Исаак ба Иаковын гэр бүл
Эхлэл 24, 29, 30:1-24
Гол эшлэл 24:3-4
“3 Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, ЭЗЭНээр тангарагла. Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон, 4 нутагт минь, төрөл төрөгсдөд минь очиж, миний хүү Исаакт эхнэр авч өгнө гэж тангарагла гэв.”
Гэр бүлийн 1-р хичээлээр бид “Гэрлэлтийн Эзэн” бол Бурхан. Бурхан гэр бүлийг өсөн үржиж өнөр өтгөн болоорой гэж ерөөж, хүсэл найдвараа тавьсан гэдгийг сурсан билээ. Харин өнөөдрийн номлолоор итгэлийн өвөг Исаак болон Иоковын гэрлэлтийн талаар сурах болно. Тэдний гэрлэлт өөр өөрийн онцлог шинж чанартай бөгөөд Бурханы удирдлага энэ бүгд өөр өөрөөр илэрхийлэгдэж байна. Гэрлэлт бол сонголт юм. Гэрлэлтийг 3 төрлөөр ангилж болно. 1-рт хамгийн сайн буюу илүү сайн сонголт. 2-рт сайн сонголт. 3-рт муу сонголт гэж үзэж болно.
1. Исаакийн гэр бүл (24-р бүлэг)1.1. Гэрлэлтийн талаарх Абрахамын үзэл бодол/1-9/Абрахам Бурханд дуудагдсанаас хойш 65 жил өнгөрч тэрээр 140 нас хүрсэн байлаа. Цаг ямагт Бурханы өмнө итгэлээр амьдарсан Абрахамыг бүхий л талаар нь Бурхан ерөөсөн. Ерөөгдсөн гэдэг нь түүний амьдрал аз жаргалтай, амьдрал нь бүх зүйлээр ивээгдсэнийг хэлж байна. Энэ их ивээл нигүүлсэл нь зөвхөн Бурханаас л ирдэг юм. Гэхдээ түүний амьдралд нэгэн зүйл дутуу байлаа. Тэр нь хүү Исаак нь 40 нас хүрсэн, аль хэдийн гэрлэх болсон байсан. Хүүгийнхээ гэрлэлтийн асуудлыг шийдэхэд түүний өмнө сонголт тулгарсан. Муу, Сайн, Хамгийн сайн гэсэн сонголтоос Абрахам “Хамгийн сайныг” сонгохын тулд зарцдаа үүрэг өгч байна. Абрахам гэрийнхээ бүх хэргийг хариуцдаг хамгийн ахмад зарцаа дуудан хэлсэн. Абрахам яагаад Исаакт эхнэр сонгохдоо Канаанаас биш, харин өөрийнхөө нутаг, төрөл төрөгсдөөсөө сонгох гэсэн вэ? Хэрвээ Исаак канаанаас эхнэр авбал итгэлийн цэвэр байдалаа алдаж хиймэл бурхдад автагдах аюултай байлаа. Канаанчууд садар самууныг шашины ёс заншил болгон үйлддэг байв. Энэ бүгд Бурханаас эмээн хүндэтгэдэг Абрахамд таалагдахгүй байсан. Харин Абрахам өөрийн төрсөн нутгийн “Семийн үр удам” болох Бурханы нэрийг дууддаг, Түүнээс эмээн хүндэтгэдэг хүмүүсээс хүүдээ эхнэр сонгуулахыг хүссэн. Тийм учраас Абрахам зарцдаа үл итгэгчдээс биш, харин итгэгчдээс хүүд минь эхнэр сонгоорой гэдгийг хатуу захиж тангараглуулсан. Канаан нутагт баян чинээлэг, угсаа гарал сайтай, язгууртан айлын, мэдлэг чадвар, үзэсгэлэн төгөлдөр бидний хэлдгээр царайлаг эмэгтэйчүүд олон байсан байх. Гэвч Абрахам Исаакт эхнэр сонгохдоо олон шалгуур тавилгүй зөвхөн Бурханаас эмээн хүндэтгэдэг итгэлтэй эмэгтэйг сонгохыг хүссэн. Түүний гэрлэлтийн талаар гол зарчим нь энэ байна. Абрахам: Исаак бол зөвхөн өөрийнх нь өв залгамжлагч биш. Харин Бурханы авралын түүхийг залгамжлах амлалтын хүүхэд гэдгийг ухаарч байсан. Мөн тэрээр Бурханы ажлыг хийхэд гэр бүл хамгийн чухал болохыг, юуны түрүүнд эхнэр маш чухал болохыг өөрийн биеэр мэдэрсэн. Хүү Исаак нь хичнээн бат итгэлтэй байсан ч эхнэр нь итгэлгүй бол сайн хамтран зүтгэгч болж чадахгүй бөгөөд Бурханы хайр ивээлийг дааж чадахгүй сөнөхөөс өөр замгүй юм. Бурханы ерөөлийн түүхийг сайн залгамжлахын тулд Исаакт бат итгэлтэй эхнэр хэрэгтэй байв. Хэрвээ Исаак итгэлгүй хүнтэй /үл итгэгчтэй/ суувал Бурханыг эсэргүүцэн өөр бурхдыг шүтэх болно. Дэд хууль 7:3-4 “3 Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч хөвгүүнд нь бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. 4 Тэрээр хүүг чинь Намайг дагахаас эргүүлж, тэд өөр бурхдад үйлчилж мэднэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.” Эндээс харвал гаднах байдлаараа эрчүүд эхнэрээ захирдаг юм шиг боловч цаагуураа эрчүүд эхнэрийнхээ үгээр амьдардаг гэдгийг харж болно. Эрэгтэй хүн итгэл сул байсан ч бат итгэлтэй эмэгтэйтэй гэрлэн суувал түүнээс нөлөө аваад бат итгэлтэй эр хүн болж өөрчлөгдөж чадна. Харин хичнээн бат итгэлтэй байсан ч үл итгэгчтэй гэрлэвэл энэ дэлхийн садар самуун болон үл итгэгч эмэгтэйн нөлөөнд автан эцэстээ хэнд ч хэрэггүй болно. Бурхан хүртэл түүнээс нүүрээ буруулах болно. Итгэгч хүн итгэгч хүнтэй гэрлэвэл түүний нөлөөнд автан аль альных нь итгэл өсөөд зогсохгүй үр хүүхдүүдээ ч Бурханы үгээр өсгөх болно. Ийм учраас гэрлэлтийн асуудлийг зөвхөн итгэлээр шийдэх хэрэгтэй.Зарим хүмүүс Бурханы алдрын төлөө үхээс ч буцахгүй гал халуун итгэлтэй гэж өөрийнхөө талаар ярьдаг. Тэгсэн хэрнээ гэрлэлтийг Бурханы алдрын төлөө гэж хардаггүй. Тэд гэрлэлтийг насан турш нэг л удаа хийдэг хамгийн чухал зүйл, хожим харамсахгүйн тулд өөрийнхөө хүслийн дагуу шийдэх ёстой гэж үзэн амьдралын асуудалдаа Бурханыг оролцуулахгүй, Түүний дуу хоолойг ч сонсдоггүй. Харин амьдралын энэ чухал асуудалд Бурханы удирдлага, Бурханы оролцоо, хамгийн чухал юм. Тиймээс бид гэрлэлтийн талаар Бурханы дуу хоолой, тааллыг сонсоно гэсэн үзэл бодолтой байх ёстой. Гэрлэлтийн хувьд хамгийн чухал зүйл нь гадна талын байдал биш. Харин Бурханаас эмээн хүндэтгэдэг итгэл юм. Бидний амьдралын хань, таны заяаны ханийн болзол бол зөвхөн Бурханаас эмээн хүндэтгэдэг итгэлтэй, Бурханд хайртай хүн байх ёстой. Гэвч зарим итгэгч эрчүүд болон эмэгтэйчүүд итгэлийг хамгийн нандинд тооцохын оронд гоо үзэсгэлэн, мэдлэг чадвар, эд хөрөнгө, нийгмийн гарал үүслийг харан гэрлэх гэдэг. Бид ийм байдлаар насан туршын хамтран зүтгэгчээ сонгож болохгүй. Абрахамын хэлсэн зүйлийг сонссон зарц юунд санаа зовж эхэлсэн вэ? Алс холоос ирсэн хөгшин хүнд хэн итгэх юм вэ? Нөхөр болох хүнийхээ зан аашийг тоохгүй юм аа гэхэд ядаж зүс царайг нь хараагүй байж гэрлэхийг хэн зөвшөөрөх юм вэ? гэсэн асуулт түүнийг шаналгаж байсан. Тэгээд тэр “Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ” гэтэл Абрахам татгалзав. Яагаад татгалзах болсон вэ?“6Абрахам түүнд — Чи миний хүүг тэнд буцааж аваачив аа! 7 Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр удамд өгнө” гэж надад тангараглан хэлсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭН тэнгэрэлчээ чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.” 1-рт Абрахам Бурханы амлалтын үгэнд бат итгэсэн. Бурхан энэ газар нутгийг чиний үр хүүхдэд өгнө гэсэн үгийн дагуу хүүд нь энэ газар нутаг өгөгдсөн гэдэгт бат итгэж байсан учраас амлалтын газрыг орхин явуулахыг хүсээгүй. Амлалтын газраас гараад өөр газарт очвол олон янзын юманд дурлан, магадгүй эхнэрийнхээ хүслээр тэр газартаа ч амьдарч мэдэхээр байсан. Тиймээс ямарч байсан амлалтын газраас явж болохгүй гэдгийг хатуу сануулсан. Бурханы дуудлага болон амлалт нь Канаан газарт биелэгдэх учиртай. Бидний канаан газар бол энэ дэлхийн их дээд сургуулиуд юм. Ямар ч тохиолдолд их дээд сургуулиа орхин явж болохгүй. Бурханы дуудлага бол амлалтыг залгамжлах чухал ач холбогдолтой гэдгийг харж болно. Хэн миний эхнэр болох вэ? Хэн миний нөхөр болох вэ? гэдэг нь тийм чухал биш. Бурханы надад тавьсан дуудлага, түүнийг биелүүлэхийн төлөө хэн хамгийн сайн хамтран зүтгэгч болох вэ гэдэг нь чухал. Гэр бүл байгуулсан л бол Бурханы дуудлага болон амлалтыг биелүүлэх ёстой юм. Энэ дэлхийн гэрлэлтийн үндсэн нэгэн шалгуур бол нэг нэгэндээ хайрлан дурлах. Гэтэл хүмүүс үүнийг өөрөөр харж эд хөрөнгө, эрх мэдэлд нь дурлан сууж байна. Ийм байгаа болохоор салалт маш их байна. Харин итгэгчдийн гэрлэлт нь Абрахамын хэлсэн байдлаас харвал хайр дурлалын талаар ярих ч хэрэггүй санагдана. Исаакын гэрлэлт нь дэндүү үүрэг хариуцлагатай, дуудлага, амлалт уруу чиглэсэн учир ямар ч баяр хөөргүй гэр бүл болох биш үү? гэж бодож байна уу?. Гэхдээ тийм биш шүү! Эх 24:67 “67 Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ.” Исаак, Ребека хоёр гэр бүл болсныхаа дараа нэг нэгэнээ маш их хайрлажээ. Бурханы дуудлага болон амлалтын дагуу гэрлэсэн тэдний дундаас Бурханы хайр оргилон гарав. Тийм ч учраас тэдний гэрлэлт болон хайр дурлал насан туршдаа үргэлжлэв. Бурханы холбож өгсөн хүн л хамгийн сайн эхнэр, нөхөр болдог.2-рт Бурхан өөрөө тэнгэрэлчээ илгээж эхнэр болох хүнийг аль хэдийн бэлтгэсэн гэдэгт бат итгэж байсан. Түүний төрсөн нутаг эцгийн гэрээс салгаж, өдий хүртэл хамгийн сайн замаар удирдсан Эзэн Бурхан хүүгийнх нь эхнэрийг ч урьдчилан төгс бүрнээр шийдэж өгнө гэдэгт итгэсэн. Эзэн Өөрийнхөө тэнгэрэлчийг зарцынхаа өмнө илгээж хамгийн зохистой бүсгүйтэй уулзуулна гэдэгт итгэсэн. Бид өөрийн хүсэл тааллыг 1-рт тавилгүй зөвхөн Бурханы хүслийг 1-рт тавин Эзэн Бурханд гэрлэлтийн асуудлыг даалгаснаар Бурханы бэлтгэсэн хамгийн сайн хамтран зүтгэгчтэй уулзаж чадахыг хүсэн ерөөж байна.1.2. Итгэмжит зарц /10-56/ “10Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс бас аваад, Месопотами тийш хөдөлж, Нахорын хот уруу явжээ.” Канааны Хеброноос Хараан хүртэл ойролцоогоор 700 гаруй км тул аялалыг тэмээтэй яваа хүмүүс ойролцоогоор 20 гаран хоног аялал хийсэн байх. Хол аян замд нас өндөр болсон зарц ядарсан байх. Гэвч энэ зарцаас гарсан итгэлийн үйлс нь өөр байлаа. 1-рт Гуйлт өргөдөг зарц /10-27/ за ямарч байсан зорьсон газраа ирлээ. Аян замын алжаалаа тайлаад жаахан амраад дараа нь ажилдаа орно, зар тавина эсвэл харж байгаад өөрт нь таалагдсан эмэгтэйтэй уулзаад асууна гээгүй. Тэр эрэгтэй учраас эмэгтэй хүнийг гаднах байдлаар харж байж сонгох талаар бодоогүй. Гэвч тэр хамгийн түрүүнд юу хийсэн вэ?“12 Тэр залбирч — Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?” тэр цаг ямагт Бурханд түшиглэн Бурханаас тусламж гуйдаг гуйлтын хүн байсан. Хүмүүс аливаа ажлыг сайн хийх гэвэл нягт нямбай төлөвлөгөө гаргаж менежментийн зөвөлгөө аван шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Зүгээр суугаад гуйх нь ёстой тэнэг хэрэг гэж боддог. Харин тийм биш юм. Гуйлт бол аливаа ажлыг хамгийн сайн хийх хүч чадал, мэргэн ухаан юм. Зарцын залбирал нь маш тодорхой байсан. “13Хотын хүмүүсийн охид ус авахаар гарч ирэх цаг болжээ. Би худгийн дэргэд зогсож байя. 14 “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэж намайг асуухад “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хариулагч эмэгтэй нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн байг! Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг тань үүгээр би мэднэ гэв.”Уг эмэгтэй нь энэрэнгүй, элэгсэг дотно, бөгөөд үйлчлэх зүрх сэтгэлтэй хайраар дүүрэн хүн байхыг хүссэн. Зарц эмэгтэйн ар гэр, гаднах төрхийг чухалчлаагүй. Зөвхөн дотоод зүрх сэтгэлийг буюу мөс чанарыг нь харах гэсэн. Түүнийг гуйлтаа дуусгаж амжаагүй байхад Ребека ус авахаар мөрөн дээрээ ваараа тавин гарч ирэв. Зарц Ребекагаас ваартай уснаасаа жаахан балгуулхыг хүссэн. Харин Ребека ус өгөөд зогсохгүй тэмээнүүдийг ч услав. Арван тэмээ ойролцоогоор 500 л ус ууна. Өнөөх зарцын гуйлтын дагуу бүхнийг хийж байгааг харж болно. Нөгөө хүн дуугүй ширтэн аян замыг нь Бурхан ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа. Ребека нь Нахорт Милкагийн төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин. Тэр тэднийг гэртээ урьж зочломтгой байдлаа ч илэрхийлэв. Энэ бүгдийг сонссон зарц юу хийсэн вэ?“26 Тэгээд тэр хүн доор бөхийн, ЭЗЭНд мөргөж — 27 Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.” Тэрээр бүх ажлыг гуйлт залбирлаар эхлэн талархалаар дуусгаж байгааг харж болно. Бид заримдаа гуйлтаар эхлээд талархахаа мартчихдаг. Ямартай ч залбирдаг талархдаг хүнээр амьдарцгаая! 2-рт Үүрэгт итгэмжит зарц:/28-56/Лабан худаг дээр үлдсэн Абрахамын зарц болон дагалдагч нарыг Бетуелийн гэрт урьжээ. Лабан тэдэнд өрөө гарган өгч, тэмээнд нь хүртэл сүрэл өгөөд тэдэнд хөл угаах ус өгч тэдний өмнө идэх хоол авчран тавьжээ. Хол замыг туулсан зарцыг сайхан угтан авч байхад талархаад идэх байтал би идэхгүй гэв. “33 Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавихад тэр хүн — Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан — Ярь ярь! гэв.” Зарц идэж уун амрахаас өмнө үүргээ биелүүлэх гэжээ. Тэрээр Абрахамын амьдралын гэрчлэлийг, тэнд байгаа бүх хүмүүст гэрчилсэн. Мөн аян замын турш Бурхан удирдан ивээснийг хэлээд худаг дээр ирээд юу хийсэн, Бурхан хэрхэн ивээснийг гэрчлэв. Зарц сайн эзэний нөлөөнд Эзэн Бурханыг мэддэг Түүнд найддаг нэгэн болжээ. Бурханы хийсэн ажлыг бусдад гэрчлэх нь бусдыг хүртэл Бурханы тааллыг олж харахад тусалдаг гэдгийг мэдэж байсан байна. Энэ бүгдийг хэлээд Лабан Бетуел хоёроос зөвшөөрөл хүссэн одоо яах вэ? Охиноо өгөх үү ? үгүй юу? Ямартай ч хариугаа авч байж санаа нь амрахаар хүн байна. “50 Лабан Бетуел хоёр — Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй. 51 Харагтун, Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн эхнэр болог гэв.” Тэдний зүрх сэтгэл гэрчлэлийг сонсоод Бурханд найдан энэ нь Эзэний хүсэл байна гэж харсан. Тэгээд охиноо өгөхөөр болов. Энэ сайхан мэдээг сонсоод зарц дахин Эзэнд талархсан. Түүнийг Бурхан удирдаж байгааг тэрээр мэдсэн байна. Энэ бүгдийн дараа одоо л нэг хооллож хонож байна. Түүний итгэмжтэй байдал үүгээр дуусалгүй тэр маргааш өглөө эрт босонгуутаа Эзэн Абрахам уруугаа буцахгүй бол болохгүй гэв. 10 хоноод явахыг зөвөлсөн ч тэр зөвшөөрсөнгүй. Аль болохоор баярт мэдээг Абрахам, Исаакт мэдэгдэхийг хүсэж байв. Зарц эзэнийхээ өгсөн үүрэгт эцэс хүртлээ итгэмжит байна. Таниас асууя та Бурхан Эзэнийхээ өгсөн үүрэгт хэр зэрэг итгэмжтэй вэ? Бурхан итгэмжит хүнийг Өөрийнхөө авралын түүхэнд нандинаар хэрэглэдэг. Бид чадварлаг авъяаслаг хүн болохийг хүсэхээс илүүтэйгээр итгэмжит хичээнгүй хүн болохын төлөө гуйж байна.1.3 Ребекагийн итгэл/16-20:51-67/Бурханы бэлэглэсэн Ребека ямар хүн байсан вэ? “16 Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажээ” Онгон Байдлыг сахих нь амьтай адил маш чухал. Түүнээс гадна онгон байдлыг сахина гэдэг нь махбодын онгон байдлаас гадна оюун ухааны талаар ч онгон байдлыг хэлж байна. Эмэгтэй хүн олон эрд сэтгэлтэй болох нь оюун ухааны хувьд янхантай адил юм. Ийм байдалтай эрэгтэй хүн ч ялгаагүй билээ. Үүнээс яаж сэргийлэх вэ? Бурханаас эмээн хүндэтгэж Бурханыг хайрлах үед л сэргийлж чадна. Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин эзэнээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай. Үүнтэй адил Ребекгийн гоо үзэсгэлэн Бурханаас эмээн хүндэтгэсний үр дүн юм.Тэр хайраар дүүрэн хүн байна. Гадны хүн болгонд хэр баргын хүмүүс тийм ч таатай ханддаггүй. Гэтэл тэрээр ус өгөөд зогсохгүй тэмээг нь ч услав. “58 Ребекаг дуудаж — Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр — Би явна гэж хариулжээ.” Энэ бол итгэлийн шийдвэр юм.Тэрээр зүс царайг нь огт хараагүй Исаакийн талаар хэр царайлаг уу? Өндөр үү? Хэр мэдлэг боловсролтой талаар ямар нэгэн шалтаг тоочин юм асуусангүй. Түүний мэдэж байгаа ганц зүйл бол Абрахамын амьдралын гэрчлэл байлаа. Тэрээр Бурханд гэрлэлтийн асуудлаа даатган итгэлээр Бурханы дуу хоолойг дагасан. Түүнийг шийдвэрээ гаргасны дараа гэр бүл нь ерөөсөн. Тэр ерөөлийн ч дагуу мянга түмэн хүний эх болж Бурханы авралын түүхэнд нандинаар хэрэглэгдсэн.1.4 Исаакийн итгэлТэрээр гэрлэлтээ өөрөө шийдэхээс илүүтэй аавыг нь удирддаг Бурханд найдаж байна. Мөн өөрөө гэрлэлтэнд бэлдэн зүрх сэтгэлээ залбиралд зориулдаг хүн байсан. Ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр шийдэлгүй Бурханы өгөх эмэгтэй, хамтран зүтгэгчийг итгэлийн нүдээр харан хүлээж авах итгэл, сэтгэл түүний дотор бат суурилсан байна. Исаакийг гэр бүлийг байгуулсан Бурхан хамгийн сайн эхнэр, нөхрийг сонгож өгдөг гэдгийг сурч болно.2. Иаковын гэр бүл (29,30-р бүлэг)Иоков угийн сэргэлэн өөрийн байр суурийг байнга дээшлүүлэхийг хүсдэг нэгэн байсан. Төрөхдөө л ахтайгаа тэмцэлдэн төрсөн. Харин энэ бүгд Бурханы түүний амьдралд бэлдсэн төлөвлөгөө байлаа. Тэрээр айлын бага хүү байхыг хүсэхгүй ахынхаа дээр гарах ууган нь болох боломжыг цаг үргэлж эрэн хайдаг байсан байхаа. Нэгэн өдөр боломж гаран Есав ахынхаа өлсгөлөнгөөр далимдуулан ууган хүү байх эрхийг аяга шөлөөр худалдан авсан. Бурхан Иаковт ерөөлийг өгөхөөр зорьж байсан. Гэвч тэр үүнийг ээжтэйгээ нийлэн байж буруу аргаар ахынхаа авах ерөөлийг Ааваасаа хүртсэн. Үүний улмаас амьдрал дээр ирэх үр дагавар нь их байсан. Ахаасаа айн зугтахаар болсон. “1 Исаак Иаковыг дуудаад түүнийг ерөөн, захиж — Чи Канааны охидоос эхнэр бүү ав. 2 Бос, Паддан-Арам уруу эхийнхээ эцэг Бетуелийн гэр уруу явж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав. Иаковын цөллөгт явсан 20 жилийн 14 жилд нь хоёр эхнэрийн төлөө. 6 жилд нь хонин сүргийн төлөө ажилласан. Өчүүхэн ч аз жаргалыг мэдрээгүй энэ хэдэн жилд Иаков өөр шигээ нэгэн шударга бус хүнтэй учирсан нь түүний нагац ах буюу хадам аав Лабан байлаа. Тэр аавынхаа зааврыг даган явсан боловч, эхнэр авахдаа залбирсангүй. Өөрийн сонирхол гаднах байдлыг хараад Лабаны охин Рахелд дурлан өөрийн эхнэр болгохоор Лабанд хэлж инжний оронд 7 жил зарцлагдахаар болж тохиролцов. Түүний хувьд энэ зарцлагдах дасгал нь хэдхэн хоног мэт өнгөрөв. Гэвч хурим болоход Лабан Иаковыг луйвардан том охин Леагаа эхнэр болгон өгсөн байлаа. Энэ л үед түүний уур хэр их хүрч байсан болоо, бусдыг хуурах хэр байдгийг амьдралаараа мэдрэх болсон. Тэгээд Рахелын төлөө мөн дахин 7 жил Лабанд зарцлагдан ажиллахаар болов. Түүний хоёр эхнэр нь эгч дүүс байсан ч өөр хоорондоо байнга өрсөлдөнө. Нэг эхнэр нь нөхрийнхөө хайрыг хүртээгүй ч Бурхан үр хүүхдүүдийг заяасан. Нөгөө эхнэр нь нөхрийнхөө хайрыг хүртсэн ч хүүсэр байсан. Энэ байдлаас болоод энэ гэр бүлд мөнхийн өрсөлдөөн бий болсон.Иаковын амьдрал гаднах талаараа өнөр өтгөн боловч Иаковт сэтгэлийн шаналлыг байнга мэдрүүлж байлаа. Уг нь тэрээр хууль ёсны 2 эхнэртэй байтал эхнэрүүдийн өрсөлдөөнөөс болоод татвар эхнэр 2 нэмж авсан. Нийт 4 эхнэр 12 хүү 1 охинтой болсон. Тэрээр энэ гэр бүлийн эзэн ч хаана хоноглохоо өөрөө шийддэггүй байлаа. Эхнэрүүд нь бүр өөр хоорондоо наймаалцан хонуулдаг байсан. Тэрээр өөрийнхөө төлөө ажиллахын тулд Лабантай 10 удаа гэрээ хийсэн. Лабан их залжин хамгийн боломжгүй хувилбаруудаар Иаковтай гэрээ хийж байлаа. Амьдралдаа гаргасан өөрийн шийдвэрүүдийг нь Бурхан дасгалжуулан зовлонгоор дамжуулан түүний би гэсэн хатуу сэтгэлийг Бурхан хагалсан. Мөн том хүү нь татвар эхнэртэй нь унтсан, хүүхдүүд нь хуйвалдаж хүн алсан, шунахай хүүхдүүдтэй байсан. Мөн хожим Иосефыг алдаад сэтгэлийн хүнд дарамтанд орсон. Эндээс үзэхэд тэр гэрлэлтийн асуудлаа Бурханаас асуулгүй өөрөө шийдсэн учраас насан туршдаа энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа сэтгэлийн зовлонг байнга амсаж байсан. Тэр зүгээр гэрлэлтийн сайн сонголтыг хийсэн. Исаак шиг гэрлэлтийн хамгийн сайн сонголтыг хийгээгүй. Гэсэн хэдий ч зовлонгоор дамжуулан гэмшиж Бурханд буун өгч Түүний дуу хоолойг дагасан. Бурханы өгсөн дасгалыг сайн авсан. Түүний амьдралд Бурханы нигүүсэл ивээл ерөөл дүүрэн ирсэн учраас Бурхан, хүү Иудагийнх нь удмаас Аврагч Мессиаг төрүүлж авралын түүхэнд нандинаар хэрэглэсэн.Дүгнэлт: Бид хоёр өөр гэрлэлтийн талаар сурлаа нэг нь бүгдийг Бурханд даатгаад залбиран эхнэр сонгож байхад нөгөөх нь өөрийн хүслээр гэрлэлтийн асуудлаа шийдэж байна. Эцсийн үр дүндээ амьдрал дээр эдэлж байгаа амар тайван, болон сэтгэлийн шаналлаараа өөр байна.Тиймээс бид сонголт хийхдээ Бурханы хүслийн дагуу сонголт хийдэг хүнээр амьдарч чадахийг хүсэн гуйж байна гэж та бүхнийг Эзэний үгээр ятгамаар байна.Гэр бүл болсон олон жил итгэлийн амьдралаар амьдарсан хоньчид минь : Абрахамын гэрлэлтийн тал дээр баримтлаж байсан итгэлийг алдалгүй амьдарч, зарцын итгэлээс гуйдаг залбирдаг, талархдаг хүнээр амьдарч заавал Эзэнээс хариултаа авахаас нааш сэтгэл нь амардаггүй хүнээр амьдраасай гэж хүсэн гуйж байна. Гэрлэлтийн нас нь болсон залуус маань гэрлэлтийн асуудлаа Бурханд 100% даатган хамгийн сайн хамтран зүтгэгчийг өгнө гэсэн бат итгэлтэй болохийг хүсэн гуйж байна. Исаак адил залбирдаг Бурханы өгсөн хүнийг итгэлээр хүлээн авах сэтгэл сүнсийг дүүргэн өгөөрэй гэж гуйж байна. Гэрлэлтийн нас нь болсон эмэгтэйчүүд Ребека шиг “ Би явна гэсэн гал халуун иттэлтэй” хүнээр өсөн гаднах байдалд анхаарах биш зөвхөн Бурханд гэрлэлтийг 100% даатган итгэлээр алхдаг байхын төлөө гуйж байна. Магадгүй зарим нь Иаков шиг шийдвэр гаргаж болох юм. Гэвч Иаков дасгалыг сайн авсан учраас авралын түүхэнд нандинаар хэрэглэгдсэн. Дасгал сайн авна гэдэг Бурханд буун өгч гэмшсэний үр дүн юм. Иаков адил итгэлийн дасгалыг сайн аван Бурханы ажилд хэрэглэгдэх нандин сав болхыг хүсэн гуйж байна. Бурхан хамгийн сайн хамтран зүтгэгчийг өгнө гэсэн бат итгэлийг залуучуудын зүрх сэтгэлд дүүргэж итгэлийн гэр бүл байгуулж “house church” болон амьдарч Бурханы авралын ажилд оюутан залуусын төлөө нандинаар хэрэглэгдэхийг хүсэн гуйж байна. Амен!