ДЭЛХИЙ ДАЯАР САЙН МЭДЭЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУШААЛЫГ ӨГСӨН ЕСҮС
Үйлс 1:1-11
“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно.”(8)
Есүс амилсныхаа дараа дөчин өдрийн турш шавь нартайгаа хамт байж, тэдэнд амилалтанд итгэх итгэл ба Бурханы улсын хүсэл найдварыг суулгаж өгчээ. Түүний дараа дээш аваачигдах үедээ шавь нартаа туйлын дээд тушаалыг буулгав.
1. Иерусалим хотыг орхилгүйгээр (1-5)
Иерусалим хот бол Есүсийн загалмайд цовдлогдон нас барсан газар юм. Мөн шавь нар Есүсээс урвасан газар юм. Тиймээс шавь нар аль болох тэр газраас холдохыг хүсдэг байв. Харин Есүс Иерусалим хотыг орхилгүйгээр Ариун Сүнсээр баптисм хүрт гэж тушааж байна. Ариун Сүнсний баптисм гэдэг нь гэм нь цагаатгагдсан хүнд Бурханы өгдөг соёрхол юм.(2:38) Ариун Сүнсээр баптисм хүртэх үед айдас болон ялагдсан сэтгэлийг дийлж, зоригтойгоор загалмай болон амилалтын сайн мэдээг дэлгэрүүлж чадна.
2. Ариун Сүнс та нар дээр ирэхэд (6-11)
Шавь нар Есүсийн дээш өргөгдөн одсон өдрийг хүртэл Израиль улсын сэргэн мандалтыг харахыг мөрөөдөж байв. Харин Есүс түүнийг биелүүлэх цаг хугацаа болоод үеийг Бурханд даатгаж, амилалтын гэрч болохыг тушаав. “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно.”(8) Шавь нар бол Есүсийг нас барахад бүгд зугтаад явсан аймхай, сул дорой хүмүүс байв. Гэхдээ тэдэн дээр ч Ариун Сүнс ирвэл хүчийг олж, дэлхийн хязгаар хүртэл Өөрийнх нь гэрч болно гэж Есүс хэлж байна. Есүс шавь нараараа дамжуулан дэлхийн бүх хүмүүсийг аврах гэж байна.
Залбирал: Эзэн минь ээ, энэ цагт өөрийн хүсэл мөрөөдлийг орхиж, Таны тушаалыг хүлээн авч дагах гэж байна. Намайг Ариун Сүнсний хүчээр дүүрэн болгож өгөөч.
Нэг үг: “Дэлхийн хязгаар хүртэл”