ХАЙР БА ХҮНДЛЭЛ
Ефес 5:22-33
Гол эшлэл 5:33
“Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай”
Өмнөх долоо хоногийн номлолоор бид Исаак ба Иаковын гэрлэлтийн талаар сурсан. Бурханаар удирдуулан гэр бүлийг байгуулах нь ямар чухал болохыг заан өгсөн. Харин өнөөдөрийн номлолд Христэд итгэгч гэр бүл буюу нөхөр эхнэрийн харилцаа ямар байх ёстойг заан өгч байна. Бид Есүс Христийн загалмайн цусаар дамжуулан Түүний дотор шинэ бүтээлүүд болсон. Тиймээс шинэ бүтээлүүд болсон бидний бүхий л харилцаа шинэ байх ёстой бөгөөд энэ нийгмийн уур амьсгал, үзэл бодол, хандлагийн дагуу байж болохгүй гэдгийг Элч Паул хэлж байна. Паулын энэхүү сургаал нь өөрийн зохиосон үзэл бодол, санааны дагуу бус, харин Бурханы анх эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээхэд тогтоож өгсөн эмх цэгцийн дагуу буюу Бурханы үгэн дээр суурилан тайлбарлаж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан гэр бүлийн харилцааны талаар гүнзгий ойлголтыг сурч, Бурханлаг гэр бүлээс хүсдэг Бурханы харилцааг сурсанаар энэ цаг үед Бурханы ерөөлийг дамжуулдаг гэр бүлүүдээр өсөж чадахыг хүсэн гуйж байна. Гэр бүл болсон эхнэр нөхөр хоньчид болоод, удахгүй гэр бүлтэй болох ганц бие хоньчид, мөн ирээдүйд гэр бүлтэй болох бүхий л хүмүүс анхааралтай сонсохыг уриалж байна. 21-р эшлэлийг үзээрэй бүгдээрэй хамт уншия. “Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд ”гэж байна. Энд Паул Христэд итгэгч хүмүүсийн бүхий л харилцааны ерөнхий зарчим ямар байх ёстойг хэлж байна. Христ Есүсээс хэрхэн эмээн захирагддаг шиг нэг нь нөгөөдөө захирагдаарай гэсэн. Энэ нь өөрөө өөрийгөө бусдаас дээгүүр тавилгүй, өөрийгөө төвд тавилгүй, харин бусдыг өөрөөсөө дээр хэмээн үзэхийг хэлж байна. Заримдаа алдаа зөрчил гаргадаг, дургүй зан чанар, үг, үйлдэл байнга гаргадаг хүнд захирагдан, дуулгавартай дагах нь тийм ч амар биш. Гэвч бид Есүс Христийн жишээг дууриан амьдарвал энэ нь боломжтой юм. Есүс Марк 10:45-д “Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв” Есүс Бурханы хүү байсан хэрнээ, үйлчлүүлэх, хамгийн дээд алдар хүндэтгэлийг авах зохистой Нэгэн байсан ч тэрээр Өөрийгөө гэмтэй хүмүүсээс дорд болгон хүмүүсийн төлөө үйлчилж, эцэстээ өөрийн амийг хүртэл бидний төлөө өгсөн. Тэрээр хэнд ч хэрэггүй гэм ба нүглийн боол байсан намайг аврахын тулд Есүс хэр их тэвчиж, уучилж, хайрлаж, үйлчилсэн бэ? гэдгийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий ухаарвал бид ямар ч хүнд үйлчилж, ямар ч хүнийг байгаагаар нь хүлээн авч, захирагдан дуулгавартай дагаж чадна. Тиймээс Паул энэ зарчмийг эхнэр (22-24), ба нөхөр (25-32) –ийн харилцаа үүн дээр суурилна гэдгийг заан өгч байна. 1. Эхнэхүүдээ, нөхөртөө захирагд (22-24)22-р эшлэлийг үзээрэй. “Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд” Паул эхнэрүүдийг нөхөртөө захирагдаарай гэж байна. Энд гарч байгаа “захирагд” гэсэн үг нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай сул дорой, ухаан муутай эсвэл Бурхан эрэгтэй хүнийг илүү үнэлдэг учраас ийнхүү хэлээгүй. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүний үнэлэмжтэй огт холбоогүй юм. Харин Паул ийнхүү эмэгтэйчүүдийг нөхрүүддээ захирагдаарай гэж хэлсэн нь Бурханы анх эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээх үед тогтоосон эмх цэгц ба үүрэгтэй нягт холбоотой.
Эхлэл 2-р бүлгээс үзвэл Бурхан Еден цэцэрлэгийг байгуулсаны дараа, Адамыг тэрхүү цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар суулгасан(Эх 2:18). Энэхүү үүргийг биелүүлэхэд Адамд тохирох туслагч олдоогүй учир Бурхан Еваг туслагчаар бүтээсэн билээ. Эндээс харвал Бурхан эрэгтэй хүнд цэцэрлэгийг хариуцуулж өгсөн болохоос биш эмэгтэй хүнд өгөөгүй. Харин эмэгтэй хүнийг эрэгтэй хүнд өгсөн Бурханы үүргийг биелүүлэхэд нь хажуунаас нь тусалж, дэм болохоор бүтээжээ.
Тэгэхээр эмэгтэй хүн нөхөртөө захирагдан амьдрах нь Бурханы анх эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээхэд тогтоож өгсөн энэ л эмх цэгцийг хадгалж байгаа хэлбэр бөгөөд цаашлаад Бурханы эрх мэдлийг хүндэлж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл эхнэр хүн нөхөртөө захирагдах нь Бурханд захирагдан амьдарч байгаатай адил юм. Паулын эхнэрүүдэд хандан хэлсэн захирагд гэсэн үг нь зарц, боол шиг гэр орны ажил хийхийг хэлээгүй. Харин энд хэлэгдсэн “Захирагд” гэсэн үг нь үүргийг хуваалцах, хамтран зүтгэх, хариуцлага үүрэх, сайн дураар үйлчлэх гэсэн утгатай. Тиймээс тухайн гэр бүлд тавьсан Бурханы үүрэг ба алсын харааг биелүүлэхэд эхнэр хүн нөхрийн хамтран зүтгэч нь болж, тусалж, дэмжин, хэрэгтэй үед нь сайн дураар нөхөр бүхийл талаар үйлчлэхийг хэлж байгаа юм. Эхлэл 2:20б-д “тохирох туслагч” гэж хэлсэн. Эндээс харвал нөхөр хүнд зүгээр нэг туслагч биш харин тохирох туслагч нь болох хэрэгтэй.
Мөн 22-р эшлэлийг сайн харвал “Эзэнд адил” гэсэн үг байгаа. Энэ үг нь юу гэсэн утгтай вэ? Паул зүгээр нөхөртөө захирагдаарай гэж тушаагаагүй. Харин “Эзэнд адил захирагд” гэж хэлсэн. Энэ нь эхнэрүүдийг нөхөртөө захирагдахдаа ямар сэтгэлээр захирагдах хэрэгтэйг зааж байна.
Тэгвэл бид ямар сэтгэлээр Бурханы үгийг дуулгавартай даган, Түүнд захирагдан амьдардаг вэ? Есүс намайг хайрлан, аварсан учраас баяртай, талархсан сэтгэлээр сайн дураараа Бурханы үг ба тушаал зааврыг дуулгавартай даган амьдардаг. Түүнээс биш аврагдахын тулд, ерөөл авахын тулд Есүсийн үгийг дагаж, Түүнд захирагдан амьдардаггүй. Үүнтэй адил эхнэрүүд, нөхөртөө захирагдахдаа Эзэнд адил баяртай, талархсан сэтгэлээр захирагдах хэрэгтэйг хэлж байна. Түүнээс биш хүчээр, тэгэхээс дээ, номлол дээр захирагд гэсэн билүү гээд захирагдаж болохгүй юм. Харин Бурханы тогтоож өгсөн анхны эмх цэгцийг хадгалахын тулд, Бурханы эрх мэдлийг хүндэтгэнэ гэсэн даруу сэтгэлээр нөхөртөө захирагдахыг уриалж байна.
Тэгвэл ийнхүү эхнэрүүд нөхөртөө захирагдвал ямар ерөөл хүртэх вэ?
1Петр 3:5,6-г үзвэл ийнхүү хэлсэн байна. “Учир нь ийнхүү урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гоёдог байв. Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно” Сара өөрийн нөхөр болох Абрахамыг эзэн гэж дуудан захирагдсанаар өөрийгөө гоёдог байсан гэж байна. Өөрөөр хэлбэл Сара нөхөртөө захирагдсанаар Абрахамын гэр бүл Бурханы ерөөлийн үндэс болоход нөлөөлсөн нэг зүйл нь энэ байсан гэсэн утгатай. Тэгэхээр эхнэр хүн нь нөхөртөө захирагдах нь тухайн гэр бүл Бурханы ерөөлийг хүртэх үндэс болно гэдгийг заан өгч байна.
Одоо 23-24-р эшлэлийг үзээрэй. Энд Паул нөхөр бол эхнэрийн тэргүүн гэдгийг Христ ба чуулганы харилцаан дээр тулгуурлан зааж байна. ”Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд.” Есүс Христ бол чуулганы тэргүүн буюу толгой юм. Харин чуулган бол Түүний бие нь юм. Толгой бие хоёр салшгүй холбоотой бөгөөд толгой нь бүхэл биеийг удирдан залдаг. Толгойгүй бие байвал юу болох вэ? энэ нь мөхөх болно. Үүнтэй адил нөхөр бол эхнэрийн тэргүүн бөгөөд хэрэв эхнэр нөхрийг захирах гэж хичээх юм бол толгойгүй бие сөнөхтэй адил тухайн гэр бүл сөнөх болно. Тиймээс эхнэр хүн нөхрийг өөрийн болоод гэр бүлийн тэргүүн толгой хэмээн хүлээн зөвшөөрч бүхий л талаар захирагдан амьдрах хэрэгтэй.
Зарим тохиолдолд нөхөр хүн сүнслэг биш, сул дорой байдлыг байнга гаргаад, магадгүй зурагт байнга үздэг, гаргаж байгаа шийдвэрүүд нь зөв, ухаалаг биш үүнээс болоод гэр бүл хохирч байгаа мэт санагдах үе байдаг. Ийм үед эхнэрүүд нөхөрт захирагдах нь хэцүү байдаг гэнэ. Тийм байсан ч Бурхан тухайн нөхрийн миний тэргүүн, толгой болгосон гэдэгт итгэж, Бурханы тогтоож өгсөн эмх цэгцийг хадгалан нөхөрт захирагдан дуулгавартай дагавал Бурхан энэ л эхнэрийн итгэлийн дагуу нөхрийг өөрчилж өгдөг. Ямар эхнэр сул дорой нөхрийг өөрийн тэргүүн, толгой хэмээн хүлээн зөвшөөрч, захирагдах вэ? гэвэл Бурхан гэр бүлийн тэргүүн гэдэгт итгэдэг, нөхрийг миний дээгүүр тавьсан толгой хэмээн хүлээн зөвшөөрсөн цагт л энэ нь боломжтой. Тэгэхээр эхнэрүүд сүнслэг буюу Бурхантай ойр байж, Гэр бүлийг нөхөр биш Бурхан хариуцаж байгаа гэдэг итгэж нөхөртөө захирагдахыг сурах хэрэгтэй.
Хэрэв энэхүү зарчмыг эхнэрүүд үл тоомсорловол юу болох вэ? Гэр бүлд үргэлж хэрүүл маргаан, зөрчил, тэмцэл, эмх замбраагүй байдал бий болж тухайн гэр бүл аз жаргал баяр хөөрийг амсаж чадахгүй. Цаашлаад үр хүүхдийн хүмүүжил, ирээдүйн гэр бүлийн боловсролд хүртэл нөлөөлөх магдалтай. Тиймээс эхнэрүүдээ нөхөртөө бүрэн захирагдан амьдрахыг уриалж байна.
Эхнэр хүн нөхрөө хүндэлж байгаагийн хамгийн сайн арга бол нөхөрөө ямар ч үед урамшуулах явдал. Судалгаанаас харахад нөхөр хүн өөрийн эхнэрээсээ урмын үг сонсохыг их хүсдэг гэсэн үр дүн гарчээ. Олон хүн нөхрийг тань царай муутай гэж хэлсэн ч, харин эхнэр нь нөхрөө чи минь царайлаг шүү гэж хэлэхэд нөхөр хүн өөрийн эрхгүй царайлаг мэт мэдрэмжийг авдаг. Олон хүн танай нөхрийг царайлаг гэж хэлсэн ч харин та нөхрөө царай муутай гэж хэлбэл царай муутай юм шиг мэдрэмж төрдөг гэнэ. Тэгэхээр эхнэрүүд нөхөртөө урмын үг хэлж байгаарай.
2. Нөхрүүдэд хандсан сургаал (25-32)25-р эшлэлийг үзээрэй. “Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла” гэж байна. Паул энд нөхөрүүдийг эхнэрээ хайрлаарай гэж уриалж байна. Хэрхэн эхнэрийг хайрлах вэ? Есүс Христ чуулганыг хайрласан шиг тийнхүү эхнэрээ хайрлаарай гэж байна. Тиймээс эхлээд нөхрүүд, Христ чуулганыг хэрхэн хайрласан хайр болоод түүний мөн чанарыг сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл бид эхнэрээ хэрхэн хайрлахыг сурах болно.
25-р эшлэлд гарч буй “Хайрла” гэдэг үг нь грек хэлний “Агафен” хайр буюу Бурханы хайрыг хэлж байгаа юм. Түүнээс биш эр эмийн эрос хайрыг хэлээгүй. Тэгэхээр нөхрүүд эхнэрээ Агафен хайраар хайрлах ёстой гэсэн үг.
Агафен хайр сэтгэл хөдлөл дээр тулгуурладаггүй бөгөөд зөвхөн Бурханы хайрыг хэлдэг. Энэ хайр нь нөхцөл байдлаас үл хамааран, түвшин тавьдаггүй, байгаагаар нь, сул дорой байдлыг нь далдалдаг хайр юм. Мөн өөрөө өөрийгөө дорд, даруу болгон бусдад үйлчилдэг, өөрийгөө бусдын төлөө золиослодог, дайснаа хүртэл хайрлах хайрыг хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ хайр бол Есүсийн хайр юм. Энэ хайрыг бодит байдал дээр хэрэгжүүлэх нь маш хэцүү. Гэвч Христ Есүсийн намайг хайрласан хайрыг гүн гүнзгий ойлговол бид энэхүү хайрыг бусдад харуулан амьдрах боломжтой. Тиймээс нөхрүүд эхлээд Христийн гүн хайрыг зүрх, сэтгэл сүнсэндээ хүлээн авч, мэдэрч ойлгож чадвал бид өөрийн эхнэрийг тийнхүү агафен хайраар хайрлаж чадна. Тэгэхээр мөн Нөхрүүд ч гэсэн Есүстэй гүн гүнзгий хайрын харилцаатай байвал эхнэрээ ийнхүү хайрлаж чадна. Энэ л хайраар эхнэрээ хайрлавал гэр бүлд Христийн хайраар холбогдох болно. Филиппой 2:6-7 ”Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.” Есүс гэмтэй биднийг таньж мэдэн, ойлгохын тулд өөрийн бүхий л эрх мэдэл, алдар хүндээс татгалзаж, өөрөө өөрийгөө даруу, дорд болгон хоосолсон. Үүнтэй адил нөхөр хүн эхнэрээ ойлгохын тулд өөрийгөө бүрэн даруу болгон, хоослох хэрэгтэй. Есүс бидэнд нөхөр хүн эхнэрээ ойлгохын тулд хэр их хүчин чармайлт гаргах хэрэгтэйг өөрийн биеэр харуулсан. Энэ бол зөвхөн эхнэртэй хайртай шүү гэж зүгээр хэлэх, эсвэл түүний үгийг сонсох эсвэл гэр цэвэрлэж, хоол хийхэд нь туслахаас хэд дахин илүү зүйлийг хэлж байна. Хэрэв нөхөр хүн ийм л Есүсийн хайраар эхнэрээ хайрлавал эхнэр хүн өөрийн эрхгүй нөхрийг хүндлэх болно. Магадгүй энэ нь хэцүү боломжгүй санагдаж байж болох юм. Гэвч нөхрүүд Бурханы нигүүсэл, тусламж, Ариун сүнсийг гуйвал боломжтой юм. Христ чуулганы тэргүүн болохын төлөө өөрийгөө золиослосон шиг бид ч гэсэн гэр бүлийн тэргүүн байхын тулд өөрийн эхнэрийн төлөө амиа өргөх хүртэлээ хайрлацгаая. Хэрэв нөхөр ийнхүү үйлдэж чадвал түүний дотор Христийн дүр бага багаар бий болж жижиг Есүсээр амьдрах болно.
Нөхөр хүн эхнэртээ Христийн хайраар буюу өөрөө өөрийгөө золиослодог хайраар хайрлах нь алдагдалтай бизнес биш юм. Эхэндээ алдаж байгаа мэт санагдавч, эцэстээ маш их ашигтай бизнес гэнэ.
28-р эшлэлийг үзээрэй “Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг.” Есүс сүмийг ариун үзэсгэлэнтэй, сүйт бүсгүй болгохийн тулд, өөрийгөө золиослодог хайраар эхлээд хайрласан гэдгийг Паул тайлбарласан(25-27). Үүнтэй адил, нөхөр эхнэрээ өөрийгөө золиослодог хайраар хайрлах үед тэдний дунд гүн гүнзгий сүнслэг холбоос бий болдог. Үнэндээ Нөхөр эхнэрээ хайрлах нь өөрөө өөрийгөө босгон байгуулж байгаа хэлбэр буюу өөрөө өөрийгөө л хайрлаж байгаа хэлбэр юм. Ямар ч хүн өөрийн биеийг үргэлж хооллож, арчилж байдаг. Үүнтэй адил Нөхөр хүн эхнэрээ хайрлана гэдэг нь өөрөө өөрийгөө л хайрлаж байгаа нэг хэлбэр юм.
Нөхрүүдийн хувьд заримдаа эхнэрийн хэлж байгаа үг нь намайг удирдаж, захирах гээд байгаа мэт санагдах үе байдаг. Манай чуулганы эрэгтэй гэр бүл хоньчид үүнийг базуулах гэж ярьдаг. Тиймээс нөхрүүд эхнэртэй захирагдахгүй, би эхнэрээ удирддаг гэдгийг харуулахын тулд эхнэрийн үгийг үл тоож өөрийнхөөрөө зүтгэж, шийдвэр гаргах үе байдаг. Энэ нь нэг талаараа буруу гэнэ. Бурхан надад эхнэрийг өгсөн нь надад хамгийн сайн тохирох туслагчийг өгсөн байгаа. Тиймээс Нөхрүүд эхнэрийг Бурханы надад өгсөн хамгийн сайн тохирох туслагч гэдэгт итгэж, эхнэрийн зөвөлгөө ба үгийг авч амьдрах хэрэгтэй. Тэгвэл гэр бүл амар тайван аз жаргалай байх болно Одоо 33-р эшлэлийг үзээрэй. энэ бол Паулын сургаалын дүгнэлт хэсэг байна. Бүгдээрээ хамтдаа уншицгаая “Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай” Паул эхнэр нөхрийн харилцааны тухай гүн гүнзгий нууц нь юунд байдаг тухай дүгнэн хэлж байна. Нөхрүүд өөрийгөө хайрладагийн адил эхнэрээ хайрлах ёстой ба эхнэр нь нөхрөөсөө эмээх буюу хүндлэх ёстой гэж байна. Паулын дүгнэлт бол Хайр ба Хүндэтгэл. Хайр ба Хүндлэл хоёр бол зоосны хоёр тал. Хайр бол бусдын төлөө өөрийгөө золиослодог бол, Хүндлэл нь бусдыг өөрөөсөө дээр гэж үнэлэх үнэлэмж юм. Энэ л хайр ба хүндлэл нь аз жаргалтай, бат бөх гэр бүлийн нууц нь юм. Энэ л хайр ба хүндэтгэл нь Христийн хайраас бий болдог. Христийн хайр байхгүй бол бид бусдыг арай ядан хайрлаж, хүндлэх болно.
Өнөөдрийн Эхнэр ба нөхрүүдэд хандсан Паулын сургаалыг сайн харвал хэзээ ч битгий хүний хайраар, хүний хүндлэлээр бие биендээ хандаарай гэж хэлээгүй. Харин Христэд захирагддаг шиг нөхөртөө захирагд, Христ чуулганы төлөө хэрхэн өөрийгөө өгсөн шиг эхнэрээ хайрла гэж хэлсэн. Энэ нь эхнэр нөхрүүд хоорондоо Сүнслэг харилцаагаар харилцах хэрэгтэй гэсэн утгатй. Өөрөөр хэлбэл эхнэр нөхрийн харилцааны төв нь Христ Есүс байх ёстой. Тиймээс эхнэр нөхөр болох гэж байгаа хүмүүс тус бүрдээ Христийн хайрыг гүн гүнзгий ойлгож, ухаарч, мэдэрвэл гэрлэсний дараах харилцаа Есүсийн хайр ба хүндлэл дээр суурилсан аз жаргалтай гэр бүлийг байгуулж чадна. Хэрэв эсэргээрээ Христийг төв биш хүний хайрыг төв болговол бие биенээсээ түвшин шаардаж, шүүж, үл хүндэлж, үл тоож, буруутгаж, хэрүүл маргаанаар дүүрэн зовлонтой гэр бүлийг байгуулж амьдрах болно. Тиймээс эхнэр нөхрийн харилцаа зөв байвал хамтдаа Бурхан дотор өсөж, улам илүү төлөвшдөг. Хайр нь хүндлэлийг төрүүлдэг ба Хүндлэл нь Хайрыг төрүүлдэг гэнэ.
Эцэст нь эхнэр ба нөхрийн харилцаа сүнслэг байвал тухайн гэр бүл Бурханы хайраар гүн холбогдож эв нэгдэлтэй, амар тайван байж чаддаг. Бурхан ийм харилцаатай гэр бүлийн дээр оршдог. Христийн хайр ба хүндлэл дээр суурилсан гэр бүл Бурханы ерөөлийн үндэс болж авралын ажилд нандинаар хэрэглэгддэг. Эхлэл номд гардаг Абрахамын гэр бүлийн тухай бодоорой. Бурханы олон жилийн хайрын сахилгажуулалтаар дамжуулан Абрахам, Сара хоёр өөрсдийн, хуучин гэр бүлийн тухай ойлголтоо орхин, Бурханлаг хайр ба хүндлэлээр бие биендээ хандах үед нэг болж Бурханы амлалтыг хүлээн авч, авралын ажилд нандинаар хэрэглэгдсэн. Абрахамын гэр бүл Бурханы хайр ба хүндлэл дотор хамтдаа нэгдэх үед Бурхан тэр гэр бүлийн дээр орших болсон. Тэдний гэр бүл дэлхийн авралын ажлыг эхлүүлэх багаж болон хэрэглэгдсэн. Энэ бол Бурханы итгэгч гэр бүл бүрээс хүсдэг зүйл юм. Бүгдээрээ энэ цаг үеийн Абрахам, Сара нар шиг ерөөлийн үндэс болж, Бурханы оршихуй байдаг HOUSE CHURCH-р амьдарцгаая. Ийм гэр бүлүүдийг олноор босгож чадвал Бурханы ерөөлийг энэ газарт дамжуулан авралын ажилд нандинаар хэрэглэгдэцгээё. Манай чуулганы гэр бүл хоньчид, хойшид босох гэр бүлүүд Христийн хайр ба хүндлэл дор нэг болсноор ерөөлийг энэ газарт цутгадаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. АМЕН.