Өдөр бүрийн хоол /2025.09.25/

Амар тайвныг хайж, мөшгө

1Петр 3:1-12

“Тэгээд бузар муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, түүнийг мөшгө.”(11)

1. Нөхөртөө захирагд, эхнэрээ хүндэтгэ. (1-7)
Тухайн үед үл итгэгч нөхрөөс болж гэр бүлд асуудал их гарч байв. Ийм гэр бүлд итгэгч эхнэр яах хэрэгтэй вэ? Эхнэр хүн гэр бүлийн амар тайвны төлөө нөхөртөө захирагдах хэрэгтэй. Хэрвээ итгэгч эхнэр нөхрөө үл тоомсорлож, түүний эмзэг сэтгэлийг нь хөндвөл гэр бүлийн амар тайван байдал алдагдана. Эхнэрүүд үнэт эдлэл болон үнэтэй хувцсаар гадна талаа чимэглэхээс илүү дотоод сэтгэлээ дөлгөөн, даруу зангаар чимэх хэрэгтэй. Тэгвэл эхнэрийнхээ журамтай байдал ба эелдэг занг харсан нөхөр нь Есүст итгэх зам уруу хөтлөгдөх болно. Харин нөхрүүд яах хэрэгтэй вэ? Нөхрүүд нь эхнэрээ өөрөөсөө илүү сул дорой сав бөгөөд амийг хамтран хуваалцдаг хүн гэдгийг санан хүндэтгэх хэрэгтэй. Хэрвээ нөхөр нь эхнэрээ хүндэтгэн хайрлахгүй бол гэр бүлд амар тайван байдал бий болж чадахгүй. Мөн эхнэр нөхөр хоёулаа Эзэний үгийг дуулгавартай дагавал гэр бүлийн аз жаргал, амар амгалан байдал улам ихээр нэмэгдэх болно. Ингэснээр залбирлын амьдралд саад учрахгүйгээс гадна Бурханы алдрын төлөө хамтран ажиллаж чадна.

2. Сэтгэл санаагаараа нэгдмэл байж, бие биедээ энэрэнгүй ханд. (8-12)
Итгэгчид нь Бурханы дотор нэг гэр бүлийн ахан дүүс учраас нэг сэтгэлтэй байх хэрэгтэй. Бие биетэйгээ эвтэй байж, чин сэтгэлээсээ хайрлан, энэрэнгүй хандаж, төлөв даруу байх хэрэгтэй.(8) Энэ бүхнийг нэг үгээр хэлбэл Есүсийн зүрх сэтгэлийг агуулж амьдарна гэсэн үг юм. Мөн итгэгчид нь мууг муугаар хариулалгүй, харин ерөөх хэрэгтэй. Тэгэхэд Бурханы ерөөлийг өвлөн авч, амар тайвныг эдэлж чадна. Надад муу хандаж байгаа хүнд муугаар хариулмаар санагдавч бузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорих хэрэгтэй.(10) Ингэснээрээ бузар муугаас эргэж, сайныг үйлдэн, амар тайвныг мөшгих хэрэгтэй. Ингэж сайныг үйлддэг хүний залбирлыг Бурхан сонсох болно.(12)

Гуйлт: Эзэн минь! Бузар муугаас эргэн, бусдад сайныг үйлдэж, амар тайвныг тогтоон амьдрахад минь туслаач.

Нэг үг: “Эв найрамдалтай гэр бүл ба чуулган”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.24/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.09.26/