БИ ТЭДНИЙГ ГАРТ ЧИНЬ ӨГСӨН
Иошуа 10:1-43
Гол эшлэл 10:8
“Мөн ЭЗЭН, Иошуад – Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.”
Аливаа ялалт ба амжилт нь тэнгэрээс гэнэт унадаг зүйл биш юм. Хэн нэгэн ирээд бидэнд хэрэгтэй бүхнийг өгнө гэж итгэж найдах хэрэггүй. Эсвэл Бурханы ямар нэг гайхамшиг болно гэж горьдох ч хэрэггүй. Харин шаргуу хөдөлмөр ба хичээл зүтгэл, зөв бэлтгэл, ухаалаг шийдвэрээр дамжуулан ялалт ба амжилт ирдэг. Мөн бидний хичээл зүтгэлийг Бурхан ерөөж өгснөөр боломжтой болдог юм.
Өнөөдрийн номлолоор дамжуулан Иошуад өгөгдсөн онцгой боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглаж, амжилтанд хүрч буй нууцыг суралцах болно. Иошуагаар удирдуулсан Израильчууд Аморичуудын таван хааныг бут цохин цаашлаад Канааны өмнөд хэсгийн хотуудыг нэг удаагийн өргөн цар хүрээтэй тулаанаар бүрэн эзлэн авчээ. Тэгвэл ийнхүү ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй удирдагч Иошуа болон Бурханыг суралцацгаая.
1-рт: Үүргийнхээ төлөө хариуцлагатай байсан. (1-7)
1,2-р эшлэлийг хараарай. Иошуагаар удирдуулсан Израильчууд Аиг эзлэн авч бүрмөсөн устгасан бөгөөд Гибеончуудтай энхийн гэрээг байгуулан нэгдсэн. Үүнийг сонссон Иерусалимын хаан Адони-Зедек ихэд айн түгшив. Уг нь Гибеончуудыг өөрт нь маш үнэнч бөгөөд хамсаатнууд гэж бодож байтал өөрөөс нь урваж, зангаа хувиргасанд гайхаж балмагдсан бизээ. Гибеон бол Аигаас ч том хот бөгөөд бүх эрчүүд нь хүчирхэг байсан. Хэдийгээр Гибеон хүчирхэг байлаа ч Израильчуудтай нэгдсэнд нь айх шаардлагагүй мэт бодогдож болох юм. Учир нь Аморичуудын дөрвөн хаан болох Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафта болон Еглоны хаан Дебир нартай хүчээ нэгтгэж чадвал Израильчууд болон Гибеоныг баталгаатай устгаж чадах хүч, цэрэг арми байсан юм. Тиймээс эсрэгээрээ айх шаардлагагүй мэт. Гэхдээ түүнд айх том шалтгаан байсан. Төгс хүч чадалтай, цорын ганц Бурхан Израильчуудтай хамт байгаа бөгөөд удирдагч Иошуад сүнсний хүч чадал ба мэргэн ухаан байсан учраас юм. Үүнийг Иерусалимын хаан Иерихо болон Аи хотыг эзэлсэн үйл явдлуудаар сонсож дуулсан. Гэхдээ Израильчууд уруу довтлохын оронд Гибеоныг цохихын тулд бусад хаадаас тусламж хүсч элчээ илгээжээ. Ийнхүү аморичуудын дөрвөн хаан нэгдэж Гибеоны ойролцоо байрлав.
Одоо 6-р эшлэлийг үзээрэй. “Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад хэл хүргүүлэхдээ – Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулаар нутагтай аморчуудын бүх хаан бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн дээр даруйхан ирж, биднийг авран туслаач гэв.” Израильчуудаас тусламж гуйн ирж буй Гибеончуудад ямар хариу өгсөн бэ? Үүнд Иошуагийн шийдвэр маш чухал байсан. Хэрэв Израильчууд тулалдана гэвэл Аморичуудын таван хааныг ялж чадах болов уу гэсэн санаа зоволт байсан байхаа. Яагаад заавал тэдний төлөө амиа зориулах ёстой билээ гэсэн асуулт ч байсан. Харин ч өөрсдийг нь мэхэлсний төлөө дайсны гарт өгч, хэрэв Гибеончууд ялагдаж, амиа алдвал харин ч бидэнд ашигтай бус уу гэж бодсон байхаа. Гэвч тэр өөрийн санаагаар шийдвэр гаргахаас урьтаж Бурханаас асуун, Түүний хүсэл тааллыг мэдэхийн тулд залбирчээ. Ийнхүү залбирч байхад Гибеончуудтай хийсэн гэрээний үндсэн дээр туслах ёстойгоо ухаарсан байна. Мөн Канаан газрыг эзлэх Бурханы даалгасан үүргийг биелүүлэхийн тулд энэ тулаанд оролцох ёстойг ойлгосон. Ялангуяа нэг тулаанаар таван хааныг зэрэг буулган авах нь Бурханы өгч буй боломж гэдгийг олж харжээ. Тиймээс саад бэрхшээл болон эрсдлийг харахаас илүү өөрт буй нөөц боломж, давуу талуудыг харан тулаанд оролцох шийдвэр гарган цэргээ хөдөлгөв. Хэрэв Иошуа зүгээр суусан бол ямар ч өөрчлөлт гарахгүй, ялалт байгуулахгүй, Канааныг эзлэх дайнд ийм богино хугацааны өндөр амжилтыг амсахгүй байсан. Тэр хөдөлсөн учраас Бурханы өгч буй ховорхон боломжийг алдалгүй ашиглаж чадсан юм. Бурхан ийнхүү итгэлийн шийдвэр гаргаж буй хүмүүсийг ерөөж өгдөг бөгөөд Өөрийн үгээр удирдах болно.
Бид ч гэсэн Бурханы надад өгсөн боломжийг алдалгүй шүүрч аван итгэлээр хөдлөх хэрэгтэй юм. Бидний итгэлийн шийдвэр ба алхмыг Эзэн Бурхан ерөөж, шаардлагатай бүхнээр ханган өгч тусалдаг. Бурханаас өгөгдсөн үүргийн төлөө амьдарч, шийдэх үед Бурхан үгээрээ чиглүүлэн удирддаг. Иошуа шиг ийнхүү Бурханаас өгөгдсөн үүргийнхээ төлөө шийдвэртэй алхмыг хийж, Бурханы өмнө амласан амлалт байгаа бол түүнийгээ заавал биелүүлэхийн төлөө хариуцлагатайгаар хандаж чадахыг гуйж байна.
2-рт: Бурхантай хамт тулалдсан. (8,10-15)
8-р эшлэлийг хамт уншицгаая. “Мөн ЭЗЭН, Иошуад – Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.”
Иошуаг цэргээ удирдан дайлаар мордох тэр мөчид Бурхан үгээ өгч байна. Бурхан Иошуагийн шийдвэр ба алхмыг сайшаан амлалтаа өгч, урамшуулан зоригжуулсан. Их Эзэн Иошуаг ийнхүү уриалахдаа Иошуагийн зүрх сэтгэлийг зөвхөн үгээр өдөөж, цөсийг нь хөөргөх гээгүй. Харин Иошуад бүх талын бодит тусламж үзүүлэхээр шийдсэн байжээ. Энэ тулаан бол зөвхөн Израильчуудын тулаан бус Бурханы хийх тулаан гэдгийг үүгээр ойлгуулахыг хүссэн. Тэгвэл Эзэн Бурхан бодитоор хэрхэн тусалсан бэ? Израильчуудын гэнэтийн дайралтын үеэр аморичуудыг балмагдуулан үймэлдүүлсэн бөгөөд тэд үй олноороо илдний ирэнд амь үрэгдсэн.(10) Мөн чулуугаар мөндөр оруулж түүнээс ч олон хүн үхэв.(11) Үүгээр зогсохгүй Иошуагийн “Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь Аиалоны хөндий дээр тогтооч” гэсэн гайхалтай итгэлийн залбирлыг Бурхан сонсож өдрийг уртасган аморичуудыг бүрэн устгах боломжийг олгож өгсөн. (12,13) Энэ бол гайхамшигтай үйл явдал юм. Дэлхий 24 цагт тэнхлэгээ нэг эргэдэг. Ингэхдээ цагт Орбит нь 365 хоногт 940 сая км 1670 км/цаг хурдаар эргэдэг. Энэ нь нисэх онгоцын хурдаас хоёр дахин их байна. Мөн дэлхий нарыг жилд нэг удаа тойрон эргэлддэг. Энэ хурд нь 29,8 м/сек 170.000 км/цаг. Энэ нь нисэх онгоцноос 120 дахин хурдтай гэсэн үг. Ийм хурдаар тэнхлэгээ эргэж, нарыг тойрон эргэж байгаа дэлхий зогссон гээд төсөөлөөд үз дээ. Энэ бол ШУ-аар тайлж, ойлгож чадахгүй зүйл юм. Итгэлгүй хүмүүс үүнийг уншаад инээд нь хүрч худлаа гэж хэлэх болно. Харин бид Бурханыг ямар Бурхан гэдгийг мэдэх бөгөөд Тэр бол орчлон ертөнцийг бүтээсэн төгс хүч чадалтай Нэгэн юм. Иошуагийн агуу итгэлийн залбирлын улмаас Бурхан ер бусын аргаар ажилласан.
Иошуа Бурханы даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэж чадсан шалтгааны нэг бол Эзэн Бурхан ялалтыг өгнө гэдэгт бат итгэж байсан явдал юм. Мэдээж энэ итгэл нь Бурханаас өгөгддөг. Бурханы амлалт ба үр дүнд итгэхгүй байх нь Бурханы хийх гэж буй ажлыг удаашруулж, саад болж байдаг. Тиймээс бид гүн бат итгэлтэй байснаар тухайн ажлыг амжилттай дуусгах магадлал өндөр байдаг.
Дээрх эшлэлээс харвал “Би тэднийг гарт чинь өгсөн”, “тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй” гэсэн үгээр аль хэдийнээ ялалтыг амласан байна. Иошуа үүнд итгэсэн учир аль хэдийн тулааны үр дүнг мэдэж байсан. Исаиа 46:10-д “Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ гэж айлдан Би эхлэлээс авахуулан төсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.” Үүнчлэн бид ч гэсэн урьдчилан итгэлээрээ тунхаглаж, түүнийхээ төлөө хүсэн мөрөөдөж, ялна гэсэн итгэлээр үйлдэх хэрэгтэй юм. Бурхан хэзээ ч алдаа гаргахгүй бөгөөд магадгүй заримдаа буруу замаар яваад байгаа юм шиг, нөхцөл байдал буруугаар эргээд байгаа мэт санагдаж болох ч бидний итгэлийн дагуу Бурхан мууг ч, бурууг ч сайнаар эргүүлэн өгдөг юм.
Тиймээс хэрэв танд Бурханы зоригжуулалт ба амлалтын үг байгаа бол бат итгэлээр үйлдээрэй. Бурхан үгээ өгсөн бол бидэнтэй хамт үйлдэж, чиглүүлэн удирдах болно. Мөн Бурхан бидний гарт дайснуудыг аль хэдийн өгсөн гэж итгэж байна. Тэдний нэг нь ч бидний эсрэг сөрөн зогсож чадахгүй юм. Энэ цагт Бурханы энэ үг ба зоригжуулалтыг санаад итгэлийн сайн тэмцлийг хийж чадахыг хүсэн гуйж байна.
3-рт: Бурханы мэргэн ухаанаар тулалдсан. (9)
9-р эшлэлийг үзээрэй. “Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув.”
Иошуа цэргээ удирдан шөнөжин алхсаар аморичуудын армийн дээр гэнэтийн дайралт хийв. Гэнэтийн дайралт бол санамсаргүй, ямар ч бэлтгэлгүй байх үед довтолж дайснаа устгах байлдааны шалгарсан аргуудын нэг юм. Иошуагийн энэ тактик Бурханаас түүнд өгөгдсөн мэргэн ухаан байсан. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп “Хүсч буй зүйлээ авахын тулд зөв боломжийг тэсвэртэй хүлээ. Тэгээд шуурхай хөдөл. Туйлын үр нөлөөтэй бай. Хадгалагдах үнэ цэнэ ба онц байдлын төлөө бүх аргаараа тэмц” гэж хэлжээ. Иошуагийн энэ төлөвлөгөө амжилтанд хүрч чадсан нууц нь боломж буюу цаг хугацааг алдалгүй шуурхай хөдөлж, үр нөлөөтэйгээр үйлдсэн учир үнэ цэнийг бүтээж, амжилт үзүүлж чадсан юм.
Аморичуудын таван хаад Израилийн армийг өөрсөд уруу нь довтолно гэж төсөөлөө ч үгүй байхаа. Хэл хүргээд Израильчууд туслах болсон ч хэд хоног болж ирнэ гэж тооцсон биз. Харин Иошуагийн хувьд мэргэн ухаантайгаар байлдааны нэгэн тактик хэрэглэн хохиролгүй шахам дайсныхаа хүчийг сулруулан дарж чадсан юм. Ийнхүү ухаалаг тактик хэрэглэж амжилтыг үзүүлсэн Иошуагийн нууц нь юу вэ? Түүнд Бурханы мэргэн ухаан байжээ. Мэдээж Иошуа Бурханы мэргэн ухаанд нэг өдөр л гэнэт суралцсан зүйл биш, харин аажим аажимаар олон жилийн турш суралцаж, дасгалжиж, хөгжсөөр бий болсон чадвар юм. Ялангуяа төрөл бүрийн сорилт ба дасгалыг даван туулж, сахилга баттай байсны үр дүн юм. Иошуа дөчин жилийн турш сурч, зөвхөн сурахаас өөр амжилтанд хүрээгүй! Тэрээр удирдагчийн үүргээ авсны дараа ч бэлтгэгдсээр л байсан. Иерихогийн тулаанд тэрээр Их Эзэний удирдлаган дор хатуу сахилга батыг даван туулах ёстой байв. Аигийн эсрэг тулалдахдаа тэрээр маш их бүтэлгүйтэл, ялагдлыг амссан тул нүүрээрээ газар унаж, Эзэнд хандан асар их харуусал ба гэмшилтэйгээр хашхиран залбирч байсан. Гибеоны эсрэг тулалдаанд мэхлэгдэн ичгэвтэр байдалд орсон. Энэ мэт ялагдал ба ялалтуудаар дамжуулан Бурханы мэргэн ухаанд суралцаж, хүчирхэгжин бэлтгэгдсэн юм. Бид ч гэсэн ялагдал ба ялалтыг бодитоор амсаж үзэх хэрэгтэй. Хэрэв ямар ч тулаанд орохгүй, тэмцэхгүй бол суралцаж, дасгалжуулагдан өсч чадахгүй. Сүнслэг тэмцлийг хийх үед Бурхан бидэнд мэргэн ухаан ба хүч чадлыг өгөх болно. Сургаалт үгс 1:7-д “ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм…” гэж хэлжээ. Бурхан биднийг сүнсний мэргэн ухаанаар бялхааж өгөхийг хүсэн гуйж байна.
4-рт: Эхлүүлснээ бүрэн дуусгах хүртэл зогсоогүй (16-43)
Иошуагийн үйлдэл ба амьдралаас харагдах нэг тогтвортой чанар бол зогсолтгүй үргэлжлэх юм.
10-р эшлэлээс харвал зөвхөн гэнэтийн дайралт хийгээд зогсоогүйг мэдэж болно. Үргэлжлүүлэн хөөж зугтаж буй цэргүүдийг устгасаар байсан. Ийнхүү нэхэл хатуутай хөөж байгаа нь эхэлснээ дуусгаж, бүрэн устгахын тулд байсан юм. Энэ нь Иошуагийн тууштай бөгөөд аливааг бүрэн төгс үйлдэх чанартай нь холбоотой юм. 19-р эшлэлийн “Харин та нар бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. …” гэж хэлснээс харвал зогсолтгүй буюу эцэст хүртэл үргэлжлүүлэх зан чанар нь илэрч байна. Бурханд ч Иошуагийн энэ зан чанар таалагдсан. Бид ч ажил үйлчлэлээ хийж дуустал Бурханы тушаалыг үргэлжлүүлэн дагаж мөрдөх ёстой. Олон хүмүүс сайнаар эхлүүлдэг ч, дуусгадаг нь ховор байдаг. Манай чуулганд олон залуус хоньчны амьдралаар насан турш амьдрах болно гэж итгэлийн шийдвэр гарган дагалдагчийн амьдралаа эхлүүлж байсан ч цөөхөн хүмүүс үлдсэн. Иошуа бол дуусгах гэж юу болохыг мэддэг хүн байсан. Их Эзэнээс даалгасан үүргийг бүрэн гүйцэт дуусгасан. Хагас дутуу үлдээж, замаасаа буцаагүй. Элч Паул ч гэсэн 2Тимот 4:7-д “Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан.” гэж итгэлтэйгээр хэлжээ. Ийнхүү хэлж чадах хүртлээ эхлүүлсэн хоньчны амьдралаар эцэст хүртэл тууштай явж, эхлүүлсэн үүрэг загалмайгаа дуустал нь үүрч, эхлүүлсэн итгэлийн тэмцлээ бүрэн төгс ялалтаар төгсгөх хэрэгтэй.
Аморичуудын таван хаан зугтаж Маккеда гийн агуйд нуугдаж байгааг сонссон Иошуа агуйн аманд том чулууг өнхрүүлэн тавьж, цэргүүдээр мануулаад зугтаж байгаа цэргүүдийг бүрэн устгахын тулд “та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь…” гэж цэргүүдээ тушаасан. Энд “Бүү зогс” гэж хэлээд дайснаа хөөж очоод устга гэсэн байна. Хэрэв энэ хүрээд агуйд нуугдаж зугтах газаргүй бүслэгдсэн хаадын төлөө цаг, хүчээ зориулсан бол зугтсан цэргүүдийг бүрэн устгаж, эхлүүлснээ бүрэн дуусгаж чадахгүй байсан. Харин Иошуа жаахан ч цаг хугацаа ба боломжийг алдаж амсхийж, хойш суухыг хүсээгүй. Тиймээс эцэс хүртэл явж бүрэн гүйцэт ялалтыг байгуулж чадсан. Ингэхдээ бүгдийг хүйс тэмтэрч, бүрэн устгасан. 20, 28, 30, 32, 33, 35, 37, 39, 40-р эшлэлүүдээс харвал Канааны өмнөд хэсгийн Маккеда, Либна, Лахиш, Еглон, Хеброн, Дебир хотуудыг нэг нэгээр нь эзлэн авч уулархаг нутаг Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бүрэн устгаж, хэнийг ч үлдээлгүй амьтай бүгдийг бүрмөсөн устгажээ. Ийнхүү Иошуа Бурхан ЭЗЭНий тушааснаар амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Хэдийгээр харгис хэрцгий үйлдэл хийж буй мэт харагдаж байгаа ч Бурханы тушаалд дуулгавартай байж, бүрэн гүйцэлдүүлсэн юм. Ийнхүү бүрэн устгасан нь Бурханы шүүлт байсан бөгөөд Канааны бүх нүглийг бүрэн арилгах гэсэн Бурханы хүсэл байсан юм. Энэ ялалт нь тэдний хүч чадал ба сайнд биш, харин Бурхан Израильчуудтай хамт байж, тэдний өмнөөс тулалдаж тэмцсэн учраас хаана ч явсан ялалт байгуулж чадсан юм.
Тэгвэл бидний эцсээ хүртэл хийж дуусгах ёстой үүрэг юу вэ? Монгол болоод бүх улс оронд буй их дээд сургуулийн оюутнуудад сайнмэдээг хүргэхийн төлөө, салбар чуулганууд байгуулагдаж, илгээлтийн эзэд босохын төлөө залбирах хэрэгтэй. Мөн оюутнуудтай библийн хичээл хийхдээ Есүсийн дагалдагчаар босох хүртэл тууштай үйлчлэх хэрэгтэй. Мөн аль хэдийн эхлүүлээд хийж буй ажил үйлчлэл байгаа бол түүнийхээ эцсийн үр дүнг харан амжилт олох хүртэл зогсолтгүй үйлдэж, бүрэн дуусгах хэрэгтэй юм. Энэ цагт Иошуагаас суралцан эхлүүлсэн бүхнээ бүрэн дуусгах хүртэл тэмцдэг хүмүүс болохыг гуйж байна. Энэ үед Бурхан бидний тэрхүү тууштай, эцэс хүртэл тэвчээртэйгээр тэмцэж буй итгэлийг ерөөн амжилтыг дүүрэн өгнө гэдэгт итгэж байна.
Дүгнэлт: Бидэнд байгаа цаг хугацаа хүн бүрт хоногт 24 цаг боловч хэрхэн өнгөрөөж байгаа нь өөр өөр байдаг. Заримдаа сарыг нэг жилээс ч үр дүнтэй өнгөрөөх, нэг жилийг хэдэн жилээс ч илүү үр дүнтэй өнгөрөөх үнэ цэнэтэй үе байдаг. Иошуагийн хувьд аморичуудын таван хааны эсрэг хийсэн тулаан нь маш чухал үе бөгөөд үнэ цэнэтэй шийдвэр ба сонголт байсан юм. Бурхан түүний энэ итгэлийн шийдвэрийг ерөөж, түүнд бүхий л талаар туслан ялалтыг өгсөн. Иошуа энэ тулааныг Бурханы өгсөн нандин боломж гэж итгэж байсан учир өдрийг уртасгаад ч болтугай заавал дайснаа бүрэн устгаж, үүргээ биелүүлэхийг хүсэн гайхамшигтай итгэлийн залбирлыг өргөж чадсан. Энэхүү гал халуун итгэл бидэнд ч гэсэн дүүрэн өгөгдөхийг хүсэн гуйж байна. Үүнчлэн бид ч сүнслэг дайныг хийхийн тулд шаардлагатай цаг үед нэг өдөр, нэг долоо хоног, нэг сарыг нэг жилтэй адил үнэ цэнэтэй ашиглахын тулд бүх хүчээ дайчлан ялалт байгуулж чадахыг хүсэн гуйж байна. Амен!