Өдөр бүрийн хоол /2025.10.03/

ХУУРАМЧ БАГШ НАР

2Петр 2:1-11

“Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно.”

1. Хуурамч багш нарын зорилго (1-3)

Хуучин Гэрээг үзвэл хуурамч эш үзүүлэгч нар олон байжээ. Харин Бурхан ийм эш үзүүлэгч нарыг устгаж, өөрсдийнхөө дундаас зайлуураарай гэсэн байдаг. Иеремиа Бурханы амьд үгийг дамжуулж удахгүй Израиль сүйрнэ гэж эш үзүүлж байсан боловч хуурамч эш үзүүлэгч нар үүнийг үгүйсгэж байлаа. Тэд Израиль сүйрэхгүй, амар тайван байна гэхчлэн сэтгэлд сайхан боловч хуурамчаар эш үзүүлж байсан.
Анхны цуглааны үед ч гэсэн хуурамч эш үзүүлэгч нар байдаг байв. Тэд илээр биш харин нууцаар худлаа ярьдаг. Мөн цаашлаад Христийг Эзэн биш хэмээн үгүйсгэх тохиолдол ч байдаг. Бүх зүйлийг үнэмшилтэйгээр зохион үүнийгээ үнэн ярьж байгаа гэж бусад итгэгч нарт ухуулдаг. Ингээд хүмүүсийг амархан уруу татдаг. Сул итгэгч нар ч гэсэн гоё сайхан , амар хялбар замаар шавийн амьдралаар амьдрах боломж байна гэж харан хуурамч багш нарын нөлөөнд амархан автдаг. Хүний уг мөн чанар нь шунал тачаал болон энэ дэлхийн зүйлсэд маш амархан автагдах юм. Одоо үед ч гэсэн хуурамч багш нар эрх чөлөө нэрэн дор хоньдыг уруу татаж, шунал талаалыг өөгшүүлэн рекламдаж байна. Мөн энэ дэлхий өдөр ирэх бүр өөрчлөгдөж, гоё сайхан, амар хялбар замаар амьдрах боломж их байгаа юм шиг харагдаж байна. Тиймээс бид өөрсдөө Бурханы ариун сүнс ба амьд үгээр зэвсэг хийж сэрэмжлэхгүй бол сатаны мэх хүсэл тачаалд амархан автаж унаж болох нөхцөл байдал байна гэдгийг санацгаая.

2. Хуурамч багш нар дээр буух шийтгэл (4-11)

Бурхан бол шударга юм. Тэр хуурамч хүмүүсийг, гэмтэй эвлэрэн, гэмийг өөгшүүлдэг
хүмүүсийг, гэмшдэггүй хүмүүсийг, бузар хүсэл тачаалдаа автан бусдыг уруу татдаг хүмүүсийг шийтгэсээр ирсэн. Шийтгэл байна, шийтгэх ч болно. Хуучин Гэрээг үзвэл Содом, Гоморра, Ноагийн үе нь бидэнд хамгийн том жишээ, сургамж болсон. Одоо үед ч гэсэн хуурамч багш нарын үйл ажиллагаа явагдсаар байгаа боловч шийтгэл байхгүй мэт санагдаж болох юм. Гэвч Эзэн тэдний дээр буух шийтгэлийг барьж байна хэмээн бичигджээ. Удирдагчийг удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөөгүйгээс болж хуурамч багш нар зоригтой юм шиг харагддаг. Дур зоргоороо амьдарч байгааг нь харвал эрх чөлөөтэй амьдарч байгаа юм шиг харагддаг. Гэвч энэ бүгд бол гэмт хүслийн жинхэнэ мөн чанарр бөгөөд үүндээ гэмшихгүй бол шийтгэл авахаас өөр аргагүй. Хуурамч багш нарын өөртөө итгэлтэй иймэрхүү төрх байдлыг нь хараад олон итгэгчид уруу татагдан гэмд унаж байна. Тиймээс тэдэн шиг хүмүүсийг Бурханы зарлиг, мэргэн ухаанаар ялдаг хүмүүс болохыг гуйж байна. Зарим үед хуурамч багш нарыг ялгахад ч хэцүү, тэд үнэхээр л үнэний замаар яваад байгаа юм шиг харагдах үе ч байна. Харин хэсэг хугацаа өнгөрвөл тэд үр жимсээрээ танигддаг.
Одоо ч гэсэн хуурамч бөгөөд гоё үгээрээ уруу татсаар байгаа хуурамч хүмүүсийн уруу татлагад орохгүй байхад туслаач. Шийтгэл авна гэдгээ өөрсдөө ухааран, тэр хүмүүсийг Бурханы хайраар удирдаж өгөхийг гуйж байна.

Нэг үг: Шийтгэлээс айдаггүй хүн нь итгэлгүйн шинж.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.02/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.04/