2019 оны Лук 51-р номлол (02.24) Э. Ганболд

Иудасын урвалт, Петрийн үгүйсгэл

Лук 22:47-62

Гол эшлэл 22:61,62

“Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр ”Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ”

гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад гадагш гарч, гашуунаар уйлав”Өнөөдрийн үг бол Есүсээс урвасан Искариотын Иудас болон Түүнийг гурвантаа үгүйсгэсэн Петрийн талаар юм. Ихэнх хүн өөрийн амьдрал, үйлчлэл, харилцаа, нөхөрлөл зэргийг сайнаар эхэлдэгч сайнаар төгсгөдөг нь олонгүй. Зарим хэсэг нь муугаар төгсгөдөг. Искариотын Иудас бол Есүсийн шавийн амьдралыг муугаар төгсгөсний нэг жишээ. Тэгвэл Иудасийн Есүсээс урвасан шалгаан юу вэ? Дагалдагчдын амьдралд тулгардаг уруу татлагыг бид хэрхэн зөвөөр даван туулах вэ? гэх мэт зүйлсийг сурах болно. Өнөөдрийн номлолоор дамжуулан уруу татлагыг зөвөөр даван туулдаг, Есүсийн жинхэнэ шавиар амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. 1. Иудасын урвалт (47-53)47-р эшлэлийг үзээрэй. “Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, бөөн хүн хүрч ирэв. Арван хоёрын нэг Иудас тэднийг тэргүүлжээ. Есүсийг үнсэхийн тулд тэр дэргэд нь ойртон ирэв” гэж байна. Есүс Чидун ууланд Бурханд хандан залбирсны дараа шавь нартайгаа ярилцаж байх үед нь бөөн хүн хүрч ирсэн. Тэдгээр хүмүүсийг Арван хоёрын нэг болох Искароитын Иудас  дагуулан иржээ(47). Иудас Есүсийг үнсэхийн тулд дэргэд нь ойртон ирсэн. Энэ бол Есүсийг барьж өгөх нууц төлөвлөгөө байв. Харин энэ үед Есүс Иудаст юу гэж хэлсэн бэ?48-г үзээрэй “Харин Есүс түүнд -Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу?” гэж байна. Өөрийг нь баривчлахаар ирсэн бөөн хүмүүсээс Есүс айгаагүй, Иудасын урвалтыг хараад шоконд ч ороогүй. Есүс Өөрийгөө хамгаалах, тэднийг эсэргүүцэх нэг ч үйлдэл хийгээгүй. Харин энэ үед Есүсийн шавь нарын нэг сэлмээ сугалан тэргүүн тахилчийн зарцыг цохиж, баруун чихийг нь тас цавчсан(49-50). Энэ бол Есүсийн 12 шавийн нэг Петр байсан(Иохан 18:10). Есүс шавь нарынхаа үйлдлийг хараад тэднийг болиулж, тэргүүн тахилчийн зарцын чихийг эдгээсэн. Яагаад Есүс Өөрөө өөрийгөө хамгаалах эсвэл хамгаалуулах ямар ч үйлдлийг хийсэнгүй вэ?  Учир нь Есүсийн тэмцэл нь мах цусны эсрэг биш, харин сүнсний тэмцэл байсан(Ефес 6:12). Өөрөөр хэлбэл Есүс Бурханы хүслийн дагуу явж байсан. Харин махбодын тэмцэл байсан бол Есүс Өөрийгөө хамгаалахын тулд олон тэнгэрэлчийг дуудан хамгаалуулж болох байсан. Түүнд тийм эрх мэдэл нь байсан. Гэвч Есүс тэгээгүй. Есүсийн энэ баривчилгаа нь ямар нэгэн азгүй явдал биш  бөгөөд ХГ-ний эш үзүүлэгчээр хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байсан юм. Тиймээс Есүс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Энд гарч буй Есүсийг баривчлахаар ирсэн олон хүмүүс юу хийж байгаагаа мэдээгүй.  Харин эсрэгээрээ Есүс юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан. Есүс Бурханы хүслийг биелүүлэхийн тулд явж байв. Тэгвэл Искариотын Иудаст яагаад Есүсээс урвах болсон бэ? Иудас нь “Искариот” гэдэг овогтой байсан байсан бөгөөд энэ нь “Кериотын хүн” гэсэн утгатай. Кериотчууд нь өмнөд Иудад амьдардаг байв. Уг нь Иудас нь гурван жилийн турш Есүстэй хамт амьдарч, Түүний үйлчлэл ба гайхамшиг тэмдгүүдийг нь ойроос харж, Түүний хайр ивээл, хангалтыг дүүрэн амссан. Есүстэй хамгийн ойр байсан хүмүүсийн нэг. Хэн ч түүнийг Есүсээс урвана гэж бодоогүй. Гэвч тэрээр маш чухал цаг үед Түүнээс  урвасан. Яагаад?   Иохан номоос үзвэл Иудас нь Есүсийн мөнгөний хүүдийг барьдаг онцгой үйлчлэл хийдэг шавь байсан. Гэвч элч Иохан түүнийг “хулгайч” гэж нэрлэсэн бөгөөд Тэрээр мөнгөний хүүдийнд хийсэн мөнгөнөөс авчихдаг байсан гэнэ. (Иохан 12:6) Мөн Иохан номоос харвал Есүсийн хөлд үнэрт тос асгасан эмэгтэйг зэмлэснээр мөнгөнд хайртай гэдгээ  тод илэрхийлсэн. Энэ мэт түүний үйлдлээс нь харвал бид Иудасын дотор юу байсныг мэдэж болно. Иудас нь гадна талаараа Есүсийн шавь боловч дотоод зүрх сэтгэлдээ Есүсээс илүү энэ дэлхийн зүйлс, эд мөнгийг, ирээдүйн нэр алдрыг л хайрладаг нэгэн байсан. Тэрээр Есүсээр дамжуулан бодит ашиг олоход л анхаар ч байсан. Тэрээр Есүстэй үнэнч, хайрын харилцааг тогтоогоогүй бөгөөд зөвхөн хувийн хүслийг л гүйцэлдүүлэхийн тулд Есүсийг дагаж байсан. Тэрээр чин зүрхээрээ гэмшин сүнсээр дахин төрөөгүй бөгөөд амьдралын үзэл бодол нь үндсээрээ өөрчлөгдөөгүй, Есүсийн үзэл бодол ба харааг олж аваагүй байсан.Тиймээс Есүсийн эцсийн зорилго нь загалмайн зовлон ба үхэл гэдгийг мэдэх үедээ, Есүсээс урвахад хүрсэн. Есүсийг улс төрийн аврагч болж, өндөр байр суурь эзлэх болно гэсэн Иудасын хүсэл зорилго нь талаар болох үед Есүсээс урвасан Иудасын зорилго нь Есүсийн зорилготой нийцэхгүй, Иудасын бодол санаа, Есүсийн бодол санаатай нийлэхгүй болох үед Түүнээс уравсан. Зарим хүмүүс эхэндээ Бурханыг таньж мэдэн, Түүнээс онцгой хайр ивээлийг амсах үедээ Есүсийн шавийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Есүсийн дагалдагчаар амьдраад хэсэг хугацаа өнгөрсний дараа Есүсийн жинхэнэ шавийн амьдралын зарчим ба явах замыг мэдэх үедээ шавийн амьдралаас татгалздаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний хувийн хүсэл, бодол санаа, зорилго нь Бурханы түүнд тавьсан хүсэл ба зорилготой нийцэхгүй болох үед Есүсээс татгалздаг. Бид Иудасыг ямар балиарын гэж буруутгаж болох ч бид ч түүнтэй адил болох боломжтой юм. Хэрэв бид чин сэтгэлээсээ гэмшиж, Сүнсээр дахин төрөн, шавийн амьдралын жинхэнэ алсын хараа ба зорилгыг хүлээн авахгүй бол Иудас шиг болох болно. Лук 9:23 ”Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” гэж хэлсэн байдаг. Энд Есүс Өөрийнх нь дагалдагч ямар байх ёстойг маш тодорхой зааж өгсөн. Өөрөө өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь өөрөө амьдралын эзэн болж бүгдийг шийдэх бус, Есүсийг өөрийн Эзэнээр хүлээн зөвшөөрөн, Түүний хүсэл шийдвэрийн дагуу амьдрахыг хэлдэг. Мөн өөрийн үзэл бодол, хүслийг орхиж Бурхан ба Есүсийн үзэл бодол хүслийн дагуу амьдрахыг хэлдэг. Мөн сэтгэл зүрхэндээ Есүсээс илүү хайрладаг зүйлсийг орхихыг хэлдэг. Иудас зүрх сэтгэлдээ Есүсийг бус мөнгийг илүү хайрлан, өөрийн хүсэл ба шуналыг орхиж чадаагүй учраас чухал мөчид Есүсээс урвадаг. Бид  өдөр бүр амьдралынхаа турш өөрийн хүслийг үгүйсгэн загалмайг авч, Есүсийн хүслийн дагуу, Түүнийг дууриан амьдрах хэрэгтэй. Тэгэх үед бид жинхэнэ шавиар амьдарч чадна. Энэ л шавийн амьдралын зарчим ба үнэний замыг алдвал бид чухал амьдралын шийдвэр гаргах мөчид буруу алхам хийх болно. Тиймээс бид хувийн үзэл бодол ба шуналыг, Есүсээс илүү хайрладаг зүйлсийг гэмшиж сүнсээр шинэчлэгдэн цэвэр сэтгэлээр Есүсийг дагадаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Энэ цаг үеийн Есүсийн жинхэнэ шавиар амьдарч Бурханы авралын ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. Хажууд сууж байгаа хүндээ жинхэнэ шавийн амьдралын зарчмын дагуу амьдарцгаая гэж хэлье.  2. Петрийн үгүйсгэл  (54-62)  54-г үзээрэй.  “Тэд Түүнийг баривчлан тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр алсуур дагасаар очив” гэж байна. Есүсийг баривчлагдсаны дараа, Петр Түүнийг алсуур дагасаар тэргүүн тахилчийн гэрт хүрч ирэн, галын дэргэд суусан. Петрийн хувьд тэрээр Есүст үнэнч байхыг маш их хүссэн. Гэвч түүний хүсэл нь бодит байдал дээр маш хязгаарлагдмал байсан. Петр бусад шавь нарын адил залбиралгүй, унтаж байсан учраас сүнслэг тулаанд тулалдах хүчгүй байсан тэгээд ч ялагдсан. Петр Есүст өгөх эцсийн шийдвэр ямар байхыг харахын тулд Тэргүүн тахилчийн хашаа хүртэл Түүнийг дагасан. Гэтэл түүнийг сууж байх үед нэгэн эмэгтэй “Энэ хүн ч бас Түүнтэй хамт байсан” гэж хэлсэн. Айдаст автсан Петр үүнийг үгүйсгэж “Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй” гэж хэлсэн. Удалгүй өөр нэг нь түүнийг хараад “Чи баттай тэдний нэг байна гэхэд Петр “Хүн гуай, би биш” гэв. Тэгээд нэг цаг орчмын дараа өөр нэг нь – Энэ бас Галилынх тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэж хэлсэн. Тэгтэл Петр “Хүн гуай, Таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна” шүү гэж хэлсэн. Матай номонд Петр хараал тавин тангараглаж, би энэ хүнийг танихгүй гэж хэлсэн байдаг. Түүнийг  ийнхүү ярьж байх тэр мөчид тахиа донгодсон. Хамтдаа 61, 62-г уншъя “Эзэн эргэж Петрийн зүг харав. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж өөрт нь айлдсан Эзэний үгийг санаад гадагш гарч, гашуунаар уйлав.” Энд Эзэн эргэж Петрийн зүг харав гэж байна. Есүс Петр уруу харахдаа уур хилэн, хорсол, үзэн ядалтын харц бус харин өрөвдсөн сэтгэлийн харц байсан. Есүс Петрийг өөрт нь юу хэлснийг сануулахыг хүссэн харц байсан. Есүсийн харц, Петрийн харцтай тулсан. Есүс Петрийг Өөрийг нь үгүйсгэнэ гэдгийг мэдэж байсан. Петр Есүсийг үгүйсгэсэн ч гэсэн Есүсийн Петрийг хайрлах хайр хэвээрээ байсан. Есүс Петрийг хайрлах хайраа зогсоогоогүй. Есүс Петрийн сул дорой байсан ч, өөрөөс нь урвана гэдгийг бүгдийг мэдэж байсан. Есүс Түүнийг ямар ч үед хайрлаж байсан. Петр энэ л Есүсийн үнэнч хайрыг харцнаас нь олж харах үедээ Гашуунаар уйлсан(62).Петр Есүсийг яагаад гурван удаа үгүйсгэсэн бэ?Өмнөх хэсгийг харвал 22:40, 46-р эшлэлд, Есүс хоёр ч удаа Өөрийн шавь нартаа “уруу татагдахгүйн тулд залбирцгаа” гэж анхааруулсан байдаг. Есүс Өөрийн шавь нартаа уруу татлага ирэх нь зайлшгүй бөгөөд залбирлаар тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулсан. Сатанаас шавь нар уруу үргэлж уруу таталт ирдэг. Тиймээс энэ л уруу таталтыг даван гарах арга бол залбирал гэдгийг Есүс хэлсэн. Лук 11-р бүлгийг үзвэл Есүс Сатаныг сул дорой нэгэн гэж үзээгүй бөгөөд харин бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр гэж хэлсэн байдаг. Тиймээс сатаны уруу татлагыг хүн хэзээ ч өөрийн хичээл зүтгэл ба хувийн шийдвэрээр, хүч чадлаар дийлж чадахгүй юм.  Мөн дээрээс нь бид гэмтэй учраас маш сул дорой чанартай учир Сатаны уруу таталтыг дийлж чадахгүй юм.  Бид Петр шиг хэзээ ч Есүсийг үгүйсгэхгүй гэж боддог. Ингэж хэлэхэд амархан. Петр өмнө нь “Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч бэлэн байна” гэж хэлж байсан. Петр хувь хүний хувьд хатуу шийдвэр гаргасан ч, гаргасан шийдвэрийнхээ дагуу тэмцэл хийгээгүй учраас хэлсэн шигээ амьдарч чадаагүй. Үүнтэй адил бид ямар ч шийдвэрийг гаргаж болно. Харин түүнийхээ төлөө тэмцэхгүй бол бид шийдвэрийнхээ дагуу амьдарч чадахгүй. Итгэлийн амьдралд хүн залбиралгүй бол сүнслэг хүчийг алдаж амархан гомдол, шүүмжлэлээр дүүрч, өөрийгөө л төвд тавьд тавьдаг хүн болдог. Тиймээс бид Есүсийн жинхэнэ шавиар амьдрах гэвэл бид залбирлаар тэмцэх хэрэгтэй.  Одоо үед муу ёрын сүнс сатан оюутан залуусыг гэмийн хүсэлд уруу татан, тэдэн уруу дайрсаар байна. Сатан тэдний бодол санаа, сэтгэл ба махбодийг уруу татсаар байна. Оюутан залуусыг өөрийгөө захирах хүчгүй болж залхуурал ба янз бүрийн зүйлст донтох, автах, тоглох зүйлсэд цагийг зарцуулан хичээл хийх чухал цагийг дэмий хоосон зүйлд өнгөрүүлэхэд хүргэдэг. Харин эсрэгээрээ бид Бурханд түшиглэн залбирах үед Бурхан бидэнд сүнслэг хүчийг өгч, муу ёрын сүнсний эсрэг зогсох хүчийг өгдөг. Тэгээд бид энэ цаг үеийн гэрэл ба давсаар амьдардаг. Цаашлаад библийн сайн багш, хоньдын сайн хоньчин болж Бурханы ажилд нандинаар хэрэглэгддэг. Зөвхөн Бурханы тусламжтайгаар, залбирлаар дамжуулан бид амьд ялалтын амьдралаар амьдарч чадна. ЮБФ-н нэг хоньчинд ийм зүйл тохиолдсон гэнэ. Түүний ээж нь хөхний хот хавдар тусан хагалгаанд орсон. Том ах нь сэтгэцийн өвчтэй бөгөөд, бэр эгч нь ойр, ойрхон тэр хоньчин уруу утастаж зовоодог байсан гэнэ. Мөн түүний бага ах нь ажлаасаа гэнэт халагдаж, өөрийнх нь ажилладаг компанийн ашиг унаж, захиралтайгаа маргалдах болсон гэнэ. Энэ мэт нэг дор тал талаасаа хэцүү асуудлуудтай тулах болсон. Харин тэрээр энэ үед Үйлс 16-р бүлгээр дамжуулан маш их хайр ивээлийг аван, өдөр бүр үүрээр босон залбирч, магтан дуу дуулах болсон гэнэ. Харин хэсэг хугацааны дараа Тэр хоньчны бүх санаа зовуур нь арилж, бүх зүйлийг өөдрөгөөр харах болсон гэнэ. Тэгээд өдөр бүр Библийн үгэнд итгэн залбирах үед ээж нь хурдан эдгэж, Том ахын бие нь сайжирч, бага ах ч шинэ ажилд орох болсон гэнэ. Өөрөө бүр хоёр хоньтой болж, тогтмол библийн хичээлийг хийх болсон. Тэр хоньчны бодит байдал нэг их дээрдээгүй ч өдөр бүр ялалтын итгэлээр амьдрах болсон гэнэ. Өөр бас нэг хоньчинд болсон явдал. Нэг эмэгтэй хоньчин итгэлийн гэр бүлээр боссоны дараа нөхөр хоньчинтойгоо цуг смол грүпп бол гарсан гэнэ. Харин өөрийнх нь байгуулсан смолл нь ямар ч хоньгүй байсан гэнэ Эргэн тойронд байгаа смоллын хоньдыг хараад битүүхэн атаархал төрөх болсон. Тэгээд энэ хоньчин тогтмол өглөө 4:30-д босон сентад очин үүрийн залбирлыг гурван жилийн турш хийсэн гэнэ. Ийнхүү сүнсний тэмцэл хийсний эцэст 3-н жилийн дараа юу болсон гээч.  Хоёр хүнтэй смолл нь 50 гишүүнтэй болж, смолл нь үржиж, хэд хэдэн мишионерийг илгээсэн, Бурханы ажилд өөрсдийгөө бүрэн зориулсан хоёр фүүл тайм хоньчныг босгосон гэнэ. Үүнчлэн бид ч гэсэн залбирлаар тэмцэл хийвэл Бурхан бидэнд арвин их үр жимсийг зөвшөөрөх болно.  Дүгнэлт: Бид өөрийн хүслийг гэмшиж, Бурханы хүсэл бодол зорилгыг хүлээн авах хэрэгтэй.  Уруу татагдахгүйн тулд залбирах хэрэгтэй. Магадгүй бид тодорхой үеүдэд бүр ч илүү залбирах хэрэгтэй. Есүсийн дагалдагчаар дуудах үед, итгэлийн гэр бүлээр босгох үед, тодорхой үйлчлэлд орох үед, эсвэл мишионероор явах үед, тодорхой хүнтэй хамтран зүтгэх гэх мэт чухал үеүдэд уруу таталтад автахгүйн тулд залбирах хэрэгтэй. Хэрэв бид залбирлаар маш шаргуу бид сүнслэг хүчийг олж, уруу татлага ба сорилтод автахгүй байж чадна. Амен, уруу татагдахгүйн тулд залбирцгаая гэж хэлье. Амен

өмнөх нийтлэл2019 оны Лук 52-р хичээл (03.03)
Дараагийн нийтлэл2019 оны Даниел 1-р хичээл (03.10)