АМЬ, АМЬДРАЛЫГ СЭРГЭЭГЧ
Рут 4-р бүлэг
Гол эшлэл: 4:15
“Тэр танд амь амьдралыг сэргээгч, өндөр насыг тань тэтгэгч байх болтугай!
Учир нь таныг хайрладаг, таны хувьд долоон хөвгүүнээс дээр бэр чинь
Боазд хүү төрүүлэв гэцгээв.”
Рут номыг үзэх боломж өгсөн Бурханд талархаж байна. Моаб эмэгтэйг ажилдаа хэрэглэхгүй байх эрх Бурханд бүрэн байсан.1-4-р эшлэлүүдийг үзээрэй. “Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн өнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд -Хүүе, анд минь энд ирээд суу гэв. Тэр ирж суулаа. Тэгээд тэр хотын ахмадуудаас арван хүнийг авчран -Энэ суудал дээр суугтун гэсэнд тэд ч бас сууцгаав.Тэгэхэд тэр хамгийн ойрын хамаатанд хандан -Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг хэн нэгэнд маань худалдах ёстой. Тиймээс “Энэ суудал дээр сууж буй хүмүүсийн өмнө болон миний ард түмний ахмадуудын өмнө түүний өвийг золин худалдан авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдмээр байна. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” гэхэд тэр -Би тэр газрын өвийг нь золин худалдаж авна гэв.”
3-р бүлэгт юу болж өнгөрснийг товчхон дурдъя. Рут Боазын хөлд хэвтэж, түүнээс халамжийн үйлчилгээг чамгүй авсан. Халамжаас илүү чухал зүйл нь Боаз Елимелехийн гэр бүлийн өвийг зольж, өөртөө авах шийдвэр гаргасан явдал байлаа. Гэтэл нэгэн “саад” гарч ирлээ. Тэр нь түүний хамаатан өөр нэг эр байсан бөгөөд уг эр дарааллын хувьд Боазын өмнө байсан. Тийм учир Боаз түүнийг үүдэн хаалганы дэргэд сууж байхдаа дуудав. Боаз өөрийн гэсэн үнэт зүйлтэй хүн байв. Тэр ямар нэгэн ов мэх хэрэглээд Елимелехийн өвийг золихыг хүссэнгүй. Эсвэл мэдээгүй дүр эсгэж байгаад уг хүнийг жийхийг ч хүссэнгүй. Харин ч үнэнч шударгаар эхлээд түүнд санал тавьж байгааг харж болно.Энэ мэтчилэн үнэт зүйл бол хувь хүний болон чуулган, байгууллагын хувьд хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Амьдралын ямар ч шуурганд итгэлээ бат сахих, цаг үеийн байдлаас болж дүрэм журмаа зөрчихгүй байх, амлалтдаа үнэнч байх, үүргээ орхиж явахгүй гээд бидний амьдралд байдаг үнэт зүйлүүдээ сахидаг хүн нь хадан суурин дээр байшингаа барьсан хүнтэй л адил. Үнэт зүйлээ сахих явцад хохирол гарахыг үгүйсгэхгүй. Бусдад дооглогдож, буруушаагдахыг ч үгүйсгэхгүй. Харин эцсийн үр дүн нь илүү чухал юм.
Ийн нөгөө хүнд Боаз сонголт өгсний дараа юу болсон бэ? Эхлээд тэр хүн өв золихыг хүссэн. Өв золино гэдэг нь хамаатны хүн нь Наомигаас талбайг нь худалдаж авах үүрэгтэй гэсэн үг юм. Ингэснээр уг талбай нь хамаатны бус нэгэнд бус харин ч хамгийн ойрын хамаатандаа очсоноор илүү аюулгүй бөгөөд хожим нь эргүүлэн худалдаж авахад найдвартай болж байна гэсэн үг юм. Энэ нь тухайн хүн, улмаар үр удмынх нь өв хөрөнгийг хамгаалах Бурханы тушаал байлаа. Газрыг нь бодоод тэр хүн Елимелехийн удмынхны газрыг авах хүсэлтэй байв. Яагаад гэвэл Наоми л одоогоор тэр газрын эзэмшигч бөгөөд хэрэв тэр нас барвал өөрийнх нь нэр дээр газрын гэрчилгээ автоматаар шилжих байлаа. Энэ бол маш ашигтай хувилбар. Хэн ч ийм хувилбараас татгалзвал тэнэг гэж тооцогдох болно. Гэхдээ Боаз дахиад нэг зүйл хэлсэн нь хэрэв энэ газрыг өв золих маягаар авах бол Наомигийн бэр буюу Махлоны эхнэрийг мөн л хуулийн дагуу авах ёстой болов. Хэрэв тийн авбал уг газрын гэрчилгээ хожим нь өөрийнх нь нэр дээр биш харин Рутээс гарах хүүхдэд автоматаар шилжих ёстой байв.Ийм зүйлийг сонсоод тэр хүн /Библид нэр нь ороогүй нь харамсалтай/уг өвийг золин авахаас татгалзлаа. Тэгснээр тухайн үедээ тэр хүнд ашигтай байсан боловч хожим нь Давидын, улмаар Есүсийн өвөг гэж бичигдэх байсан гайхамшигтай сайхан боломжийг алджээ. Ингэснээрээ тэр хүн мэдээж бурууг хийгээгүй, гэм нүгэл ч хийгээгүй. Харин өөрт байгаа нандин боломжийг алджээ гэж хэлэхэд болно. Ингээд үйл явдал яаж өрнөсөн бэ? Газар өгч, авалцдаг эртний заншлын дагуу Боаз шаахайгаа авч нөгөө хүнд өгснөөр Наомигийн газрыг өв золин авах албан ёсны хүн болж, тэнд байсан ахмадууд болон ард олон ч баталлаа.
Дээрх түүхээс бид юу сурч болох вэ? Ууган хүүгийн эрхээ аяга хоолноос худалдсан Есавын дүр төрх бидэнд харагдаж байна. Ихэд өлссөн байсан Есавт ходоод нь л дүүрч байвал болоо гэдэг тухайн үеийн өнцгөөр бүхнийг харж, шийдсэн байдаг. Энэ нь түүнийг эргээд харахад уйлаад ч эргэхгүйгээр хувь заяанд хөтөлдөг билээ. Өнөөдөр ч бас буруу шийдвэрээсээ болоод ирээдүйд өвлөгдөн ирэх сүнслэг ерөөлийг алддаг хүмүүс их бий. Тэд материаллаг ерөөлийн араас явснаасаа болоод сүнслэг ерөөлийг алддаг. Ирээдүйн амьдрал чухал, ирээдүйн бидний хийх ажил, гэр бүл, алдар нэр, мөнгө төгрөг ч чухал. Гэхдээ энэ мэт өчүүхэн зүйлээс болоод Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэх гэдэг нандин ерөөлийг алддаг хүмүүс их байна. Их ч байсаар байлаа. Танд тавьсан Бурханы хүсэл найдвар нь сүнслэг ерөөл юм. Таныг хоньчин болгож, таныг оюутан залууст сайнмэдээ хүргэх үүрэг өгсөн нь өөрөө сүнслэг ерөөл юм. Та энэ ерөөлөөр дамжуулан сүнсээр өсөж, хүний нүдэнд харагдахгүй боловч бодитоор оршин байдаг тэр л гайхамшигтай ерөөлүүдээс хүртэх болно. Бурхан биднийг ерөөсөн тэр л ерөөлүүд нь одоо бидэнд харагдахгүй боловч итгэлээр шийдвэр гаргах үед, итгэлээр алхах үед ил болж эхэлдэг. Ефес 1:3-д “Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн” гэж хэлсэн байна. Та яг одоо өөрийн байдлаа хараарай. Сүнслэг ерөөлийн талд зогсож байна уу, эсвэл махан биеийн ерөөлийн талд зогсож байна уу? Бурханы хүртээх зөвт байдал, Түүний бидэнд амласан амлалт, мөнх амь, бидэнд өгсөн үүрэг хариуцлага, итгэлийн амьдрал зэрэг нь Бурханы бидэнд өгсөн сүнслэг ерөөл мөн. Харамсалтай заримдаа бид үүнийг харахгүйгээсээ болоод махбодын ерөөлийг дагах тохиолдол их байдаг. Сүнсний нүдээ нээцгээе. Бидэнд бэлдсэн байгаа тэр л ерөөлүүдийг харцгаая.
13-р эшлэлийг үзээрэй. “Ингээд Боаз Рутыг авч, тэр түүний эхнэр болов. Боаз түүн дээр орсонд ЭЗЭН түүнийг хөл хүндтэй болгож өгөв. Тэгээд тэр хүү төрүүлэв.” Өгөгдсөн эрхийн дагуу Боаз Руттэй гэрлэж, Бурхан тэдэнд хүү заяажээ. Энэ хүү бол жирийн хүү боловч хожим Бурханы хаанчлалын ажилд нандинаар хэрэглэгдсэн Давид, мөн Есүсийн өвөг эцэг болох хүү байлаа. Мөн түүнчлэн энэ хүүгээр дамжуулан хэд хэдэн ач холбогдол бүхий зүйлс тэдний амьдралд биеллээ олов.
1-рт, харь эмэгтэй Рут Израилийн ард түмний нэг болсон. Юун ч сүртэй ач холбогдол өгдөг юм бэ дээ, өнөөдөр ч гэсэн хоёр үндэстэн хоорондоо гэрлэж л байна. Тэглээ гээд сүртэй юм алга гэж бодож болно. Гэхдээ тухайн үед Израилийн ард түмний нэг хэсэг болно гэдэг үнэхээр том ерөөл байлаа. Түүгээр ч барахгүй Рутын удмаас Давид хаан, Аврагч Есүс төрсөн шүү дээ.
2-рт, Наоми өв золигчгүйгээр үлдээгүй. Түүний газар үнэндээ хэнд ч хэрэггүй газар болоход ойрхон байлаа. Харин Бурханы ерөөлөөр түүнд өв золигч олдож түүний газар төдийгүй бэрд нь ч ерөөл болж ирсэн. Дүүрэн гарч явсан боловч хоосон буцаж ирсэн Наомигийн бодлоор өөрт нь ямар муу хувь заяа хүлээж байсныг төсөөлж байсан биз. Юу ч үгүй, нас барсан хүүгийнхээ эхнэрийг дагуулж ирсэн тэрбээр өөрийнх нь амьдрал гашуун болсон гэж бодож байлаа. Гэтэл Бурхан түүний амьдралыг гайхалтайгаар эргүүлж, бүр өрлөг эх болтол нь дэвшүүлж өгөв.
Эмэгтэйчүүд ч Наомиг ерөөн “Амь амьдралыг тань сэргээгч” гэж түүнд ач хүү заяасан Бурханыг магтав.
Гашуун байсан түүний амьдрал амттай болов. Яг энэ түүх ч гэсэн Шинэ Гэрээнд давтагддаг. Каин хотод хуриманд ирсэн Есүс дарс дууссаныг мэдээд зарц нарынх нь итгэмжит үйлсээр дамжуулан усыг амтат дарс болгож өгдөг. Тэгснээр тэр хуримын баяр хөөр үргэлжилдэг билээ.
Гашуун амьдрал, амтгүй мэт амьдрал Христ дээр ирснээр өөрчлөгддөг. Христийг хүлээн авснаар таны амьдрал амттай болдог. Зовлон чинь хүртэл амттай, бэрхшээл чинь хүртэл амттай болдог. Таны учрах ирээдүй амттай. Таны амь амьдрал сэргэдэг. Христэд итгэснээр таны амьдал зовлонгүй болно гэж байдаггүй. Жишээ нь: элч Паул. Түүний амьдрал өмнөхөөсөө ч зовлонтой болсон. Хавчлага, зодуур, зугталт түүний амьдралын нэг хэсэг болсон. Гэхдээ тэр Христэд үйлчилж байгаадаа баяр хөөртэй байсан бөгөөд түүний амьдрал амттай болсны тэмдэг юм. Иовыг ч бас харж болно. Түүний амьдралд үнэхээр гашуун зовлон тохиолдсон. Гэхдээ тэр Бурханы хангалт, итгэмжит байдалд итгэсэн учир өмнөхөөсөө хоёр дахин их ерөөл авсан юм.
Дүгнэлт: 1-рт, Рут 1:16-д “Харин Рут—Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.” гэсэн. Нэг хүний итгэлийн шийдвэрээр дамжуулан Наоми гайхалтайгаар ерөөгдсөн. Түүний амьдралд төсөөлж байснаас ч илүү гайхамшигтай өөрчлөлт гарсан. Рутын амьдрал ч гэсэн өөрчлөгдсөн. Харь үндэстэн, хэнд ч гологдох нь тодорхой түүний амьдралд өөрчлөлт гарч итгэлийн агуу өвөг дээдэс болж өөрчлөгдсөн. Боазын амьдрал ч бас өөрчлөгдсөн. Хамаатныхаа золигдох ёстой өвийг авснаар итгэлийн өвөг дээдэс болсон.
Нэг хүний итгэлийн шийдвэр ийн олон хүнийг өөрчлөгдөхөд хүргэдэг. Таны итгэлийн шийдвэр, таны итгэлийн амьдрал ч гэсэн олон хүний өөрчлөлтийн эх байх болно. Ганцаараа итгэлээр амьдраад байгаа юм шиг, ямар ч үр жимс, үр дүн гарахгүй байгаа юм шиг харагддаг. Гэвч үнэндээ таны итгэлийн амьдралаар дамжуулан олон гэр бүл, олон хүн, олон залуус ерөөгдөх нь дамжиггүй.Таны итгэлийн амьдрал огтхон ч хоосон биш гэдгийг санаж, урамшицгаая. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед таны амьдрал, таны үйлчлэл оюутан залууст ерөөл болох болтугай.
2-рт, өв золин авах асуудлаас болж ирээдүйд авах сүнслэг ерөөлөө алдсан нөгөө хүний алдаанаас давтахгүй байхад анхаарцгаая. Нүдэнд харагдах зүйлс хуурамч бөгөөд мөнхийн бус байдаг. Тэр байтугай хүн ч гэсэн найдваргүй гэдэг нь олон зүйлээр дамжуулан нотлогдсон. Ямартаа ч сүнслэг ерөөлийг өвлөж авъя гэж бодож байвал нүдээр харагдах зүйлсэд тавьсан байгаа анхаарлаа хойш нь тавьж сүнслэг нүдээ нээцгээе. Хүн махбодоор амьдардгийн хувьд түүний нүдэнд хамгийн их зүйл нь бодит харагдах зүйл л байдаг. Тийм ч учраас бид сүнслэг тэмцэл хийж, сүнслэг дасгал заавал хийх ёстой. Урсгалаараа явж байгаад бүтдэг зүйл нэг ч байхгүй гэдгийг санах ёстой. Заавал тэмцэл хэрэгтэй, заавал хичээл зүтгэл хэрэгтэй. Тийн тэмцдэг хүнийг Бурхан ерөөж, сүнслэг дайнд тантай хамт ялалт байгуулах болно. Амен.