АРИУН ХҮМҮҮСТ ХААНЧЛАЛ ӨГӨГДӨНӨ
Даниел 7:1-28
Гол эшлэл 7:27
“Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв”
Даниел 1-6-р бүлэг дээр Даниелийн амьдралд болсон гол гол үйл явдлууд болоод Вавилоны хаадын зүүдээр дамжуулан өгсөн дэлхийн түүхийн тухай илчлэлийг бичсэн. Харин 7-12-р бүлгүүдэд Даниел өөрийн зүүдээр дамжуулан Бурханаас авсан илчлэлийн тухай бичигдсэн. Энэ нь Даниелийн цаг үеэс авахуулан, Есүсийн дахин ирэхийн өмнө дэлхийн төгсгөлд болох зүйлсийн тухай юм. Өнөөдрийн 7-р бүлэгт дэлхийн түүхийг захиран удирддаг нь Бурхан бөгөөд энэ дэлхийн ямар ч хүчирхэг улс гүрэн, хаанчлал нь хугацаатай бөгөөд, харин Бурханы Ариун хүмүүс нь хэзээ ч устаж үгүй болохгүй мөнхийн хаанчлалыг өвлөн авна гэсэн ичлэлийн тухай юм. Энэ цагт Бурханы бидэнд ойлгуулахыг хүсэж буй сүнслэг ичлэлийг сайн сурч, устаж үгүй болох энэ дэлхийн зүйлсийг найдвар ба амьдралын зорилгоо болголгүй, харин Бурхан ба Есүс Христийн байгуулах үүрд мөнхийн хаанчлалд хүсэл найдвар тавин амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
1. 4-н араатан ба жижиг эврийн үзэгдэл (1-8)1-г үзээрэй. Даниел нэгэн зүүд зүүдэлсэн. Энэхүү зүүдийг Вавилоны сүүлчийн хаан Белшазарыг байх үед зүүдээрээ дамжуулан авсан. Энэхүү үзэгдэл нь өмнөх 6-р бүлэгт болсон үйл явдлаас 11-н жилийн өмнө болсон үйл явдал юм.
2,3-р эшлэлийг үзээрэй Даниел тэнгэрийн 4-н салхи их далайг оволзуулж байгааг харсан. Тэгтэл далайгаас өөр хоорондоо адилгүй, 4-н аварга араатан гарч ирэхийг харав. Энд гарч буй тэнгэрийн 4-н салхи нь дэлхийн улс орнуудыг захирдаг тэнгэрэлчүүдийг заадаг. (Евр 1:7). Их далай нь дэлхийг, өөр хоорондоо адилгүй 4-н араатан бол дэлхийгээс босох Вавилон, Меде Перс, Грек ба Ромын хаанчлалуудыг билэгддэг(17). Тэнгэрийн 4-н салхи их далайг оволзуулж, араатнууд гарч ирсэн нь Бурханы эрх мэдэл дотор дэлхийн хаанчлалууд босдог гэдгийг зааж байна. Дөрвөн хаанчлалыг араатнуудтай зүйрлэсэн нь энэ дэлхийн хаанчлалууд нь араатан мэт, харгис, хэрцгий, хүчирхийлэгч, захирангуй, шунахай, амьтан мэт энэ дэлхийг захирдаг гэдгийг хэлж байна. Мөн нөгөө талаар эдгээр хаанчлалууд нь Бурханы ард түмэн болсон хүмүүсийн сайн хоньчин, удирдагч, чиглүүлэгч нь байж чадахгүй гэдгийг харуулж байна.
Тэгвэл Даниелийн харсан 4-н аварга араатны дүр төрх нь ямар байсан вэ?
1-рт Бүргэдийн жигүүртэй арслан мэт араатан(4). 4-г үзээрэй. “Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний зүрх өгөгдөв” гэж байна. Арслан бол амьтдын хаан, Бүргэд бол жигүүртний хаан гэж нэрлэгддэг. Тэгэхээр бүргэдийн жигүүртэй арслан нь Вавилоны хаанчлал ба Небухаднезар хааныг билэгддэг. Небухаднезар хаан нь бүргэдийн ухаан ба арслангийн хүчээр улс орнуудыг байлдан дагуулж, агуу их Вавилоны хаанчлалыг байгуулсан. Археологичид Вавилоны үндэстний тэмдэг нь бүргэдийн жигүүртэй арслан байсан гэдгийг олсон.
Гэтэл арслангийн жигүүр нь таслагдаж, биеийг босгон хүн шиг хоёр хөл дээрээ зогсон, хүний зүрх өгөгдөхийг харсан. Бурхан Небухаднезар хааныг хүмүүсийн удирдагч хоньчин болгон босгосон. Гэвч тэрээр хүмүүст Бурханы зүрх сэтгэлийн дагуу бус харин арслан мэт хандсан. Тиймээс Бурхан Даниелаар дамжуулан түүнд сануулга өгч, дасгалжуулснаар, эрүүл оюун ухаан ба зөв бодол санааг өгсөн. Энэ нь Бурхан өөрийг нь хүлээн зөвшөөрдөг төлөв даруу, хоньчны сэтгэлтэй хүнд өөрийн хүмүүсийг хариуцуулдаг гэдгийг хэлж байна. Мөн Бурхан дэлхийг зэрлэг амьтан шиг удирдахыг хүсдэггүй бөгөөд хайр ба нигүүлсэл, төлөв даруу сэтгэлээр, сайн хоньчны зүрхтэй нэгнээр удирдуулахыг хүсдэг гэдгийг мэдэж болно.
2-рт Аман дотроо гурван хавирга зуусан баавгай(5). 5-г үзээрэй “Харагтун, нөгөө хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотроо, шүднийхээ завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв” Энэ баавгай бол Меде ба Персийн хаанчлалыг билэгддэг. Баавгайн зан чанар нь энгийн бөгөөд маш хүчтэй, хэзээ ч бууж өгдөггүй. Меде Персийн хаанчлал нь баавгайн ийм чанартай хаанчлал байсан. Тэд дайн тулаан хийхдээ ямар нэг төлөвлөгөө гаргадаггүй. Тэд зүгээр л их цэргийг хөдөлгөдөг байсан гэнэ. 1000 цэргийн армитай тулалдахын тулд 10000 цэргийг хөдөлгөдөг. Тэд жижиг Грек улсыг эзлэхийн тулд 1’000’000 цэргийг хөдөлгөсөн байдаг. Тэдэнд стратеги, төлөвлөгөө гэж байхгүй. Тэд бусад үндэстэнтэй байлдахдаа хүний олноор давамгайлах бодлого барьдаг байсан.
Шүднийхээ завсар гурван хавирга зуусныг зарим судлаач Меде ба Перст эзлэгдсэн Вавилон, Родиа, Египет гэсэн гурван улсыг зааж байна хэмээн тайлбарладаг. Харин зарим нэг нь гурван хавиргыг нэг дор шунахайран идэх гэсэн Меде ба Персийн хаанчлалын шунахай чанарыг илтгэнэ гэж тайлбарладаг.
3-рт Нуруундаа шувууны 4-н далавчтай ирвэс(6). 6-г үзээрэй “Үүний дараа би харсаар байтал харагтун, ирвэс шиг өөр нэгэн нь нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв” Ирвэс бол барын нэг төрөл бөгөөд хурдан давхих чадвартай. Энэ ирвэс нь Грекийн Александр хааныг билэгддэг.
Түүхэнд Александрийн хаанчлал нь МЭӨ 336-323 оны хооронд 13 жилийн дотор баруун хойноос зүүн урагш Егиептээс авахуулан Энэтхэгийн зүйн хойд хүртэл богино хугацаанд маш хурдан байлдан дагуулсан байдаг. Александр хаан “Надад эзлэн авах өшөө үндэстэн байхгүй” гэж хэлж байсан гэнэ. Гэвч тэрээр ийм хурдтай хаанчлалыг байгуулсан ч архидалт, завхайрал, ёс суртахууны гажуудлаас болж нас барсан. Тэрээр Бурханы хүсэл ба зорилгоос хазайсан учир залуугаараа 33-н насандаа нас барсан. Дөрвөн толгой нь Александр хааныг нас барсны дараа, түүний зарц байсан 4-н жанжин, Египет, Сири, Македони, Битуняа гэсэн 4-н улсад хуваагдана гэдгийг зөгнөсөн. Бурхан Грекийн Александр хаанд хүмүүсийг хоньчлох боломж өгсөн боловч тэрээр үүнийг алдсан. Тиймээс түүний хаанчлал төгссөн.
4-рт Том төмөр шүдтэй араатан (7) 7-г үзээрэй. “Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчилж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв.” Даниел 4 дахь амьтныг ямар нэгэн амьтантай зүйрлэж чадаагүй. Харин “хиртхийлгэм аймшигтай асар хүчтэй, араатан” гэж хэлсэн. Учир нь 4 дахь араатан нь бусад ямарч амьтантай харьцуулшгүй асар хүчтэй, хорлон сүйтгэгч, хиртхийлгэм төрхтэй байсан. Энэхүү амьтан нь 1-рт Ромын хаанчлалыг билэгддэг.
Ромчууд улс орнуудыг байлдан дагуулахдаа харгис хорон муу, сүйтгэх ажлыг хийж, эзэлсэн ард түмэн хэрэв сул дорой байвал хөнөөж, хүчтэй бол боол болгон зардаг байсан. Ромын хаанчлал нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд ямар нэгэн хувь нэмэр оруулаагүй. Харин босгож, байгуулсан зүйлийг нураах, хорлон сүйтгэх, устгах, ажлыг л хийсэн байдаг. Ромын хаанчлал нь Итали, Газрын дундах тэнгис хавийн улс орнууд, Израиль хавийн Палестины бүх газар, Европ, Англи хүртэлх газруудыг эзэлсэн байдаг.Ромчуудын харгис чанар нь Есүсийг цовдолсон загалмайн ял дээр маш тодорхой харагддаг. Есүсийг загалмайд цовдлон алсан хүмүүс бол Ромын цэргүүд байсан. Энэхүү загалмайд цовдлон алах ял нь эртний, хамгийн аймшигтай ялын нэгд тооцогдог. Ийнхүү Ромын хаанчлал МЭ 476 онд сөнөөгдсөн. Тэд хүчтэй, эрх мэдэлтэй, хүч чадалтай болох үедээ зугаацан цэнгэж, Гладиаторын тулаан үзэж, ёс бус гэмүүдийг үйлдсэн. Тэд олон улс үндэстнийг эзэлж, авсан ч олон муу зуршлаас болж сүйрсэн. Бид хүчтэй болох үедээ бардам болж Ромын жишээг давтахгүйн төлөө хичээх хэрэгтэй. Харин Бурханы ариун ард түмнээр үргэлж даруу амьдрах хэрэгтэй. Энэ дөрөв дахь хиртхийлгэм араатан нь 3-н үеийг төлөөлдөг. Араатны том төмөр шүд нь Ромын хаанчлалын үеийг, 10-н эвэр нь Ромын сүйрлээс авахуулан Антихрист хүртэлх хугацаанд бий болох улс орны цаг үеийг, жижиг эвэр нь Антихристийн цаг үеийг гэсэн 3-н үеийг заадаг.8-р эшлэлийг үзээрэй. “Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.” Даниел эврүүдийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэг жижиг эвэр байгааг харсан. Энэ эвэр гадна төрхөөр хүний нүд ба амтай хүний төрхтэй байсан. Энэ жижиг эвэр нь Антихрист буюу Бурхан болоод итгэгчдийг эсэргүүцдэг хүмүүс гарч ирэх болно гэдгийг хэлдэг. “Antichrist”-энэ нь Христийн эсрэг гэсэн утгатай. Дэлхийн төгсгөл ойртох үед Бурхан болоод итгэгчдийг эсэргүүцэх хүмүүс бодитоор гарч ирэх болно гэдгийг зааж байна. Эдгээр хүмүүс нь муу сүнсний өгдөг эрх мэдэл ба хүч чадлаар Бурхан болоод итгэгчдийг хавчин гадуурхах болно гэдгийг библи бидэнд маш тодорхой хэлдэг. (Илч 13:1-18).
25-р эшлэлийг үзээрэй. Энд Антихристийн талаар илүү дэлгэрэнгүй бичсэн.“Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, хамгийн Дээд Нэгэний Ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана” энд Антрихристүүд Бурханы ариун хүмүүсийг дарлан туйлдуулна гэж байна. Хүчтэй хавчлага явуулна гэсэн утгатай. Библи бидэнд Есүс Хоёр дахиа ирнэ гэж хэдэг. Тэгвэл Есүсийг дахин ирэхийн өмнө эдгээр Антихристүүд гарч ирэн итгэгчдийг улс төрийн, шашны, эдийн засгийн, нийгмийн гээд бүхий л хэлбэрээр хавчин, гадуурхаж, дарлан туйлдуулах болно. Мөн Тэрээр Бурханы удирдлага дор байдаг хүн төрөлхтний түүх ба байгаль ертөнцийн эрх, хүч ба хуулиудыг өөрчлөн, Бурханы эсрэг тэрслэх оролдлого хийнэ гэсэн утгатай. Мөн Антихристийн уруу татлага ба хавчлага итгэгчдийн эсрэг маш хүчтэй байх учир итгэгчид хэсэг хугацаа их зовлон амсах болно гэдгийг хэлж байна.
Тэгвэл дэлхийд бий болох эдгээр хаанчлалуудын түүхээс бид юу сурч болох вэ?
1-рт энэ дэлхийн түүх нь Бурханы эрх мэдэл дор, урьдчилан зөгнөсөн зөгнөлийн дагуу явагддаг. Дөрвөн хаанчлал босно хэмээн илчилсний дагуу энэ дэлхийн түүхэнд 4-н хаанчлал боссон. Энэ нь хүн төрөлхтний түүх Бурханы эрх мэдэл, зөгнөлийн дагуу явагддагийн илэрхийлэл. Бурхан Аврагч Есүсийг илгээнэ хэмээн амласан. Энэ л амлалт тэртээ 2000-н жилийн өмнө биеллээ олж Аврагч Есүс энэ дэлхийд ирсэн. Бурханы урьдчилан хэлж төлөвлөсөн амлалтын дагуу явагдсаар байна. Тэгвэл Бурхан Есүсийг хоёр дахиа ирнэ хэмээн амласан. Тэгвэл энэ л амлалтын дагуу Есүс хоёр дахиа ирэх болно. Дэлхийн түүхийг харвал Бурханы амлалт Түүний урьдчилан мэдэгдсэний дагуу болсон гэдгийг баталж байна. Тэгвэл мөн Есүс дахин ирнэ гэдэг нь үнэн бөгөөд Бурханы хэлсний дагуу биеллээ олох болно. Тиймээс бид Бурханы энэ л илчлэлийг мэдэж байгаа хүмүүсийн хувьд энэ л амлалтад бэлтгэлтэй амьдрах хэрэгтэй. 2-рт Энэ дэлхийд бий болох хаанчлалууд араатан мэт аймшгийн хүчтэй шуналтай, усташгүй, дийлдэшгүй мэт харагдаж байна. Гэвч бүгд цаг нь болоход устаж үгүй болж байгааг харж байна. 1 Петр 1:24,25-д “Учир нь “Бүх махбод болбоос өвс мэт бөгөөд бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг” гэж хэлсэн. Энд дэлхийн бүхий л алдар нь өвс мэт өчүүхэн зүйл гэдгийг хэлж байна. Мөн хүний байгуулж чадах хамгийн дээд, алдар гавъяа бол Бурханы өмнө цэцэг шиг ганддаг зүйл гэдгийг хэлж байна. Та Небухаднезар хаан шиг агуу их Вавилон улсыг байгуулж болно, Агуу Грекийн Александр хаан шиг богино хугацаанд маш их газар нутгийг эзэлж болно. Та энэ дэлхийн хэний ч хүрч байгуулж, хийж, бүтээж чадаагүй агуу зүйлсийн эзэн болж болно. Гэвч Бурханы нүдэнд өвс, ногоо, цэцэг төдий гэсэн утгатай.
Тиймээс бид устаж үгүй болох энэ дэлхийн хаанчлалын төлөө бус харин үүрд мөнхийн алга болохгүй Бурханы хаанчлалын алдрын төлөө амьдрах хэрэгтэй. Энэ дэлхийн хоосон бахархал бардамнал, үнэлэмж, ойлголт, нийгмийн уур амьсгал, хандлага, амьдралын хэв маяг, чиглэл ба зорилгыг дагалгүй, харин Бурханы үнэлэмж, ба үнэ цэнийг амьдралын хэмжүүр болгон, мөхөшгүй, хэзээ ч усташгүй Бурханы хаанчлалыг амьдралын зорилго болгон амьдрах хэрэгтэй. Хажууд байгаа хүндээ үүрд мөнхийн хаанчлалын төлөө амьдарцгаая гэж хэлье.
2. Хүний Хүүгийн хаанчлал (9-28)
Даниел эхлээд энэ дэлхийн хаанчлалуудыг харж, тэдний мөн чанар ямар байх талаарх үзэгдлийг үзсэн. Харин одоо эцсийн өдөр болох Бурханы шүүлт ба Есүс Христээр дамжуулан байгуулах хаанчлалын талаарх үзэгдлийг үзэж байна.
9,10-р эшлэлийг үзээрэй. “Эртний Нэгэн суудалдаа залрав. Түүний хувцас цас шиг цагаан Толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Өмнөөс галтай мөрөн гарч ирээд урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа. Шүүх эхлэн номнууд дэлгэгдэв” Энд гарч буй “Эртний Нэгэн” гэдэг бол дэлхийн ертөнц бүтээгдэхээс өмнө байсан Бүтээгч Ёхова Бурханыг хэлж байна. Түүний цагаан хувцас, ноос шиг цагаан үс нь Бурханы Ариунаас Ариун мөн чанарыг илэрхийлдэг.
Харин гал нь Бурханы уур хилэнгийн шийтгэлийг, дүрэлзсэн гал шиг дугуйнууд нь Бурханы шийтгэл дэлхийн хаана ч хурдан хүрдэг гэдгийг харуулдаг. Тэгэхээр Бурхан Өөрийнх нь эсрэг гарч ирэх энэ дэлхийн улс ба эрх мэдэлтнүүдийг, мөн Антрихрист ба түүнд харъяалагдах хүмүүсийг бүгдийг галаар шатаан шийтгэнэ гэдгийг харуулж байна. Мөн “Шүүх эхлэн номууд дэлгэгдэв” гэсэн нь Бурхан эцсийн өдөр шүүлтийн номуудыг дэлгэж хүн төрөлхтнийг ил нээлттэйгээр шүүх болно гэдгийг харуулж байна. Энэ дэлгээтэй ном бол хүн бүрийн амьдралын үйлс нэг бүрчлэн бичигдсэн үйлдлийн ном юм. Хүмүүс бидний өдөр тутмын үйлс, амьдралын зорилго, юуны төлөө амьдарсан маань бүгд тэмдэглэн үлдсээр ном болдог. Бурхан эцсийн өдөр энэ миний номыг дэлгэн, бүх хүнд ил нээлттэйгээр шүүгдэх болно(2 Ко 5:10). Тиймээс Бурханы энэхүү хатуу шүүхийг бодон махан биеийн хүсэл ба тачаалаар дураараа амьдралгүй, үнэн үгийг даган зөвийн замаар амьдрах хэрэгтэй.
13,14-р эшлэлийг хамтдаа уншъя. “Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.” Энд гарч байгаа “Хүний Хүү шиг Нэгэн” гэдэг нь Есүс Христийг хэлж байгаа бөгөөд Тэрээр Бурханы өмнө ирэх үед Бурхан Есүст бүх дэлхийн эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлалын эрхийг Түүнд өгөгдөж байгааг харсан. Өөрөөр хэлбэл Бурхан хожим байгуулах үүрд мөнхийн хаанчлалынхаа хаанаар Есүсийг томилж байгааг харж болно. Эцсийн өдөр энэ дэлхийн бүхий л хаанчлал устаж, хэзээ ч усташгүй үүрд мөнхийн нэг хаанчлалыг байгуулах болно.
Тэгвэл Бурхан яагаад эцсийн өдөр Есүст үүрд мөнхийн хаанчлалыг өгч байна вэ? Нөгөө дэлхийгээс боссон 4-н хааны аль нэгэнд нь яагаад өгсөнгүй вэ? Мөн өөр хэн нэгэнд бус яагаад зөвхөн Есүст гэж. Энэ дэлхийн түүхийг харвал хүн төрөлхтний түүхэнд алдар нэрээ дуурсгасан олон олон суут агуу хүмүүс төрсөн. Агуу их Вавилоныг байгуулсан Небухандезар хаанаас авахуулаад агуу хөгжмийн зохиолч, уран зураачид, Анагаах ухааны эрдэмтэд, гүн ухаантан, сургаал номлогч, шашныг үүсгэн байгуулагчид, сэтгэгчид, улс төрчид, урлаг спортын хосгүй авъяастнууд маш олон төрсөн. Гэвч яагаад эдгээр хүмүүсийн алинд ч биш зөвхөн Есүс Христэд өгч байна вэ? Учир нь энэ дэлхийн алдартай хэн ч Есүс Христ шиг амьдраагүй юм. Есүс хамгийн дээд Бурхан Хүү байсан ч Өөрийгөө дорд болгон гэмтэй хүний дүрээр даруугаар амьдарсан юм. Өөрт нь бүхнийг удирдан залж жолоодох эрх, хүч байсан ч түүнийгээ хэрэглэлгүй, хамгийн дорд нэгнийг аврахын тулд Өөрийн бүхнийг үгүйсгэн амьдарсан. Эцэст нь өөрөө ямар ч гэмгүй байсан хэдий ч гэмтэн хэмээн тооцогдож, гэмтэй хүмүүсийг аврахын төлөө Өөрийн амийг золиосолсон. Өөрөөр хэлбэл Есүс Бурханы хүсэл ба үгийн дагуу амьдарсан юм.Тиймээс Бурхан мөнхийн хаанчлалын хаанаар Есүсийг томилсон. Есүс хүн төрөлхтний жинхэнэ сайн хоньчноор амьдарсан юм. Тэгвэл Бурханы хаанчлалын иргэд болсон бид ямар ивээл эдлэх вэ?
27-г үзээрэй. “Харин Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв. Бурхан энэ дэлхийг шүүх үед энэ дэлхийг захирах хамгийн дээд засаг эрх мэдлийг хүлээн авна. Мөн Антихристүүдийг бүгдийг сөнөөх болно. Бурхан энэ дэлхийн бүхий л хаанчлалын эрх мэдэл ба сүр хүчийг устгаж, Бурханы ариун ард түмэнд өгөх болно гэж байна.
Итгэгчид бид энэ дэлхийд итгэлийн цэвэр байдлыг хамгаалж, итгэлийн ариун амьдралаар амьдрахад маш их хохирол амсан доромжлол ба хавчлагыг амсдаг. Дэлхийн төгсгөл ойртох үед итгэгчид Анртихристүүдээр хэсэг хугацаанд дийлэгдэх мэт харагдаж байна. Гэвч Хамгийн Дээд Нэгэн ирэхэд антихрист ба түүний хүмүүсийг шүүснээр ариун хүмүүс хаанчлалыг залгамжлан эцсийн ялалт байгуулах болно. Тиймээс ямар ч цаг үед, зовлон ба зүдүүрийн үед ч эцэс хүртэл итгэлийн цэвэр байдлыг хадгалсан хүмүүс нь Есүс Христтэй хамт мөнх хаанчлалыг авах болно. (Илч 5:9,10).
Дүгнэлт: Одоогийн цаг үед дэлхийн эрх мэдэлтнүүдийг харахад тэднээс айж, жижгэрэхэд амархан. Мөн Бурханыг эсэргүүцэн агуу эрх мэдлээр ариун хүмүүсийг хавчих, антихристийхнийг бодоход бүр айх сэтгэл төрнө. Харин бидний амсах зовлон ба хавчлага нь хэсэг хугацааных бөгөөд эцэст нь Эртнээс байгч, Бурхан шүүх сэнтийд дэлхийн бүх, эрх мэдэл ба хаанчлалуудыг шийтгэнэ гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд мөнхийн хаанчлалд орох найдвар дотор хавчлага ба мэхлэлд сөхрөхгүй байхын төлөө итгэлийн сайн тэмцлийг хийж өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй. Бид энэ дэлхийн хоосон устах зүйлсэд найдвар тавьдаг бус Бурханы хаанчлалын итгэл найдвараар дүүрэн, дэлхийг ялж амьдардаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.