Анхан шатны 6-рхичээлйн асуулт; номлол

АМИЙН УСЫГ ӨГДӨГ ЕСҮС
(Сүнсний хангалуун байдал)

Иохан 4:1-30
Гол эшлэл 4:14
1. Есүс Галил уруу явахад яагаад Самариар дайрч өнгөрөх болсон бэ (1-4)? Самари нь ямар түүхт газар вэ? (Хаадын дэд 17:24, 33) Есүс хаана очсон ба тэр үед махбод нь ямар байсан бэ (5-6)?
2. Энэ үед тэнд хэн ус татахаар ирсэн бэ (7)? Есүс түүнээс юуг гуйсан бэ (7б)? Эмэгтэй ямар хандлага гаргасан бэ (9)? Харин Есүс эмэгтэйд юуг мэдүүлж, юуг өгөхийг хүссэн бэ (10)? Эмэгтэй Есүсийн өгөх амийн усыг хэрхэн ойлгосон бэ (11, 12)?
3. Есүсийн өгдөг ус нь Иаковын уснаас ямар ялгаатай байна вэ (13-14)? Есүсийн хэлж буй амийн ус гэж юу вэ? (Иохан 6:35, 7:37, 38)
4. Эмэгтэйн хандлага хэр өөрчлөгдсөн бэ (15)? Гэтэл Есүс яагаад “нөхрөө дуудаад энд ир” гэсэн бол (16)? Түүний сэтгэл ба сүнсийг цангаасалд оруулдаг үндсэн асуудал юу байна вэ (17, 18)?
5. Эмэгтэй Есүсийг хэн гэж хүлээн зөвшөөрөх болсон бэ (19)? Яагаад Бурханд мөргөх ажлын тухай асуусан бэ (20)? Есүс үнэн мөргөлийн тухай хэрхэн зааж өгсөн бэ (21-24)? Сүнс ба үнэнээр мөргөх нь яахыг хэлж байна вэ?
6. Энэ эмэгтэй хэнийг хүлээж байсан бөгөөд юунд найдаж байсан бэ (25)? Есүс Өөрийгөө хэн болохыг гэрчилсэн бэ (26)? Мессиатай уулзсан эмэгтэйн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ (27-30)? Хүн яавал сэтгэл ба сүнсээр жинхэнэ хангалуун амьдарч чадах вэ?

АМИЙН УСЫГ ӨГДӨГ ЕСҮС
(Сүнсний хангалуун байдал)

Иохан 4:1-30
Гол эшлэл 4:14

“Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд”

Өнөөдрийн үг нь Есүс ус авахаар ирсэн Самари эмэгтэйд амийн усыг өгсөн тухай юм. Тэр эмэгтэй урьд нь таван удаа нөхөрт гарсан бөгөөд одоо ч нэгэн эртэй амьдарч байгаа ажээ. Тэрээр хүний хайраар ундаассан нэгэн байв. Бүтэлгүй эрчүүдээс болж сэтгэл нь шархдан янхан шиг болж, олон нөхөр сольжээ. Хэн ч түүний зовлон шаналлыг ойлгож чадахгүй байлаа. Харин Есүс түүний сэтгэлийн зовлон шаналлыг нь бүхнээс түрүүнд ойлгон гүн хайраар үйлчилж, мөнх аминд хүртэл оргилох булгийн усыг түүнд уулгав. Өнөөдрийн үгаар дамжуулан шийдвэрлэх асуудал ихтэй хүмүүст төлөв даруугаар үйлчилдэг Есүсийн агуу хайрыг хүлээн авч, мөнхийн амийн усыг ууж чадахыг гуйж байна.

1. Надад ус өгөөч. (1-14)
1, 2-р эшлэлийг үзээрэй. “Иоханаас илүү олон хүнийг Есүс шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчууд сонссоныг Эзэн мэдээд, (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин шавь нар нь баптисм хүртээж байсан боловч)”
Есүсийн бүтээсэн үйлс баптисч Иоханаас илүү агуу болсонд урьд өмнө баптисч Иоханыг муулж буруутгадаг байсан фарисайчууд Есүст анхаарлаа хандуулах болжээ. Харин Есүс тэдэнтэй сөргөөлцөлдөх цаг биш гэдгийг мэдээд Иудейг орхин Галил уруу дахин явав.
Иудей, Галил хоёрын дунд Самари гэдэг газар байжээ. Самари нь иудейчүүдийн дайран явах дургүй газар байсан. Учир нь 9-р эшлэлийг үзвэл иудейчүүд самаричуудтай огт харьцдаггүй байжээ. Тухайн үед Самари нь хойд Израилын нийслэл байв. Манай эриний өмнөх 722 онд Ассири хэмээх хүчирхэг улс сөнөсний дараа Самарийн олон хүн Ассири улс уруу олзлогдон явж, Ассири хүмүүс Самари уруу ирж амьдрах болжээ. Тиймээс Самарийн хүмүүс эрлийзжин итгэлийн талаар ч өөрчлөгдөж, харийн бурхдыг шүтэх болжээ. Үүнээс болж иудейчүүд самаричуудыг дорд үзэн, харилцахаа ч больжээ. Тийм ч учраас Самари газраар дайран явбал гурав хоног зарцуулдаг дөт замын оронд долоо хоног зарцуулдаг тойруу замаар явдаг байжээ.

5-р эшлэлийг үзээрэй. Есүс Самарийн Сухар гэдэг хотод хүрэв. Сухар хот нь Геризим уулын аманд оршдог Самари аймгийн анхны хот юм. Энэ нь Иаков Шехемийн аав Хамороос зуун алтан зоосоор худалдан авсан газар бөгөөд хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв. Тэнд бас Иаковын худаг байсан ажээ. Холын аянд ядарсан Есүс худгийн дэргэд суув. Жин үд болж байсан тул маш халуун байлаа. Есүс тэрхүү гуч, дөчин градус халуун нартай өдөр дөчин найман км урт замыг явганаар туулсан учир маш их ядарчээ. Хөлс нь их гарсан учир ам нь их цангаж байв. 8-р эшлэлийг үзвэл шавь нар нь идэж уух юм худалдан авахаар хот уруу явсныг бодоход тэд их өлссөн байжээ.
Харин энэ үед хэн худаг уруу ирсэн бэ? 7а-р эшлэлийг үзээрэй. “Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд” Тухайн үед дундад азийн эмэгтэйчүүд ус авахдаа өдрийн хэт халуун үеэр бус өглөө юм уу, эсвэл оройн сэрүүн цагаар хэд хэдээрээ нийлэн хамтдаа худаг руу явдаг байв. Харин энэ эмэгтэй хамгийн халуун, хэн ч гадагшаа гардаггүй үд дундын үед ганцаараа ус утгахаар ирлээ. Есүс тэр даруй энэ эмэгтэйд бусдад хэлж чадахгүй амьдралын хэцүү асуудал байгааг мэдэв. 18-р эшлэлийг үзвэл энэ эмэгтэй урьд нь таван нөхөртэй байсан бөгөөд одоо ч нэг хүнтэй сууж байна. Эмэгтэй хүн анхны гэрлэлт нь амжилтгүй болбол хэзээ ч эдгэрч чадахгүй хүнд шархтай болдог. Гэтэл энэ эмэгтэйн тавын таван гэрлэлт нь амжилтгүй болжээ. Таван нөхрийн нүүр үзсэн энэ эмэгтэйн авсан шарх хэчнээн их, гүн гүнзгий байсан бол оо. Энэ эмэгтэй эрчүүдийн тухай үл итгэл, дургүйцэл, үзэн ядалтаар дүүрэн байсан нь тодорхой.
Мөн үүнтэй нэгэн зэрэг өөрийгөө үнэхээр хайрлах эрийг хүсэн мөрөөддөг байсан бололтой. Мөн хотынхны доромжлол, басамжлалыг бодоод үхмээр санагдах үе олон төрдөг байсан нь лавтай. Азгүй хувь заяа, өөрийгөө дорд тавьдаг сэтгэлд автагдан зовж хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон байж ч магадгүй. Ямар ч гэсэн энэ эмэгтэйн сэтгэл хүмүүсээс авсан шархнаас болж хатуу чанд хаагдсан байлаа.
Тиймээс энэ эмэгтэйтэй ярилцах нь маш хэцүү, хэзээ ч бүтэхгүй юм шиг санагдана. Харин Есүс яасан бэ? 7б-р эшлэлийг үзээрэй. “Есүс түүнээс – Надад уух юм өгөөч гэв” Ингэснээрээ Есүс түүнтэй ярилцах ярианы хаалгыг нээжээ. Тэгвэл “Надад уух юм өгөөч” гэж гуйж байгаа Есүс хэн бэ?
1-рт, Есүс тэр эмэгтэйгээс түрүүлж Өөрийгөө төлөв даруугаар дорд болгосон юм.
Есүсийн хувьд тэр эмэгтэйгээс “Надад уух юм өгөөч” гэж гуйх нь маш хэцүү байсан. Яагаад гэвэл Есүс тэр эмэгтэй хоёрын хооронд нэвтлэхэд маш хэцүү зузаан хана байсан юм. Тэр үед Ром улс нь иудейчүүдийг, иудейчүүд нь самаричуудыг, самари эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийг, эмэгтэйчүүд нь энэ эмэгтэйг басамжлан доромжилдог байсан. Тиймээс энэ эмэгтэй бүх хүнд басамжлагдсан, үнэхээр их гэмтэй хүн байжээ. Харин Есүс бол ариун Бурханы хүү буюу Бурханы улсын хунтайж байв. Ийм Есүс “Надад уух юм өгөөч” гэснээрээ бүх хана хэрэм, заагийг нураажээ. Есүс эмэгтэйг басамжлаагүй, мөн буруушаагаагүй. Харин Өөрийгөө дорд тавьж, төлөв даруугаар гуйснаараа ярианы хаалгыг нээжээ. Есүс Өөрийгөө энэ эмэгтэйгээс хязгааргүй дорд тавьжээ. Есүс бол Бүтээгч Бурхан буюу Бурханы улсын сүр жавхлангаар хувцасласан Ариун байгч юм. Гэвч Тэр гэмтэй, сул дорой, бузар биднийг аврахаар махбодыг өмсөн энэ дэлхийд ирсэн.
2-рт, Есүст хоньчны сэтгэл дүүрэн байсан.
Есүс тэр эмэгтэйг хоньчны нүдээр харжээ. Хоньчны нүдээр харахад тэр эмэгтэй замаа алдаж төөрч буй хөөрхий хонь шиг харагдав. Есүс “Надад уух юм өгөөч” гэсэн нь зөвхөн ус уухын тулд биш юм. Тэр Өөрийнхөө ундааслаас илүү тэр эмэгтэйн шатах мэт өвдөж буй хатсан сэтгэлийн ундааслыг бодсон билээ. Есүс сүйрч буй тэр сүнсийг өрөвдсөн, тэр сүнсийг аваръя гэсэн хоньчны сэтгэлээр дүүрэн байжээ. Гагцхүү энэ л сэтгэлийн улмаас эхэлж яриа өдөж, тусламж гуйв. Тийм учраас “Надад уух юм өгөөч” гэсэн үг нь эмэгтэйн хатуу чанд хаагдсан сэтгэлийн хаалгыг тогшиж буй Их Эзэний хайрын дуу хоолой юм.
Гэвч эмэгтэйн хариулт нь ямар байсан бэ? 9-р эшлэлийг үзээрэй. “Та Иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ)” Эмэгтэй Есүсийг жирийн нэг иудей хүн гэж боджээ. Тэрээр Есүсийг өөрт нь шарх үлдээгээд явсан бусад эрчүүдийн л адил гэж бодож тийнхүү ширүүн үгээр хариулжээ. Харин Есүс юу гэж хэлсэн бэ? 10-р эшлэлийг үзээрэй. “Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйж, харин Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд”
Эмэгтэйгээс ус гуйж байгаа Есүс бол Бурханаас түүнд илгээсэн хамгийн том бэлэг юм. Гэвч эмэгтэй миний бүх амьдралын асуудлыг шийдэж өгөх амийн усыг энэ хүн надад яаж өгч чадах вэ гэж бодон эсэргүүцээд зогссонгүй “Та бидний өвөг Иаковаас агуу гэж үү?” хэмээн өөрийн өвөг дээдсээр бахархан, түүнийг Есүстэй харьцуулжээ.
Харин одоо 13-14-р эшлэлийг үзээрэй. “Есүс -Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд.” Иаковын худгийн уснаас хэчнээн уусан ч хэсэг хугацааны дараа дахиад л цангана. Иаковын худгийн ус нь хүний ундааслыг уг үндсээр нь тайлж чадахгүй бөгөөд гагцхүү түр зуур бие махбодын ундааслыг л тайлна. Яагаад гэвэл хүний дотоод асуудал буюу сүнсний асуудлыг шийдэж чадахгүй, мөн сүнсний дотор оргилдог булаг биш учраас тэр юм.
Ер нь хүмүүст янз бүрийн ундаасал бий. Тэдгээрээс хамгийн хүчтэй нь хайрын ундаасал юм. Хүмүүс өөрийг нь ойлгож хайрлах хэн нэгнийг эрэн хайсаар бэдэрч төөрдөг. Гэхдээ хүний хайр нь хэчнээн их байх тусам улам ихээр ундаасан цангадаг. Түүнээс үлддэг зүйл нь хоосон зай, сэтгэлийн хүнд шарх л байдаг.
Бас эрх мэдлийн ундаасал гэж бий. Хүмүүс эрх мэдлийн хойноос өдөр шөнөгүй хичээнгүйлэн зүтгэдэг. Тэгж тэгж нэг удаа олж авбал хэзээ ч тавихгүйг хичээдэг. Үүнээс гадна ардчилал, эрх чөлөөний ундаасал, уран зохиол, урлаг, мөнгө төгрөг гэх мэтийн олон янзын ундаасал байдаг. Иймэрхүү ундааслууд нь бүгд шунаг хүслийн намагтай адил учраас хэчнээн ихийг олж авсан ч огт ханадаггүй.
Тэгвэл хүмүүсийн ундааслын шалтгаан нь юунд оршдог вэ? Энэ нь Хуучин гэрээ Иеремиа 2:13-р эшлэлд гарсанчлан амийн үндэс болсон Бурханаас салсан учраас юм. Бурхан болон Бурханы үгнээс салсан хүмүүс жинхэнэ ханамж, амар тайван, баяр хөөр, аз жаргалыг алдсан бөлгөө. Тиймээс хүмүүсийн сүнс өлсөж ундаасах болжээ.
Энэхүү сүнсний ундааслыг тайлж чадах хүч бол зөвхөн Есүс юм. Есүсийн өгдөг усыг уудаг хүн хэзээ ч ундаасахгүй. Яагаад гэвэл энэ ус нь тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болдог учраас юм. Иохан 7:38-р эшлэлийг үзвэл энэ ус нь Ариун Сүнсийг зааж байна. Иохан 7:38-р зүйлд “Бичвэрт хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв”
Есүст итгэсэн хэний ч дотор амийн усны гол урсан бялхах болно. Энэ голын ус хэзээ ч ширгэхгүй. Энэ нь амийн үндэс болсон Ариун Сүнс бидний дотор орж ирж байгаа учраас юм. Ариун Сүнс нь бидэнд жинхэнэ ханамж, амар тайван, баяр хөөрийг өгдөг. Мөн цэцэн ухаан, хүч чадал, урам зориг, итгэл найдварыг ч өгдөг. Тийм учраас итгэгч хүмүүс бүх талаар хангалуун байдаг. Гэвч итгэгч боловч ядарсан, ундаассан хүн байж магадгүй. Энэ нь хогтой бохир ус мэт гэмийн хүсэл нь түүний сэтгэлийн булгийг бөглөсөн учраас тэр юм. Бид Бурханы өмнө үнэн сэтгэлээр гэмшсэнээр гэмээс болж бөглөгдсөн булгийг цоолж, шинэ амийн ус ундран оргилохыг гуйж байна.

2. Чи яваад нөхрөө дуудан ирэгтүн! (15-16)
15-р эшлэлийг үзээрэй. Есүс мөнхийн амийн усны тухай хэлсэнд эмэгтэйн байдал эрс өөрчлөгджээ. “Эмэгтэй түүнд -Эзэн минь, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв” Эмэгтэй өөрөө ч мэдэлгүйгээр өөрийнхөө амьдралын ундааслын асуудлыг илрүүлэн гаргалаа. Эмэгтэй Есүсээс мөнх амийн усыг гуйхад Есүс юу гэж хэлсэн бэ?
16-р эшлэлийг үзээрэй. “Явж, нөхрөө дуудаад энд ир” Саяхныг хүртэл зөөлөн эелдгээр ярьж байсан Есүс гэнэт мөрдөн байцаагч шиг болж өөрчлөгджээ. Гэвч энэ нь гадна талын асуудлаас дотоод сэтгэлийн асуудал уруу орж байгаа хэрэг юм. Эмэгтэйн хувьд нөхрийн тухай асуудал нь хэнд ч хэлдэггүй гүн шархтай, ичгүүртэй зүйл байв. Есүс чухам энэ л сэтгэлийн гүнд буй шархыг нь хөндсөн юм. Гэвч ингэж хөндсөн нь эмэгтэйг зовоохын тулд биш харин мөнхийн амийн усыг өгөхийн тулд юм.
Идээлсэн шархыг эмчлэлгүй удаан байлгавал цаашлан тархсаар улмаар бүх бие шархтай болдог. Энэ шархыг эмчилж эдгээхэд их өвддөг ч зайлшгүй эмчлэх хэрэгтэй. Есүс эмэгтэйн сэтгэлийн гүн дэх тийм шархыг эдгээхийн тулд мэс засал хийж эмчилсэн билээ. Учир нь эмэгтэйн хувьд нөхрийн асуудал нь Бурханы өмнө заавал шийдүүлэх ёстой гэмийн асуудал байв. Эмэгтэй одоог хүртэл ханилж байсан нөхрүүдээсээ аз жаргалыг олох гэж хичээсэн. Ер нь ихэнх эмэгтэйчүүд өөрсдийнхөө ирээдүйн амьдралыг нөхөртөө даатгадаг. Сайн нөхөртэй болбол аз жаргалтай болно гэж боддог.
Энэ эмэгтэй ч анх доктор нөхөртэй гэрлэвэл аз жаргалтай болно гэж бодсон учраас доктор хүнтэй суусан. Гэвч жинхэнэ аз жаргал, сэтгэлийн ханамжийг олж чадаагүй учраас удалгүй салжээ. Дараа нь баян хүнтэй, дараа нь өндөр албан тушаалтантай, дараа нь сайхан залуутай, дараа нь тамирчинтай гэрлэсэн боловч тэдгээрийн хэн нь ч энэ эмэгтэйд аз жаргал ба жинхэнэ ханамжийг өгч чадсангүй. Ийнхүү олон нөхөр сольсны эцэст эмэгтэйн сэтгэлд шарх л үлдэж, бусдын доромжлолын бай болжээ.
Харин Есүс эмэгтэйн сэтгэлийн гүнд оршиж байгаа гэмийн асуудлыг нь шийдсэнээр түүнд мөнхийн амийн усыг өгөх гэсэн. Бид ч гэсэн мөнхийн амийн уснаас амсах гэвэл дотоод сэтгэл дэх нуугдмал гэмээ заавал илрүүлж гэмших ёстой.
1 Иохан 1:8-9-р зүйлд ийнхүү хэлж байна. “8Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа хэрэг бөгөөд бидний дотор үнэн алга. 9Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.” Бид нуусан гэмээ Бурханы өмнө гэмшвэл уучлагдаж, үгээр хэлж чадашгүй их баяр хөөр, эрх чөлөөг эдэлж чадна.
“Явж, нөхрөө дуудаад энд ир” гэж байгаа Есүсийн үг нь биднийг зовоохын тулд хэлж байгаа хэрэг биш бөгөөд харин биднийг үргэлж зовоож буй гэмийн асуудлыг маань шийдэж өгөхийн тулд юм. Есүс бидний бүх асуудлыг маш сайн мэдэж байгаа. Энэ цагт “Явж, нөхрөө дуудаад энд ир” гэж байгаа Есүсийн дуу хоолойг чих тавин сонсож чадахыг гуйж байна.

3. Би мөн болой. (17-26)
17-р эшлэлийг үзээрэй. Есүсийн үгийг сонссон эмэгтэй “Би нөхөргүй” гэж хариулжээ. Эмэгтэй худлаа ярьсан боловч Есүс түүний сэтгэлийн зовлонг ойлгож байв. Тиймээс ч “Би нөхөргүй гэж чи зүйтэй хэлэв” гэсэн. Есүс эмэгтэйг бүх талаар нь мэдэж байсан учраас түүнийг ойлгож өршөөжээ. Зөв зохистой юм нэг ч байхгүй түүнийг зүйтэй хэлэв гэж хүлээн зөвшөөрчээ. 19-р эшлэлийг үзээрэй. Гэмээ гэмшсэн эмэгтэйн сүнсний нүд нээгдэж, Есүсийг Бурханы илгээсэн эш үзүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрчээ. Тэгээд мөргөлийн тухай асуув.
21-24-р эшлэлийг үзээрэй. Есүс эмэгтэйд хаана, ямар газар мөргөх нь чухал биш, харин яаж мөргөх нь чухал вэ, хэнд мөргөх ёстой вэ гэдгийг сайн тайлбарлаж өгөв. Бидний мөргөх шүтээн бол Бурхан Эцэг юм. Иудейчүүдийн эсвэл Самарийн Бурхан биш харин газар сайгүй байдаг сүнсээр оршин байгч Бурхан юм. Бид Бурханд мөргөхдөө сүнс ба үнэнээр мөргөх ёстой. Сүнс ба үнэнээр мөргөнө гэдэг нь чин сэтгэлээсээ мөргөдөг мөргөлийг хэлэх бөгөөд үнэн гэдэг нь жинхэнэ үнэн болсон Бурханы үгэнд үндэслэж бүх биеэрээ мөргөдөг мөргөл юм.
25-р эшлэлийг үзээрэй. Эцэст нь эмэгтэйн сэтгэл бүрэн нээгджээ. Тэгээд Мессиаг мөрөөдөх болов. Энэ үед Есүс түүнд хэллээ. “Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн”(26) Мессиаг хичээнгүйлэн хүлээж буй эмэгтэйд Есүс Өөрийгөө илчилжээ. “Би бол Тэр мөн” гэсэн Есүсийн дууг сонссон эмэгтэйн сэтгэлд бат итгэл төржээ. Есүсийг Мессиагаар хүлээн зөвшөөрсөн түүний сэтгэлд амийн ус ундрах боллоо. Ийнхүү эмэгтэй мөнх аминд хүртэл оргилох булгийн уснаас уужээ.
28-29-р эшлэлийг үзээрэй. “Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот уруу буцаж очоод хүмүүст -Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд.”
Үнэхээр гайхамшигтай зүйл болж эмэгтэй 180 градус өөрчлөгджээ. Христ болсон Есүс түүнийг их хайраар тэвэрч, бүх гэмийг нь уучилж өгсөн учраас тэрээр одоо урьдын ичгүүртэй амьдралаар амьдрах шаардлагагүй болжээ. Тиймээс ч тэрээр хот уруу зоригтой явж Есүсийг гэрчилж чадсан юм.
Дүгнэлт: Самарийн эмэгтэйд төлөв даруугаар үйлчилж, амийн усыг уулгасан Есүс бол хайрын Их Эзэн юм. Хэн энэ эмэгтэйн сэтгэлийн гүн шархыг нь эдгээж чадах вэ? Хэн энэ эмэгтэйн ув улаан гэмийн асуудлыг шийдэж цагаатгаж чадах вэ? Хэн энэ эмэгтэйг ойлгож, агуу хайраар тэвэрч чадах вэ? Гагцхүү дэлхийн гэмийг үүрэн явахын тулд энэ дэлхий дээр ирсэн Есүсээс өөр хэн ч чадахгүй. Есүс бол зовлон шаналлаас болж шархадсан гэмтэй хүмүүсийг аврахын тулд энэ дэлхийд ирсэн Христ буюу Бурханы хүү юм. Тэр Өөрт нь итгэдэг хэнд ч гэсэн мөнх аминд хүртэл оргилох булгийн усыг өгдөг. Энэ үгаар дамжуулан амийн уснаас ууж амжаагүй, зовлонтой амьдралаар амьдарч байгаа хүмүүс Есүсийн дууг сонсоод очиж, амийн уснаас уухыг гуйж байна. Амен.

өмнөх нийтлэлАнхан шатны 5-р хичээл
Дараагийн нийтлэлАнхан шатны 7-р хичээлийн асуулт; номлол