заримдаа зөвшөөрөгдсөн байв. Гэвч одоо Есүстэй хамт Түүний удирдлагаар л амьдрах болно гэв. Ялангуяа Есүсийн ул мөрийг даган загалмайн замаар явна гэв. Есүстэй адил загалмайд цовдлогдон үхсэнээр Бурханыг алдаршуулна гэдгийг урьдчилан хэлж өгөв. Петр одоо амиа алдсан ч энэ замаар явахад бэлэн болсон.

Би одоогоос 10-н жилийн өмнө 2012 онд геологичийн мэргэжлээр хөдөө ажиллаж байхдаа өнөөдрийн  үгийг Бурханаас тод сонссон. Тухайн үед би Говь-Алтай аймагт хээрийн судалгааны ажил хийн уул, хадаар алхан явдаг ажил хийдэг байв. Ажил өглөө 8 цагт эхэлбэл өглөө 07:00 цагт босоод өдөр бүрийн хоол идэж, орой унтахдаа тэнгэр ширтэн залбираад унтдаг байлаа. Гэтэл нэгэн өдрийн өдөр бүрийн хоол өнөөдрийн Иохан 21-р бүлэг байсан. Тэр өдрийн өглөө өдөр бүрийн хоолоо идээд, өдөр нь ажлаа хийчхээд, орой нь залбирахаар тэнгэр ширтэн зогссон. Тэр үед гэнэт өглөөний үг хүчтэй бодогдсон. Тэгээд Есүс Симон Петрээс “Чи намайг эднээс илүү хайрладаг уу?” хэмээн асуусан шиг “Ганболд оо – Чи намайг эднээс илүү хайрладаг уу?” хэмээн асууж байгаа мэт санагдсан. Харин тэр үед өөрийн эрхгүй “Танд хайртайг минь Та мэднэ хэмээн” хэлсэн. Харин Бурхан эргүүлэн “хургануудыг минь тэжээ” хэмээн хэлэх шиг болсон. Тэр агшинд би өөрийн эрхгүй нүдэндээ нулимстайгаар залбирч байсан. Тэр үе би энэ хөдөө, хээр яаж Есүсийн хоньдыг тэжээх билээ хэмээн бодсон. Гэтэл Бурхан ажлаа орхин, хоньдыг минь тэжээ хэмээн хэлсэн байсныг сүүлд ухаарсан. Тэгээд энэ үгнээс болж ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Түүний дараа Бурхан чуулганд fulltime хоньчноор үйлчлэх чиглэл өгсөн. Түүнээс хойш чуулганы өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан үйлчилж, fishing хийж, Есүсийн хоньдыг тэжээж эхэлсэн. Тэгээд зарим нь одоо чуулганд байхгүй ч дөрвөн хоньчин босгох ивээл өгсөн. Мөн тэр үгийг авснаас хойш 2 жилийн дараа хурим хийж, Баярмаа хоньчинтой гэр бүл болж Дөлгөөн, Хүслэн гээд хүүхдүүдтэй болж өнөр гэр бүлтэй болсон. Мөн амьдралын бодит олон олон хэрэгцээтэй зүйлс, санхүү мөнгө, эрүүл мэнд, орон байр гээд бүх зүйлсийг надаас үл хамааран Бурхан Өөрөө хамгийн сайн арга замаар зөвшөөрч өгсөөр байна. Мэдээж өнөөдрийг хүртэл салхи шуургатай, хэцүү өдрүүд олон байсан. Гэвч Бурхан миний бодож, төсөөлшгүй арга замаар амьдралыг минь удирдан дагуулж, ивээсээр байгааг харахдаа гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй. Харин ч маш ихээр баярладаг. Би ажлаас гарах өргөдлөө бичээд чуулганд сууж байх үедээ өнөөдрийн энэ ивээлүүдийн нэг ширхэг ч зүйлийг нь мэдээгүй байсан. Бурханд бүх алдар магтаалыг өргөж байна. Энэ цагт би чуулганыхаа хоньчин нэг бүрийг уриалахыг хүсэж байна. Есүс энэ цагт танаас асууж байна. “Чи намайг эднээс илүү хайрладаг уу?” хэмээн асууж байна. Та Есүст хариулаарай. Тэгээд “Миний хоньдыг тэжээ” хэмээн хэлж буй энэ үгийг ажил, бизнес, хичээл ном, гэр бүл гээд бүх зүйлсийнхээ дээр тавиад, бүх зүрхээ зориулан Есүсийн хоньдыг хариулаад үзээрэй. Тэгвэл Бурхан таны төсөөлшгүй олон гайхамшигт зүйлсийг таны хүч чадал, боломжоос үл хамааран амьдралд тань үйлдэх болно.

Дүгнэлт: Өнөөдрийн үгээр дамжуулан амилсан Есүс шавь нарын сул дорой байдал, алдаа бүтэлгүйтэл зэргээс үл хамааран хувиршгүй хайраар тэднийг хайрласаар байсан гэдгийг сурлаа.

Мөн Петрээс “Чи эднээс илүү Намайг хайрладаг уу?” гэж асууснаар Петртэй хайрын харилцааг сэргээж, “Миний хоньдыг тэжээ” хэмээн хэлснээр хоньчны амьдралын чиг үүргийг дахин шинэчлэн өгч байгааг сурлаа. Энэ цагт манай чуулганы хоньчин нэг бүр “миний хоньдыг тэжээ” хэмээн хэлж буй Есүсийн дуу хоолойг хүлээн авснаар хоньчны амьдралын чиглэл ба үүргийг дахин шинэчилж чадахыг хүсэн гуйж байна. Тэгснээр энэ цаг үеийн олон оюутан залуусыг авралд хөтөлдөг сайн хоньчноор амьдарч чадахыг хүсэн гуйж байна.

 

өмнөх нийтлэлШавийн 14-р хичээлийн асуулт; номлол
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.09.17/