Өдөр бүрийн хоол /2025.10.02/

ХРИСТ ДАХИН ИРЭХ НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН

2Петр 1:12-21

“…Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан.(16)”

1. Бид бол Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид юм (12-18)

Үйлс номны 1-р бүлгийг үзвэл Есүсийг тэнгэрт одсоны дараа хоёр тэнгэрэлч -Есүсийг явсан шигээ буцаж ирнэ хэмээн айлдсан байдаг. Есүс эхлээд Аврагчаар ирсэн. Тэр ирээд олон олон гайхамшиг үзүүлж эцэст нь хүн төрөлхтний гэмийн өмнөөс загалмайд цовдлогдон нас барсан. Гэсэн ч Тэр судрын дагуу дахин амилж, тэнгэрт одсон юм. Харин Есүс дахин ирнэ. Тэр дахин ирэхдээ Шүүгчээр сүр жавхлантайгаар ирэх болно. Түүний дахин ирэх үеийн төрх байдлыг Петр, Иохан, Иаков нар харсан. Тэр үед тэдний харсан дүр төрх нь энэ дэлхийн юу ч цайруулж чадахааргүй цагаан хувцастай, гэрэл цацруулсан төрхтэй байсан. Тийм учир Петр Есүсийг дахин ирнэ хэмээн гэрчилж байна. Ер нь хүмүүс баттай эх сурвалжид л итгэдэг. Өнөөдрийн бидэнд хэлж байгаа “Есүс дахин ирнэ” гэсэн үгийг Петр гэрчилж байна. Тиймээс бидэнд амьд найдвар байна. Бид Есүс шиг дахин амилна гэсэн агуу хүсэл мөрөөдөл байна. Ийм үед зовлон амссан ч энэ агуу хүсэл мөрөөдлөөр дамжуулан босч чадах юм. Энэ агуу хүсэл мөрөөдөл бидэнд янз бүрийн хавчлага зовлон уруу таталт бүхнээс зайлах хүч, мэргэн ухаан, итгэл өгдөг юм.

2. Бид илүү баттай эш үзүүллэгийн үгтэй (19-21)

Библийн хуучин гэрээний хэсэгт олон үйл явдал, олон эш үзүүллэг байдаг. Харин багцлаад хэлбэл аврагч Есүсийн тухай зөгнөсөн зөгнөл юм. Шинэ Гэрээг багцлаад үзвэл зөгнөлийн биелэл юм. Библийн номууд нь өөр өөр цаг үе, нийгэмийн байгуулал, өөр өөр хүмүүсээр бичигдсэн. Тухайн үед харилцаа холбоо, утас, интернет, машин, онгоц ч байсангүй. Гэвч хоорондоо 3 мянган жилийн зайтай бичигдсэн номнуудын эш үзүүллэг, биелэл нь таарч байна гэдэг нь маш гайхалтай юм. Үүнд гайхаад зогсохгүй итгэхэд ч бэрх юм. Гэвч бид итгэх ганцхан шалтгаан нь Бурхан бүх цаг үед, ямар ч хүнээс үл хамааран оршин байдаг гэсэн зүйл юм. Тэр бол үнэхээр агуу Нэгэн юм. Тиймээс Бурхан л бүх эш үзүүлэгчид болон Библийн номыг зохиогчдыг удирдаж энэ бүх номуудыг бичүүлсэн. Тэр бол бүх цаг үеийн удирдагч, түүхийг бичигч цорын ганц нэгэн билээ.

Нэг үг: Бид Библигүй бол итгэгч биш.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.01/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.03/