2016 оны Рут 2-р номлол (08.21) Г. Хаш-Эрдэнэ

ӨВИЙГ ЗОЛИГЧ

Рут: 2,3-р бүлэг

Гол эшлэл: 3:9

“Тэрээр –Чи хэн бэ? гэхэд тэр –Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв. Тэгтэл тэр –Охин минь, чамайг Эзэн ивээх болтугай. Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян, ядуу ямарч залуу эрийн араас гүйсэнгүй. ”

Өнгөрсөн Рут номын 1-р бүлэгт Наоми нөхөр болон хөвгүүдийнхээ үхлээс болоод хагацал зовлонгоор дүүрэн болсонч халамжит бэр Рутын ачаар сэтгэл жааханч гэсэн уужирсан тухай гарсан. Тийнхүү моаб нутгаас гарч нутагтаа ирдэг. Өнөөдрийн номлолоор нутагтаа ирсэн тэдний амьдрал хэрхэн ивээгдэж, хайр энэрлээр дүүрч байгааг сурцгаая.

1-р зүйлийг үзвэл Наомигийн нөхрийн хамаатан болох баян, нэр хүндтэй Боаз гэх хүний тухай дурдсан байна. Бурхан энэ хүнээр дамжуулан тэдэнд тулгарсан асуудлыгшийдэхээр төлөвлөсөн байжээ. 10 жилийн дараа нутагтаа ирсэн Наоми түүний бэр Рут нар бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болсон байх. Гэрийн өмөг түшиг болсон эр нөхрөө алдсан төдийгүй үр хүүхэдч үгүй хоцорсон тэр хоёрт “гадаа гарч эр, гэрт орж эм” гэдэг шиг л хөдөлмөрлөх хэцүүхэн цаг үе ирсэн. Гэвч Рут хөгшин настай хадам эхийгээ ядрахвий хэмээн болгоомжлон, өөрөө ажил хийж халамжлахыг хүссэн. 2-р зүйлийг үзвэл Рут Наомид –Намайг тариан талбай руу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэжээ. Рут харь үндэстэн хүний хувьд ганцаараа израильчуудын тариан талбайд очиж тариан түрүү түүнэ гэдэг нь тийм ч тохиромжтой санаа биш байж болох юм. Харин Наоми зөвшөөрснөөр Рут нэгэн тариан талбайд очин тариан түрүү цуглуулан ажиллав. Гэвч тэр тариан талбай хадам эцэг Елимелехийн ойрын хамаатны хүн болох Боазынх байсныг хожим мэддэг. Тариан түрүүний хаягдлыг талбай дээр орхи гэсэнБурханытушаал байсан бөгөөд ирмэл, ядуус, өнчин болон бэлэвсэн эмэгтэйчүүд тэдгээрийг түүн, хоол хүнсээзалгуулаарай хэмээн Бурханаас өгсөн ивээл байжээ. Монголчууд ч гэсэн талбайдаа тариа, ногоог ямар нэгэн байдлаар бусдад боломж олгон үлдээдэг байна. Энэ тушаалын гол санаа нь Бурханы өгсөн ивээлийг сувдаг шунаг сэтгэлээр биш бусдад ч гэсэн талархалтайгаар хуваалцах байсан бизээ. 3-р зүйлийг харвал Рут тэрхүү талбай дээр санаандгүй ирчихсэн байв. Санаандгүй гэдэг нь ямар зорилгогүй, бодоогүй, санаа тавиагүй байхад гэсэн үг биш юм. Бүх зүйлийн талаар санаа зовон тооцоо хийж үр дүнг нь өдөр бүр шалгаж амьдрах нь буруу биш юм. Гэхдээ энэ амьдрал бидний тооцоолж төлөвлөснөөр болдоггүй нь гашуун үнэн юм. Санаа зөв бол заяа зөв гэж зүйр үг байдаг. Зөв зүрх сэтгэл, санаа бодолтой хүний хувь заяа нь аяандаа зөв сайхан бүтэмжтэй болноо л гэсэн үг. Харин бидэнд Бурханы үг, залбирал, Ариун сүнсний дуу хоолой байдаг учраас бүр ч илүү боломжтой юм. Тиймээс Бурханы дотор үнэний зөвт байдлын сүнсийг даган амьдрах хэрэгтэй юм. Тэгэхэд Бурханы ажил санаандгүй байдлаар бидэнд тохиож, Түүний ивээл санаандгүй байдлаар буун ирж, биднийг төсөөлшгүй байдлаар удирдаж өгдөг. Рут яг ийм санаандгүй байдлаар Боазын тариан талбайд ирчихсэн байв. Талбайн эзний ая байдлаас шалтгаалан тариачид нь аядуу сайхан байсан уу ямартай ч Рутэд тариан түрүү түүхийг зөвшөөрсөн бололтой.

4-р зүйлийг үзээрэй. “Харантун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад –Эзэн та нартай хамт байх болтугай гэхэд тэд –Эзэн таныг ивээх болтугай хэмээн хариулав.“ 4-р зүйлийг үзвэл үнэхээр тариан талбайн эзэн Боаз хүмүүс дунд нэр хүндтэй, бусадтай элэгсэг дотно, зөв сайн харилцаатай нэгэн байжээ. Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцаасаа Рутыг хэн болох талаар асууж мэдэв. 8,9-р зүйлийг үзвэл Боаз Руттэй ярилцан өөр тариан талбай руу явалгүй эндээ ажиллахыг зөвлөсөн ба зарц нартаа түүнд сайнаар хандахыг захисан байна. Израиль тэр дундаа баян, өөрөөс нь дээд зиндааны хүн харь үндэстэн эмэгтэй хүнийг ийнхүү ойлгон, халамжилж өөртэй нь сайнаар харьцаж байгаа Боазыг Рут хараад үнэхээр гайхсан. Тэгээд газар сөгдөн мөргөж –Би гадны хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.

Рут төлөв даруугаар өөрийн байр суурийн хувьд энэ ивээлийг авах зохисгүй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Ийм байсан ч тэрээр өөрт нь өгсөн ивээлийг мэдэн талархах сэтгэлээр дүүрэн болсон. Рут хайр ивээлийг болон хэрхэн талархахыг мэддэг төлөв даруу эмэгтэй байлаа. Бардам хүмүүс ивээлийг мэдэрдэггүй бас талархдаггүй юм. Тэд бусдаас дорд орохгүй, өчүүхэн мэт харагдана гээд бусдын тусламжийг авахыг хүсдэггүй мэдрэмжгүй хүмүүс юм. Тусласан ч гэсэн бусдын тусламжыг өгөх ёстой мэт хүлээн авдаг учраас талархдаггүй хүмүүс юм. Тэгсэн мөртлөө туслахгүй бол тусалсангүй хэмээн бусдад гомдоллодог хачин хүмүүс юм.

Энэ цагт хажуудах хүнээ хараарай. Сул дорой таныг Бурханы дотор хүлээн зөвшөөрсөн учраас таны хажууд суусан байгаа нь тэр. Тэгвэл Эзэн дотор талархлын сэтгэлээр гарыг нь нэг чанга бариарай.Тиймээ бид өчүүхэн зүйл байсан ч гэсэн талархдаг, бусдын тусламжийг ивээл гэж хүлээн авдаг хүн болохын тулд өдөр бүр Бурханы өмнө өөрийгөө аваачих хэрэгтэй юм. Зохисгүй байсан ч намайг хайрлан уучилсан одоо ч гэсэн хамт байгаа Христийн өмнө очин өөрийгөө ухаарах хэрэгтэй юм.Гайхан талархсан Рутэд хэрхэн ийнхүү хандах болсон учир шалтгаанаа Боаз хэллээ. Хамтдаа 11,12-р зүйлийг хамт уншья.

“Боаз түүнд –Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн рүү явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. Эзэн чиний энэ ачит үйлийг сайнаар хариулах болтугай. Израйлийн Бурхан Эзэнээс  ирэх шан хөлс чамд дүүрэн байг. Түүний далбаан дор хоргодох газар хайн иржээ чи гэж хариулав.”

Боаз Рутэд туслан санаа тавьж халамжлах болсон нь үг дуу цөөтэй, төлөв даруу, цэвэрч нямбай, ажилсаг хичээнгүй,залуухан, царайлаг, учраас тэгсэн үү? Үгүй юм. Рутын хадам эхээ даган маш их золиос бас итгэлийн шийдвэр гаргасан тухай Боаз мэдсэн. Харь үндэстэн залуу эмэгтэй хэрнээ өөрийн амин хувийн хүслээс татгалзан, өөрийн мэдэхгүй ард түмэн рүүхадам эхээ халамжлан даган ирсэн түүний хүн чанар, хайр энэрэл, үйлчлэх зүрх сэтгэл ба хамгийн гол нь Израилийн Эзэн Бурханд найдсан нандин итгэлийг нь Боаз харсан юм.Тиймээс цорын ганц Бурханы хамгаалалт, хайр нигүүлслийн газрыг хайн, Түүний далбаан дор хоргодохоор ирсэн түүний итгэлийг нь Эзэн Бурхан дүүргэн шагнах болтугай хэмээн ерөөсөн юм.

Хоолны цаг болоход тэд хамтдаа хооллож Боаз зарц нартаа Рутэд зориулан зориуд тариан түрүү үлдээн түүнд сайнаар хандахыг хувьчлан захив. Рут өглөөнөөс үдэш болтол тариан талбайд ажиллан түүсэн тариан түрүүгээ цохиход нэг ефа буюу 22 литр болжээ. Тухайн үед хүн өдөржин ажиллаад ердөө 1,8 литрийг л цуглуулдаг байжээ. Бурханы ивээлээр сайхан сэтгэлт хүний тариан талбайд ажиллан 22 литр арвайгаа дааж ядан гэртээ ирсэн Рут хадам эхдээ болсон бүх зүйлсийг мөн тэрхүү уулзсан сайхан сэтгэлт хүний нэрийг Боаз гэдгийг ч хэлжээ.

20-р зүйлийг хамтдаа уншья.“Наоми бэрдээ –Эзэн түүнийг ивээх болтугай. Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй Эзэн билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин –Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв.”

Хайртай хүмүүсээ алдсан Наомигийн намайг Мара хэмээн дууд гэж байсан түүний гашуун хүнд хэцүү зүрх сэтгэлд Бурхан хүсэл найдвар өгсөн. Тэр ойрын садангийн хүн болох Боазын талаар сонсоод Эзэн Бурханы энэрэлд талархсан. Энэ үйл явдал нь Рут тэр тариан талбайд санамсаргүй очсон, Рут садангийнх нь хүн Боазтай санамсаргүй уулзсан биш юм. Энэ нь Бурханы гайхалтай төлөвлөгөө байна гэдэгт Наоми итгэн найдсан. Учир нь Наомигийн нөхөр болон хөвгүүдийнх нь үхлээс болж нэгэн асуудал тулгараад байсан. Тэр нь Елимелехийн удам тасран нэр нь Израилиас таслагдаж түүнчлэн тэр овогт Бурханаас хуваарилан өгөгдсөн өв болох газар эзэнгүйдэх байлаа. Харин Бурхан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд аль хэдийн золилтын талаарх хуулийг израйльчуудад өгсөн байсан.

Өв золилтын хуульгэдэг нь юу вэ?Еврейгээр өв золигчийг ”гоел” гэдэг байна. Энэ нь эргүүлэн олж өгөх, төлөөсийг төлөх, золин аврах гэсэн утгатай юм. Өв золих хууль нь дараах хоёр замаар асуудлыг зохицуулсан байв.

  1. Бурханы израильд хуваарилан өгсөн өв газрыг ах дүүсийнх нь нэг ядуу тарчиг байдлаасаа болж заран өвийг алдвал түүний ахан дүүс, хамаатнаас нэг нь уг газрын төлбөрийг төлөн буцааж ах дүүдээ өгдөг байв.
  2. Хэрэв ах дүүсийн нэг нь ямар нэгэн байдлаар эрт нас эцэслэн өв залгамжлах үр хүүхэдгүй болоход ах дүүсийн нэг нь тэр бэлэвсэн эмэгтэйтэй сууж үр удмыг залгамжлуулдаг байв.

Энэ хуулийн дагуу хамгийн ойрын хамаатан болох нэг хүн нь эзэмшил газрынх нь өрийг төлж эргүүлэн өгч, бэлэвсэрсэн энэ хоёрын нэгэнтэй суун өв залгамжлагчийг төрүүлж өгөх ёстой байсан.Харин хэн тэдний төлөө ийнхүү золиос гарган өвийг золин авах вэ гэдэг нь асуудал байсан ч Наоми Рутэд үзүүлсэн Боазын нигүүлслийг хараад найдвар байгааг мэдсэн.

Энд хуучин гэрээнд өгөгдсөн Бурханы өв золих хуулийг ярьж байгаа мэт боловч яг үнэндээ бидэнд хэрэгжсэн сүнсний хууль юм. Урьд нь бидний сүнсний байдал гэм нүглээс болж үхлийн шийтгэлийг аван хэзээ ч гарахааргүй өрөнд орж, Бурханы хаанчлалыг өвлөн авах эрхгүй, зохисгүй хүмүүс байсан. Харин Есүс Христ бидний өв золигч хамгийн ойрын нэгэн болон ирсэн. Бурхан Есүс Христийг бидний гэмийн төлөө загалмай дээр цовдлууланТүүний гэм зэмгүй ариун цус ба үхлээр бүх төлөөсийг минь төлж чөлөөлсөн. Өөрийн гэм ба үхлийн хүчнээс болж гуниг зовлонтой, баяр хөөргүй байсан бидэнд мөнхийн улсад орох эрх мэдлийг өгч, хүсэл найдвартай болгосон.

22,23-р зүйлийг хараарай. Тэгээд Наоми Рутэд өөр талбайд ажиллах нь аюултай гэдгийг анхааруулан хэлсэн бөгөөд хадам эхийнхээ захисны дагуу тариа хураалт дуустал Боазын талбайд түүний хүмүүстэй хамт ажиллав.

3:1-4 зүйлийг хараарай. Ургац хураалтын цаг нь тариачид ургацаа хураан үтрэмдээ арвай шигшиснээр дуусдаг байсан бололтой. Боаз үтрэмдээ ажилчидтайгаа ургацын баяраатэмдэглэхээр болжээ. Энэ үеэр Наоми Рутэд –Охин минь, би чамд амар жимэр байх газрыг хайж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? хэмээн түүнд хандан хэлсэн. Хэдийгээр өөрийг нь дагаж халамжлан явж байгаа ч Рут бол Бурханы ивээлээр сайн сайхан амьдрах ёстой нэгэн гэдгийг Наоми сэтгэлдээ тээсээр байсан. Тэгээд Боазыг Рутийн нөхөр болгохыг хүссэн. Учир нь Боаз ойрын садан, өвийг золигч байж чадахаар хүн чанар болон итгэлийн хувьд төлөвшсөн, хайр энэрлээр дүүрэн хүн байсан. Бурханы бэлдсэн ийм хүнтэй гэрлүүлэх нь юу юунаас илүү чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Тиймээс ургацын баярыг ашиглан Рутыг Боазтай дотночлон уулзан Бурханы хүслийг таньж мэдэхийг хүссэн. Энэ нь тийм ч амар биелэгдэх зүйл биш байв. Учир нь Боаз олны дунд нэр хүндтэй израиль хүн харин Рут бэлэвсэн моаб эмэгтэй байсан. Рут Наомигийн үгэнд –Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв. Нэг талаар Рут ямар ч өөрийн гэсэн үзэл бодолгүй, шийдвэргүй, толгойгүй санагдана. Хадам эх нь тэгээрэй гэвэл тэгье л гэдэг.

Гэвч тэр хамгийн зөв, сайныг л сонгон итгэл дотроо асар том шийдвэрийг гарган, Эзэн Бурханд найдаж байсан эмэгтэй юм. Тэрээр биеэ угааж тослоод хамгийн сайхан хувцсаа өмсөн хадам эхийнхээ зааварласны дагуу бүгдийг хийв. 6,7-р зүйлийг үзвэл Боаз идэж уугаад сэтгэл хөгжин амрахаар овоолсон тариан захад хажуулдав. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Энэ нь тухайн үеийн ёс заншлаар өөрт таалагдсан эр хүнийг өөртэй нь гэрлээсэй гэсэн хүслээ илэрхийлсэн тэмдэг байсан бололтой. Хэрэв Боаз тэмдгийг зөвөөр хүлээн авч ойлговол сайн юм. Харин буруугаар ойлгон татгалзвал Рут олон хүмүүсийн дунд ч ичгүүрт байдалд оржмагадгүй байсан. Шөнө дундын үед Боаз цочин өндийж хөлд нь хэвтэх эмэгтэйг харлаа.

9,10-р зүйлийг хамт уншья. “Тэрээр –Чи хэн бэ гэхэд тэр –Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв. Тэгтэл тэр –Охин минь, чамайг Эзэн ивээх болтугай. Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямарч залуу эрийн араас гүйсэнгүй.”

Тэрээр –Чи хэн бэ? гэхэд тэр –Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв.

Энэ нь өвийг залгамжлахын тулд надтай гэрлэж миний нөхөр болооч, танд өөрийгөө даатган, зориулах тул та өөрийн хайр ивээлээрээ намайг хучинхамгаалж, туслаач гэсэн үг байлаа. Учир нь Боаз Руттэй гэрлэж хүү төрүүлбэл Елимелехийн овгоор нэрлэгдэж Рутын нас барсан нөхөр Махлоны хүү гэсэн алдар нэрийг авах болно. Нэг талаас Боаз энэ саналыг хүлээн авах нь золиос гаргаж байгаа том шийдвэр юм. Мөн нөгөө талаас12-р зүйлийг харвал Боазд өвийн золигчоос татгалзах боломж ба эрх байсан.Тэр нь өөр нэгэн өв золигч хамаатан байсан юм.

Гэвч Боаз –Охин минь чамайг Эзэн ивээх болтугай. Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямарч залуу эрийн араас гүйсэнгүй гэжээ.

Боаз Рутын хийсэн урдны үйлс болох хадам эхийгээ өрөвдөн хайрлаж, түүнийг орхилгүй Бетлехемд даган ирж,халамжлан сайнаар хандаж байгааг нь дурдсан. Залуухан эмэгтэй хүний хувьд таалагдах хүнтэйгээ дахин гэрлэж шинэ амьдралыг эхэлмээр байсанч өөрийн хүсэл ба ирээдүйг бодолгүй золиос гарган хадам эх Наомид үйлчилсэн нь гайхалтай юм. Харин үүнээс ч илүү зүйл нь хадам эх Наомигийн нөхөр Елимелехийн өвийг буцаан өгч, үр удмыг залгамжлуулахын тулд өөрөөс нь ах байсан ч хамаагүй Боазтай гэрлэхийг зөвшөөрч байгаа үйлс байлаа.

Ихэнх хүмүүс өөрийн махбодийн хүсэл болон шуналыг дагаад гэрлэдэг. Харин Рут тэгээгүй. Манай цуглаанд ч Рут шиг хувийн хүсэл мөрөөдөл ба махбодийн хүслээ даван дийлж Бурханы өвийн төлөө итгэлийн шийдвэр гарган гэр бүл болсон эмэгтэйчүүд олон байгаа. Бурхан ийм итгэлтэй эмэгтэй хүмүүсээр дамжуулан тэнгэрийн хаанчлалын өв залгамжлагч нарыг төрүүлж байдаг. Энэ цагт гаргасан итгэлийн шийдвэр, сайн үйлсээр нь Эзэн Бурханаас ирэх ивээл нь дүүрэн байхын төлөө гэрлэсэн эмэгтэйчүүдээ ерөөж байна. Мөн Эзэний цагт итгэлийн зөв шийдвэрийг гарган ивээлээр дүүрэхийн төлөө бусад эмэгтэйчүүдээ ч гэсэн ерөөж байна.

Боаз ийм нандин итгэлтэй, цэвэр зүрх сэтгэлтэй, энэрэнгүй, хайраар дүүрэн, ухаалаг Бурханы өмнө даруугаар тууштай үйлчилсээр байгаа Рутийг хараад сэтгэл нь маш их хөдөлсөн байхаа. Тэгээд Боаз яасан бэ?

За ашгүй тэгвэл хоёулаа яарах хэрэгтэй юм байна гэсэн үү? Ургац хураалт ч дууслаа. Маргаашнаас эхлэн хуримын бэлтгэл ажилдаа оръё гэсэн үү? Үгүй.

11-14-р зүйлүүдийг үзээрэй. Охин минь, одоо бүү ай. Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Хотын бүх хүн чамайг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. Би ойрын хамаатан өв золигч чинь гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан өв золигч бас бий. Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход тэр хүн чиний төлөө өвийг зольж авбал сайн. Тэр чиний төлөө өвийг зольж аваг. Эзэн амьд. Хэрэв тэр чиний төлөө өвийг зольж авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг зольж авъя. Өглөө болтол хажуул гэв. Өглөө үүрээр хүмүүсийг мэдэхээс өмнө Боаз Рутыг гарган өглөө.

Боаз төлөвшсөн хүн байлаа. Тэрээр тулгарсан асуудлыг нь далимдуулан буруу харилцааг тогтоосонгүй. Харин ч түүнд санаа тавин хамгаалж, амлалтыг өгсөн.Мөн өөрөөс нь илүү ойрын хамаатан өв золигч байгаа тул Рутыг болгоомжтой байхыг зөвлөн, ухаалаг шийдвэр гарган Бурханы цагийг хүлээсэн юм.

Дүгнэлт: Наоми болон Рутын амьдралд Боаз хамаатан өв золигч нь болж түүнд хүсэл найдвар өгсөн шиг бидэнд өв золигч болон Есүс Христ ирсэн нь гайхалтай ивээл юм. Тэр эхнээсээ дуустал өв золигчийн үүргээ итгэмжтэйгээр үүрэн, төгс бүрэн дуусгасан билээ. Харин Түүний хормойнд хучигдахыг хүсэмжлэн Эзэний хамгаалалт, халамж болон нигүүлслийг бид хэр хүсэмжлэн байна вэ? Рут Боазын хөл хавийг нь сөхөн хэвтэжшивэгчнээ хормойгоороо хучаач гэснээрээ би өөрийн амьдралыг итгэн танд даатгана гэсэн шийдвэр гаргасан. Яг үүн шиг бид Эзэн Бурханд өөрсдийгөө зориулан бүхий л амьдралаа даатгах хэрэгтэй юм. Бидний найдварыг бүрэн төгс биелүүлэх чадвартай Бурханы мөнх хаанчлалын өвийг золин өгсөн Есүс Христэд талархал өргөж байна. Амен.

өмнөх нийтлэл2016 оны Рут 1-р номлол (08.14) Б.Баярмагнай
Дараагийн нийтлэл2016 оны Рут 3-р номлол (08.28) Б. Баярмагнай