Сайн мөс чанартай бай
1Петр 3:13-22
“Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муулагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.”(16)
1. Христийг зүрхэндээ Эзэн болгож (13-16)
Бид сайны төлөө хичээн зүтгэх юм бол хэн бидэнд хор хөнөөл учруулах вэ? Гэвч сайныг хичээнгүйлэн үйлдсэн ч гэсэн Есүст итгэдэг гэсэн ганцхан шалтгаанаас болж зовлон, хохирол амсах үе гардаг. Энэ үед бид зөвийн төлөө зовлон эдлэх нь ерөөлтэй гэсэн нэгэн зүйлийг санах хэрэгтэй.(14) Иймээс бид итгэлээсээ болж гүтгэгдэн хавчигдах үедээ айн сандрах биш, зүрхэндээ Христийг Эзэн болгож, итгэлээ сахих хэрэгтэй. Бидний тэвчээртэй байдлыг харсан тэд гайхаж, биднээс найдварын талаар асууна. Тэр үед дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариулахад бэлэн байх хэрэгтэй. Мөн мууг саналгүй сайн мөс чанартай байх хэрэгтэй. Эцэст нь Христийн дотор биеэ сайнаар авч явахыг харсан муулагчид гүтгэсэн зүйлдээ ичих болно.(16)
2. Зөвийг үйлдэн зовсон нь дээр (17-22)
Зөвийг үйлдсэнийхээ төлөө зовох нь Бурханы таалал юм. Есүс гэм зэмгүй, төгс, зөвт хүн байсан боловч зөвт бус хүмүүсийг Бурхан уруу удирдахын төлөө зовлон амсаж үхсэн. Гэхдээ Есүс махан биеэрээ үхсэн боловч сүнс дотор амилуулагдсан.(18) Ингээд Ноагийн үед дуулгаваргүй байсан тамын шоронд байгаа сүнснүүд дээр очин Өөрийгөө Христ гэдгийг тунхагласан.(19) Тэгээд одоо Бурханы баруун гарт залран, бүх эрх мэдлүүд болон хүчнүүдийг захирч байгаа.(22) Иймээс зөвийн төлөө зовлон хохирол амсаж байгаа бид нар ч Есүсийг дуурайснаар Есүсийн одоо эдэлж байгаа алдарт орох хэрэгтэй.
Гуйлт: Эзэн минь! Итгэлээсээ болж зовлон хавчлага амсах үед ч сайн мөс чанараар хандахыг хүсэж байна. Тэгснээрээ би Таных гэдгээ харуулахыг хүсэж байна.
Нэг үг: “Зовлон амсах үедээ Христийг Эзэн гэдгийг гэрчил.”