Өдөр бүрийн хоол /2026.08.25/

Хоёр төрлийн мэргэн ухаан

Иаков 3:13-18

“Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, дөлгөөн, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.”(17)

1. Чөтгөрөөс ирсэн мэргэн ухаан (13-16)

Хэн нэгэн хүн өөрийгөө мэргэн бөгөөд ухаалаг гэж боддог бол дөлгөөн байдлаар биеэ авч явах хэрэгтэй. Тухайн үед өөрсдийгөө мэргэн ухаалаг гэж боддог ч янз бүрийн шүүмжлэл, хэрүүл маргаан үүсгэн цуглааныг хуваагдмал болгодог итгэгчид байжээ. Ийм тэд зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн, шунаг сэтгэлтэй байв. Тэд өөрсдийн үнэн байдлыг ухааран даруу байх ёстой боловч харин ч бардамнаж, бусдыг улам шүүмжилж, үнэний эсрэг зүйлийг ярьдаг байлаа. Ийм мэргэн ухаан нь Бурханаас ирсэн бус, харин энэ ертөнцөд ноёрхож буй Сатан чөтгөрөөс ирсэн бөгөөд цуглааныг замбараагүй болгож, босгон байгуулахад саад болдог.(16)

2. Дээрээс ирсэн мэргэн ухаан (17-18)

“Харин дээрээс ирсэн мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.”(17) Жинхэнэ мэргэн ухаан бол Бурханаас ирдэг бөгөөд онцлог чанар нь ариун байдал юм. Бурханаас ирсэн мэргэн ухаанаар амьдарч байгаа хүн нь ёс суртахуун болон сэтгэл сүнсний талаар цэвэр ариун байдаг. Мөн амар тайван байдлыг эрхэмлэж, бусадтай хэрүүл маргаан хийлгүй уужим, эелдэг сэтгэлээр ханддаг. Ул суурьтай гэдэг нь Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахыг хэлж байна. Мөн бусдыг өрөвдөн хайрласнаар сайхан үйлсээр дүүрэн амьдарна. Мөн хүнийг гадна байдлаар нь ялгаварладаггүй. Бурханаас ирсэн жинхэнэ мэргэн ухааны хүн байна уу, үгүй юу гэдгийг түүний амьдрал, үйлсээс нь таних болно.
Гуйлт: Эзэн минь! Танаас ирсэн мэргэн ухаанаар амьдарснаар Есүсийн бие болсон чуулганыг босгон байгуулж амьдардаг хүн болоход туслаач.
Нэг үг: “Бурханы мэргэн ухаанаар амьдрагч больё.”

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 13-р хичээлийн асуулт (08.30)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.26/