МИНИЙ ДОТОР ОРШИГТУН
Иохан 15:1-17
Гол эшлэл 15:4
1. Энэ зүйрлэлд илэрхийлсэн Бурхан, Есүс ба шавь нарын харилцааны тухай ярина уу (1, 5а)? Тариалагч нь үр жимсээ ургуулдаг мөчир ба ургуулдаггүй мөчир бүрийг яах вэ (2)?
2. Шавь нар юугаар цэвэр болсон бэ (3, Иохан 17:7)? Цэвэр болсон тэд хичээнгүйлэн хийх зүйл нь юу вэ (4)? Есүсийн дотор орших нь яахыг хэлж байна вэ (7, 8:31)? Есүс яагаад “Та нар Миний дотор оршихгүй бол” гэж сануулсан бэ? Есүсийн дотор оршихгүй бол юу болох вэ (5, 6)?
3. Есүсийн дотор оршдог хүнд ямар онцгой эрх өгөгдөх вэ (7)? Бид их жимс гаргавал хэн алдаршиж, мөн ямар хүн гэж зөвшөөрөгдөх вэ (8)?
4. Есүс шавь нарыг юунд бат итгүүлж байна вэ (9)? Тэд яавал Есүсийн хайранд байж чадах вэ (10)? Есүс үүнийг хэлж буй зорилго нь юу вэ (11, 12)?
5. Бидний биелүүлэх хайр нь ямар хайр вэ (13)? Есүсийн тушаалыг үйлдэхэд Түүнтэй ямар харилцаатай болох вэ (14, 15)?
6. Шавь нар яаж Есүсийн шавь болсон бэ (16а)? Шавь нар сул дорой ч гэсэн заавал үр жимс гаргаж чадах үндэс нь юу вэ (16б)? Тэдний гаргах жимс нь юу бөгөөд Есүс яагаад тэднийг бие биеэ хайрлахыг давтан хэлж байна вэ (17)?
МИНИЙ ДОТОР ОРШИГТУН
Иохан 15:1-17
Гол эшлэл 15:4
“Миний дотор оршигтун. Би ч та нарын дотор оршино. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно”
Есүс өмнөх хэсэг дээр шавь нараасаа салж явна гэдэг талаараа олон удаа хэлсэн. Үүнээс болж шавь нарын зүрх айдас, санаа зовууриар дүүрэн болсон. Есүс ийм тэдэнд 14-р бүлгээр Бурханд итгэдэг шиг мөн Надад итгэгтүн гэж хэлснээр итгэлийг суулгасан. Мөн Бурханы хаанчлалын амьд горьдлого байгаа гэдгийг хэлж үнэн, амь, зам болсон Өөрийг нь үргэлж дагахыг заасан. Харин шавь нар Есүсийг явбал үргэлж дагаж чадах болов уу гэсэн зөрчил гарсан. Есүс ийм тэдний сэтгэлийг сайн ойлгож Түүнийг явсны дараа хэрхэн амьдрахыг зааж өгч байна. Мөн Есүсийг явсны дараа ч гэсэн хайрын үр жимсээр дүүрэн амьдарснаар Бурханыг алдаршуулан амьдрахыг заан өгч байна.
1. Миний дотор байгтун (1-8)
1-р эшлэлийг үзээрэй. “Би бол усан үзмийн жинхэнэ мод. Эцэг минь усан үзэм тариалагч билээ”. Есүс Бурхан ба шавь нар бас Өөрийнхөө харилцааг усан үзэмтэй зүйрлэн тайлбарлаж байна. Тариалагч, усан үзэм ба мөчир нь хоорондоо салшгүй амин холбоотой байдаг. Ялангуяа усан үзэм ба мөчир нь нэгдмэл харилцаатай байдаг. Бурхан энэ дэлхийг бүтээсэн Бүтээгч учраас бүх дэлхийн Эзэн билээ. Тиймд дэлхий нь Бурханы усан үзмийн цэцэрлэг бөгөөд Бурхан энэ цэцэрлэгийг торддог тариачин юм. Есүс бол Бурханы усан үзмийн цэцэрлэгт суулгагдсан усан үзмийн мод бөгөөд шавь нар нь Түүний мөчир юм. Эндээс Есүсийг жинхэнэ усан үзмийн мод гэсэн нь Есүс л Бурханы хүсдэг амийн үр жимсийг ургуулж чадах цорын ганц усан үзмийн мод учраас юм.
2-р эшлэлийг үзээрэй. “Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг”. Тариалагч нь усан үзмийн модыг үзэсгэлэнгийн мод маягаар тарьдаггүй. Тариалагч нь усан үзмийн модноос зөвхөн хамгийн дээд зэргийн жимсийг олохын тулд л тарьдаг. Тиймээс гадна талаар усан үзмийн мод хэчнээн олон навчтай, саглагар, үзэсгэлэнтэй байлаа ч тэр нь хэрэггүй юм. Тариалагч нь чанартай их жимс ургуулахын тулд газрын хөрсийг ухаж, чулууг нь зайлуулан, бордож шим тэжээл өгдөг.
Ялангуяа усан үзмийн модонд мөчир их ургадаг гэнэ. Тиймээс хэрэггүй мөчрүүдийг сайн тайрч авах нь чухал байдаг. Мөчир бүр үр жимс ургуулдаггүй. Мөчрүүдийн дунд жимс ургуулдаг, ургуулдаггүй янз бүрийн мөчрүүд байдаг. Жимс гаргаж чадахгүй мөчир нь өвчилсөн эсвэл үхсэн учраас зүгээр орхивол шим тэжээл ба усыг дэмий сорон бусад мөчрүүдийг сайн жимс ургуулахад нь саад болдог. Мөн үүнээс гадна үхсэн мөчирт байсан вирусүүд нь эрүүл мөчир руу шилжин орж, модоо хүртэл ялзруулдаг. Тиймээс тариалагч нь ийм хэрэггүй мөчрүүдийг заавал тайрах ёстой.
Тэгвэл эндээс жимс ургуулдаггүй мөчир нь ямар хүмүүсийг зааж байна вэ? Искариотын Иудас шиг Есүсийг дагадаг боловч өөрөөр хэлбэл цуглаанд явдаг ч гэсэн уг үндсээрээ Бурханы өмнө гэмээ гэмшин, Есүсийг хүлээн зөвшөөрөөгүй, гадна талаараа дагадаг итгэгч нарыг зааж байна. Эдгээр хүмүүс нь өөрийн эрх ашгийн төлөө цуглааныг ашиглах маягаар явдаг. Тийм боловч ийм хүмүүст үр жимс ургуулах боломж олон байдаг. Иудас ч гэсэн гурван жилийн турш Есүсийг даган, Түүний амийн үгийг сонсон, өөрийн шунаг сэтгэлээ гэмшин, Есүсийг өөрийн Аврагчаар хүлээн авч, Түүнийг дуулгавартай дагах боломж байсан. Бурхан болон Есүс ийм түүнийг үр жимстэй болгохыг удаан хүлээж, тэвчин, олон боломжуудыг өгч байсан. Харин тэрээр эцэст нь өөрийн хүсэл шуналын дагуу буруу сонголт хийснээр тайрагдсан. Ингэж Бурханы тэвчээр, энэрэнгүй хайрыг үл тоомсорлосон хэн ч эцэст нь тайрагдах болно.
Харин жимс ургуулдаг мөчир бүрийг яадаг вэ? Тариалагч нь жимс ургуулдаг мөчрийг илүү чанартай сайн жимс ургуулахын тулд тайрч арчилдаг. Усан үзмийн мод нь маш их мөчирлөдөг бөгөөд зарим мөчир нь 4м хүртэл ургадаг. Тиймээс тайрч арчлахгүй бол навч их урган идэх боломжгүй түүхий жимс их ургуулах болдог. Үүнчлэн тариалагч Бурхан үр жимс ургуулдаг биднийг илүү сайн чанарын үр жимстэй болгохын тулд хэрэггүй мөчрүүдийг тайрч арчилснаар цэвэрлэдэг.
Ер нь хүмүүс өөрийн хүссэнээр чөлөөтэй амьдрахыг хүсдэг. Мөн шунаг сэтгэл ч гэсэн дуусдаггүй. Ялангуяа залуу, боломжтой, чадвартай байх тусам хиймээр санагддаг зүйл олон байдаг. Бурханы хийхийг хүсэж байгаа ганц хоёр ажилд бүх анхаарлаа хандуулан хийхээс илүү янз бүрийн зүйлийг хийж туршихыг хүсдэг. Гэвч ийм чанарын дагуу үргэлж амьдарвал мөчир нь навч их ургах болдог. Энэ нь гаднаас нь харахад маш сүртэй, сайхан, гоё юм шиг харагдана. Харин сайн ажиглан харвал үр жимсгүй байдаг. Хүн өөрийн хүссэнээр шуналын дагуу амьдраад хэзээ ч үр жимс ургуулж чадахгүй. Тиймээс Бурхан бидний үр жимс ургуулахад саад болдог мөчрийг тайрч арчилдаг. Тэгвэл Бурхан биднийг хэрхэн тайрч арчилдаг вэ?
1-рт, Бурханы үгээр цэвэрлэдэг. Еврей 4:12-т Бурханы үг бол амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц,сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч ялгах чадвартай гэж хэлсэн байдаг. Бурханы үг бидний дотор байгаа буруу үзэл бодол, хүсэл тачаал, муу зуршил гэх мэт хэрэггүй мөчрүүдийг илрүүлэн гэмшүүлснээр цэвэрлэдэг.
2-рт, Амьдралын сахилгажуулалт, зовлонгоор дамжуулан цэвэрлэдэг. Бурхан биднийг ариун, сайн, арвин үр жимстэй болгохын тулд амьдралын сорилт, зовлонг зөвшөөрөн өгдөг. Энэ зовлон, сахилгажуулалт нь тухайн үедээ зүгээр, гоё сэтгэлээр өнгөрөөн амсах зүйл биш байдаг. Биднийг тайрч цэвэрлэхийн төлөө өгдөг зовлон бол маш ихээр сэтгэл өвтгөж, зовоодог. Сэтгэл маш хэцүү учраас шантарч, уйлж, гомдоллож, тэвчихийн аргагүй байдалд хүргэдэг. Энэ асуудал бол хүнтэй харилцах харилцааны асуудал байж болно. Мөн мөнгө, өвчин, аваар осол гэх мэт янз бүрийн асуудал байж болно. Ялангуяа Бурхан биднийг харилцааны асуудлаар дамжуулан маш их сахилгажуулдаг. Хүмүүсийг хамгийн их стрессдүүлдэг зүйлийн нэг нь хүн юм. Тэр хүн л байхгүй бол миний амьдрал аз жаргалтай байх болно. Тэр хүнээс болж би ийм зовлонтой, азгүй амьдарч байна гэж боддог. Эцэст нь тэр харилцааны зөрчлийг даван дийлж чадалгүй өөр газар руу зугтдаг. Гэсэн ч тэнд ч гэсэн нөгөө хүнээс илүү хэцүү хүн байсаар байдаг. Бид асуудлын шалтгааныг үргэлж гаднаас хайж олдог. Хүмүүс болон нөхцөл байдлаас шалтгаанаа хайж олохыг хүсдэг. Гэвч үнэндээ бүх асуудлын үндэс нь гадна байдлаас биш харин МИНИЙ ДОТОР байдаг. Миний дотор байгаа бардам зан, аминч хувиа хичээсэн байдал, хүнд итгэж чадахгүй чанар, гомдол, шүүмжлэл, атаархал, хүсэл тачаал, муу зуршлууд гэх мэтийн хэрэггүй мөчрүүд байгаа учраас бүх асуудал үүсдэг. Үнэндээ миний өөрчлөгдөөгүй чанар нь намайг зөрчилдөөнтэй, зовлонтой болгодог. Бурхан ингэж хүний саваа, амьдралын ташуураар дамжуулан надад нуугдсан гэмт чанарыг нүцгэн болсон мэт илрүүлэхэд тусалдаг. Тэгээд би өөрийгөө хэн бэ гэдгийг олж харах болдог. Бурхан үүгээр дамжуулан бидний гэмт чанар ба муу зуршлыг тайрч арчилснаар цэвэр ариун, үнэн хайрын даруу хүнээр өөрчилдөг. Бурхан бидэнд зовлонг өгдөг нь биднийг хайрлаж, их үр жимстэй хүн болгохын тулд билээ. Еврей 12:11-т “Бүх сахилгажуулалт нь тухай үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсан хүнд зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг” Тиймээс Бурханы ийм сахилгажуулалтыг Түүний хайр хэмээн зөвшөөрч, Бурханы миний дотор хийх гэж байгаа ажлыг гүнзгий ойлгон, хүлээн авч, дуулгавартай дагаснаар арвин их жимсийг ургуулахыг хүсэн гуйж байна.
Тэгвэл Есүсийн үгээр цэвэрлэгдсэн бид үр жимс ургуулахын төлөө юу хийх хэрэгтэй вэ? Дахин төрж, цэвэрлэгдсэний дараа автоматаар жимс ургуулдаггүй. Харин жимс ургуулахын төлөө бидний зүгээс хичээнгүйлэн хийх зүйл байдаг. Тэр нь чухам юу вэ?
4-р эшлэлийг үзээрэй. “Миний дотор оршигтун. Би ч та нарын дотор оршино. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор оршихгүй бол тийм байх болно” Усан үзмийн модонд мөчир үргэлж холбоотой байдаг шиг биднийг үргэлж Есүсийн дотор байгтун гэж тушааж байна. Энд оршино гэдэг нь хааяа нэг байхыг биш харин үргэлж холбоотой байхыг зааж байна. Энэ нь Христтэй бүрэн нэгдмэл болж, Түүнтэй харилцан нөхөрлөхийг зааж байна. Хятадад мишионер байсан Huardson Tailor-н бичсэн “Нэгдмэл ба нөхөрлөл” гэдэг номыг уншиж үзвэл хүмүүс Есүстэй бүрэн нэгдмэл амьдарч чадахгүй шалтгаан нь Түүнд итгэж, амьдралаа бүрэн даатгаж чадахгүйгээс болдог гэж бичсэн байна. Есүст бүрэн итгэж чадахгүй учраас амь нас ба амьдралаа даатгаж чадалгүй өөрийн нэр төр, эрх мэдэл, хүсэл шунал, төлөвлөгөөг орхиж чадахгүй байдаг. Мөн Есүсгүйгээр ганцаараа сайн хийж чадна гэж боддог учраас Есүстэй холбогдохгүй амьдардаг. Гэвч мөчир хэзээ ч өөрөө оршин байж чаддаггүй. Усан үзмийн модонд холбогдон нэгдэхгүй бол жимс ургуулж чадахгүйгээс гадна хувхайран, хатаж, хаягдан, галд шатаагдах болно. Үүн шиг бид ч Есүсээс салан холдвол юу ч хийж чадахгүй болно.
Есүсийн дотор оршино гэдэг нь би өөрөө юу ч хийж чадахгүй гэдгээ гүнзгий хүлээн зөвшөөрч, амьдралаа Есүст бүрэн даатган, Түүнийг түшиглэн амьдрахыг хэлж байна. Мөн Есүсийн дотор оршино гэдэг нь үргэлж Есүстэй сүнслэг харилцаатай байж, мод болсон Есүсээс шим тэжээл авч амьдрахыг хэлж байна. Ялангуяа бид Түүний үг ба залбирлаар дамжуулан Есүстэй үргэлж холбоо харилцаатай байх хэрэгтэй. Усан үзмийн мөчрийн дотор ус болон шим тэжээлийн хоёр сувагтай байж үргэлж модноос ус ба шим тэжээлийг хүлээн авдаг. Үүгээр амьтай байж үр жимс гаргадаг. Хэрэв энэ суваг бөглөрч, тагларвал аажмаар хувхайран, хатаж үхдэг.
Бидний итгэлийн амьдрал ч үүнтэй адил байдаг. Цуглаанд явдаг гээд Есүсийн дотор оршино гэсэн үг биш юм. Гадна байдлаараа Есүсийн дотор оршиж байгаа юм шиг боловч дотроо дэлхийн хүсэл тачаал, шунал ба гэмээс болж Есүстэй харилцаа нь хол хөндий яваа хүн олон байдаг. Тийм хүний сэтгэл сүнс нь хуурайшин хатаж баяр хөөргүй амьдрах болдог. Тиймээс Есүстэй нөхөрлөн харилцдаг амьдрал байхгүй бол хэчнээн удаан итгэлээр амьдарч цуглаанд явсан ч гэсэн, урьд нь хичээл зүтгэлтэй итгэгч байлаа ч гэсэн дөнгөж аврагдан хайр ивээлээр дүүрэн байлаа ч унахаас өөр аргагүй учраас Есүсийн дотор үргэлж байхын төлөө үг ба залбирлаар дамжуулан хичээх хэрэгтэй. Заримдаа бид үг болон залбиралгүйгээр, сүнслэг тэмцэлгүйгээр сайхан үр бүтээлтэй амьдарч, үр жимс гаргаж чадна гэж андуурдаг. Харин энэ бардам сэтгэлээ гэмшин өдөр бүр Есүстэй харилцан амьдрахгүй бол эцэст нь ямар ч үр жимсгүй хувхайран хатаж, галдан шатаагдах болно гэдгийг санан гэмших хэрэгтэй. Нэг наалдаад нэг салаад л амьдарвал үр жимс ургуулахгүй учир тэвчээртэйгээр Есүсээс салалгүй, Түүний дотор амьдрахыг хүсэн гуйж байна.
7-р эшлэлийг үзээрэй. “Та нар Миний дотор оршиж, Миний үгс та нарын дотор орших аваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно” Энэ нь биднийг үр жимстэй болгохын тулд гуйлтын хариуг авч чадах эрх мэдлийг Бурхан өгсөн гэсэн үг юм. Бид үр жимс ургуулахын тулд Түүний үгийн дотор залбирдаг амьдралаар амьдрах нь маш чухал. Бид залбирлаар дамжуулан их жимс ургуулдаг хүмүүс болж чадна. Харин Түүний үгэн дотор залбирахгүй бол үр жимсгүйд хүрнэ. Тэгвэл бид их жимс ургуулбал юу болох вэ?
8-р эшлэлийг үзвэл Есүсийн жинхэнэ шавь нар болж бас Бурханыг алдаршуулах болно гэж байна. Бид Есүстэй үргэлж нөхөрлөн нэгдмэл амьдарснаар Ариун Сүнсний үр жимсийг ялангуяа төлөв даруу ба хайрын үр жимсийг дүүрэн ургуулж мөн сайнмэдээг дэлгэрүүлснээр амийн үр жимс ч ургуулах болно.
2. Бие биеэ хайрлагтун (9-17)
9-р эшлэлийг үзээрэй. “Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайр дотор минь байгтун” Бурханы хайр дотор байсан Есүс тэр хайраар шавь нараа ч гэсэн хайрласан. Тэр хайраар шавь нар өссөн. Ийм тэд тасралтгүй өсөн, үр жимстэй байхын төлөө Есүсийн хайр дотор байх хэрэгтэй. Тэгвэл Есүсийн хайр дотор байна гэдэг нь бодитоор яахыг хэлж байна вэ?
10-р эшлэлээс үзвэл Есүсийн тушаалыг сахих нь Түүний хайранд орших зам гэдгийг мэдэж болно. Ялангуяа 12-р эшлэлээс үзвэл тэр тушаал нь чухам бие биеэ хайрлах явдал гэв. Тиймээс Есүсийн хайранд, хайр дотор байх арга зам нь Есүсийн тушаалыг сахин, шавь нар хоорондоо Есүс тэднийг хайрласан шиг хайрлахад байдаг. Тэгэхэд Есүсийн хайрыг улам илүү мэдэрч, Түүний хайранд бат итгэх болдог.
Тухайн үед шавь нар бие биеэсээ илүү гарах гэсэн өрсөлдөөнөөс болж атаархан, маргалдаж зөрчилдөөнтэй байсан. Тэд зөвхөн өөрсдийн ирээдүйг л бодон, бие биедээ анхаарч чадахгүй байсан. Гурван жилийн турш хамт унтаж, хамт хоол идэж байсан ч гэсэн бие биеэ сайн мэдэхгүй байсан. Тэд атаархал ба хайхрамжгүй байдлаас болж хагарах аюулд байсан. Бидэнд бие биеэ хайрлан нэгдмэл болж чадахгүй шалтгаан олон байдаг. Нөгөө хүн намайг үнэлэн хүлээн зөвшөөрдөггүй, зан чанар, үзэл бодол өөр учраас хайрлаж чадахгүй гэж боддог. Өөрийн загалмай их, завгүй учраас хамтран зүтгэгч хүмүүстээ анхаарал тавьж чадахгүй гэж боддог. Харин гүнзгий бодвол энэ нь хайргүй учраас юм. Хэчнээн жижиг цуглаан байсан ч гэсэн бие биеэ хайрлан нэгдэхгүй бол эцэст нь хагаран бутрахад хүрдэг.
Тэгвэл бие биеэ хайрлавал юу болох вэ? Хайр бүх алдаа зөрчлийг халхалдаг гэж бичсэн байдаг. Бие биеэ хайрлавал нөгөө хүнийхээ алдаа зөрчлийг халхлан, тэр хүний төлөө гуйж, урам зоригийн үг хэлж чадна. Хэчнээн завгүй олон ажилтай байсан ч гэсэн ахан дүүстээ анхаарал хандуулан, хэцүү үед нь янз бүрийн байдлаар тусалж чадна. Ядарч өлссөн үед итгэлийн ахан дүүсийн дэмжлэг нь маш их урам зоригийг өгдөг. Хэрэв бид Христийн дотор бие биеэ хайрлахгүй бол бид хаана хайрлаж чадах вэ? Гэвч бодитоор хүмүүсийг хайрлана гэдэг нь амар зүйл биш. Хайрлахад хэцүү хүнийг хайрлах бүр хэцүү. Гэсэн ч бид өөрийгөө үгүйсгээд Есүсийн тушаалыг дуулгавартай дагаж, сахин хайрлах хэрэгтэй. Энэ нь Есүсийн хайранд оршихтой адил юм. Ингэж бие биеэ хайрлавал ямар ерөөл амсах вэ?
1-рт, Есүсийн баяр хөөрөөр дүүрэх болно. 11-р эшлэлийг үзээрэй. “Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв” Есүсийн тушаалыг сахин бие биеэ хайрлан амьдарвал баяр хөөрийг дүүрэн амсаж амьдрах болно. Заримдаа бие биеэ хайрлан амьдрахад маш их ядарч, золиос гардаг. Өөрийгөө үгүйсгэн үхүүлэх мэт хэцүү үе байдаг боловч эцэст нь баяр хөөрийг дүүрэн амсах болно. Есүс ч гэсэн олон хүнийг хайрлан үйлчилж, Өөрийн амь насаа золиослон загалмай дээр цовдлогдон үхэхэд ч баяр хөөр дүүрэн байсан. Бид зөвхөн өөрсдийгөө бодон аминч чанараар ямар ч хохирол амсахгүй амьдарвал чөлөөтэй, баяр хөөртэй амьдарч чадна гэж боддог. Харин тэр амьдрал улам ганцаардмал, гунигтай, хоосон амьдрал болно. Бид хэцүү ч гэсэн өөрийгөө үгүйсгэн, бие биеэ идэвхтэй хайрлан амьдарснаар баяр хөөрөөр дүүрэн хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
2-рт, Есүсийн найз болно. 14-р эшлэлийг үзээрэй. “Та нарт тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн” Бие биеэ хайрлан амьдарвал Есүс биднийг найзаа болгоно. Дотно найзтайгаа хэр байдаг вэ? Бүх гуниг зовлонгоо ярьж, нууцаа задлан, төлөвлөгөө, хүсэл мөрөөдлөө хуваалцдаг. Боол нь Эзэний хүсэл тааллыг мэдэлгүй хэлсэн бүхнийг нь даган биелүүлдэг. Харин найз нь Эзэнийхээ зүрхний хүслийг хуваалцсанаар баяртайгаар хамтран ажилладаг. Бурхан Абрахамыг найз болгон хожим Өөрийн хийх ажлуудыг хуваалцсан. Хожим биелүүлэх авралын ажлын талаар, Содом Гоморраг шийтгэх төлөвлөгөөгөө хүртэл хуваалцсан. Абрахам Содом Гоморраг хараад өвдөж байгаа Бурханы сэтгэлийг ойлгон, тэр газрын төлөө хичээнгүйлэн зуучлан гуйсан. Үүнчлэн бид бие биеэ хайрлан амьдарвал Есүс ч гэсэн биднийг найзаа болгон хожим хийх гэж буй Өөрийн төлөвлөгөөг ярьж өгнө. Бид Есүсийн найзын хувьд бие биетэйгээ сайн ойлголцон, Түүний сэтгэлээр Түүний авралын ажилд оролцож чадна.
13-р эшлэлийг үзвэл Есүс найз болсон бидний төлөө амиа зориулснаар агуу хайраа харуулсан юм. Тиймээс бид ч гэсэн Есүсийг дуурайж, Түүний хайраар бие биеэ хайрлах хэрэгтэй. 17-р эшлэлийг үзээрэй. “Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун”. Есүс дахиад бие биеэ хайрлагтун гэж тушааж байна. Есүсийн шавь нар бие биеэ хайрлах нь усан үзмийн мод болсон Есүстэй нэгдмэл мөчрүүдийн ургуулах хамгийн сайн үр жимс юм. Бид өдөр бүр Есүстэй нэгдмэл байснаар бие биеэ халуунаар хайрлан, үр жимсээр дүүрэн цуглаан болохыг гуйж байна.